Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0347/З |
Дугаар | 128/ШШ2019/0845 |
Огноо | 2019-11-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2019/0845
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: А ХХК /*********/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/7* дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/4** дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богд-Хан уулын дархан цаазат газар хилийн зааг дотор Х******** з***** бо***** ** нэртэй газарт 4.0 га газрыг Аялал жуучлалын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, гэрчилгээ авсан юм.
Тухайн газрыг ашиглах явцдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, аливаа хэлбэрээр хууль, дүрэм, журам, стандарт зөрчөөгүй юм.
Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгоод байна. Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалд хууль зүйн үндэслэлдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/1** дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал зэргийг үндэслэсэн байдаг.
Манай компанийн ашиглаж буй газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаараагүй бөгөөд энэ нь бидний байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.В-Д зааснаар нотлогдоно. Тиймээс манай компани Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,40.1.2, 40.2 дахь хэсэгт зааснаар байгалийн төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй юм.
Мөн манай компанийн ашиглаж буй газарт талуудын хооронд байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ болон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох тухай аливаа тохиолдлууд бий болоогүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гарсан нь илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалын дагуу манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай болон газар чөлөөлөх мэдэгдлийг Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн тул компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №1/1 тоот албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр №1/2 тоот албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №1/02 тоот гомдлыг тус тус Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргахад хариу өгөхгүй байж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар албан бичгээр Газар ашиглах эрх олгох, цуцлах шийдвэр гаргадаг эрх нь төрийн захиргааны төв байгууллагад байдаг тул холбогдох байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн юм.
Компанийн зүгээс Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар албан бичгийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төрийн захиргааны төв байгууллагад 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор хандахад 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02/1714 дугаар албан бичгээр маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоохгүй талаар мэдэгдсэн юм.
Иймд компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02/1714 дугаар албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалын манай компанид холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хэлж байгаа дархан цаазат газрын нийтлэг горим зөрчсөн, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэсэн тодорхой үндэслэл байхгүй, энэ талаар тогтоосон, эрх бүхий байгууллагын дүгнэлт мөн байхгүй.
Тусгай хамгаалалтай газрын 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Дархан цаазат хязгаарлалтын бүсэд, Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж тодорхой хугацаа зориулалт болзолтойгоор, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, арга хэлбэрээр гэрээний нөхцөл дээр ашиглуулж болно... гэж заасан мөн хуулийн 27 дугаар зүйлийн ... тусгай хамгаалалттай, газар нутгийн зөвшөөрөгдсөн хүсэлт тодорхой зориулалттай, ашиглагдаж болох газрын хэмжээ... түүний ашиглах журмыг хүртэл тогтоож өгсөн байгаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2001 оны 218 дугаар тушаал гарсан, тухай тушаал дээр тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглах зөвшөөрөл олгох түр журам гэж батлаад, энэ дээр ямар зохицуулалт байдаг вэ гэхээр, иргэн, аж ахуй нэгж хэрхэн ашиглах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгдөг. Тэрийг үндэслээд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглуулах зөвшөөрөл болон тушаал гаргаад гэрээ байгуулдаг.
Энэ нь нөгөө талаар газрыг тухай хуульд заасан, иргэн, аж ахуй нэгж болзолтой нөхцөлтэйгөөр, гэрээ, гэрчилгээний нөхцөлтэй, газар ашиглаж болно гэсэн энэ зарчимтай нийцэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас, энэ байрлалыг онгон дагшинаар нь авч үлдье гэдэг боловч, А ХХК-ийн эсрэг талд байгаа Түмэн дайрга ХХК гэдэг компани дээр өөр аж ахуй нэгжид, 2018 оны 12 дугаар сард ашиглуулахаар газар олгосон байдаг.
Бидний зүгээс 66 сая төгрөг төлсөн, зөвхөн шүүхэд гаргаж өгч байгаа зургийн үнийг төлөхөд 13 сая төгрөг төлсөн баримт нь хавтас хэрэг шинжлэн судлахад судлуулсан. Нийттэй 100 орчим сая төгрөгийн зардал аж ахуй нэгж гаргасан байгаа. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, онгон дагшин байдал гэдгээрээ тушаал гаргаад, газар ашиглах эрхийг маань цуцалж байгаа нь хууль бус юм. Тэгэхээр энэ акт нь анхнаасаа илт хууль бус захиргааны акт болохоор хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.
А ХХК-ийн 4.0 га газар нь Богд-Хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутаг болох Хүүшийн зүүн богино аманд уулын энгэр налуу дээр байршилтай тул уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих нь тодорхой аж ахуйн нэгжийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40.1.2, 40.2 дах заалт болон Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар саналыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар А ХХК-ний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан заалтад нийцэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Түмэн дайрга ХХК-ийн газарт өөр аж ахуй нэгжид газар олгосон гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Энэ газрыг олгосон нь үнэн. Хуульд нийцүүлж, тусгай хамгаалалтын газрын 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан, нөхөн сэргээх зорилгоор олгосон байгаа. Түүнээс биш яг адилхан аялал жуулчлалын зорилгоор энэ газрыг олгосон зүйл байхгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны А/76 дугаартай тушаалд нэхэмжлэгчийн гаргаад байгаа, Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зөрчил гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ байшин барилга бариад, газрыг ухуулаад, онгон дагшин байдлыг нь алдагдуулаад тушаал гараад байж байх нь зөв үү, буруу юу гэдгийг шүүх дүгнэж, А/76 дугаартай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү.гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
А ХХК-д анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/433 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богд-Хан уулын дархан цаазат газрын Хүүшийн зүүн богинын ам нэртэй газарт байрлах 4.0 га газрыг аялал жуучлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон байна.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй үндэслэлээр 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх ба уг тушаалын хавсралтын 2-т А ХХК бичигдсэн байна.
Дээрх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 1 дэх хэсэгтгазар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэж заасан байна.
Шүүхээс маргаан бүхий газарт буюу А ХХК-д ашиглах эрх олгосон газарт очиж, бодит байдалтай танилцаж үзлэг хийсэн ба тус үзлэгээр энэхүү газар нь уулын энгэр налуу /уруу/ байршилтай газар болох нь тодорхой нотлогдсон ба тус газрыг ашиглахын тулд уулыг нурааж ухаж, тэгшлэх, байгалийн унаган төрхийг алдагдуулах, байгалийн төлөв байдлыг өөрчлөх нөхцөл байдал ирээдүйд үүсэх нь бодитоор, тодорхой нотлогдсон болно. /маргаан бүхий газрын зургийг фото зургийг авч шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан болно./
Дээрх үйл баримтаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А/4** дугаар тушаалаар маргаан бүхий газрыг анх олгохдоо хууль зөрчсөн буюу дархан цаазат газрын уулын энгэр налуу /уруу/ байршилтай уул нураах, байгалийн унаган төрхийг алдагдуулах, байгалийн төлөв байдлыг өөрчлөх эрсдэлтэй, хуулиар хориглосон, олгох ёсгүй газарт газар ашиглах эрх олгосон нь хууль бус гэж шүүх үзлээ.
Иймд анхнаасаа сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/433 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон буюу хууль зөрчсөн байх ба уг алдааг залруулж сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухайА/76 дугаар тушаалыг гаргасан байх тул сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал хуульд нийцсэн байна.
Үүнээс үзэхэд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/7* дугаар тушаалын А ХХК д холбогдох хэсэг нь хуульд нийцсэн байх тул тус А/7* дугаар тушаалыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.
Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгох баБайгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаал нь хуульд нийцсэн бөгөөд илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улаанбаатар хотод Богд Хан уулын дархан цаазат газарт газар олгосны улмаас байгалийн төлөв байдлыг алдагдах нөхцөл байдал түгээмэл байгаа, бусад аж ахуйн нэгжид газар олгосон атлаа манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон ньтэгш байдлын зарчимд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч энэ нь анхнаасаа хууль зөрчиж, олгох ёсгүй газрыг олгосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөх, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.
Энд тэмдэглэхэд, нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/433 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосны улмаас газрын төлбөр төлөх болон барилгын зураг төсөл хийлгэсний улмаас олон сая төгрөгийн хөрөнгө, зардал гаргасан гэсэн агуулгаар тайлбарлан үүнийг нотлох холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгч байх бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтланБайгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ