Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 443

 

Ч.У-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.У-д холбогдох эрүүгийн 1908040040299 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ч.У-, 1992 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежмент, төрийн захиргааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            Ч.У- нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгт нийт 67.8 кг жинтэй 8 шуудай байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Ч.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.У-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын эрхтэнийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар түүнээс 16.950.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Мөрдөн байцаах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 67.8 кг жинтэй 8 шуудай “Дэрвэгэр Жиргэрүү” /Saposhnikovia divaricate Schschkin/ ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих Төрийн байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ч.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувийн байдлыг бодитой тогтоогоогүй. Учир нь надад хууль ёсны нөхөр байхгүй. Хамтран амьдрагч маань 1 жилийн өмнө гадагшаа яваад ирэхгүй байгаа. Би 10 сартай охин, 7 настай хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. 2015 оноос 2019 он хүртэл хугацаанд “Хүчит Шонхор” зах дээр лангуу ажиллуулдаг байсан. Хэрэгт холбогдох үедээ нярай хүүхдээ хараад гэртээ байсан атал эрхэлсэн тодорхой ажилгүй хэмээн хувийн байдлыг маань тодорхойлсонд гомдолтой байна. Миний бие өөрийн анхаарал болгоомжгүй, итгэмтгий зангаасаа болж ийм байдалд хүрсэндээ маш их харамсаж гэмшиж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй. Ард үлдсэн хүүхдэдээ их санаа зовж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгөхийг хүсье.” гэв.

            Шүүгдэгч Ч.У-гийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ч.У- нь 9 сартай охин Э.Амирлан, 7 настай хүү Э.Төрболд нарын хамт амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд шүүх түүний хүүхдүүдийг асран хамгаалалтгүй үлдээж байгаа нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч Ч.У- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Ч.У-гийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан 16.950.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж үүнээс 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 14.950.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөх гэрээ байгуулсан, 3 хүртэлх насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү.” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед 16.950.000 төгрөгийн хохирол тогтоогдсон ба уг хохирлыг шүүгдэгч Ч.У-гийн зүгээс төлж барагдуулсан зүйл байгаагүй. Хэргийн материалтай танилцахад 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон. Энэхүү шийтгэх тогтоолын хуулбар хавтаст хэрэгт авагдсан боловч уг ялаа биелүүлсэн тухай баримт байдаггүй. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас асууж тодруулсан зүйлгүй тул анхан шатны шүүх энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүгдэгч Ч.У- нь бага насны хоёр хүүхэдтэй ба тухайн үед хамтын амьдралтай байсан Энхбат гэгч хүний хилийн лавлагаа авагдсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “Энхбат Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гарч яваад одоог хүртэл ирээгүй тул хүүхдүүдээ асарч, өрх толгойлж амьдардаг” гэж ярьж байна. Гэвч энэ талаарх баримт байхгүй. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзвэл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ч.У- нь нийт 67.8 кг жинтэй 8 шуудай байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, улмаар өөртөө хүлээн авахаар бусдын тээврийн хэрэгслээр зөөвөрлүүлэхдээ 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулагдсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.У- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...одоогоос 2 жилийн өмнө БНХАУ-ын Эрээн хотод Алтай гэдэг Өвөрмонгол залуутай танилцсан. Тэр “Монголд ургадаг Дэрвэгэр Жиргэрүү гэх эмийн ургамлыг зардаг хүн таних уу, мэдэж байгаарай” гээд захиж байсан. 2019 оны 1 дүгээр сард манай хадам эх Уртнасан “Дарханд байдаг хүн 2-3 жилийн өмнө түүсэн Дэрвэгэр Жиргэрүү ургамлын үлдэгдлээ зарах гэж байгаа юм, авах хүн байна уу” гэж надад хэлсэн. Тэгээд би Алтайтай холбогдож 1 кг Дэрвэгэр Жиргэрүү ургамлыг 45.000 төгрөгөөр бодон түүнд худалдаж, Монголд байгаа танилд нь өгөхөөр тохирсон. ... би 70 кг Дэрвэгэр Жиргэрүү ургамлыг 1 кг-ийг нь 40.000 төгрөгөөр тооцож 2.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод, ургамал зарсан хүний данс руу 2019 оны 7 дугаар сарын 19, 24-ний өдөр тус бүр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ... 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “хот хоорондын автобусанд дайж явууллаа” гэхээр нь үлдэгдэл 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр орой нь би хадам ах Одгэрэл рүү залгаад “Дарханы хот хоорондын автобусаар шуудайтай юм ирж байгаа би охинтойгоо гарч чадахгүй байна, та тосоод авчихаарай” гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр эмийн ургамал зарсан хүний утас руу залгахад аваагүй бөгөөд тэр орой “Манай хүн өнгөрчихсөн, ярих боломжгүй байна” гэсэн мессеж явуулсан байсан. ...” /1хх 112-115/ гэж тухайн ургамлыг худалдан авах болсон санаа зорилго, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч М.Дорждэрэмийн “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн авто вокзалаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн хүмүүсээ суулгаж байтал “Land Criuser 470” загварын автомашинтай эрэгтэй хүн ирээд “8 шуудай борц дайвар өгч явуулна. Улаанбаатар хотод хүн тосоод авчихна” гэж хэлсэн. Тэгэхээр нь 30.000 төгрөгөөр тооцоод ачааг автобусандаа хийгээд явсан. ... Эмээлтэд явж байхад замын цагдаа зогсоогоод автобусаа шалгуулахад миний дайвраар авч явсан 8 шуудайтай ачааг үзээд хориотой ургамал байна гэсэн. ...” /1хх 14-15/,

- гэрч Н.Баасандоржийн “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр найз Дорждэрэмд хань болоод хамт явсан. ... “Land Criuser 470” загварын тээврийн хэрэгсэл ирээд зогсчихсон нэг ах шуудайтай юм автобус руу зөөж байсан. ... би автобусны тээш рүү 7 шуудай, 1 тал шуудайтай зүйлийг хурааж ачсан. Нэг шуудайны ёроол дээр нь Улаанбаатар хотод очоод авах хүний утасны дугаарыг бичсэн байсан. ...” /1хх 20-21/,

- гэрч Б.Одгэрэлийн “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед манай бэр дүү У- над руу залгаад “Дархан-Уул аймгаас 7 шуудайтай, 1 тал шуудай бараа автобусаар ирж байгаа. Би нялх хүүхэдтэй байна. Та тосоод аваач” гээд надад автобусны жолоочийн дугаарыг өгсөн. ... би тус шуудайнд юу байгааг мэдэхгүй байна. Манай дүү захисан ургамал гэж хэлсэн. У- нь манай эгчийн төрсөн хүү Энхболдтой 5-6 жилийн өмнө гэрлэсэн. “Буянт-Ухаа 2” цогцолборт амьдардаг. Одоо нялх хүүхэдтэй байгаа тул ажил хийхгүй байгаа. Харин манай дүү Энхболд нь таксинд явдаг....” /1хх 17, 19/,

- гэрч А.Золбоогийн “...талийгаач нөхөр Батцолмон “эмийн ургамал хүнээс авсан, Улаанбаатар хот руу хүнд өгч явууллаа” гэж хэлж байсан. Би У- гэх хүнд зарсан талаар мэдэхгүй. У- гэх хүнээс 2 удаа тус бүр 1.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж авсан байх. Манай нөхөр дансанд мөнгө орж ирвэл хэлээрэй гэж байсан. ...” /1хх 223-224/ гэсэн мэдүүлгүүд,

- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгт 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн бичсэн “...10-63 УБО улсын дугаартай “Hyundai Universe” загварын автобусыг зогсоон шалгахад ... багажаас 8 шуудай 50-100 кг “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг илрүүлэн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгөв...” гэсэн илтгэх хуудас /1хх 3/,

- шуудайтай ургамал мэт зүйлд үзлэг хийж “...67,8 кг...” жинтэй болохыг тогтоосон тэмдэглэл /1хх 4-10/, тухайн ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцож /1хх 47-48/, Шинжлэх Ухааны Академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шинжилгээнд хүргүүлэхэд “... “Дэрвэгэр Жиргэрүү” гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Тухайн ургамал нь ховор ургамлын жагсаалтад орсон ба одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50.000 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход хураагдсан 67,8 кг ургамал нь 16.950.000 төгрөг болно. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түүж бэлтгэн хилээр гадагш нэвтрүүлэхийг хориглосон...” болохыг тогтоосон 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 50/,  

- тухайн ховор ургамлын шинж байдал, онцлог, хэрэглээний талаар мэдүүлсэн хохирогч Байгаль орчин аялал жуулчлалын яамны хууль ёсны төлөөлөгч Г.Оюунгэрэлийн мэдүүлэг /1хх 106-107/,  

- шуудайны доод ёроол хэсэгт тэмдэглэгдсэн 8999**37 гэсэн дугаарын эзэмшигч Ч.У- болохыг тодорхойлсон лавлагаа /1хх 133/, түүний нэр дээрх дугааруудын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа /1хх 134-158/, Хаан банкин дахь эзэмшлийн 501717**76 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 160-165/, Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /1хх 64/,

- Ж.Батцолмонг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болохыг бүртгэсэн гэрчилгээ /1хх 225/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.У-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын эрхтэнийг худалдан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас ургамлын санд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамал экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн тогтоож, шүүгдэгч Ч.У-гаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсгүүдэд заасантай нийцжээ.

            Шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 0-7 насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заасан нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Ч.У- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн байх боловч тэрээр урьд нь “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн. Ингэхдээ шүүхээс хуульд заасан хамгийн хөнгөн ял болох торгох ялыг сонгон оногдуулсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлох бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн тэрээр урьд ялаа биелүүлсэн талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүйг дурдвал зохино.

Шүүгдэгч Ч.У- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг тухайгаа тогтвортой мэдүүлж байсан бөгөөд түүнийг хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.У-гийн гэм буруу, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймээс “...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН