Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2020/00150

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

М.Н-ийн

Д.П-д

Х Б ХХ-ийн зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г , нарийн бичгийн дарга  Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч М.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч М.Н миний бие нь 2010 онд Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг худалдаж авсан байсан. Орон сууцныхаа мөнгийг төлөх зорилгоор ХААН банк ХХК-иас зээл авах гэж  Г.Я бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа шилжүүлсэн. Г.Янь миний биед мэдэгдэлгүйгээр Д.П гэгчид худалдах, худалдан авах гэрээгээр миний орон сууцыг шилжүүлсэн байна. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 00978 дугаар тогтоол зэргээр тус тус орон сууцыг олж авсан хэлбэр болох бэлэглэлийн, худалдах худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бусд тооцогдож, миний Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах орон сууцыг Г.Я ийн өмчлөлд Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Харин Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н миний биеийг тогтоосноор миний бие орон сууцаа 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаарт бүртгүүлж, 000597311 дугаар гэрчилгээг гаргуулсан. Ингэж миний бие өөрийн орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгож, өөрийн нэр дээр орон сууцаа бүртгүүлсэн хэдий ч нэр бүхий хүмүүсийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн орон сууцыг захиран зарцуулах эрх зөрчигдсөөр тус орон сууц нь өнөөдрийг болтол Говьсүмбэр аймаг дахь Хас банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан байгаа.

            Иймд, Хас банкны зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Д.П миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь байр авсан шүүхээр шийдэгдээд буцаад миний нэрээс шилжсэн болно. Байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

            Нэхэмжлэгч нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Дээрх шаардлагын үндэслэлээ “Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н мниий биеийг тогтоосноор 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаарт бүртгүүлж, 005997311 дугаар гэрчилгээг гаргуулсан. Ингэж миний бие өөрийн орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгож, өөрийн нэр дээр орон сууцаа бүртгүүлсэн хэдий ч нэр бүхий хүмүүсийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн орон сууцыг захиран зарцуулах эрх зөрчигдсөөр тус орон сууц нь өнөөдрийг болтол Говьсүмбэр аймаг дахь Хас банкны зээлийн барьцаанд барьцаалагдсаар байна” гэж тайлбарлажээ. Хас банк ХХК нь Д.Пбуюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн өмчлөгчтэй 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1120010732 дугаартай барьцааны гэрээ байгуулан Д.П-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-8-122 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаартай 48 м.кв 3 өрөө орон сууцыг хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаалсан. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах эрх бүхий этгээд болох өмчлөгчтэй байгуулах бөгөөд гэрээ байгуулагдах үед Д.П орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь 000219167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байсан болно.

            Хас банк ХХК нь Д.П-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах үед хожим Д.П, Г.Я нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Г.Я, М.Н-ийн нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ тус тус шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцогдож, орон сууц өмчлөгчөөр өөр этгээд тогтоогдох талаар урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд барьцааны гэрээ байгуулах үед орон сууцны өмчлөлийн талаар аливаа маргаан байхгүй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнтэй барьцааны гэрээг байгуулсан. Мөн уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарах аливаа үндэслэлийг нэхэмжлэлд тодорхой дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөгч өөр этгээд болсон нь өмнөх өмчлөгчтэй байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм. Энэ байдлаараа Хас банкны зээлдэгч Д.Д-ийн байгуулсан зээлийн гэрээний үүргийг, М.Н-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах эрх зүйн харилцаа бүхий гуравдагч этгээдийн барьцаатай зээлийн харилцаа болж байгаа юм.

            Нэхэмжлэгчийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон 134/ШШ2019/00121 дүгээр шүүхийн шийдвэрт Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 001/ХТ2017/00978 дугаартай тогтоолд “... хүчин төгөлдөр бус хэлцлийн зүйл болох орон сууц нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Х Б ХХ-ийн барьцаанд байх ба Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болох ба ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэж болохгүй талаар мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан байна. Иймд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул энэ шийдвэр нь гуравдагч этгээд Х Б ХХ-ийн эрх ашгийг хөндөөгүй болно” гэж дурдсаныг иш татан шийдвэрлэсэн байх тул М.Н-ийг өмчлөгчөөр тогтоохдоо зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, банкны барьцааны эрхэд нөлөөлөхгүй байхаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус хөрөнгөд суурилсан эрх тул тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл М.Н нь үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авснаар банк болон Д.П нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Х Б ХХ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоолд Г.Я, Д.П нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулсан. Уг хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн. Ингээд үүнээс үүдсэн хэлцлүүд болон бэлэглэлийн гэрээнүүд нь тус тус хүчингүй болсон. Нэхэмжлэгч  М.Ннь 2019 оны 08 дугаар сарын 22-нд шүүхийн шийдвэр гарч тус орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Өнөөдөр нэхэмжлэгч нь тус орон сууцны өмчлөгч мөн боловч тухайн орон сууцыг захиран, зарцуулах эрх нь зөрчигдсөн. Тухайн орон сууц нь Хас банкны зээлийн барьцаанд байдаг. Энэ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрх үүснэ гэж үзсэн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд барьцааны зүйлийн чанар байдлыг шалгах гэсэн зүйл байдаг. Уг зүйлд зааснаар маргаан бүхий байрыг шалгаж үзсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Уг байранд 2011 оноос хойш нэхэмжлэгч М.Н-ийн хүү амьдарч байсан. Мөн гуравдагч этгээд тухайн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ямар нэгэн зураг авч ирээд манайх ингэж шалгаад нотолсон гэсэн нотлох баримт өнөөдрийг хүртэл байдаггүй. Гуравдагч этгээд тухайн хуулиар олгосон эрхээр шалгах хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл тухайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106.1.1, 106.1.2, Үл хөдлөх барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй гэж үзсэн.

Уг үндэслэлийг тайлбарлахад Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг дурдах ёстой. Үүнд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Г.Ягээс Д.П-д шилжүүлсэн. Мөн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдсан. Тухайн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулсан. Тухайн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Д.П зээл авсан. Зээлийн гэрээний үндсэн дээр барьцааны гэрээг байгуулсан. Тиймээс худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ хоёр нь холбоотой. Харин Улсын Дээд шүүхээс худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн. Ингээд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж үзсэн. Мөн 2019 онд М.Н нь тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарч, тухайн орон сууцыг М.Н өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг улсын бүртгэлтэй холбогдуулан тухайн орон сууцыг эзэмшлээр бусдаар захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн. Ингээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардаж нэхэмжлэл гаргасан. Мөн Үл эд хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн үндэслэлүүдтэй танилцлаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ганц барьцааны гэрээ биш зээлийн гэрээ хамт байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр шаардаж байгаа гэдэг нь эзэмшлийн талаар яригдана. Хууль бус эзэмшлээс өмчлөгч шаардах эрхтэй. Хэний эзэмшлээс энэ байрыг шаардаж байгаа вэ гэдэг нь тодорхой бус. Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйл ч мөн хууль бус эзэмшилтэй холбоотой заалт. Эзэмшлээс шаардаж байгаа болон өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маш их ялгаатай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн ямар хэлцэл нь хүчин төгөлдөр бус болоод тэр хэлцэл нь өнөөдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа вэ? Миний бодлоор нэхэмжлэгч М.Н Г.Я нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухайн шүүхийн шийдвэрийн үндсэн уг хуулийн заалтыг хэрэглэх гэж байна гэж харсан. Тэгэхээр уг бэлэглэлийн гэрээ байгуулсан Г.Ягээс шаардахгүй яагаад Д.П-аас шаардаж байгаа вэ? гэдгийг тодруулмаар байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.4 дэх заалтыг харах хэрэгтэй. Өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтаа дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй. Би бэлэглэлийн гэрээ гэж үзсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалт нь эзэмшил, ашиглалтаас өмчлөх эрхээ шаардахтай холбогдуулан ерөнхий заасан заалт. Уг заалтыг Иргэний хуулийн 154, 171 дүгээр зүйлүүдэд тодорхой зааж өгсөн тул бид нарийвчилсан заалтуудыг хэрэглэдэг. Үүнийг Улсын Дээд шүүхийн тогтоолд дүгнэж тогтоож өгсөн. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар шаардсан гэсэн. Бид нарийвчилсан зохицуулалтаа хэрэглэж байж дараа нь ерөнхий зохицуулалтаа хэрэглэнэ гэж үзсэн. Миний хувьд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцвол үндсэн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хэн хариуцах вэ? Д.П байр авсан ч байр нь М.Н гэх хүний нэр дээр шилжиж очсон. Тэгвэл энэ хүн байргүй байж дахин зээл төлөх үү? үүнийг бодох хэрэгтэй. Д.П гэх хүний эрхэд халдаж болохгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Г.Яэнэ дундаас ашиг олж байна. Тиймээс Д.Д-ийнтайлбар үндэслэлтэй. Уг барьцааг суллуулахын тулд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Г.Ягээр зээлээ төлүүлж, барьцаагаа суллуулж ав гэдэг үндэслэлээр бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ орон сууцныхаа төлбөрийг төлөх зорилгоор Хаан банк ХХК-д барьцаанд тавих зорилгоор Г.Яд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэсэн байдаг.

Үүнээс яг ямар зорилгоор байрыг шилжүүлсэн нь харагддаг. Мөн барьцааны зүйлийг шалгаагүй гэж өмгөөлөгч ярьсан. Барьцааны зүйлийг шалгаагүй нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгаа вэ? барьцааны зүйлийг шалгаагүй нь өөрөө энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болох уу? энэ талаар тайлбарлах ёстой. Үүнийг тайлбарлахгүйгээр гуравдагч этгээдийн дотоод журамд хамаарах асуудлыг ярьж болохгүй. Бид энэ талаар ярилцаагүй. Зөвхөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг ярих ёстой. Барьцааны гэрээтэй холбоотой үндсэн гэрээ гэдэг нь юу вэ? зээл авахын тулд барьцааны гэрээг дагалдаж байгуулдаг. Барьцааны гэрээ дангаараа хийгдэхгүй. Зээл аваад зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч хангаагүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулна гэж Иргэний хуульд заасан. Нэхэмжлэл гаргахдаа хэргийн агуулгыг сайн ойлгож байж гаргах эрхтэй байсан. Бид нэг хүний эрх ашгийг хангуулна гэж нөгөө хүний эрх, ашгийг хөндөж болохгүй. Сая гуравдагч этгээд Улсын Дээд шүүхийн 978 дугаар тогтоолыг судлуулсан. Түүнд зээлийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээр уг зээлийг хангуулах эрх нь гуравдагч этгээд буюу Хас банк ХХК-д байгаа гэдгийг тогтоосон гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ннь хариуцагч Д.П-дхолбогдуулан Х Б ХХ-ийн зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрээр М.Н-ийн эзэмшлийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1902000456 дугаар бүхий 48 м.кв, 3 өрөө орон сууцыг Г.Ягийн өмчлөлд шилжүүлсэн 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор Г.Яболон Д.Пнарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 122 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “... Хүчин төгөлдөр бус хэлцлийн зүйл болох орон сууц нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Х Б ХХ-ийн барьцаанд байх ба эрх ашиг нь хөндөгдөнө гэх үндэслэлээр Хас банк ХХК гуравдагч этгээдээр оролцжээ. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болох ба ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэж болохгүй талаар мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан байна. Иймд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул энэ шийдвэр нь гуравдагч этгээд Х Б ХХ-ийн эрх ашгийг хөндөөгүй болно ...” гэснийг дурдаж, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0639 дүгээр магадлалаар ... Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг М.Н-ийн нэр дээр улсын бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ/2019/00121 дүгээр шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны өмчлөгч нь М.Нболохыг тогтоож тус тус шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцвол үндсэн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хэн хариуцах вэ, ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хэний эзэмшлээс энэ байрыг шаардаж байгаа нь тодорхой бус. ...Эзэмшлээс шаардаж байгаа бол өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас маш их ялгаатай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн ямар хэлцэл нь хүчин төгөлдөр бус болоод тэр хэлцэл нь өнөөдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа вэ, ... нэхэмжлэгч тал М.Н Г.Янарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн уг хуулийн заалтыг хэрэглэх гэж байна гэж харсан. Тэгэхээр уг бэлэглэлийн гэрээ байгуулсан Г.Ягээс шаардахгүй яагаад Д.П-аас шаардаж байгаа вэ, ...нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй ...” гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-иас “...Барьцааны гэрээ байгуулах үед уг орон сууцны өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй байсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн иргэнтэй барьцааны гэрээ байгуулсан ...” гэж тус тус маргана.  

1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК болон хариуцагч Д.Пнарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр №1120010732 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх24-30/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна мөн хуулийн 11.1.1-11.1.10-д заасан гэрээний агуулгыг тусгана хэмээн заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хас  банк ХХК болон Д.Пнарын хооронд байгуулагдсан №1120010732 дугаар барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахад тавигдах шаардлагыг хангасан, Барьцааны гэрээний 6.1, Иргэний хуулийн 156.1, 156.2-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... Г.Я, Д.Пнарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон ба үүнээс үүдсэн бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон, М.Ннь орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлж авсан боловч захиран зарцуулах эрх нь зөрчигдөж байгаа, ... нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг үндэслэнэ ...” гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно хэмээн заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд Иргэний хуулийн 56.1.1-56.1.9-д заасан үндэслэлээр хэлцэл хийсэн бол хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ гэж үзэж, хүчин төгөлдөр бус болох талаар зохицуулсан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК, хариуцагч Д.Пнарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хуульд заасан нөхцлийг агуулаагүй байна.

Түүнчлэн өмнөх худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Учир нь, иргэний эрх зүйд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа баталгаажуулах зорилгоор болон өмчлөгч өөрийн өмчөө бусдын үүргийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулдаг ба маргаан бүхий орон сууц Д.Д-ийнөмчлөлийн орон сууц болох нь хэрэгт авагдсан 000219167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-4/

Өөрөөр хэлбэл, банк үндсэн буюу зээлийн гэрээнд эрсдэл үүссэн тохиолдолд түүнийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хохирлоо арилгуулахаар барьцааны гэрээг зээлийн гэрээнд үндэслэн байгуулсан бөгөөд үндсэн эрхгүйгээр барьцааны гэрээг дангаар байгуулах боломжгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасныг баримтлан М.Н-ийн нэхэмжлэлтэй Д.П-дхолбогдох Х Б ХХ-ийн зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          П.ЦОГЗОЛМАА