Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 328

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ж овогт Ж.У /МЮ75111269/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 байр 20 тоотод оршин суух, 0101 дүгээр ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга ажилтай, Боржигон овогт Нацагдоржийн Баяржаргал /ЦЗ76050171/-д холбогдох

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 байр 20 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд 101 нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 баг 16 байр 20 тоотод хаягтай 28,95 кв,м талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шударга эзэмшигчийг тогтоолгох, мөн худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлье гэх бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Н.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ... Ж.У нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр С.П, Б.Х, М.Б нараас 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр худалдан авсан.

Худалдагч С.П нь тухайн орон сууцны талаар хэлэхдээ тухайн байрыг цэргийн ангид ажиллаж байхдаа худалдаж авсан, одоо Сэлэнгэ аймгийн Хилиийн цэргийн 0101-р ангитай маргаантай байгаа, гэхдээ улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ албан ёсоор бүртгүүлсэн байгаа учраас ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж хэлж байсан. Ж.Уийн хувьд худалдан авах хүсэлтээ С.Пд хэлж, улсын эрхийн бүртгэл нь албан ёсны гэдгийг судалж үзсэний үндсэн дээр тухайн орон сууцыг үнэ тохиролцон худалдан авсан.

Бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Учир нь: Ж.Ут дээрх байрыг худалдсан С.П болон нөхөр М.Базаррагчаа нь 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Х.Сэржхандтай Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг хийж тухайн үеийн ханшаар 2,100,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Энэ тухай баримтуудыг үзэхэд хууль зөрчсөн асуудал байхгүй учраас гэрээ хийсэн болно.

Гэтэл тухайн орон сууцыг Ж.У нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсны дараагаар Хилийн цэргийн 0101-р анги нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт худалдагч тал С.Пд холбогдуулан гомдол гаргасны дагуу С.Пд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсч эрүүгийн хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэж С.Пгийн байр худалдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож цагаатгагдсан.

Тиймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэг маргаан нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн учраас тус шүүхэд эд хөрөнгөө хамгаалуулах эрхээ хэрэгжүүлэхээр хандаж байна.

Одоо дээрх байранд Хилийн цэргийн 0101-р ангид штабын даргаар ажилладаг гэх Н.Б нь хууль бусаар оршин сууж байна.

Тийм учраас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байрны 20 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох Ж.Уийн зүгээс иргэн Н.Бын хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Н.Б нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний оршин суудаг Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байрны 20 тоот орон сууц нь Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмч бөгөөд тус анги нь Хилийн цэргийн удирдах газрын 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 679 тоот тушаалын дагуу 2001 оны 11 дүгээр сарын 12-нд дээрх орон сууцыг төсвийн хөрөнгөөр худалдан авсан байдаг. Тухайн үеийн хууль тогтоомжоор байгууллагын нэр дээр орон сууцны гэрчилгээ гаргуулах эрх зүйн үндэслэл дутмаг байсан тул итгэлцлийн үндсэн дээр албан тушаалын байранд амьдарч байсан Захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга П.Бгийн нэр дээр орон сууцны гэрчилгээг 0004162 дугаартайгаар гаргуулан ангийн нууцын албанд хадгалж, жил бүр төрийн өмчийн тооллого бүртгэлд бүртгэж байсан. П.Б нь 2006 онд албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд дараагийн албан тушаалтан 4-5 хүн гэр бүлийн хамт одоог хүртэл амьдарсаар ирсэн.

Миний бие 2017 оны 08 дугаар сараас одоог хүртэл байгууллагатай гэрээ байгуулан тус орон сууцанд амьдарч байгаа.

Ж.У гэгчийн надад холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа орон сууц нь Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмч /төрийн өмч/ тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг чөлөөлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэжээ.

Бие даасан шаардлага гарагсан гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээн дэх Монгол Улсын хилийн боомтоор зорчих иргэдийг нэвтрүүлэх, иргэдтэй холбоотой хууль топгоомжоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлан төрийн тусгай үүргийг хэрэгжүүлдэг билээ.

Монгол Улсын Засгийн газар, Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгээр болон өөрсдийн аж ахуйн аргаар ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аятай тухай нөхцөлд ажиллаж, амьдрахад нь ангийн үе үеийн захирагч, удирдлагуудын зүгээс анхаарал хандуулж ирсний үр дүнд одоогоор тус ангийн алба хаагчид тодорхой хэмжээнд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ангийн эзэмшлийн орон сууцаар хангагдсан байгаа билээ.

Гэвч эдгээрийн дотор манай урьдны алба хаагчдын санамсар болгоомжгүй, гэнэн итгэмтгий байдал, хууль эрх зүйн мэдлэг дутмаг явдлыг далимдуулан улсын хөрөнгийг үнэгүйдүүлэн хууль бусаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл гарсныг таслан зогсоох, улсыг хохиролгүй болгох шат дараатай арга хэмжээнүүд авагдаж байгаагийн хүрээнд энэхүү бие даасан шаардлагыг гаргахаас өөр аргагүй байдалд хүрснийг дурдах нь зүйтэй юм.

Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Ж.Уийн өмчлөлийн гэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байрны 20 тоотод орших маргааны зүйл болсон орон сууц нь угтаа бол хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмч бөгөөд хилийн цэргийн 0101 дүгээр ангид штабын даргаар томилогдсон үе үеийн алба хаагчид Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар томилогдоод ажиллах хугацаандаа ар гэр, үр хүүхэдтэйгээ амьдраад шилжих тохиолдолд ангид хүлээлгэн өгөөд явдаг, одоо ч манай ангийн штабын даргаар ажиллаж байгаа дэд хурандаа Н.Б амьдарч байгаа манай ангийн данс бүртгэлд 2001 оноос хойш өнөөг хүртэл авагдсан орон сууц билээ.

Анх Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 679 дугаартай тушаалаар Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн мэдлиин орон сууцны фондыг нэмэгдүүлэх зорилгоор 3000 ам.долларыг шийдвэрлэснээр анги анх худалдан авч байсан түүхтэй юм. Гэхдээ тухайн үеийн хууль тогтоомжийн дутмаг байдлаас улбаалан тухайн цаг хугацаанд ангийн штабын даргаар ажиллаж байсан дэд хурандаа П.Бгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан гэрчилгээний эх хувийг ангийн нууцын архивт хадгалсан байдаг юм.

Дэд хурандаа П.Б нь 2006 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Улаанбаатар хотод томилогдсон бөгөөд үүний дараа авто осолд орж, биеийн байдал нь муу гэх шалтгаанаар Сэлэнгэ аймагт буцаж ирээгүй бөгөөд уг орон сууцны гэрчилгээ дэх өмчлөгчийн өөрчлөлтийг хийлгэхэд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцлийг тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрын тойргийн нотариатч батлах хуулийн зохицуулалтаас шалтгаалан уг өөрчлөлтийг хийлгэж чадахгүй байтал 2017 онд П.Бгийн эхнэр С.П гэх нь ангийн захирагч В.Нтай 2017 оны 08 дугаар сард уулзаж, нөхрийн эмчилгээний зардал хэрэгтэй гэж "3.000.000 төгрөг нэхэж, хэрэв өгөхгүй, бол өөр хүнд нөхрийн нэр дээр байгаа албаны байрыг чинь худалдана гэж сүрдүүлсэн байдаг.

Ингээд ангийн төсөвт ийм хэмжээний мөнгө байхгүй, түүнээс гадна төр хилийн цэргийн 0101 дүгээр анги /өөрийнхөө өмчийг бусдаас худалдаж авна гэж байж боломгүй асуудал учир 2017 оны 08 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан байна. Эрүүгийн журмаар шалгагдсан асуудалд нь шүүхээс дүгнэлт хийхдээ залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэнч өмчлөлийн асуудлыг иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Ж.Уийн уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний худалдагч талд П.Б гарын үсэг зурсан байдагтай эрүүгийн хэргийн баримтуудтай танилцах явцдаа ангийг төлөөлөн миний бие танилцсан билээ.

Ангийн архивт авагдсан П.Бгийн гарын үсгийн хэлбэр, дүрсний байдлаараа тохирохгүйн зэрэгцээ яг эл өдөр П.Б нь Сэлэнгэ аймагт байгаагүй, хэвтрийн байдалтай Улаанбаатар хотод байсан нь баттай эх сурвалж, эмнэлгийн магадлагаагаар нотлогдож, худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед худалдагч П.Б, худалдан авагч Ж.У нар нь байхгүй байсан.

С.П, Ж.С, Б.Хандсүрэн нар нь ямар нэгэн итгэмжлэлгүйгээр П.Б, Ж.У нарын өмнөөс гарын үсэг зурсан болох нь Сэлэнгэ аймаг дахь шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт С.П, Ж.С нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа болно.

Иймд Ж.Уийн нэхэмжлэлтэй Н.Бд холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Ү-1317000870 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулж шударга өмчлөгчийг тогтоож өгнө үү! ... гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч Б.Бд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 байр 20 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь маргааны зүйл болж буй дээрх орон сууцыг хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмч миний бие албаны байранд сууж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 баг 16 байр 20 тоотод хаягтай 28,95 кв,м талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, шудрага эзэмшигчийг тогтоолгох, мөн худалдах-худалдан авах гэрээний үр дагаварыг шийдвэрлүүлье гэх бие даасан шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг төрөөс хувьчилж орон сууц өмчлөх эрхийг анх удаа 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Гэндэнжамцын Ганболд бүртгүүлж, 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Халтарын Сэржханд, Чинболдын Гүнбаяр нарт, 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Пэрэнлэйнамжилын Базаррагчаа, Базаррагчаагийн Хандсүрэн, Самданрэнцэнгийн Пүрэвсүрэн нарт, худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Ут мөн л худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжиж, Ү-1317000870 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /ХХ-ийн 4-9, 19, 101 тал/

Өөрөөр хэлбэл, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... С.П, П.Б, Ж.У нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууц нэхэмжлэгч Ж.Уийн өмчлөлд шилжсэн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Н.Баас орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч нь тухайн орон сууцыг хилийн цэргийн 0101 дүгээр ангийн албаны орон сууц, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг хилийн цэргийн 0101 дүгээр ангийн удирдлагаас албан тушаалын орон сууцны зориулалтаар 2,100,000 төгрөгөөр худалдан авч, тухай үед ангийн штабын даргаар ажиллаж байсан П.Бгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг нууцын албанд хадгалалтад авсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй ба Хилийн цэргийн 0101 дүгээр анги болон Х.Сэржханд, Ч.Гүнбаяр нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нь шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагын үндэслэлээ: ... 2001 онд Хилийн цэргийн анги энэ байрыг худалдан авч байхад тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль гэж байгаа юм. Энэ хуульд зааснаар хуулийн үйлчлэл бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад үл хөдлөх эд хөрөнгөд улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зүйлсийг зохицуулна гэж заасан байдаг учир тухайн үед Хилийн цэргийн 0101-р ангид штабын даргаар ажиллаж байсан хүний нэр дээр авсан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль 2003 онд батлагдсан ч мөн адил төрийн байгууллагын эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэл бүртгэхгүй гэх маш тодорхой заалтыг оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааж өгсөн. Энэ мэтчилэн хууль эрх зүйн орчин дутмаг учир бүртгэлээ баталгаажуулах боломжгүй байсныг ашиглаж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гээгдүүлсэн гэж хэлээд улсын бүртгэлийг өөр дээрээ гаргаж аваад цааш нь худалдах-худалдан авах гэрээ хийсэн байна. Хилийн уэргийн 0101-р анги нь өмчлөлийн орон сууцаа өөр дээрээ бүртгээгүй шалтгаан нь эдгээр хуулиудтай холбоотой юм. Үүнийг эдгээр хүмүүс ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн... гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж зааснаас үзвэл хилийн цэргийн 0101 дүгээр анги нь иргэн П.Бгаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг шаардах эрх 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлэх бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар  болжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар П.Б нь өмчлөх эрхийг олж авсан буюу 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Хилийн цэргийн 0101 дүгээр анги бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсэх ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан байна.

Иймд гуравдагч этгээдийг маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тул түүний Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28.95 мкв талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шудрага эзэмшигчийг тогтоолгох, мөн худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлье гэх шаардлагыг хангах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гуравдагч этгээд нь үүрэг бүхий этгээдээс худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг хариуцагч Н.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Ут олгож, гуравдагч этгээд 0101 дүгээр ангийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шудрага эзэмшигчийг тогтоолгох, мөн худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлье гэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗУЛ