| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 183/2016/00539/И |
| Дугаар | 216/МА2018/00010 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 216/МА2018/00010
“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, улсын бүртгэлийн дугаар 9016001017/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2-8 тоотод байрлах “Монголиан флюор спар” ХХК /РД:5168449, 9011120100 улсын бүртгэлийн дугаартай/-д холбогдох
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/00043 дугаар шийдвэртэй, зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд нийт 2 340 124 775 төгрөг 36 мөнгө гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бүжидлхам, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, Д.Одонтунгалаг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголиан флюор спар” ХХК нь дараах зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан зээл авсан. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1 250 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийн зээл, мөн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1 035 180 000 төгрөгийг 26 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийг тус тус авсан.
Тус зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүргийн 17-р хороонд байршилтай 2192 м2, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 00048823, соёл урлаг үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж-20 дугаар бүхий /хуучнаар Од кино театрын барилга, гэрчилгээний дугаар 000142155, улсын бүртгэлийн дугаар Ү-2205022497/, 1320 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 1-р хороо Рапид харш 1 дүгээр байрны 61 тоот, 37.6 м2 талбайтай нэг өрөө орон сууц,
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай эзэмших эрхтэй газар,
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 4.2 га газар 15 жилийн хугацаатай хаягдал далан барих зориулалттай эзэмших эрхтэй газруудыг тус тус баталгаа болгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгээ хугацаандаа төлөхгүй байгаа бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа сануулж байсан ч төлөөгүй юм.
Иймээс “Монголиан флюор спар” ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээний төлбөрт зээлийн хүү 194 971 019 төгрөг 86 мөнгө, үндсэн зээл 608 513 363 төгрөг, 24 мөнгө, нийт 803 484 383,10 төгрөг төлсөн байна.
2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны зээлийн төлбөрт 224 787 415,20 төгрөг , үндсэн зээл 82 817 646,30 төгрөг, нийт 307 605 061,50 төгрөг төлсөн. Нийт хоёр зээлийн төлбөрт 1 111 089 444,60 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь “Монголиан флюор спар” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул дараах зүйлийг нэхэмжилж байна. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээнд нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 641 486 336,76 төгрөг, зээлийн хүү 139 939 201,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 987 840,30 төгрөг, нийт 809 413 678 төгрөг 56 мөнгө,
2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 952 362 353,70 төгрөг, зээлийн хүү 481 957 28,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96 391 457,18 төгрөг, нийт 1 530 711 096,80 төгрөг,
нийт 2 зээлийн төлбөрт 2 340 124 775,36 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс тус тус гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр тодруулж хэлэхэд нийт хоёр зээлийн төлбөр бүгд гэдэгт 484 тоот зээлийн гэрээний нийлбэр дүн 803 484 383,10 төгрөг, 346 тоот зээлийн гэрээнд 307 605 061,50 төгрөгийн нийлбэрийг гаргахдаа буруу бичсэн байсан. Мөнгөн дүнг тус тусдаа гаргахдаа зөв бодсон мөртлөө нийлбэр дүнг нь буруу бичсэн байсан. Гэхдээ нэхэмжлэлийн нийт мөнгөн дүн зөв байгаа гэжээ.
Хариуцагч “Монголиан флюор спар” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот гэрээнд заасан санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүйн улмаас үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч хугацаандаа зээлийн төлбөрөө хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. /1-р хх-47/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бямба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид анх “Капитал банк” ХХК-тай хоёр тэр бум төгрөгийн төслийн зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл долоон зуун таван сая төгрөгийг бизнесийн зээл хэлбэрээр “Монголиан флюор спар” ХХК-д өгсөн. Энэ хооронд маш их хугацаа алдаж, “Монголиан флюор спар” ХХК үйлдвэрээ ашиглалтанд оруулж чадахгүй маш их удсан.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Монголиан флюор спар” ХХК болон Капитал банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцаанд хувь хүний өмчийг барьцаалсан нь /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 61 тоот/ хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ./2-р хх-6/
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголиан флюор спар” ХХК нь “Капитал банк” ХХК-с 2012 оны 07 дугаар сарын 25-нд жижиг дунд үйлвэрлэлийн бизнесийг дэмжих зорилгоор зээл авсан. “Капитал банк” ХХК-иас зээл авахдаа 2 000 000 000 төгрөгийн зээл авах зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний 3.1-т олгосон зээлийн хэмжээ 2 000 000 000 төгрөг, жилийн 0.58 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл “Капитал банк” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 1 250 000 000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк хуулийн этгээдээс олгох зээл гэдэг нь банк зээл олгоод зээлдэгч нь хүлээж аваад үйл ажиллагаагаа явуулаад гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх үүрэгтэй.
Гэтэл “Капитал банк” ХХК өнөөдрийг хүртэл хугацаанд 2 000 000 000 төгрөгийг шилжүүлээгүй. Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан 1 дэх зээлийн гэрээ буюу 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээний 809 413 678,56 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр дахь зээлийн гэрээний хувьд хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Яагаад гэвэл “Капитал банк” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2 000 000 000 төгрөгийг шилжүүлээгүй. Үүний улмаас “Монголиан флюор спар” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон.
Хоёр дахь зээлийн гэрээгээр нэг дэх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх зорилгоор 694 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээ нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн данс руу мөнгөө шилжүүлээд зээлдэгч нь захиран зарцуулах эрхээ эдэлсэн тохиолдолд энэ зээлийн гэрээ төгс болно. Гэтэл “Капитал банк” ХХК өмнөх зээлийн гэрээгээр хоёр дахь зээлийн гэрээг хаасан байна. Хоёр дахь зээлийн гэрээгээр зээлдэгч нь захиран зарцуулах эрхээ эдлээгүй. Тухайн мөнгө дансанд ороод л гарсан байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж байна. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан субъект нь компани захирал Д.Бямба, хувьцаа эзэмшигч Л.Батболд, Ж.Пүрэвдорж нар байгаа. Гэтэл зээл олгоход хувьцаа эзэмшигч нар зөвшөөрөл өгөөгүй. Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл хийж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авснаар банк компанид зээл олгоно гэсэн заалт байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй зээл олгосон байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй, зөвхөн 3 субъект гарын үсэг зурсан байсан. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр гарах ёстой. Тиймээс эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Нэгдүгээрт “Монголиан флюор спар” ХХК-ийн захиран зарцуулах эрхийг эдлүүлээгүй. Тиймээс хоёр дахь хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Зээлийн гэрээ нь тэгш эрхийн зарчимд хамааралгүй. Гэрээнд зээлдэгчийн 3 эрх байгаа. Зээлдүүлэгч буюу банкны 13 эрх байна. Банк анх зээл олгохдоо жижиг дунд үйлдвэрлэлийн үүргийг биелүүлээгүй. 2 000 000 000 төгрөгийн зээл олгох байтал 1 250 000 000 төгрөгийн зээл олгосон. Нэг дэх зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хоёр дахь зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учраас 694 000 000 төгрөгөөс 307 605 061,50 төгрөгийг “Монголиан флюор спар” ХХК төлсөн. Тиймээс өгсөн авсан зарчмаараа үлдсэн 386 000 000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тэгэхээр “Монголиан флюор спар” ХХК нийт 1 188 119 504 төгрөг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Үлдэгдэл 1 152 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тодорхой нарийвчлан гарсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 484, 346 тоот зээлийн гэрээний задаргааг хэргийн материалд байгаа нотлох баримтыг тал бүрээс нь үндэслээд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарсан гэж үзэж байна. Тэгэхээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэх нь үндэслэлтэй байх. Шинжээчийн дүгнэлтийн 9-р талд “Монголиан флюор спар” ХХК нь зээлийн төлбөрт нийт 1 986 281 348,44 төгрөг төлөхөөр байгаа нь “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөнөөс зөрүүтэй гэж байна. Тэгэхээр 346 154 317 төгрөгийг хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан нотлох баримтын хэмжээнд дүгнэгдэн гарсан тул хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёр зээлийн төлбөрт бүгд нэмэгдсэн байгаа. 484, 346 тоот зээлийн гэрээнд 2 332 000 000 төгрөг байна. 2 340 000 000 төгрөгөөс 7 689 000 төгрөгийн зөрүүтэй гэсэн байна. Шинжээчийн дүгнэлт нь хавтас хэрэгт авагдсан хүснэгт, тайлан мэдээ, холбогдох дүрэм журмыг үндэслэн гарсан учраас үнэлэх нь үндэслэлтэй байна. Хоёр дахь гэрээ буюу 346 тоот гэрээ Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр байх үндсэн шаардлагыг хангаж байна уу гэдгийг харахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл байгаа. Мөн Компанийн тухай хуулийг зөрчсөн. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 88 дугаар зүйлийн 88.1-д заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтыг харахад тухайн компани 3 эзэмшигчтэй байгаа. 346 тоот гэрээнд Бямба гарын үсэг зурдаг. Бямбад 346 тоот гэрээг хийх нөхцөл боломжийг хэн өгсөн бэ. Энэ гэрээнд Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 88 дугаар зүйлийн 88.1-д заасан их хэмжээний хэлцэл хийх үндсэн шаардлага байхгүй байна. 346 тоот гэрээгээр 694 000 000 төгрөгийг авахдаа Бямба компаниа төлөөлж гарын үсэг зураагүй. Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна гэж заасан. Тиймээс энэ гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус байна. Манай зүгээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон учраас өгсөн авсанаа буцаая гэсэн зарчмыг баримталж байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах ёстой гэж заасан. Тэгэхээр гэрээний эрх чөлөө гэдэг зүйл байна.
Гэтэл “Капитал банк” ХХК өөрийнхөө давуу байдлыг ашиглаад 346 тоот гэрээг хийсэн. Уг гэрээний зорилго нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих зорилгоор жилийн 7 хувийн хүүтэй олгодог зээл байгаа. “Капитал банк” ХХК 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 000 төгрөгийн зээл олгох үүргээ хүлээсэн мөртлөө 8 удаагийн үйлдлээр 1 250 000 000 төгрөг шилжүүлсэн. “Монголиан флюор спар” ХХК нь 2 000 000 000 төгрөгийн зээл авсан бол дараагийн зээлийг авах шаардлагагүй байсан гэдгээ тайлбарласан байгаа. Гэрээний эрх зүй буюу бие даасан байдал, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан байгаа учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 346 тоот гэрээгээр 694 000 000 төгрөгөөс төлсөн үнийн дүнг хасаад 386 000 000 төгрөгийг төлнө. Мөн зээлийн гэрээний өөрчлөлт буюу 484 тоот гэрээний 01 хавсралтаар гэрээ хийсэн. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй зээл олгоно гэсэн мөртлөө 1 250 000 000 төгрөг шилжүүлээд дараа нь 346 тоот гэрээг хийсэн. Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үндсэн гэрээний зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ гэж хийсэн. Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнд Бямба гарын үсэг зурсан. Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь жилийн 25 хувийн хүүтэй хийгдсэн. Тэгэхээр “Капитал банк” ХХК давуу байдлаа ашиглаад зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хийсэн. Гэрээний талууд эрх тэгш байх зарчмыг алдагдуулаад Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн байгаа энэ гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаж байна. 346 тоот гэрээний хувьд “Капитал банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл 952 362 353 төгрөг, зээлийн хүү 481 957 285,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96 391 457,18 төгрөг, нийт 1 530 711 096 төгрөг гэж дурдсан байна. 346 тоот гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г агуулж байгаа. 346 тоот зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учраас “Монголиан флюор спар” ХХК 694 000 000 төгрөгөөс 307 605 061,50 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 386 000 000 төгрөгийг тооцож төлнө. Тиймээс зээлийн гэрээ, хавсралт нь хүчин төгөлдөр бус учраас холбогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүчингүй болгож 1 100 000 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Л.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монголиан флюор спар” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Л.Батболд төлөөлөгчөөр оролцож байна. Гуравдагч этгээд Л.Батболд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр тайлбар, нэмэлт нотлох баримтыг өгсөн. Нэмэлтээр дараах зүйлийг хэлье. Гуравдагч этгээд Бямба яагаад барьцаа хөрөнгөөр хангуулахыг эсэргүүцэж байгаа. Гуравдагч этгээд Л.Батболд “Монголиан флюор спар” ХХК-д өөрийн хоёр хөрөнгөө барьцаалуулах болсон гол шалтгаан нь 2 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, урт хугацаатай, хөнгөлттэй нөхцөлөөр олгоно, энэ төслийг хэрэгжүүлэхэд 2 000 000 000 төгрөг хангалттай юм байна. Нэгэнт 2 000 000 000 төгрөгийн гэрээ хийгдсэн байгаа учраас банк зээл олгоод төсөл хэрэгжүүлэгч нь төслөө амжилттай хэрэгжүүлээд зээлээ төлөөд явна гэсэн итгэлийн хүрээнд барьцаа хөрөнгөө барьцаалуулсан. “Капитал банк” ХХК нь “Монголиан флюор спар” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн гэрээ байгуулаад 8 удаагийн үйлдлээр 1 250 000 000 төгрөг шилжүүлсэн. 750 000 000 төгрөгийг дутуу олгосон байгаа. Дутуу олгосон санхүүжилтээс болж төсөл хэрэгжүүлэгч компани төслөө хэрэгжүүлэх боломжгүй болоод хугацаа алдаад өөрт байсан хөрөнгөө барьцаалсан болохоор нэмэлт санхүүжилт авахад хүндрэлтэй болсон. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс болоод ийм асуудал гарсан. Тийм учраас барьцаа хөрөнгөөр хангуулахыг эсэргүүцэж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “Капитал банк” ХХК нь 1 250 000 000 төгрөгийг 8 хувааж 750 000 000 төгрөг дутуу олгосон нь хүчин төгөлдөр болсон зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй, зээлийг бүрэн олгох боломжгүй болсон тухай харилцагчид албан ёсоор мэдэгдэж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн хэмжээнд тохирсон зээл, зээлийн хэмжээг буцаан төлөх талаар санал гаргаж өөрчилсөн материал хавтас хэрэгт байхгүй байна. Энэ нь “Капитал банк” ХХК-ийн буруу гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан байна.
2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот барьцааны гэрээ байгаа. Барьцааны гэрээний нийтлэг үндэслэлийн 1.4-т нэг талаас “Капитал банк” ХХК барьцаалагч, нөгөө талаас “Монголиан флюор спар” ХХК хуулийн этгээдийг төлөөлж ерөнхий захирал Д.Бямба, хамтад нь талууд гээд доор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү барьцааны гэрээг байгуулав гэж байна. Барьцааны гэрээний 1.4 дэх заалтыг харахад хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулсан барьцааны гэрээ гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж байна. Үгийн шууд утгыг харахад “Капитал банк” ХХК “Монголиан флюор спар” ХХК хоорондоо хуульд заасан нөхцөлөөр харилцан тохироод гэрээг байгуулсан байна. Энэ нь тухайн хоёр компанид үүргийн эрх зүйн харилцаа үүсгэж байгаа болохоос биш иргэн Л.Батболд болон “Капитал банк” ХХК-ийн хооронд ямар нэгэн барьцааны эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Энэ үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. Өмнөх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр гуравдагч этгээд Батболдын хорооны тодорхойлолт, гэр бүлийн лавлагаа гэх мэт баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүнд гэр бүлийн гишүүний хамтран өмчлөгчийн дундын хөрөнгө яригдаж болно. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг дурдах нь зүйтэй. Хэрвээ гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзвэл тухайн хөрөнгийг захиран зарцуулах, барьцаанд тавихтай холбоотой асуудалд насанд хүрсэн гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл шаардлагатай гэсэн зүйл гарч ирнэ. Барьцааны гэрээ нь хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байна, барьцаанд тавьсан хөрөнгө нь Батболд гэдэг хүний өмчлөлийн хөрөнгө, тухайн барьцааны гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдэг нь харагдаж байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 346 тоот зээлийн гэрээ байгаа. Үүнд гуравдагч этгээдийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгсөн. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанаас харахад тухай зээлийн гэрээг “Капитал банк” ХХК-тай байгуулахад “Монголиан флюор спар” ХХК нь Лхамсүрэнгийн Батболд, Дуламжавын Бямба, Жамсрансүрэнгийн Пүрэвдорж гэсэн хувьцаа эзэмшигч нар байсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ нь нэг хувьцаа эзэмшигтэй бол ямар нэгэн байдлаар хурал хийхгүйгээр өөрөө бие дааж эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Хоёр буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй болбол өөрөө хэрэгжүүлэх боломжгүй болно.
Өөрөөр хэлбэл, заавал хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол шийдвэр гараад зөвшөөрөл олгосон байх ёстой. Мөн хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага бол хувьцаа эзэмшигчийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд компанийг төлөөлж хэлцэл хийх эрхтэй субъект байгаа. 346 тоот гэрээний хувьд “Монголиан флюор спар” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Бямба гарын үсэг зурсан. Д.Бямба Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д их хэмжээний хэлцэл батлах эрхийг хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Мөн Компанийн тухай хуульд ХХК Төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан материалыг харахад “Монголиан флюор спар” ХХК тухайн үед ТУЗ-гүй байсан. ТУЗ-н эрхийг хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой байсан. Мөн Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд их хэмжээний хэлцэл гэдгийг тодорхойлж өгсөн. 87.1.1-д .хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл нь их хэмжээний хэлцэл байна гэж заасан. 346 тоот гэрээ 2013 онд байгуулагдсан учраас Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д зааснаар 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд байгаа активын нийт дүнгийн 25 хувиас хэтэрвэл энэ нь их хэмжээний хэлцэл болж байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар “Монголиан флюор спар” ХХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ 748 365 050 төгрөг 31 мөнгөний балансын активтай байсан. Үүний 25 хувь нь 187 091 263 төгрөг болж байна. Энэ дүнгээс дээш давсан байдал нь тухайн үеийн байдлаас их хэмжээний хэлцэлд тооцогдоно. Тэгэхээр 346 тоот гэрээний зээлийн хэмжээ 694 000 000 төгрөг байгаа. Энэ нь 187 091 263 төгрөгөөс давж байгаа учраас “Монголиан флюор спар” ХХК-ийн хувьд их хэмжээний хэлцэл гэж үзэж байна. Тийм учраас зайлшгүй хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл авсан байх ёстой. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байгаа. Хэлцэл хийсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн шинжийг агуулж байна.
Мөн гуравдагч этгээд Г.Батболдын харилцагчийн зөвшөөрөлгүй хийсэн гүйлгээ хууль бус болох тухай талаар тайлбартаа бичсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 341 000 000 төгрөгийн зээл төлсөн нь зээлийн гэрээ байгуулаагүй байхад хийгдсэн байна гэдэг нь тодорхой болсон. Өмнөх хурал дээр “Монголиан флюор спар” ХХК- ийн зүгээс тайлбар гаргаад 484 тоот гэрээнээс татгалзаж байна гэсэн байгаа. Үүнийг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байгаа. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гарахгүй бол гэрээний нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ яригдаж байгаа учраас нэмэлт хугацаа тогтоох шаардлага байхгүй. Гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй. Тийм учраас 346 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болбол барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно. Гэрээнээс татгалзсан гэж үзвэл өгсөн, авсан зүйлээ буцааж өгөх харилцаа үүсэхээр мөн адил барьцааны гэрээ дуусгавар болно. Тиймээс хариуцагчийн гаргасан нэмэлт тайлбарыг дэмжиж байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-иас үндсэн зээл 1 590 437 190.46 /нэг тэрбум таван зуун ерэн сая дөрвөн зуун гучин долоон мянга нэг зуун ерэн төгрөг, дөчин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 395 632 776.86 /гурван зуун ерэн таван сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун далан зургаан төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211 381.8 /хоёр зуун арван нэгэн мянга гурван зуун наян нэгэн төгрөг, найман мөнгө/ төгрөг, бүгд 1 986 281 348.34 /нэг тэрбум есөн зуун наян зургаан сая хоёр зуун наян нэгэн мянга гурван зуун дөчин найман төгрөг, гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 353 834 427.02 /гурван зуун тавин гурван сая найман зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 484 болон 484/01, 346 болон 346/01 тоот зээлийн гэрээ, барьцааны 346, 484 тоот гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 000548823, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,
- Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20 /хуучнаар “Од” кино театрын барилга/, гэрчилгээний дугаар 000142155, Улсын бүргэлийн дугаар Y-2205022497, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 1 дүгээр байрны 61 тоот, гэрчилгээний дугаар 000120233, улсын бүртгэлийн дугаар Y-2206015279, 37.6 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц,
-Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай, жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, эзэмших эрхтэй газар,
- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар 000298191, 4.2 га газар, 15 жилийн хугацаатай, хаягдлын далан /усан сан/ зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 858 574 /арван нэгэн сая найман зуун тавин найман мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 089 357 /арван сая наян есөн мянга гурван зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн томилолт, унаа, хоол, байрны зардал нийт 467 600 /дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зуун/ төгрөгийг хуульд зааснаар хуваарилж, нэхэмжлэгчээс 402 136 /дөрвөн зуун хоёр мянга нэг зуун гучин зургаан/ төгрөг, хариуцагчаас 65 464 /жаран таван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж, Дундговь аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Д.Сарантуяад олгож, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
“Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболд давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хэргийн агуулга: Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь “Монголиан флюор спар” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 346 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 2,340,124,775.36 /хоёр тэр бум гурван зуун дөчин сая нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун далан таван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “Монголиан флюор спар” ХХК болон гуравдагч этгээдүүд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэснийг “Капитал банк” ХХК нь эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаар догол мөрд “...хугацаа хэтэрсэн 2 зээлийн нийт үлдэгдэл 1,986,281,348.34 төгрөг байгаа нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн тооцооллыг нэхэмжлэгч тал туйлын үнэн зөв гэж дүгнэхгүй байх ба хуулиар мөн тийм байх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн дүгнэснээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мэт тайлбарлажээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдүүд бүгд шинжээчийн дүгнэлтийн тооцооллын талаар маргаантай байдаг. Шинжээчийн дүгнэлт нь тооцооллын алдаа гарсаныг шүүх хурал дээр талууд мэтгэлцдэг. Нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн шаардлагыг үндэслэлийг нотлох баримтаар, хүү тооцооллыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн зэрэг бүхий талаас нь бүрэн гүйцэт хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тооцооллыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 353,834,427.02 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн нийт дүн дээр хугацаа тохиролцож хариуцагч талтай эвлэрч төлбөрийг төлүүлэх боломжтой байна гэжээ.
“Монголиан флюор спар” ХХК-ийн захирал Л.Энхбат давж заалдах гомдолдоо: Капитал банкны нэхэмжлэлтэй “Монголиан флюор спар” ХХК-д холбогдох “Зээлийн гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлд нийт 2.340.124.775,36 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан шүүхийн 134/ШШ2018/43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх 2013 оны 08 сарын 21-ний өдрийн 346 дугаар зээлийн гэрээг дүгнэхдээ иргэний хууль болон бусад хууль тогтоомжуудыг буруу хэрэглэн, нотлох баримтуудыг үнэлээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
“Монголиан флюор спар” ХХК-ийн зүгээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт жонш боловсруулах үйлдвэр баримт төслөө “Капитал банк” ХХК-д өгч 2.000.000.000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд “Капитал банк” ХХКийн зүгээс тухайн төсөлд шаардлагатай байгаа 2 тэрбум төгрөг өгөхөөр харилцаж тохирч, 2012 оны 07 сарын 25-ны өдөр 484 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. “Капитал банк” ХХК нь 484 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд 2.000.000.000 төгрөгөөс 1.250.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж 750.000.000 төгрөгийг дутуу олгосон.
Гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу санхүүжилт олгосноос манай компаний төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжих боломжгүй болж, дэлхийн зах зээл дээрх боловсруулсан жоншны үнэ хэд дахин унаж алдагдалд орсон. 2012 оны 07 сарын 25-ны 484 дугаартай зээлийн гэрээний 3.1-т олгох зээлийн хэмжээ: 2.000.000.000 төгрөг, сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэйгээр 2012 оны 07 сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, гэрээний 5.2.1-т “зээл олголт, зээлийн хөрөнгөөр гүйцэтгэх төлбөр тооцоог бүрэн, түргэн шуурхай гүйцэтгэх” мөн энэ гэрээний 5.2.3-т зааснаар “зориулалтын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлэх зэрэг үүргийг Капитал банк хүлээсэн байдаг. Энэхүү гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн гэрээ байгуулсанаас хойш гэрээний үүргээ биелүүлэх хугацаа байсан болно. Уг үүргээ биелүүлээгүйгээс арга буюу манай компани 2013 оны 08 сарын 21-ний өдөр 346 дугаартай зээлийн гэрээ байгуулсан.
346 дугаартай зээлийн гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны тэгш эрхийн зарчим алдагдсан тухайд: Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн агуулгаас үзвэл, Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш эрх, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдлыг хангасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Энэ нь зээлдүүлэгчийн эрх 10 гаруй байхад зээлдэгчийн эрх 3-хан байгаагаар тодорхойлогдоно. Мөн зээлийн гэрээнээс харахад банк гэрээг дангаар цуцлах санал гаргаад цуцалж болдог, харин зээлдэгч энэ талаар ямар нэгэн санал гаргах эрх тусгагдаагүй нь гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний:
1.1-т “энэ гэрээний зорилго нь банк зээлдэгчид тодорхой мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, барьцаатай, баталгаатай, тодорхой зориулалтаар эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлэх” гэж зааснаас харахад Капитал банк нь зээлдүүлэгчийн өмчлөлд 649.000.000 сая төгрөг шилжүүлж эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг эдлүүлэх ёстой байна.
2013 оны 08 сарын 21-ний өдрийн 346 дугаар гэрээгээр хуульд заасан мөнгөн төлбөрийг “Монголиан флюор спар” ХХК-ийн данс руу шилжүүлэхдээ гэрээнд заасан “хайлуур жонш боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж”-д зориулах биш өмнөх зээлийн гэрээний төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх зорилгоор шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримт болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох” , мөн хуулийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно“ гэсэн хуулийн зохицуулалтаас харахад Капитал банк зөрчиж дээрх шаардлагын алийг нь ч хангаагүй, “Монголиан флюор спар” ХХК-ийн дансанд зээлийн мөнгө орсон хэдий ч зээлдэг нь мөнгийг ашиглаж захиран зарцуулаагүй зэргээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл өмнөх зээлийн хүүгээ авах зорилгоор, дараагийн зээл олгож байгаа нь Капитал банк зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хүнд нөхцөлд байсан зээлдэгчийн өр төлбөрийн байдлыг мэдсээр байж улам хүндрүүлсэн үйл ажиллагаа болсноор банкинд хэт ашигтай, харин зээлдэгчид шударга биш түүнийг шулах, хүүлэх зорилгыг агуулсан гэж үзэж байна. Банк хэдийгээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд боловч шударга ёс, тэгш байдал, зах зээлийн зарчмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд уг зээлийн гэрээ нь банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 56 дугар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
Капитал банкны нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 08 сарын 21-ний өдрийн 346 дугаар зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасныг үндэслэн зээлийн гэрээний үндсэн төлбөр буюу 694.000.000 төгрөг зээлснээс зээлдэгч нь 307.605.061,51 төгрөг төлснийг хасаж 386.394.938.49 төгрөг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх 2013 оны 08 сарын 21-ний 346 дугаар зээлийн гэрээн дээр дараахь төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн.
- Үндсэн зээл 611,162,353,7 төгрөг
- Зээлийн хүү 295,028,132,17 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү 211,381,8 төгрөг буюу нийт 906.401.867.67 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Иймээс Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/43 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж 2013 оны 08 сарын 21-ний өдрийн 346 дугаар зээлийн гэрээгээр 906.401.867.67 төгрөг төлөхөөр шийдвэрлэснээс “Монголиан флюор спар” ХХК-ны төлөх ёстой 386.394.938.49 төгрөгийг хасаж 520.006.929.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэн зохигчдын хоорондох банкны зээлийн гэрээний харилцааны агуулгыг холбогдох хуулийн зохицуулалтад нийцүүлэн зөв тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл, дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж, өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн.
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл /1-р хх-1-3/ гаргаж, нийт 2 зээлийн төлбөрт 2,340,124 775,36 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагаа 2012.07.25-ны өдрийн ЗГ-484, 2013.08.21-ний өдрийн ЗГ-346 болон барьцааны гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, 2015.01.06-ны өдрийн 484/01, 346/01 тоот “зээлийн нөхцөл өөрчлөх тухай” гэрээнүүдийг тус тус үндэслэжээ.
Хариуцагч нь анх байгуулсан 2012 оны 484 тоот зээлийн гэрээнд заасан санхүүжилтийг хугацаандаа өгөөгүй, үүнээс болж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч зээлийн төлбөрөө төлж чадаагүй, хоёр дахь буюу 346 тоот зээлийн гэрээгээр эхний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх зорилгоор байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 88 дугаар зүйлийн 88.1-д заасан их хэмжээний хэлцэл хийхэд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хийсэн тул уг гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр нь хариуцагч талын тайлбарыг дэмжиж, нэхэмжлэгч тал 484 тоот зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс болоод ийм асуудал гарсан. 346 тоот зээлийн гэрээ 2013 онд байгуулагдсан. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д зааснаар тус компанийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд активын нийт дүнгийн 25 хувиас хэтэрвэл их хэмжээний хэлцэл болох учир 346 тоот зээлийн гэрээний дүн үүнээс хэтэрсэн тул үүнийг их хэмжээний хэлцэл гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна... гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж тус тус маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зохигчид эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар бүхэлд нь хянан үзэв.
Зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ 2012.07.25-ны өдөр, зээлийн нөхцөл өөрчилсөн гэрээ болон барьцааны гэрээг 2015.01.06-ны өдөр тус тус байгуулсан байна.
Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.
Дээрх гэрээгээр хариуцагч “Монголиан флюор спар” ХХК нь “Капитал банк” ХХК-р дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох зориулалтаар нийт 2,000,000,000 төгрөгийг, сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, эхний 12 сард зээлийн хүүг, 13 дахь сараас хүүг төлөхөөс гадна зээлээс хэсэгчлэн төлөх, зээлээ хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлийг талууд тохиролцон гэрээ байгуулжээ. /1-р хх-8-14/
Уг зээлийн гэрээний дагуу Капитал банк нь зээлдэгчийн дансанд 2012.07.27-ны өдрөөс 8 удаагийн гүйлгээгээр нийт 1,250,000,000 төгрөгийг шилжүүлсэн /1-р хх-176, 240/, байх бөгөөд 2015.01.06-ны өдөр “зээлийн нөхцөл өөрчлөх” ЗГ-484/01 тоот гэрээг байгуулж /1-р хх-15,16/ уг гэрээгээр зээлийн хэмжээ, эргэн төлөлтөд өөрчлөлт оруулсан, өөрөөр хэлбэл үндсэн зээлийн хэмжээг 1,250,000,000 төгрөгөөр тооцож, энэ дүнгээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн уг мөнгө нь зээлдэгчийн дансанд шилжиж, түүний ашиглах эрхэд шилжсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар 1,250,000,000 төгрөгийн зээл олгогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч Капитал банкийг 484 тоот зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн санхүүжилтийг дутуу олгосноос хоёр дахь буюу 346 тоот зээлийн гэрээгээр эхний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх зорилгоор уг гэрээг байгуулсан,... гэсэн тайлбарыг,
нэхэмжлэгч тал дээрх зээл нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогдож буй төслийн зээл, тухайн сангаас тус банкинд шилжиж орж ирсэн мөнгийг олгосон, банк дур мэдэн зээлийн хэмжээг дутуу олгосон асуудал байхгүй, хэрэв санхүүжилт дутуу олгосон гэж үзсэн бол тухайн үед нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан гэсэн тайлбарыг гарган мэтгэлцдэг.
Нэхэмжлэгч “Капитал банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч буюу хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-ийг 484 тоот зээлийн гэрээний зээл, зээлийн хүүний төлбөрт нийт 803,484,383,10 төгрөг төлсөн, харин гэрээний үүрэгт /үндсэн зээл 641,486,636,76 төгрөг, зээлийн хүү 133,531,607,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,706,321,59 төгрөг/ нийт 801,724,566,29 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасаныг талууд маргаагүй.
Хэдийгээр 2-р хавтас хэргийн хх-215-д авагдсан шинжээчийн дүгнэлтэд 484 тоот зээлийн гэрээний үүрэгт төлөх нийт зээлийн төлбөрийн хэмжээг 1,079,859,480,67 төгрөг гэж тооцоолон гаргасан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагын /801,724,566,28/ дүнгээс 278,134,914,38 төгрөгөөр зөрүүтэй /илүү/ тооцсон байх боловч хариуцагч тал нь нэхэмжлэгчийн шаардсан дүнг зөвшөөрч, талууд энэ талаар маргаагүй тул зээлдэгч буюу хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-с дээрх гэрээний үүрэгт 801,724,566,29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкид олгох нь зүйтэй байна.
Харин шинжээчийн дүгнэлтэд /2-р хх-219/ 337,768,100 төгрөгийг өмнөх 2012.07.25-ны 484 тоот зээлийн гэрээний дүн болох 1,250,000,000 төгрөгт нэмж нийт 1,587,768,100 төгрөгийн зээл зээлдэгчид олгогдсон ба нэхэмжлэгч нь 484 тоот зээлийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү-д нийт 1,079,859,480,67 төгрөгийг нэхэмжлэх байсан гэж гаргасан тооцооллыг баримтлах шаардлагагүй гэж үзлээ.
Зээлдэгч буюу хариуцагч “Монголиан флюор спар” ХХК нь 2013.08.19-нд нэхэмжлэгч Капитал банк-д “2,733,000 юаны хэмжээнд, 12 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй, эхний 6 сар хүү төлөх нөхцөлтэй” зээл хүссэн байх бөгөөд Капитал банк 2013.08.20-ны өдөр “2,700,000 юань -н зээл олгох зээлийн хорооны шийдвэр, 2013.08.22-нд 694,000,000 төгрөгийн жижиг дунд бизнесийн зээл олгох гүйлгээ хийх шийдвэрийг тус тус гаргасан 2-р хх- 208,209/ байна.
Талууд 2013.08.21-ний өдөр байгуулсан 346 тоот зээлийн гэрээгээр (2,733,000 юаныг төг-т шилжүүлж) 694,000,000 төгрөгийг “хайлуур жонш боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж-д гэсэн зориулалтаар сарын 2.1 хувь, жилийн 25.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулжээ.
Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасантай нийцэж байна.
Зээлийн гэрээнд заасны дагуу Капитал банк зээлдэгчийн дансанд 694,000,000 төгрөгийг шилжүүлсэн /1-р хх-176, 243, 2-р хх-212/, өөрөөр хэлбэл уг зээл нь зээлдэгч “Монголиан флюор спар” ХХК-ийн дансанд түүний захиран зарцуулах эрхэд шилжиж орсон, үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй, энэ хэмжээний зээлийг авч захиран зарцуулсан хэмээн тайлбарладаг.
Мөн шинжээчийн дүгнэлтэд /2-р хх-215/ 346 тоот зээлийн гэрээгээр 694,000,000 төгрөгийн зээл олгохоор тохиролцсон, тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, энэхүү зээлийн гэрээний тооцооллыг 694,000,000 төгрөгөөр хийсэн байна.
Тухайлбал, шинжээчийн дүгнэлтэд: Зээлдэгч “Монголиан флюор спар” ХХК нь 694,000,000 төгрөгийн зээлд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 307,605,061,51 төгрөг төлсөн, харин үндсэн зээл 611,182,353,70 төгрөг, зээлийн хүү 295,028,132,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211381,80 төгрөг, нийт 906,421,867,67 төгрөг төлөхөөр байна, ...гэжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан.
Тиймээс зээлдэгч “Монголиан флюор спар” ХХК –ийн дансанд 2013.08.22-ны өдөр 694,000,000 төгрөг нь шилжиж орсон болох нь депозит дансны /1-р хх-176-н ард/ болон зээлийн дансны /1-р хх-243/ хуулгаар тогтоогдож байх тул 694,000,000 төгрөгийн зээл зээлдэгчид олгогдсон гэж үзнэ.
Иймд 2013.08.21-ний өдрийн 346 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 906,421,867,67 төгрөгийг хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-с гаргуулах нь зүйтэй.
Харин Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргаагүй тул 346 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн хариуцагч болон бие даасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, энэ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.
Учир нь Шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-н 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гардаг. Тухайн үндэслэл анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэдий ч “Монголиан флюор спар” ХХК нь 2007 онд нэг гишүүн, үүсгэн байгуулагчтай /1-р хх- 37,38/ байгаад сүүлд 2012.11.29-ний өдөр гурван үүсгэн байгуулагчтай болж бүртгэгдсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар /2-р хх-156/ тогтоогдож байна.
Үүнээс гадна 346 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдах үед үүсгэн байгуулагч Д.Бямба, Л.Батболд, Ж.Пүрэвдорж нарын хэн аль нь гэрээ байгуулахыг зөвшөөрч, мэдэж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан байх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. 2015.01.06-ны өдөр “зээлийн нөхцөл өөрчлөх ” ЗГ-346/01 тоот гэрээний хувьд:
Зээлдэгч буюу хариуцагч “Монголиан флюор спар” ХХК 2014.11.11-нд “зээлийн хугацаа, график өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Капитал банк-д гаргасан /1-р хх-32/ байх бөгөөд талууд 2015.01.06-ны өдөр “зээлийн нөхцөл өөрчлөх ” ЗГ-346/01 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр ЗГ-346 тоот зээлийн гэрээний хугацааг 2014.02.21-2015.10.21-н хүртэл сунгаж, харин зээлийн хэмжээг 1,035,180,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Энэхүү 2015.01.06-ны өдрийн “зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-нд тусгагдсан 341,180,000 төгрөгийн зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй гэх боловч хэрэгт авагдсан депозит дансны хуулгаар /1-р хх-177,243/ 2014.12.30-ны өдөр 341,180,000 төгрөг нь зээлдэгч буюу хариуцагч “Монголиан флюор спар” ХХК –ийн дансанд “орлого” зээл олгов гэсэн гүйлгээгээр орж, мөн өдрөө зээл, зээлийн хүү төлөв гэж “зарлага” гаргаж өмнөх зээлийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ талаар нэхэмжлэгч талаас тодруулахад 2012.07.25-ны өдөр байгуулсан 484 тоот хөнгөлттэй төслийн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн төлбөр, хугацаандаа төлөх боломжгүй хойшлуулсан төлбөрийн нийлбэр дүн гэж 341,180,000 төгрөгийг арилжааны зээлд шилжүүлэн төслийн зээл төлж, уг мөнгийг 2012.08.21-ний өдөр байгуулсан 346 тоот зээлийн гэрээгээр олгосон 694,000,000 төгрөгийн зээлд нэмж, нийт зээлийн хэмжээг 1,035,180,000 төгрөг /694,000,000+341,180,000 / болгож нэмсэн, харин 341 180 000 төгрөгийн хувьд тусдаа зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй хэмээн тайлбарласан. /1-р хх-25, 26/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь 341,180,000 төгрөгийн зээлийг зээлдэгч “Монголиан флюор спар” ХХК-ийн өмнөх зээлийг хаах зорилгоор олгож, уг мөнгөнөөс нэг хувийн шимтгэл гэж 3,411,800 төгрөгийг суутган, үлдэгдэл 337,768,100 төгрөгийг зээлдэгчийн өмнөх зээлд суутган тооцсон байх тул энэ нь банкны үйл ажиллагааны зорилгод нийцээгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-н “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Энэ хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд шаардлага гаргаагүй ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн үеэс нь хүчин төгөлдөр бус байх утгаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлцлийн үр дагаврыг буцаан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-иас 337,768,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин хариуцагч “Монголиан флюор спар” ХХК–н банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар буцаан төлөх үүрэг хэвээр үлдэж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-н нэхэмжилсэн 2,340,124,775,36 төгрөгийн шаардлагаас 2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,252,668,990,46 төгрөг, зээлийн хүү 428,559,740,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,917,703,39 төгрөг нийт 1,708,146,433,96 төгрөгийг,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ны хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-тай 2013.12.30-ны өдөр хийсэн 341 180 000 төгрөгийн хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 337,768,100 төгрөгийг, бүгд 2,045,914,533,96 төгрөг /1,708,146,433,96+337,768,100/-ийг хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-с гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 294,210,241,40 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй, улмаар хэн алиных нь гомдлын үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулаагүй тул зохигчдоос төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/00043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хоёр зээлийн үүрэгт үндсэн зээл 1,252,668,990,46 төгрөг, зээлийн хүү 428,559,740,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,917,703,39 төгрөг, нийт 1,708,146,433,96 төгрөгийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар 337,768,100 төгрөгийг, бүгд 2,045,914,533,96 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 294,210,241,40 төгрөг, ЗГ-484 болон 484/01, ЗГ-346 болон 346/01 тоот зээлийн, 484, 346 тоот барьцааны гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
-тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, ... гэснийг 56 дугаар зүйлийн 56.2,...гэж, ... хариуцагчаас “10,089,357” гэснийг ...“10,387,522,66 төгрөгийг ”... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Капитал банк ХХК-с төлсөн 1.927.122.00 төгрөг, хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-с төлсөн 2,760,000 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
Х.БАЙГАЛМАА