Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 44

 

З.Бадралын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 135/2017/00043/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     П.Батжаргал

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 59 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор З.Бадралын нэхэмжлэлтэй Д.Бямбацогтод холбогдох “Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, компанийн хувьцаа гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Бадрал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Бадрал миний бие 2008 оны 11 дүгээр сард өөрийн “Элит хөгжил” ХК-нийг өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар нэг гишүүнтэйгээр байгуулсан. Улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2009 онд Дарханд туршилтын хугацаагаар том оврын нийтийн тээврийн автобусыг 4-н /дөрвөн/ сарын хугацаагаар явуулсан боловч цаашид цаг агаар болон хөрөнгө санхүүгийн асуудлаас явуулж чадахгүй завсарлаад байсан юм. 2013 онд Бямбацогт, Баттогтуур нартай Дарханд нийтийн тээврийн том оврын автобусыг явуулах талаар санал нийлж тохиролцсон. Нийтийн тээврийн үйлчилгээг “Элит хөгжил” ХК-ийн нэр дээр явуулахаар болсон. Уг үйлчилгээг явуулахад шаардлагатай байгаа хөрөнгийг 3% тэнцүү оруулъя гэж тохиролцсон. Компанийн хувьцааг Баттогтуур, Бямбацогт нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 07 дугаар сарын 29-ны өдөр “Элит хөгжил” ХК-нийн дүрмийг шинэчлэн баталж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тухайн үед би өөрт байсан мөнгийг Бямбацогтод өгч зээлийг нь хаалгасан. “Төрийн банк” ХХК-наас /тухайн үеийн Хадгаламжийн банкнаас/ нийт 50.000.000 /тавин сая/ төгрөгний зээлийг авсан. Үүнээс 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр хөрөнгө оруулалт хийлгэсэн. Үлдсэн 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр өрийг нь дарсан. 2013 оны 12 дугаар сард бид нар нийтийн тээврийн үйлчилгээнд явж үйл ажиллагаа жигдэрсэн. Үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд Бямбацогт нь намайг компанийн үйл ажиллагааг удирдаж чадахгүй. Хөрөнгө мөнгө идсэн гэдэг үүднээс Цагдаа болон Шүүх, Авилгатай тэмцэх газраар гомдол гаргаж явж байсан. Энэ гомдол нь ямар нэгэн үндэслэл байхгүй. Тухайн үед компанийн үйл ажиллагааг явуулах гэж урьд хормойгоор хойд хормойгоо нөхөж байсан. Хувь хүнээс зээл авч өдрийн шатахууны мөнгийг аргацааж байсан. Компани хүнд нөхцөлд байх хугацаанд хамтран ажиллаж байсан хүмүүс намайг гүжирдэж цагдаа, шүүхэд хандсан. Миний нэр төрд халдаж байсан. Бямбацогтын өөрийн хувийн зээл байсан 20.000.000 /хорин сая/ төгрөгийг компанийн өмнөөс 2013 оны 11 дүгээр сард тухайн 50.000.000 /тавин сая/ төгрөгний банкнаас авсан зээлийг, компани ашиггүй өөрийнхөө үйл ажиллагаа эхлээгүй байхдаа төлж байсан. Одоо болтол тэр мөнгө эргэж компанид хөрөнгө оруулалт гэж орж ирээгүй байгаа. Зээлийг төлсөн 20.000.000 /хорин сая/ төгрөг ч орж ирээгүй байгаа. Компанийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжиж байгаа ч гэсэн нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагаа хүнд хэцүү нөхцөлд байдаг. Ашиг орлого багатай байдаг. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Компанийн хувьцааг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үед бид нар хөрөнгө оруулна гэж харилцан тохиролцож хөрөнгөө хамтран ажиллахаар гэрээ хийсэн. Ингээд компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээ хэлбэрээр шилжүүлсэн. Одоо энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2013 оны 06 сарын 03-ны өдрийн Д.Бямбацогттой байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Д.Бямбацогтоос компанийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Бямбацогт анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар тус тусдаа 33%-ийн хувьцаа эзэмшинэ гэж компанид бүртгүүлсэн. Эхлээд 30.000.000 /гучин сая/ төгрөг оруулна гэсэн. Энэ нь автобус баазыг оруулж ирэхэд зарцуулсан мөнгө болохоос компанийн хөрөнгө оруулалт биш юм. Өөрсдийн барьцаа хөрөнгийг барьцаалаад “Худалдаа хөгжлийн” банкнаас 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг авсан. Энэ маргаан нь үүнээс үүдэлтэй юм. Одоо болтол компанийн санхүүгийн талаарх нэг ч баримтыг гаргаж үзүүлээгүй. Маргаан үүссэн үеэс эхлээд 33%-ийн хувьцаагаа буцааж авъя гэсэн. Маргаан үүсээд хэсэг Дарханы шүүхээр явсан. Дарханы шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сүүлдээ 51.000.000 /тавин нэгэн сая/ төгрөг нэхэж шүүхээр явсан. Одоо хүчин төгөлдөр бус хэлцэл гээд 4-н /дөрвөн/ жил шүүхээр явж байна. 2013 онд анх Баттогтуур хот хоорондын тээврийн удирддаг байсан. Тээврийн хэрэгслийн компанийг дахин сэргээх талаар ярьж байсан. Бид нар хамт ажилладаг байсан. Би Солонгос улсаас автобус оруулж ирдэг байсан. Намайг яриад өг гэсэн. Би тэгье гэсэн. Гэхдээ би мэргэжил байхгүй. Би та өөрөө оролцоно гэвэл болж байна гэсэн. 2008 онд 1.000.000 /нэг сая/ төгрөгний дүрмийн сантай компани байгуулсан. Одоо компани байгуулахаар их ажил болно. Манай компанийн нэр дээр нэрээ оруулаад тус тус 33% эзэмшээд явъя гэсэн. Тэгээд бэлэглэлийн гэрээг хийгээд бүртгүүлсэн. Солонгос улсаас 12 /арван хоёр/ автобусыг зээлээр авчирсан. Автобусаа тавих гэж MCS-ийн агуулахыг 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр түрээслэх болсон. Түүнээс урьдчилгаа 60%-ийг гаргаж өгнө гэсэн. Тэгээд 60.000.000 /жаран сая/ төгрөгийг Баттогтуур бид хоёр гаргаж өгсөн. 40%-ийг нь манай амьдарч байгаа орон сууц болон хашаа байшин засварын газартай, Баттогтуурын хоёр өрөө байрыг банканд тавьсан. Бадрал 3 /гурван/ өрөө байраа тавьж байгаа гээд эхнэр нь ирчихсэн гарын үсэг зурж байсан. Сүүлд нь сонсоход 3-н /гурван/ өрөө байрны барьцаа байхгүй байсан. Одоо Бадрал автобусаа шугаманд явуулж байгаа. Мөнгийг нь авч байгаа. Тийм байж өрөө төлөхгүй байна. Миний барьцаанд тавьсан орон байрыг суллаж өгөөгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас танайхыг дуудлага худалдаанд оруулна гэж дарамталдаг Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  хянан хэлэлцээд 59 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн “Элит хөгжил” ХХК-ийн 33.3 хувь буюу 333.000 төгрөгийн хувьцааг Д.Бямбацогтоос гаргуулж З.Бадралд олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбацогтоос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Бадралд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс Д.Бямбацогт миний мэдлийн “Элит хөгжил” ХХК-ийн 33,3%-ийн хувьцааг З.Бадралд буцааж өгөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. З.Бадрал, Баттогтуур агсан бид нар 2013 онд Дархан-Уул аймагт нийтийн тээврийн үйл ажиллагаа хамтран явуулахаар тохирсон. Шинээр компани байгуулах байсан боловч З.Бадрал нь бидэнд “нэг гишүүнтэй “Элит хөгжил” ХХК байгаа, дахин компани байгуулна гэж бичиг цаас болж, хугацаа алдаж байхаар энэ компанийн хувьцааг та 2-ын нэр дээр шилжүүлээд, цааш нь авч явъя” гэсэн санал тавьсныг Баттогтуур агсан бид зөвшөөрч, нотариат дээр очиж гэрээгээ хийхээр болоход мөн л З.Бямбацогт “нэгэнт та 2-т шилжүүлж байгаа юм чинь мөнгө төгрөг гээд яахав, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлчихье” гэсний дагуу “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааг 33,3%-иар шилжүүлсэн. Мөн автобусны гараж, газрыг худалдаж авахад мөнгө босгох шаардлагатай байсан учир хүн тус бүр 30,000,000 төгрөгийг оруулахаар тохирсон боловч З.Бадрал л ганцаараа мөнгөө өгөөгүй, хоцорсон. Бидний үйл ажиллагаа итгэлцэл дээр эхэлсэн учир Д.Бямбацогт би өөрийн хашаа, байшингаа “Элит хөгжил” ХХК-ийн нэрээр Худалдаа Хөгжлийн банкнаас 500,0 сая төгрөгийн зээл авахад зээлийн барьцаа хүрэхгүй байсан учир барьцаанд нь өгсөн. Одоо энэ асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа, бидний итгэлцэл эцэстэй намайг орон байрнаас минь хөөж гаргахад хүргэж байна.

Эдгээр үйл явдалтай холбогдох бүх баримтууд нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Гэтэл шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримт нийцээгүй дүгнэлт хийж байгаа нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан дүгнэлт болжээ гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018.04.27-ны өдрийн №59 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгож, З.Бадралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар хариу төлбөргүй шилжүүлдэг. Талууд хувьцаа шилжүүлсний баталгаа болгож 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээ нь халхавчлагдаж буй хэлцэл, бэлэглэлийн гэрээ нь халхавчилж буй хэлцэл байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Үүнээс гадна хавтаст хэрэгт хоёр шүүхийн шийдвэр нотлох баримтаар хавсаргасан. Дээрх шүүхийн шийдвэрүүдэд дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцсон нь үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр гарсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч З.Бадрал нь хариуцагч Д.Бямбацогтод холбогдуулан  зохигчдын хооронд байгуулсан  хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар  болох бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн “Элит хөгжил” ХХК-ийн 33.3 хувийн  хувьцааг гаргуулахаар  тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Хэргийн хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  бичсэн давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэгч З.Бадрал нь дахин компани байгуулах хэрэггүй гэж бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлсэн байхад шүүх  хэргийн нөхцөл байдал, нотлох баримтад нийцээгүй дүгнэлт хийж байгаа нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл:  Иргэн З.Бадрал нэг гишүүнтэйгээр байгуулсан “Элит хөгжил” ХК-ийн  хувьцааг 2013 онд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллах зорилгоор А.Баттогтуур, Д.Бямбацогт нарт  тус тус компаний дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн 33.3 хувь буюу 330.000 төгрөгийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ.  Ийнхүү хамтран ажиллаж байх хугацаанд  талуудын хооронд маргаан үүссэнээр хамтын ажиллагаанд зөрчил үүссэн байна.

 

“Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу  төлбөргүйгээр шилжүүлэх үүрэг хүлээдэг нэг талын хариу төлбөргүй гэрээ юм.   Гэтэл талууд компанид хамтран ажиллах зорилгоор хувьцаагаа шилжүүлсэн нь  хооронд бодитойгоор бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй  зөвхөн хамтран ажиллахын тулд нэгэнт байгуулагдсан хуулийн этгээдийг ашиглах тохиролцоо байсан гэж үзэхээр байна.  Иймд зохигчдын хооронд байгуулсан хэлцэл нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа  хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох хэлцлээр шилжүүлсэн компаний хувьцаа гаргуулах гэж тодорхойлсон  бөгөөд  хамтран ажиллах гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй  байна.

 Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд хийсэн хэлцэл нь  хүчин төгөлдөр бус хэлцэл тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д  хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн “Элит хөгжил” ХХК-ийн 33.3 хувь буюу 333.000 төгрөгийн хувьцааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  Сайхан сум дахь  сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН