Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00740

 

“А г” БГБХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01603 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1462 дугаар магадлалтай,

“А г” БГБХН-ийн нэхэмжлэлтэй

“З” СӨХ-д холбогдох

Гэм хорын хохиролд 500,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

536,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “А г” БГБХН-с “З” СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 536,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01603 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “З” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А г” БГБХН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, “А г” БГБХН-д холбогдох 536,500 төгрөг гаргуулах тухай “З” Сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,700 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,745 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2019/17475 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18686 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1462 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Магадлалд: “...хаягийг засварлахад зайлшгүй гаргах зардлын баримт үнэлэх боломжгүй” гэжээ.

Нэхэмжлэгч нь манай хаягийг эвдчихлээ, энийг засварлахад ийм зардал гарах юм байна, түүнийг нь гаргуулаад өгөөч хэмээн шүүхэд хандсан. Хаягийг нь буулгуулсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа ба эвдрэлийн тухайд маргахгүй байгаа тул гарах зардлын талаарх үнийн саналыг шүүхээс үнэлэх боломжтой. Тэгэхээр баримтаа өгөөгүй хэмээн буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй.

4.2. “Намуун таун” ХХК-аас ирүүлсэн баримт нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарах бөгөөд түүнийг нотлох баримт биш хэмээн үгүйсгэх боломж огт байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “А г” БГБХН нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...тус компани Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрны 1 дүгээр давхрыг эмнэлгийн зориулалтаар түрээслэн үйл ажиллагаагаа явуулахдаа 53 дугаар байрны хана болон дээвэрт өөрийн хаягийг байрлуулсан байсан. ...2019.08.01-ний өдөр “Фүжи Алтай” ХХК манай хаягийг буулгахдаа 6 үсэг болон хаяг урсгагчийг гэмтээж хохирол учруулсан тул нөхөн төлөхийг шаардахад “З” СӨХ-ийн захиалгаар дээврийн засварын ажил хийсэн, хохирлыг хариуцахгүй гэсэн тул “З” СӨХ-оос хохирол 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж, “...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хаяг тогтооход СӨХ-оос зөвшөөрөл авах шаардлагагүй...” гэжээ.

Хариуцагч: “...нэхэмжлэгч нь эмнэлгийн хаягаа дур мэдэн байшингийн дээвэрт байрлуулахдаа дээврийг нэвт цоолж, 5 давхарт байрлах айлууд руу бороо цасны ус нэвчин оршин суугчдыг хохироож байгаа талаар гомдол ирснээр улсын төсвийн хөрөнгөөр дээврийн ажлыг эхлүүлэх болсон. Нэхэмжлэгчид хаягаа буулгаж дээвэр чөлөөлөх  мэдэгдлийг хүргүүлэх гэсэн боловч эмнэлэг ажиллаагүй, захирлын утас нь холбогдох боломжгүй байсан тул оршин суугчдын төлөөлөл, СӨХ-ны ажилчдыг байлцуулан хаягийг буулгасан, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан, улмаар “...нэхэмжлэгч нь хаяг байрлуулахдаа зүй бусаар халдаж, зөвшөөрөлгүй хаяг тогтоон хохирол учруулсан тул дээвэрт засвар хийхэд зарцуулагдсан материалын зардал 536,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

7. Хэрэгт авагдсан баримтаар “Фүжи Алтай” ХХК нь “З” СӨХ-ны захиалгаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53 дугаар байрны дээврийн засварын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр засварлах явцдаа “А г” БГБХН-ийн эмнэлгийн гэрлэн хаягийг буулгасан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...гэрлэн хаягийг буулгахдаа 6 үсэг, хаяг угсрагчийг гэмтээснээс засварын ажилд 500,000 төгрөг шаардлагатай болсон нь “Намуун таун” ХХК-ийн үнийн саналаар нотлогдох тул захиалагч “З” СӨХ-оос төлбөрийг гаргуулна...” гэж, хариуцагч нь “...тус хаягийг “Фүжи Алтай” ХХК буулгасан, бид хариуцахгүй...” гэж маргажээ.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хангахын тулд юуны өмнө нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь нотлогдсон, улмаар дээрх хохирол хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчоос гаргасан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлнэ.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж “Намуун таун” ХХК-ийн “...А г эмнэлгийн гадна зориулалтын гэрэлтэй хаяг гадны нөлөөгөөр эвдэрсэн тул засварын зардал 500,000 төгрөг...” гэсэн Хаяг засварлах үнийн саналыг нотлох баримтаар ирүүлснээс өөр баримтгүй байна.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 53 дугаар байрны дээврийн хөвөөн дээр хэдэн үсэг бүхий, ямар хэмжээтэй, ямар материалаар хийгдсэн, ямар агуулга бүхий хаяг болон хаяг угсрагч нь ямар талбайг хамруулан байршуулсан болох, түүнээс  ямар 6 үсэг эвдэрсэн болох, ийнхүү эвдэрснээс тэдгээрийг цаашид ашиглах боломжгүй болсон, зайлшгүй засварлах шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн хариуцагч “З” СӨХ-ны гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй тул хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй болно...” гэх үндэслэлээр “А г” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хоёр шатны шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд “...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нотлох баримт үнэлэх журам зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

10. Хариуцагч “З” СӨХ нь нэхэмжлэгчийн буруугаас 53 дугаар байрны 35, 36 тоот орон сууцны дээвэрт засвар хийхэд зарцуулагдсан материалын зардалд 536,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх нэхэмжлэгч “А г” БГБХН-д мэдэгдсэн тухай баримтгүй, нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас хохирол учирсан болохоо нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба шүүхийн энэ  шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01603 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1462 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржоос 2020.08.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД