Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00694

 

 Ай Эс Жи Холдингс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01148 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1350 дугаар магадлалтай,

 Ай Эс Жи Холдингс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Бадамхандад холбогдох

 2016.12.08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат, хариуцагч Б.Бадамханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ай Өү Ти Автомэйшн Монголиа ХХК-ийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Ай Эс Жи Холдингс ХХК-аас Б.Бадамхандад холбогдуулан 2016.12.08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01148 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ай Эс Жи Холдингс ХХК-ийн хариуцагч Б.Бадамхандад холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ай Эс Жи Холдингс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1350 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нотариатын тухай хуулийн 27.1-д зааснаар нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох бөгөөд Монгол хэл мэдэхгүй тохиолдолд орчуулагч оролцуулж тусгай тэмдэглэл хөтлөх журамтай. Мөн нотариатын үйлдэлд бусад оролцогч оролцож байгаа тохиолдолд тусгай тэмдэглэл хөтлөхөөр Нотариатын тухай хуулийн 34.1-д тодорхой заасан.

Ай эс жи холдингс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нотариатын үйлдэлд өмгөөллийн И Эл Си нөхөрлөлийг оролцуулахаар итгэмжлэл олгосон атал нотариатч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээгүй орчуулагч оролцуулаагүй нотариатын үйлдлийг хийсэн байна.

Нотариатын үйлдэл хийхэд тусгай тэмдэглэл хөтөлж оролцогч нараар гарын үсэг зуруулж байгаа нь өөрөө хууль зүйн тодорхой үр дагавартай, ач холбогдол бүхий ажиллагаа юм.

Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахад дээрх тусгай тэмдэглэл хөтлөөгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх итгэмжлэлийг хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж буцаасан байдаг. Ингээд нэхэмжлэгч тал итгэмжлэлдээ дахин нотариатын тусгай тэмдэглэл үйлдэж иргэний хэрэг үүсгүүлж байсан.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагаа Нотариатын тухай хуулийн 32.1, 34.1 дэх хэсгээр гаргасан атал анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу Нотариатын тухай хуулийн 46.2 дахь хэсгийг баримталсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал нотариатын тусгай тэмдэглэл хөтлөөгүй, орчуулагч оролцуулаагүй үйлдэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан атал гэрээ, хэлцэл гэрчлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байна. Хариуцагч тал анхан шатны шүүх дээр зөвхөн гарын үсэг үнэн зөв эсэхийг гэрчилсэн гэж тайлбар гаргадаг.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодруулаагүй, орчуулагч оролцуулах шаардлагатай байгаагүй, тийм учраас тусгай тэмдэглэл хөтлөх учиргүй гэх мэт хэт нэг талыг барьсан шийдвэр, магадлал гаргалаа.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч Ай Эс Жи Холдингс ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...нотариатч Б.Бадамханд 2016.12.08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэл хөтлөөгүй, орчуулагч оролцуулаагүйгээс манай компанийн хуульд заасан эрх ашиг хөндөгдсөн тул нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарласан,

 Хариуцагч Б.Бадамханд: ...гэрээнд гарын үсэг зурсан Австрали улсын иргэн Майкл Жон О Маллей өөрийн эх хэл дээр бичигдсэн гэрээнд гарын үсгээ зурсан, дээрх гэрээ, бичиг баримтыг орчуулах албан ёсны эрхтэй Б.Баяр Монгол хэлрүү орчуулж, орчуулгын тамгаа дарсан байсныг үндэслэн гэрээг гэрчилсэн тул тэмдэглэл хөтлөх шаардлагагүй гэж үзсэн. Тэмдэглэл хөтлөөгүй нь нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүйд тооцуулах үндэслэл болохгүй, ... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэглэх ёсгүй буюу Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримталсан нь үндэслэлгүй, ...хэт нэг талыг барьсан шийдвэр, магадлал гаргалаа, ...иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Бадамханд нь 2016.12.08-ны өдөр Монгол, Англи хэл дээр бичигдсэн Ай Эс Жи Холдингс ХХК, Ай Өү Ти Автомэйшн Монголиа ХХК-иудын хооронд байгуулагдсан Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдэл хийсэн байна.

 Хэргийн 33, 34 дүгээр талд авагдсан 2016 оны Бүртгэлийн дэвтрийн 860 дугаарт дээрх гэрээг гэрчилсэн тухай бүртгэж, Ай Эс Жи Холдингс ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Жон О Маллей, Ай Өү Ти Автомэйшн Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батбаатар нар гарын үсгээ зурсан, 861 дугаарт гэрээнд оролцогч компаниудын гэрчилгээ, дүрэм, Ай Эс Жи Холдингс ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Ай Өү Ти Автомэйшн Монголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг зэргийг гэрчилснийг бүртгэсэн байна.

 8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: нотариатч гэрээг гэрчлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хууль зөрчөөгүй, ...харин гэрээ нь Англи, Монгол хэл дээр байгуулагдсан байсан тул орчуулагч зайлшгүй оролцуулах шаардлагатай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, орчуулагч оролцуулаагүйгээс нэхэмжлэгч компанийн захирал гэрээнийхээ үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй, орчуулагч оролцоогүй тул нотариатын тэмдэглэл хөтлөх шаардлага үүсээгүй... гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай болжээ.

 9. Тухайлбал, хариуцагч нь ...гэрээг гэрчлэхэд орчуулагч Б.Баяр, эсхүл тэдний нөхөрлөлийн аль нэг англи хэлтэй хуульч дагуулж ирсэн байх, ...ямар ч байсан тэдний нөхөрлөл гэрээ гэрчлүүлэхээр ирэхдээ өөрсдөө үйлчлүүлэгчээ дагуулж хамтдаа ирж үйлчлүүлдэг, энэ тохиолдолд гэрээний талууд өөрийн биеэр ирж, гарын үсэг зурсныг гэрчилсэн тул тэмдэглэл хөтлөх шаардлагагүй гэж үзсэн, ...гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоос өмгөөллийн хуулийн этгээд гарын үсэг зурах, баталгаажуулах явдал гэрээний хүчин төгөлдөр болох шаардлагад нөлөөлөхгүй... гэж тайлбарласан байна.

 Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө...гэж, хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д үйлчлүүлэгч нь ...Монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна... гэжээ.

 Хуулийн дээрх заалтаас үзвэл гэрээний оролцогч аль нэг тал буюу үйлчлүүлэгч монгол хэл мэдэхгүй бол оруулагч оролцуулах, энэ тохиолдолд нотариатч тэмдэглэл хөтлөх үүрэгтэй байна.

 Хариуцагчийн тайлбараас үзвэл тэрээр гэрээг гэрчлэхэд орчуулагч, бусад этгээд байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай тэмдэглэл хөтлөөгүй тул энэ үүргээ биелүүлээгүй буруутай болох нь тогтоогдож байна.

 Хэдийгээр хариуцагч Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх боловч хариуцагчийн дээрх зөрчил Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 10. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нотариатын үйлдэл Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу биш.

 Хуулийн 46 дугаар зүйлд нотариатчийн гэрчлэх гэрээ, хэлцлийг дурдсан байх бөгөөд 46.2-т гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтлана, үүнд: талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх гэж, 46.3-т дээрх нөхцөл байдлын аль нэг зөрчигдсөн тохиолдолд нотариатч гэрээг гэрчлэхээс татгалзана гэжээ.

Гэрээг гэрчлэхэд дээрх нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдөөгүй гэж үзэн гэрээг гэрчилсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

 Иймд шүүх хэрэглэх ёсгүй Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийг хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай үйл баримтад холбогдох Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01148 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1350 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатаас 2020.07.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                               Г.БАНЗРАГЧ

                                                     Б.МӨНХТУЯА

                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                           Х.ЭРДЭНЭСУВД