Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 285

 

У.У, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа,  шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 1715001030042 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бичсэн 5/08 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт У-ийн У,

2.Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б-ийн Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж  Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар У.У, Б.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, У.У, Б.Б нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бичсэн 5/08 дугаартай эсэргүүцэлд “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар шүүгдэгч У.У, Б.Б нарын Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн газрын үзлэгээр У.У-, Б.Б- нарын улсын хил зөрчсөн ул мөр илрээгүйгээс гадна 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн Хилийн уулзалтын протоколд Оросын Холбооны Улсын хилийг хууль бусаар зөрчсөн хил зөрчигчийг илрүүлсэн талаар огт дурдагдаагүй, харин “...10-аад тооны адуу хил нэвтэрсэн мөр илрүүлсэн...” талаар дурдагджээ. Мөн Улсын хилийн дэглэм зөрчигч амьтадын ул мөрийг илрүүлэн, баримтжуулсан актад дээрх шүүгдэгч нарыг хил зөрчсөн ул мөрийг илрүүлж баримтжуулсан талаар тусгагдаагүй, прокурорын эсэргүүцэлд дурдагдсан хилийн зөрчлийн материал, гар утасны холболтонд хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, адуу малд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авч битүүмжилсэн талаарх баримтууд, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар шүүгдэгч У.У, Б.Б нарыг Монгол улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна хохирогч Т.Ю.М, гэрч Т.Г, Б.Ц, А.Д, Г.Б нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.Учир нь шүүгдэгч У.У, Б.Б нарын үйлдсэн “Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн”, “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Хилийн зөрчлийн материалд тагнуулын албанд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд У.У, Б.Б нарын өгсөн мэдүүлэг, гар утасны холболтонд болон адуу малд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авч битүүмжилсэн талаарх баримтууд, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт, хохирогч Т.Ю.М, гэрч Т.Г, Б.Ц, А.Д, Г.Б, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо эх сурвалжаа зааж байгаагаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх буюу Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтрэх, мал хулгайлах гэмт хэргүүд нууц далд аргаар үйлдэгддэг тул улсын дархан хилийг хамгаалах Хил хамгаалах байгууллагын хилийн төлөөлөгч, Тагнуулын албаны хойшлуулшгүй ажиллагааны хил зөрчигчийг тогтоосон нотлох баримтуудаар нотолсныг шүүх үнэлж шийдвэрлэдэг билээ. Хэрэгт авагдсан баримтуудаар цаг агаарын хүчин зүйлс, хэргийг илрүүлсэн цаг хугацааны байдлаас шалтгаалан хэргийн ул мөр баларсан тул хууль бусаар хил нэвтэрч хулгайлсан адууны мөрийг нэг бүрчлэн тогтоох боломжгүй, мөн Оросын Холбоон Улсын талаас гэмт хэрэг үйлдсэн хил зөрчигчийг илрүүлээгүй тул шийтгэх тогтоолд дурдсан шиг У.У, Б.Б нарыг Монголын талд хүлээлгэн өгсөн протокол үйлдэгдэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа нарын гаргасан “...алдуул мал завшихыг завдсан...” гэх гомдлын тухайд анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч У.У, Б.Б нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг алдуул мал завшихыг завдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Д, Г.Б нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар У.У, Б.Б нар нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан хохирогч Т.Ю.М, гэрч А.Д, Г.Б, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар У.У, Б.Б нар нь бусдын олон тооны малыг улсын хилийг хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлогдож тогтоогдож байхад тэдний Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн үйлдлийг цагаатгасан атлаа “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэснээр 15 тооны эрлийз адуу өөрийн хөлөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирснийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй. Хэрэв хохирогч Т.Ю.М-ын “...адуугаа хөрш зэргэлдээ орны нутаг дэвсгэрт бэлчээрлэж байгаа гэж төсөөлөөгүй, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлгийг үндэслэн У.У, Б.Б нар эзэн нь тодорхойгүй адууг тууж явсан гэж үзвэл Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг бус мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргээр зүйлчлэгдэхээр тул Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж ойлгогдохоор байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг хэлсэн саналдаа “Прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь шүүгдэгч нарыг яллахаас татгалзаж байгаа юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол илэрхий болсон гэж прокурор үзсэнээр мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах нь зүйтэй.  Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6, 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэл шүүхээс хэргийг цагаатгуулахаар эсэргүүцэл бичсэн гэж үзэхээр байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Хохирогч нь хөрш зэргэлдээ улсад адуугаа бэлчээж явааг мэдээгүй гэсэн мэдүүлгийг үндэслээд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар  зүйлчлэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна” гэв.   

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бадраа хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хил нэвтэрсэн талаар тогтоогдоогүй асуудлыг тодорхой тусгасан. Анхнаасаа шүүгдэгч нар нь адуу мал хулгайлах зорилгоор яваагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Монгол Улсын 476 дугаар тэмдэгтээр гарсан гэж үзэж зургийг нь авч баталгаажуулаад үүнийгээ нотлогдсон гэж үзээд байгаа болохоос мөр хүлээлцсэн актад цуварсан мөр гэж тэмдэглэсэн байсныг харахад хулгайн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй, нотлогдоогүй гэж үзэж байна. О.Оюунтунгалаг өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын холбогдсон хэргийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэх гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзээд эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. Оросын Холбооны Улсын иргэний 15 тооны адуу нь Монгол Улсын хилээр шөнийн цагаар нэвтэрсэн нь хилийн зөрчлийг шалгасан нотломж, акт, тэмдэглэл болон бусад нотлох баримтаар нотлогдож байна. Оросын Холбооны Улсын иргэн нь малын ферм ажиллуулдаг, мал нь хилээс 5-6 км зайд байдаг. Хилийн бүс рүү малаа бэлчээх нь өндөр торгуультай байдаг болохоор хил рүү мал бэлчээх асуудал байхгүй гэдэг. Монгол Улсын хилийн 476 дугаар тэмдэгтийг шүүгдэгч нар тодорхой заасан байдаг. Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйл ангиар  шүүгдэгч нарыг буруутгасан. Хэргийн бүрдэл хангагдсан,  зүйлчлэл тохирсон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бичсэн 5/08 дугаартай эсэргүүцлийг үндэслэн У.У, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгахаар хуульчилсан болно.

Гэтэл шүүх прокуророос шүүгдэгч У.У, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж  Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргээс Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ оновчтой зөв тодорхойлж, тайлбарлаж чадаагүй байна.

Тухайлбал Хилийн зөрчлийг шалгасан нотломж, хил зөрчигчийн тухай бүртгэл, хилийн уулзалтын протокол, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, ул мөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Б.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Д, Г.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон Монгол Улсын хилийн 476/2 дугаар тэмдэгтийн баруун талын 500 метр газраас илэрсэн мөрийг шүүгдэгч нарын мөр биш гэж үзсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийж, няцааж чадаагүй буюу шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нотлох баримтыг үнэлж чадаагүйн улмаас хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргажээ.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч У.У, Б.Б нарыг олон тооны малыг хулгайлсан гэж ял оногдуулсан боловч ОХУ-ын нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч Мирановын 15 тооны адууг улсын хил нэвтрэхгүйгээр хэрхэн, яаж хулгайлсан нь тодорхойгүй, хоорондоо шалтгаант холбоогүй зөрчилтэй дүгнэлт хийж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, У.У, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, У.У, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч У.У, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН