Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00741

 

Архангай аймаг Ус суваг ашиглалтын

“А у у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,

Архангай аймаг Ус суваг ашиглалтын “А у у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-т холбогдох

Гэм хорын хохиролд 2,203,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Архангай аймаг Ус суваг ашиглалтын “А у у” ХХК-аас Б.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 2,203,065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Б.Б-ээс 2,182,399 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А у у” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А у у” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,199 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 49,868 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А у у” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй цалин хөлсөө аваагүй тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан бөгөөд энэхүү магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн эсрэг гаргасан. “А у у” ХХК нь татварын суутгалыг хариуцна. Тус компани ОНӨ-тэй тул нэхэмжлэх эрх зөвхөн аймгийн ИТХ-д байгаа. Давж заалдах шатны шүүх дутуу олгогдсон 23.9 сая төгрөгийг бүрэн авсан гэж үзээд байгаа нь илт хууль бус байна. Миний бие сүүлийн 5 жил 4 дэх удаагаа халагдан 3 шатны шүүхээр эгүүлэн томилогдоод байна. Цалин хөлсөө авч чадахгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “А у у” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч Б.Б- нь 2017 оны 05 сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,957,311 төгрөгөөс хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/-т суутгах 2,203,065 төгрөгийг суутгуулалгүй, өөрөө төлнө гэж байгууллагын нягтлан бодогчоос цалингийн дансаар мөнгийг шилжүүлэн авсан боловч татвараа төлөөгүйгээс Татварын хэлтсээс ХАОАТ-ын 2,203,065 төгрөгийн актыг тавьсан тул дээрх мөнгийг гаргуулан компанийн дансанд шилжүүлүүлж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас: “... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, цалин хөлсний тооцооллыг нягтлан бодогч хийж, ерөнхий нягтлан хянах тул би хариуцагч биш, ...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,182,399 төгрөгийг хангаж, 20,666 төгрөгийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчаас: “...нэхэмжлэгч нь орон нутгийн өмчтэй тул нэхэмжлэх эрх нь зөвхөн аймгийн ИТХ-д байгаа, ...миний бие сүүлийн 5 жилд 4 дэх удаагаа халагдаад, эгүүлэн томилогдоод цалин хөлсөө авч чадахгүй байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018.07.18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлалаар Архангай аймгийн Засаг даргын 2017.05.08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ийг “А у у” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2018.11.14-ний өдрийн 457 тогтоолоор хянаад магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Б.Б-ийн 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,957,311 төгрөг болохыг тооцооны нягтлан бодсон, “А у у” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2019.03.25-ны өдрийн №07 тоотоор Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 23,957,312 төгрөгөөс холбогдох журмын дагуу суутгалыг тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичихийг мэдэгдсэн, 2019.03.28-ны өдөр “А у у” ХХК-аас 23,957,311 төгрөгийг Б.Б-ийн Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн, татварын улсын байцаагч Ч.Баярмагнайн 2019 оны 10 дугаар сарын 0291985 дугаартай Шийтгэлийн хуудсаар “А у у” ХХК 23,957,311 төгрөгийн тайланд ТАО-ыг тайлагнаагүй, төлөөгүй зөрчил гаргасан үндэслэлээр ЗТХ-ийн 11.19 дүгээр зүйлд зааснаар шийтгэлийн 660,919.5 төгрөг, хохирлын 2,203,065 төгрөг, нөхөн төлбөрийн 180,386 төгрөг, нийт 3,044,370.5 төгрөгийг сайн дураар биелүүлэхийг компанид үүрэг болгосон, “А у у” ХХК 2019.12.02-ны өдөр 2,203,065 төгрөгийг Архангайн Татварын хэлтэст ХАОАТ зориулалтаар шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогджээ.

8. Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар 6.1.19-д “суутган төлөгч” гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна, 14.1...цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч “А у у” ХХК татвар суутган төлөгч тул тэрээр Б.Б-ийн цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох хувь хүний орлогын албан татварыг түүнд ногдох орлогоос суутгаж, төсөвт шилжүүлэх байтал татварыг суутгаж төсөвт шилжүүлээгүй нь татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар тогтоогдсон бөгөөд тус хариуцагчийн цалин хөлснөөс суутгах 2,182,399 төгрөгийн ХАОАТ татварыг нэхэмжлэгчээс төсөвт шилжүүлсэн нь Төлбөрийн даалгавраар нотлогдсон байна.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж зохицуулжээ.

Хариуцагч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сард “А у у” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрт олгогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,957,311 төгрөгөөс ХАОАТ-ын суутгалыг хийлгэлгүй, өөрөө төлнө гэж тайлбарласнаар өөрийн дансанд олговрыг бүрэн хэмжээгээр шилжүүлэн авсан 2019.03.28-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн хуулбар, гэрч Д.Ундармаагийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд тэрээр орлогод ногдох татварыг төлөөгүй тул хууль бус санаатай үйлдлээр компанид хохирол учруулсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч  “А у у” ХХК дээрх татварыг төсвийн орлогод шилжүүлсэн нь 2019.12.02-ны өдрийн Төлбөрийн даалгавраар нотлогдсон тул тэрээр өөрт учирсан хохирлоо шаардсан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь заалтад нийцжээ. 

Нэхэмжлэгч нь шаардах эрх бүхий этгээд, тэрээр тухайн үед хариуцагчид олгосон цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох татварыг суутгалгүй нөхөн төлсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох цалин хөлсөө бүрэн авч чадаагүй нөхцөл байдалд хамаарахгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр хариуцагчаас 2,182,399 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Б-ээс 2020.08.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД