Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 535

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор  даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: “Х” БГБХ нөхөрлөл,

      Хариуцагч: У овогт Д-ын А,

      Хариуцагч: У овогт А-ын Х нарт холбогдох,

    Гэрээний дагуу олгосон санхүүжилт 156.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч “Х” БГБХ нөхөрлөлийн дарга Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” нөхөрлөл болон батлан даагч А, Х нартай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 19 дугаартай байгуулсан. Тус гэрээний дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй 150.000.000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, олгосон санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эргүүлэн төлөөгүй хохироож байна. Иймд “Х” нөхөрлөл болон батлан даагч А, Х нараас дээрх гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги төлбөр 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт эргэн нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө. Төсөл хэрэгжүүлэгч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд батлаг даагч нарын батлаг даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч А, Х нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын гэрээний дагуу олгогдсон санхүүжилт 156.500.000 төгрөгийг эргэн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ нь нэг талаас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нөгөө талаас “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан байна. Хэдийгээр манай компанийг төлөөлж Х батлан даагч гэх хэсэгт гарын үсэг зурсан байх боловч тухайн гэрээ ёсоор батлан даагч гэгдэх манай компаний гүйцэтгэх үүрэг тодорхойгүй байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно”, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ. “Т” ХХК нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай баталгааны гэрээ бичгээр байгуулаагүй болно. Иймээс гэрээнд заасан ямар нэгэн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр манай компаниас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь энэ хэргийн хариуцагч биш байна” гэжээ.

     Хариуцагч “Х” нөхөрлөлийн дарга Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 1 дүгээр багийн өрхийн амжиргааны түвшин доогуур 20 өрх нийлж 2017 онд “Х” нөхөрлөл байгуулан 2017 оны 4 дүгээр сард хөдөлмөр нийгэм хамгаалалын удирдах газраас зарлагдсан хүүгүй зээл олгох төсөлд жимсний мод тариалах төслийг жилийн хугацаатай авахаар төслөө өгсөн. Бидний төсөл дэмжигдэж нөхөрлөлийн Голомт банкны х тоот дансанд 150.000.000 төгрөг 9 дүгээр сард орсон. Гэрээ хийхээр очиход хугацаа 2 жил байсан тул би асуусан. “Жимс ургах хугацаа 5-6 жил байдаг хугацааны хувьд болохгүй байна” гэхэд “Ажлаа хийгээд зээлийн хугацаа хйошлуулах хүсэлт гаргаж болно” гэж хэлснээр би уг гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд бид авсан төслөө хэрэгжүүлж эхэлсэн, бүх мөнгөөрөө ажлаа хийж дуусаад төслийн зээлээ хойшлуулах хүсэлтээ 2 удаа өгсөн боловч ямар ч хариу ирүүлээгүй байсаар шүүхэд өгсөн байна. Бид төслөө хэрэгжүүлж ажлаа хийж байхдаа төр засаг иргэддээ анхаарч ядуурлаас гаргах маш зөв зүйтэй ажил хийлээ гэж маш их баяртай урамтай байсан. Анх өгсөн төсөлдөө бид жимсээ ургуулж үр шимээр нь эргэн төлөлтөө хийх боломжийн хугацаагаа санал болгосоор байтал ажилтайгаа ямар ч уялдаа холбоогүй төслийн үр шимээр эргэн төлөх боломжгүй төсөл өгчихөөд хугацаа хойшлуулах боломж олгохгүй байгаад гомдолтой байна. Чацаргана, үхрийн нүдний мод нь 4-5 нь жилийн хугацаанд үр шимээ өгч эхэлдэг. Яг одоогоор бидэнд авсан санхүүжилтээ эргэн төлөх ямарч боломж байхгүй байна. Иймд бидний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж зээлийг хөнгөлж өнөөдрөөс эхлэн 3-5 жилээр хойшлуулж өгөхийг хүсч байна. Бидний тарьсан үхрийн нүд чацарганы мод жимсээ өгсний дараа 2-3 жилд эргэн төлөлтөө хийхэд татгалзахгүй болно. Бид энэхүү зээл болох 156.500.000 төгрөгийг 2023-2026 оны хооронд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хариуцагч “Х” БГБХ нөхөрлөл, А, Х нарт тус тус холбогдуулан гэрээний дагуу олгосон санхүүжилт 156.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Харицагч Д “Бид энэхүү зээл болох 156.500.000 төгрөгийг 2023-2026 оны хооронд төлж барагдуулах хүсэлтэй байна” хэмээн, хариуцагч А, Х нар нь “Нэхэмжлэгч нь манай компаниас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь энэ хэргийн хариуцагч биш байна” хэмээн маргаж байна.

      1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, “Х” БГБХН-ийн дарга Н, Д нарын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хоёр жилийн хугацаатай, санхүүжилтийн нийт хэмжээ 150.000.000 төгрөг байна, гэрээний нийт үнийн дүнг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан А тал Б талын Голомт банкин дахь х тоот харилцах дансанд шилжүүлэх, Б тал нийт олгогдох санхүүжилтийг гэрээгээр заасан хугацаанд 100 хувь эргүүлэн төлөх, Аж ахуй нэгж, иргэний батлан даагч нь А, итгэжлэгдсэн төлөөлөгч охин Х нар нь Т ХХК ашигт малтмал ашиглах, дулаан үйлдвэртэй, үл хөдлөх хөрөнгөөр батлан даана гэжээ. Гэрээнд А талыг төлөөлж ХЭГ-ын дарга С, СТГ-ын дарга Н, ХМГ-ын дарга Г, Б талыг төлөөлж  “Х” БГБХН-ийн менежер Д, батлан даагч Х гарын үсэг зуржээ.

      2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Х” БГБХН-ийн Голомт банкин дахь х тоот дансанд 150.000.000 төгрөгийг шилжүүлжээ.

   Хэрэгт авагдсан дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон хариуцагч “Х” БГБХН-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна.

      2. Хамтран хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар

  Хамтран хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ нь нэг талаас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нөгөө талаас “Х” нөхөрлөлийн хооронд байгуулагдсан байна. Хэдийгээр манай компанийг төлөөлж Х батлан даагч гэх хэсэгт гарын үсэг зурсан байх боловч тухайн гэрээ ёсоор батлан даагч гэгдэх манай компаний гүйцэтгэх үүрэг тодорхойгүй байна” хэмээн тайлбарлажээ.

       Гэтэл хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгч “Т” ХХК-ийн захирал А хэмээн гарын үсгээ зурсан ба төлөөлөгч Х гарын үсэг зураагүй буюу тухайн “Т” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байна. Иймд хариуцагч нарын гаргасан тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 156.000.000 төгрөг болон батлан даагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна.

    Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Х” БГБХН-өөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 156.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх батлан даагчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Х” БГБХН-өөс 940.450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

     Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч “Х” БГБХН-өөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 156.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх батлан даагчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хамтран хариуцагч А, Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Х” БГБХН-өөс 940.450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                                                                                                       

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР