Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/01603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгчид Б.Мандалбаяр, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 53 дугаар байр, 101 тоот хаягт байрлах, А.ГБГБХН /РД:2255189/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 123 дугаар байр, 4 дүгээр орц, 0 тоот хаягт байрлах, З Сууц өмчлөгчдийн холбоо /Гэрчилгээ№37/-нд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

А.ГБГБХН-д холбогдох 536.500 төгрөг гаргуулах З Сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Н,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Б /ШТ№1958/,

Иргэдийн төлөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.ГБГБХН нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрны 1 дүгээр давхрыг эмнэлгийн зориулалтаар түрээслэн үйл ажиллагаагаа 2004 оноос явуулж байгаа болно. З СӨХ-оос зөвшөөрөл авч, компанийн гэрлэн хаягийг Н.Т ХХК-иар 2018.06.29-нд хийлгэж, 53 дугаар байрны хана болон дээвэрт байрлуулсан. Уг нь бол зөвшөөрөл авах шаардлага хуулиар бол тавигдаагүй юм байна.

2019.08.01-ний өдөр ажилдаа иртэл манай гэрлэн хаягийг Фүжи-Алтай ХХК буулгасан байсан, яагаад буулгасныг асуухад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийж байна, СӨХ-оос асуухад буулга гэсэн гэж засвар хийж байгаа хүмүүс хэлсэн байсан. Ийнхүү хаягийг буулгахдаа 6 үсэг болон хаяг урсгагчийг гэмтээсэн байсан. Учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардахад З Сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрлөөр буулгасан, тэдний захиалгаар дээврийн засварын ажил хийж байгаа тул манайх хохирлыг хариуцахгүй гэсэн.

Ингээд З СӨХ-д хандаж хохирлыг нөхөн төлөхийг шаардсан боловч төлөхгүй гэж маргасан. Тиймээс хаягны үсэгнүүдийн гэмтлийг засварлахад гарах төлбөр 200.000 төгрөг, үүнийг дахин байрлуулахад гарах төлбөр 300.000 төгрөг, нийт 500.000 төгрөг болохыг анх уг гэрлэн хаягийг хийсэн Н.Т ХХК-ийн тооцоо учир нэг үсэг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна.

Н.Т ХХК-иар гэрэлт самбарыг анх хийлгээд байрны дээврийн хөвөөн дээр байрлуулсан байсан. Манай түрээслүүлэгч З СӨХ биш бөгөөд хаяг байрлуулах зөвшөөрлийг тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Л.Цс 2018 оны 06 сард амаар авсан гэв.

 

З СӨХ-ны захирал Л.Ц самбар байрлуулахыг амаар зөвшөөрсөн мөртлөө одоо үүнийгээ үгүйсгээд байна. Ер нь манайхыг аж ахуйн нэгж учраас илүү төлбөр төл гэсэг байдлаар хандаж маргаж байсан.

Н.Т ХХК уг нь өөрийн ажилд 2 жилийн баталгаат хугацаа өгсөн боловч энэ нь гуравдагч этгээдийн үйлдлээр учирсан гэмтэл учраас хариуцахгүй гэсэн. Н.Т ХХК-тай байгуулсан гэрээг нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа өгсөн байсныг буцаагаад авсан.

Хаяг нь байрны дээврийн хөвөөн дээр байрлуулсан А.Гэмнэлэг нэртэй гэрлэн самбар байсан. 6 үсэг эвдэрсэн байсан гэх талаар баримт байхгүй боловч эвдэрсэн гэдэгтэй маргахгүй байгаа учраас энэ талаар баримт шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд эвдэрсэн үсэгнүүдийг сэргээн засахад 200,000 төгрөг, уг хаягийг байрлуулахад 300,000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг З Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З СӨХ-ийн төлөөлөгч Л.Цшүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ю.Б-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлалтай З СӨХ-ны харьяа 53 дугаар байрны Ү.Оийн өмчлөлийн 175,49 м.кв байрыг А.Гэмнэлэг 2007 оноос түрээслэн үйл ажиллагааг явуулж байгаа.

Тус эмнэлэг нь манай СӨХ-той хаяг тогтоох талаар гэрээ бичгээр байгуулаагүй, утсаар нэг удаа ярихад нь хурлаар шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 6-ны өдөр 53 дугаар байрны дээвэрт эмнэлгийн хаягаа дур мэдэн ямар нэгэн зөвшөөрөл, гэрээгүйгээр тогтоосон, ингэхдээ дээд давхрын 2 айлын дээврийг цоолж тогтоосон байсан.

Дээврийг нэвт цоолсоноос 5 давхарт байрлах 6 айл руу бороо, цасны ус нэвчин орж иргэд оршин суугчдыг удаа дараа хохироож байгаа болно.

Уг асуудлаар тус өрхүүдээс удаа дараа гомдол ирж, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Баилга хот байгуулалтын яаманд хүсэлт тавьсны үндсэн дээр 2019 оны 7 дугаар сарын 30-нд улсын төсвийн хөрөнгөөр тус байрын дээврийн их засварын ажпыг эхлүүлэх болсон.

Дээврийн их засварын ажлыг хийх Фүжи Алтай ХХК-ийн инженер борооны улиралтай байгаа учраас яаралтай эхлүүлэх шаардлагатай тул дээвэр чөлөөлөх шаардлагыг манай байгууллагад тавьсан.

Үүний үндсэн дээр А.Гэмнэлгийн хаягыг буулгуулах мэдэгдлийг захирал Г.Машбатад хүргүүлэх гэсэн боловч эмнэлэг ажиллахгүй, түүний утас холбогдох боломжгүй байсан. Улмаар тус орцны иргэд холбогдох газарт нь гомдол гаргасны үндсэн дээр Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс тус самбарыг яаралтай буулга гэсэн албан бичиг ирсэн болно.

Ингээд уг хаягийг буулгахад байрны оршин суугчдын төлөөлөл, Сууц өмчлөгчдийн холбооны ажилчид, мөн Фүжи Алтай" ХХК-ийн ажилчид байлцсан.

Анх тус эмнэлгийн 2 сувилагч нь 35 тоот айлд ороод Танай дээвэр дээр хаяг байрлуулахыг зөвшөөрвөл 1 хүнийг үнэгүй эмчилж өгнө гэж хэлсэн байдаг.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаарт тогтоолын 1 дүгээр хавсралт /Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааг байрлуулахад дагаж мөрдөх журам/-ын 4.2.4 орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул, хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгааг байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн дийлэнх, олонхи зөвшөөрсөн нөхцөлд СӨХ-ны Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байх. 4.3-д гадны зар сурталчилгааг байрлуулах зөвшөөрлийг 1-3 хүртэлх жилээр олгох бөгөөд зөвшөөрөл олгосон иргэн хуулийн этгээдтэй ажлын 5 хоногийн дотор 1 жилийн хугацаатай ашиглалтын гэрээ байгуулна.

ДӨТХуулийн 13.2.5-д заасны дагуу Дундын өмчлөл, эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулах гэсэн заалтуудыг тус тус зөрчин СӨХ болон иргэд, оршин суугчдыг их хэмжээгээр хохироосон болно.

Мөн А.Гэмнэлэг нь дуртай газраа хогоо хаяж, хаяг байрлуулж, нийтийн эзэмшлийн талбайд хязгаар тэмдэг тавьж, машины зогсоол эзэмшиж, дундын өмчлөлийн тухай хуулийг зөрчиж байна.

З СӨХ-нд 4 эмэгтэй хүн ажилладаг, тэр хаягийг бид буулгах ямар ч боломжгүй, гэтэл уг хаягийг Сууц өмчлөгчдийн холбооны ажилчид бид буулгах боломжгүй. Уг хаягийг Сууц өмчлөгчдийн холбоо буулгаагүй учраас шаардах эрхгүй.

А.Гэмнэлэг түрээслэгч учраас түрээсийн гэрээ дуусахад оршин суугчид хохирч үлдэх болж байна. Нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр 2020 оны 9 сард манай банкин дах харилцах дансыг хааснаас үйл ажиллагаа зогссон, хүнд байдалтай байна.

Иймд А.ГБГБХН-ийн 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч З СӨХ-ийн гүйцэтгэх захирал Л.Цшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ю.Батболдын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.ГБГБХН нь тус Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлд зүй бусаар халдан, 53 дугаар байрны дээд давхрын 2 айлын дээврийг цоолж, том нүх гаргаж хаягаа тогтоосноос 5 давхарт байрлах 6 айл руу бороо, цасны ус нэвчин орж иргэд оршин суугчдыг удаа дараа хохироосон.

53 дугаар байрны дээвэрт урсгал засвар хийхэд шингэн хадаас болон хар тос, хар лак маш их хэмжээгээр орсон.

Барилгын материалыг 2018 оны 07, 08 сард янз бүрийн хэмжээгээр авч байсан, дээвэрт урсгал засварыг байнга хийдэг байсан, яг өдөр, сарыг тодорхой санахгүй байна. Дээвэр дэх борооны ус бүх айлын дээврийг хаваад нэвтэрдэг учраас урсгал засвар байнга хийж байсан. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас хохирол учруулсан этгээдээр хохирлыг барагдуулах ёстой. 2 айлын гаргасан гомдолтой холбогдуулан борооноос хамгаалж улсын төсвийн хөрөнгөөр засвар орохоос өмнө засвар хийсэн. Борооны ус хавж урсаад байдаг тул зуны улиралд ус дахин дахин ордог юм.

Дээврийг засварлахын тулд 536.500 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан зардал бөгөөд үүнийг санхүүгийн тайланд тусгасан бөгөөд оршин суугчдын гомдлын дагуу дээвэрт засвар хийсэн талаараа тухайн айлуудад тайлагнаж мэдэгдэж байсан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Засварын ажил хийхтэй холбогдуулан дээвэр дээр байгаа хаяг рекламыг журамла гэдэг удирдамжийн МСӨХДЗөвлөлөөс ирсэн. Дээвэр засварласан Фүжи алтай ХХК-ийг нийслэлээс томилсон бөгөөд уг ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх засварын ажлын хүрээнд хаягийг буулгасан.

53 дугаар байрны дээврийг А.ГБГБХН нь маш урт хэмжээтэй хадаасан хэлбэртэй арматур төмрөөр цоолсон болохыг харуулсан гэрэл зургаар нотлогдоно. Уг дээврийн засварт зориулан 505.000 төгрөгийн хар тос, 18.500 төгрөгийн барилгын материал, 13.000 төгрөгийн шингэн хадаас, нийт 536.500 төгрөгийн эд зүйл зэргийг худалдан авч засварт зарцуулсан.

Иймд А.ГБГБХН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас дээвэр цоорсон учир уг дээврийг засварлах ажилд зарцуулагдсан материалын үнэ болох 536.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч А.ГБГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Г.Нацагдорж нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З Сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс бичгээр тайлбар өгөөгүй юм. Дээрх зардал нь хэзээ хийгдсэн засвар болох, тухайн шаардаад байгаа 536.500 төгрөг нь Сууц өмчлөгчдийн холбооны тайланд тусгагдсан эсэх, тусгагдсан бол ямар байдлаар тусгагдсан болох нь тодорхойгүй байсан.

Зөвхөн 53 дугаар байрны дээврийг засварлахад 536.500 төгрөгийн зардал гарсан гэдгийг нотлоогүй, мөн уг хөрөнгө нь СӨХ-ны данснаас гарсан бол тайлан бланс дээр нь тусгагдсан байх ёстой.

З СӨХ нь 2018 онд дээвэрт засвар хийсэн болох нь тогтоогдохгүй байх ба эдгээр баримтаас харахад 10, 20 хоногийн зайтай хар тос авдаг гэж харагдахаар байна.

Иймд А.ГБГБХН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 53 дугаар байрны дээвэр цоолсон болох нь нотлогдохгүй байх тул 536.500 төгрөг гаргуулах З СӨХ-ны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч А.ГБГБХН нь хариуцагч З Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53 дугаар байрны дээвэр хэсэгт байрлуулсан эмнэлгийн хаягийг буулгуулснаас хохиролд 500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь өөрийн эмнэлгийн хаягийг байрлуулахдаа байрны дээврийг цоолсон учир дээвэр засварлахад зарцуулсан 536.500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

1.    Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53 дугаар байрны 1 дүгээр давхрыг А.ГБГБХН нь эмнэлгийн зориулалттайгаар 2007 оноос эхлэн түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн байх ба 2018 оны 06 дугаар сард тус байрны дээврийн хөвөө хэсэгт гэрлэн хаяг байрлуулсан, уг байрны дээврийн засварын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр засварлах явцдаа Фүжи Алтай ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрлэн хаягийг буулгасан үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч А.ГБГБХН нь дээрх гэрлэн хаягийг З Сууц өмчлөгчдийн холбоо буулга гэснээс буулгах явцад 6 үсэг, хаяг урсгагчийг гэмтээж хохирол учруулсан тул материалын зардал болон засвар угсралтын ажилд 500.000 төгрөг шаардлагатай гэх Н.Т ХХК-ийн үнийн саналыг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

 

Н.Т ХХК нь А.Гэмнэлгийн гадна зориулалтын гэрэлтэй хаягийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн, баталгаат засварын хугацааны явцад гадны нөлөөгөөр эвдэрсэн тул гэрээний 6.6-д заасны дагуу засварлах боломжгүй, засварын зардал 500.000 төгрөг, үүнээс материалын зардал 300.000 төгрөг, засвар, угсралтын ажлын үнэлгээ 200.000 төгрөг гэсэн үнийн саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

 

/хх-ийн 4 тал/

 

Хариуцагч З Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгчийг тус байрны дээврийн хэсэгт эмнэлгийн хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсан, үүний улмаас дээвэр цоолсон, дээврийг улсын төсвийн хөрөнгөөр засвар хийх компани чөлөөлөх шаардлага тавьсан, оршин суугчдын гомдлын дагуу Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс тус самбарыг яаралтай буулга гэсэн албан бичиг ирсний дагуу гүйцэтгэгч компанид хаягийг буулга гэдгийг хэлсэн, Сууц өмчлөгчдийн холбоо хаягийг буулгаагүй тул хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж маргасан.

 

З Сууц өмчлөгчдийн холбоог 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, №37 тоот гэрчилгээ олгосноос үзэхэд уг орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоог байгуулсан, ийнхүү байгуулагдсанаар тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 53, 112, 114 дүгээр байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой гэж үзнэ.

/хх-ийн 8 тал/

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/137 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт батлагдсаны дагуу Фүжи Алтай ХХК нь тус 53 дугаар байрны дээврийг засварлах ажлыг гүйцэтгэхээр шалгарч, уг ажлыг 2019 оны 08 дугаар сард багтаан гүйцэтгэх тул дээвэр дээр байрлаж буй сурталчилгааны самбарыг 14 хоногийн дотор чөлөөлөх тухай А/69 тоот албан бичгийг Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч З СӨХ-нд хүргүүлсэн байна.

/хх-ийн 15 тал/

 

Нэхэмжлэгч А.ГБГБХН нь 53 дугаар байрны дээврийн хөвөөн дээр хэдэн үсэг бүхий, ямар хэмжээтэй, ямар материалаар хийгдсэн, ямар агуулга бүхий хаяг болон хаяг урсгагч нь ямар хэмжээний талбайг хамруулан байрлуулсан болох, үүнээс ямар 6 үсэг эвдэрсэн болох, ийнхүү эвдэрснээс тэдгээрийг цаашид ашиглах боломжгүй болсон, зайлшгүй засварлах шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хаяг засварлах, байрлуулахад 500.000 төгрөг зарцуулсан гэх байдал нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан байх ба гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/ хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон  нөхцөлд хэрэгжинэ.

 

З Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь 53 дугаар байрны дээврийн хөвөө хэсэгт байрлуулсан эмнэлгийн хаягийг буулгах үүргийг дээврийн засварын ажлыг гүйцэтгэгч компанид өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбараар З Сууц өмчлөгчдийн холбооны гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.ГБГБХН нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53 дугаар байрны дээврийн хөвөөний хэсэгт байрлуулсан эмнэлгийн хаягийг хариуцагч З Сууц өмчлөгчдийн холбооны гэм буруутай үйлдлийн улмаас гэмтээсэн, ийнхүү гэмтээснээс 500.000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд З Сууц өмчлөгчдийн холбооноос гэм хорын хохиролд 500.000 төгрөг гаргуулах тухай А.ГБГБХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.    Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

З Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53 дугаар байрны дээврийн хөвөө хэсэгт эмнэлгийн хаягаа зөвшөөрөлгүй байрлуулахдаа дээвэр цоолсон, үүний улмаас дээвэр засварлахад зарцуулсан 536.500 төгрөгийг А.ГБГБХН-өөс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

А.ГБГБХН нь дээрх байрны дээврийн хөвөө хэсэгт эмнэлгийн хаягийг байрлуулахдаа дээврийг цоолсон үйл баримт болоогүй, түүнчлэн 2018 онд удаа дараа дээвэрт засвар хийсэн болох нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

З СӨХ нь 53 дугаар байрны дээврийг 2018.07.31-ний өдөр 60.000 төгрөгний үнэ бүхий хар тосны зарлагын баримт, 2018.07.30-ны өдрийн 120.000 төгрөгний үнэ бүхий хар тосны зарлагын баримт, 2018.07.22-ны өдрийн 260.000 төгрөгний үнэ бүхий зарлагын баримт, 2018.08.04-ний өдрийн 65.000 төгрөгний үнэ бүхий хар тосны зарлагын баримт, 2018.07.25-ны өдрийн 18.500 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, 13.000 төгрөгийн үнэ бүхий шингэн хадаасны зарлагын баримтууд, хэргийн 19 дүгээр талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, 36 тоотод оршин суугч Э.Амгалан, 35 тоотод оршин суугч н.Бямбасүрэн нарын гомдлыг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

 

З Сууц өмчлөгчдийн холбоо нь 53 дугаар байрны дээврийн хөвөө хэсэгт А.ГБГБХН нь хаяг тогтоох явцдаа 35,36 тоот орон сууцны дээврийг цоолсноос 5 давхарт байрлах 6 айл руу бороо, цасны ус нэвчин орсноос дээврийг засварласан талаар А.ГБГБХН-д мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байх ба ийнхүү мэдэгдсэн талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд дээр дурдсан материалаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас учруулсан гэмтлийг засварласан гэдэгтэй цаг хугацааны хувьд тохирохгүй байна.

Өөрөөр хэлбэл З Сууц өмчлөгчдийн холбоо нь дээврийн засварын ажилд 536.500 төгрөг зарцуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй гэж үзнэ.

 

З Сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн хэргийн 19 дүгээр талд авагдсан гэрэл зургийг А.ГБГБХН-ийг өөрийн эмнэлгийн хаягийг 53 дугаар байрны дээврийн хөвөө хэсэгт байрлуулах явцад дээврийг цоолсон үйл баримтыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар А.ГБГБХН нь 53 дугаар байрны дээврийн хөвөө хэсэгт эмнэлгийн хаягийг байрлуулахдаа тус байрны 35, 36 тоот орон сууцны дээврийг цоолсон гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул З Сууц өмчлөгчдийн холбоонд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд А.ГБГБХН-өөс 53 дугаар байрны дээврийн засварт зарцуулсан 536.500 төгрөг гаргуулах тухай З Сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч З Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.ГБГБХН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, А.ГБГБХН-д холбогдох 536.500 төгрөг гаргуулах тухай З Сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.700 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.745 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2019/17475 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18686 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ЦЭРЭНДОЛГОР