Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 198

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;    

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр 2 дугаар хэсэг 178 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Боржигон овогт Д.Г /ТА70102918/-т холбогдох захиргааны журмаар архины албадан эмчилгээний газарт явуулах тухай

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хүсэлт бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн байцаагч Цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Д.Г, нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт 8 дугаар багийг хариуцсан хэсгийн байцаагчаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Сүхбаатар сумын 8 дугаар багт оршин суух Д.Г нь тухайн орчиндоо бүлэг, бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг гэсэн мэдээлэл ирсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтнаас ...Д.Гийг архидан согтуурч, тухайн орчиндоо өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул энэ хүнийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн газарт ирүүлсэн байгаа. Тухайн хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Д.Гийг хамруулж бүх төрлийн шинжилгээг авч, эмчийн хяналтаар оруулсан. Ингээд уг материалаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр орж уг хүнийг архинд донтох өвчтэй, архины эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байгаа тул уг дүгнэлтэд үндэслэн шүүхэд иргэний журмаар албадан эмчилгээнд явуулахаар хандсан. Хүсэлтээ дэмжиж байна! ... гэжээ.

Хариуцагч Д.Г нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архины эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй. Би нэг үе архи уудаг байсан нь үнэн, уухаараа 2-3 өдөр уучихдаг. Хэрэг зөрчил гаргаж байгаагүй. Ер нь архинаас гаръя гэсэн бодолтой л байсан гэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г нь согтууруулах ундаа байнга хэрэглэж, уг зөрчлийн улмаас удаа дараа эрүүлжүүлэх болон торгуулийн арга хэмжээ авагдаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнийн тайлбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтан Цагдаагийн газарт гаргасан Д.Гийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт, 2013-2019 оны захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт нь Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг шарталтын байдал оноштой, албадан эмчилгээнд явуулах шаардлагатай болохыг тогтоожээ.

Иймд шүүх Д.Гийг албадан эмчилгээний газарт явуулж эмчлэх шаардлагатай гэж дүгнэн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Д.Г /ТА70102918/-ийг архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлсүгэй.     

2. Согтуурах мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Гийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлсүгэй.    

3. Албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ