| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2019/0004/З |
| Дугаар | 128/ШШ2019/0683 |
| Огноо | 2019-10-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2019/0683
| 2019 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 128/ШШ2019/0683 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар М ТӨААТҮГ-ын гомдолтой , Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч л.бт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: М ТӨААТҮГ /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч л.б
Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ************ дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хүчингүй болгох.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Э.Н, хариуцагч л.б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ТӨҮГ нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч л.бын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ************ дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсаар манай барьж байсан өргөтгөлийн барилга нь Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн 300 мм-ийн төвийн бохир усны шугамыг дайран гарч байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.2 дах зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 8 000 000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.
Байцаагч л.б шийдвэр гаргахдаа хууль зөв ашигласан эсэх, гаргасан шийдвэр нь хуульд нийцэх эсэх, уг хэргийг тал бүрээс нь нягтлан шинжэлж талуудын байр суурь, тайлбарыг хянан хэлэлцэж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан үндэслэлээ холбогдох хуулийн зүйл, заалт, өөрт байгаа нотлох баримтын хүрээнд тайлбарлая.
1. М ТӨҮГ нь анх 2017 оны 8 дугаар сард хуучин манай байгууллагын манаачийн байр байсан акталсан 1 давхар барилгыг нурааж оронд нь 2 давхар 104.4 м.кв ашигтай талбай бүхий өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн. Уг өргөтгөлийн барилгын зураг төслийг А******* ХХК-р гүйцэтгүүлж, барилгын суурь болон карказын ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн. Өргөтгөлийн барилгын ажлын явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ус сувгийн удирдах газрын байцаагч М******* ирж танилцаад бидэнд анх шаардлага тавьсан. Уг албан шаардлагад танай барилгын суурь бохир усны шугамыг дайран өнгөрч байна. Техникийн нөхцөл, ажлын зураг, барилга барьж эхлүүлэх зөвшөөрөл авч ирэх, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхгүй байх 0007289 дугаартай албан шаардлага өгөөд явсан.
Энэ үед Ус сувгийн удирдах газрын захиалгаар И******* ХХК-ийн Алтан сан цогцолбор хороолол"-ын төвийн бохир усны шугамыг манай байгууллагын эзэмшил газраар дайруулан өнгөрүүлэх ажил зэрэг өрнөж байсан. Бид уг ажлыг гүйцэтгэж байгаа компанид манай өргөтгөлийн барилгын ажлыг Ус сувгийн удирдах газраас зогсоосон иймд бид өөрийнхөө эзэмшил газраар Ус сувгийн бохир усны шугамыг дайруулахгүй гэдэг шаардлагыг тавьж тэдний ажлыг мөн зогсоосон. Учир нь Ус сувгийн удирдах газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1750 дугаартай Ерөнхий инженер гарын үсэгтэй манай эзэмшил газар дээгүүр дайран өнгөрч буй бохир усны шугам татах ажлыг дэмжиж ажиллахыг хүссэн албан бичиг манайд өмнө нь ирээд энэ дагуу гүйцэтгэгч компанийн удирдлагууд бидэнд танай бохир усны шугамын техникийн нөхцөлийн асуудал удахгүй шийдэгдэнэ. Ус сувгийн удирдах газрын Ус сувгийн удирдах газрын ажилд дэмжлэг үзүүлж эзэмшил газраараа ийм том шугам явуулж байгаа юм чинь танайд техникийн нөхцөлийг ямар ч асуудалгүйгээр гаргаж өгнө, одоо дахиж та нарт гомдол гаргахгүй бид яриад зохицуулсан гэсэн. Түүнээс хойш Ус сувгийн удирдах газраас дахин шаардлага, гомдол гаргаагүй учир өргөтгөлийн барилгын ажил ч үргэлжилж 2 дугаар давхраа барьж дуусгаад өвөл болж зогссон.
Үүнээс хойш 1 жил 1 өдрийн дараа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч л.б манай байгууллага дээр Ус сувгийн удирдах газрын гомдлоор танай өргөтгөлийн барилга бохир усны шугам дайрсан байна гэдэг асуудлыг эргэн ярьж төлөвлөгөөт бус шалгалт явуулах мэдэгдэх хуудас өгсөн. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1802000440 дугаартай Зөрчлийн хэрэг нээх Прокурорын тогтоол гарч уг хэргийг анх Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн:
1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:"
1.2 дахь хэсэгт энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
3. дахь хэсэгт Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно. гэж заасан байна.
Байцаагч л.бын нээсэн 1802000440 дугаартай зөрчлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэнээс хойш 1 жилээс дээш хугацаа өнгөрсөн байна. Зөрчил үйлдсэн хугацаа нь Ус сувгийн удирдах газрын байцаагч н.М*******гийн гаргасан албан шаардлага гаргасан хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буюу түүнээс ч өмнөх хугацаагаар тодорхойлогдоно. Харин Ус сувгийн удирдах газар зөрчил үйлдсэнийг мэдсээр байж үүн дээр техникийн нөхцөл гаргаж өгч арга хэмжээ авалгүй байсаар цаг алдсан. Харин бид өөрсдийгөө зөрчилгүйгээр ажиллаж байна гэж ойлгоод барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгасан. Ингэсээр аж ахуйн байгууллага өчнөөн сая төгрөг зарцуулж барилгын ажлыг бараг дуусгасны дараа буюу зөрчил гарснаас хойш 1 жилийн дараа Ус сувгийн удирдах газар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж зөрчлийн хэрэг нээлгэснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эндээс харвал байцаагч л.б үүнийг өөрөө ч мэдэлгүй Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зөрчил дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж түүний гаргасан шийдвэр нь хуульд нийцэхгүй байна.
... Зөрчил үйлдсэн эсэхтэй 2 тал маргахгүй байгаа. М кино ТӨААТҮГ-ийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 08-наас анх энэ барилгыг эхэлсэн, зөрчил үргэлжлээд улмаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан шаардлага ирснээр энэ зөрчил дууссан. Түүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд анх 2017, 2018 онд авагдсан зураг байхгүй. Энэ барилга 2 давхар барилга байгаа. 3 давхар гэж андуурч яриад байна. Мансардтай барилга байгаа. Тухайн үед байсан яг тэр хэвээрээ байгаа.
Хариуцагч талын хэлснээр барилга дээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анх удаа очсон гэж байна. Гэтэл энэ хүн 2017 онд энэ барилга ямар байсныг мэдэхгүй. Манай талаас 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ямар ч ажил хийгээгүй. Зөрчил зогссон гэж үзэж байгаа. Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн Г*******гийн хувьд 2018 оны 04 дүгээр сард томилогдсон. Тийм учраас энэ хүн 2017 онд ямар байсан, Ус сувгийн удирдах газраас ямар үе шаттай явсныг мэдэхгүй. Мөн энэ хүн мэдэхгүй байж ийм мэдүүлэг өгснийг шүүх үнэлэхгүй байх гэж найдаж байна.
Хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Мөн зөрчилд ногдуулах хууль, эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учир шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэв.
Хариуцагч л.б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ /Ерөнхий инженер Ж.Д*******, БЗД-ийн 3-р хороо, То*******-5, Утас-*******5, инженер П.Г*******-9*******/-аас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн 5-р хороо, төвийн бохир усны ф300 мм голчтой шугам дээр М ТӨҮГ нь өргөтгөл 3 давхар барилга барьж байна. ... шугамын тодруулга авахгүйгээр дур мэдэн тухайн барилгын ажлыг эхлүүлж байна. ... гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч л.б би Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгасан.
Шалгалтаар М ТӨҮГ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7. /Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна. /дахь, мөн 17.14. /Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно./ дэх заалтуудыг тус тус зөрчиж, Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын харъяа төвийн бохир усны ф300 мм голчтой шугам дээр 3 давхар барилга барьж байгаа нь газар дээр нь хийсэн үзлэг, зөрчлийн хэрэгт цуглуулсан холбогдох баримт материалаар тогтоогдсон.
Иймд М ТӨҮГ-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 8000 000 /найман сая/төгрөгийн шийтгэвэр ногдуулж, Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07-Ц1809260280/1214 тоот даалгаврыг хүргүүлсэн.
Тус шийтгэврийг М ТӨҮГ нь хугацаанд нь барагдуулаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07- Ц1809260280/1214 тоот бичгээр хүргүүлсэн.
... Бодит нөхцөл байдал дээрх хор уршгийг тооцож, тэр хор уршиг нь ийм хор уршигтай байдаг гэдгийг ойлгож, улмаар шугамын хамгаалалтын зурвас гэгч зүйл гаргаж ирж хуульчлаад, хамгаалалтын зурвас зөрчсөн бол торгох талаар хуульчлаад өгсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу энэ барилга шугам дээр баригдчихсан юм байна гээд процессын дагуу 3 хоногийн дагуу прокурорт очиж бүртгүүлсэн. Шийтгэлийн хуудсыг албадан биелүүлэхээр шүүхэд хандах гэтэл л.быг шалгаж өгөөч ээ гээд надаас 2,3 хоногийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаад хандсан юм шиг байсан.
Ийм байдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр үгүйсгэх юм бол Нийслэлийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст хэн дуртай нь, хоорондоо хуйвалдаж, бүх байгууллагууд орох аюултай гэж хэлмээр байна.
Бодит байдалд ийм ноцтой, хамгийн аюултай нөхцөл байдал үүсчхээд байхад энэ асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа ярина гэдэг нь боломжгүй байна гэж үзэж байна.
2017 оны 10 дугаар сарын 03-наас эхэлсэн байхад прокурор 2018 онд тогтоол гаргасан. Миний хувьд 10 дугаар сарын 04-ний өдөр, нэг л удаа газар дээр нь очиж танилцаад, зөрчлийн хэрэг үүсгэсэн. Түүнээс хойш очих шаардлага байхгүй. Надад барилгын ажил явагдаж байсныг батлах зураг байгаа учир барилгын ажил явагдаж байсныг нь мэдэж би мэдэж байна. Баянзүрх дүүрэгт шүүх хуралдаанд очихдоо мөн гомдлоор явж байхдаа зургийг нь авсан. Энэ барилга хэзээ ч ашиглалтад орохгүй төлөвлөлт байхгүй, эскиз зураг батлагдаагүй, газар дээр нь очоод үзвэл орц, гарцын асуудал байхгүй, машин арай гэж явдаг, явган хүний гарц байхгүй нөхцөл байдалтай байгаа.Иймд миний хувьд хуулийг мөрдөхийг хүсдэггүй, мэдэхийг хүсдэггүй, хууль бусаар авирладаг гэж дүгнэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч М ТӨААТҮГ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч л.бын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №************ дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №************ дугаартайшийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээ барьсан бол түүнийг буулгаж, үйл ажиллагааг зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 8000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шугам сүлжээн дээр зөвшөөрөлгүйгээр барилга барьсан зөрчил гаргасантай маргахгүй, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, харин захиргааны шийтгэл оногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, дууссан хойно шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй гэсэн агуулгаар, энэ үндэслэлээр маргаж байна.
Тодруулбал гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайх барилгын ажлаа Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын байцаагч н.М*******гийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлагын дагуу зогсоосон, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зогсоосон, түүнээс ч өмнө зогсоосон гэж тайлбарлаж байна.
Харин хариуцагч нь одоо ч зөрчил арилаагүй үргэлжилж байгаа, үргэлжилсэн зөрчил хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдэг агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай 74 дүгээр прокурорын тогтоолоор М нь ТӨҮГазар нь төвлөрсөн шугам сүлжээний хамгаалалтын зурваст эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүйгээр цутгамал, бетон суурь бүхий өргөтгөлийн барилга барьж хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болох нөхцөл байдал үүссэн байх тул барилга угсралтын үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоосугай гэж шийдвэрлэсэн байна.
Дээрх прокурорын тогтоолын дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр барилгын ажил албан ёсоор зогссон гэж үзэхээр байна.
Мөн зөрчлийн хэрэгт хохирогчоор, шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын хяналтын инженер П.Г******* ...2018 оны 5, 9, 11 дүгээр сард барилгын ажил үргэлжилж байсан гэсэн утга, агуулгаар мэдүүлэг өгсөн байна.
Гомдол гаргагч нь зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг буюу шугам сүлжээн дээр зөвшөөрөлгүйгээр барилга барьснаа хүлээн зөвшөөрдөг, энэ асуудлаар маргадаггүй ба уг зөрчил арилаагүй одоо ч шугам сүлжээн дээр барилга байгууламж байгаа, шугам сүлжээн дээр барилга барьснаас шалтгаалж одоо ч шугам сүлжээнд гэмтэл гарч иргэд хохирч болзошгүй нь бодит байдал дээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан ба үргэлжилсэн зөрчлийн хувьд үйлдэгдэж дууссан эсвэл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдэж дууссан хугацаанд тооцохоор байна.
М ТӨААТҮГ-ын шугам сүлжээн дээр зөвшөөрөлгүй барилга барьсан зөрчил нь үргэлжилсэн үйлдэлтэй буюу үргэлжилсэн зөрчил байна.
Гомдол гаргагчийн гаргасан зөрчил буюу барилгын ажил 2018 онд үргэлжилж байсан болох нь дээрхпрокурорын 74 дүгээр тогтоол, гэрч П.Г*******гийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсанбусад нотлох баримтуудаар бодитой нотлогдож байна.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд захиргааны шийтгэл оногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, дууссан хойно шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нь хуулийг зөв хэрэглэж, холбогдох нотлох баримтууд, бодит нөхцөл байдалд үндэслэн2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №************ дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М ТӨААТҮГ-ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч л.бын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №************ дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ТӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ