Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/422

 

 

 

 

 

                                                       

Г.Б, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

            шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Солонго, Р.Оюунцэцэг,

            шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга, Р.Булгамаа,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Г.Солонго, Р.Оюунцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга нарын гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар Г.Б, Ц.Б нарт холбогдох 1802005790310 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Ганбатын Б, 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер стоун” 246 дугаар байрны 910 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

2. Загал овгийн Цогийн Б, 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХГ86083174/;

Г.Б нь Ц.Бтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны 24Б байрны 910 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалсан, ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэгт,

Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 17 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалсан, ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Б, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Б, шүүгдэгч Загал овогт Цогийн Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Буянжаргал, Ц.Б нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буянжаргал, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Буянжаргал, Ц.Б нарын тус бүр цагдан хоригдсон 45 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан 3 салаа бүхий, ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 7 грамм, цэвэр жин нь 3.1054 грамм, №2, №3, №4 гэж дугаарласан тугалган цаас, №5 гэж дугаарласан бор хүрэн өнгийн модон гаанс мэт зүйл, №6 гэж дугаарласан 30*30 см орчим хэмжээтэй, улбар шар өнгийн, дугуй хэлбэртэй цэцгийн саванд хөрсөн дээр суурилсан 60-70 см орчим өндөртэй, тарьж ургуулсан, ургамал өвс мэт зүйлээс дээжлэн авсан 0.2 грамм хэмжээтэй, дээжийн гялгар ууттай, жин нь 6 грамм, цэвэр жин нь 2.2683 грамм, №7, №8, №9, №10, №11 гэж дугаарласан “Circlex” гэсэн бичиглэлтэй, цагаан өнгийн гялгар уутан дотор хийгдсэн дотроо шингэнтэй хуванцар савтай эд зүйл 5 ширхэг, №12 гэж дугаарласан 3*10 см хэмжээтэй, бор өнгийн шавар мэт зүйл наалдсан, тугалган мөнгөлөг цаас 1 ширхэг, №13 гэж дугаарласан соруул мэт болгож, хуйлж ороосон цаас 1 ширхэг, №14 гэж дугаарласан саарал өнгийн цаасан дотор хийсэн шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, №15 гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл гялгар уутны хамт 5 грамм жинтэй, цэвэр жин нь 2.2523 грамм, №16 гэж дугаарласан ногоон өнгийн, амыг нь түгждэг гялгар уутанд хийгдсэн өвс, ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 4 грамм, цэвэр жин нь 2.6014 грамм, №17 гэж дугаарласан амсрыг нь тугалган цаасаар ороосон, хар өнгийн гаанс мэт зүйл, №18 гэж дугаарласан төмөр дугуй хэлбэртэй, тагтай саванд хийгдсэн ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл, №19 гэж дугаарласан шилэн саванд хийсэн, ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай, жин нь 661 грамм, №20 гэж дугаарласан шилэн саванд хийсэн, ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 659 грамм, №21 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 369 грамм, №22 гэж дугаарласан шилэн саванд хийгдсэн ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 213 грамм, хар өнгийн, цахилгаан бүхий даавуун материалтай, мөнгөлөг өнгийн доторлогоо бүхий зориулалтын тасалгаатай шкаф, ион тасалгааны гэрэл 1 ширхэг, тасалгааны чийгшил, дулаан хэмжих зориулалт бүхий “НТС-2” гэх температур төхөөрөмж, Г.Бын гэрт үзлэг хийж хураан авсан, 30*30 см орчим хэмжээтэй, улбар шар өнгийн дугуй хэлбэртэй цэцгийн саванд хөрсөн дээр суурилсан 60-70 см орчим өндөртэй, тарьж ургуулсан, ургамал мэт зүйлийг хөрснөөс сугалж гаргахад үндэсний хамт 90 см орчим урттай байсан ба сонингийн цаасаар боож баглан цаасны хамт жинлэхэд 192.9 грамм бохир жинтэй ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, мөн эд мөрийн баримтаар сиди 1 ширхэг /Г.Бын оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер Стоун 246 байрны 2 дугаар орцны орох, гарах хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагаас 22 цаг 30 минутын камерын бичлэгийг сиди-д хуулбарлан бэхжүүлсэн хард диск, хар өнгийн USB оролт залгуурын хамт /2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бичлэгийг хуулбарлан хадгалсан “Seagata Momentus Thin 250 GB” гэх КН25001020129002DB7600, WWN5000С5002В09Е868 сери дугаартай дөрвөлжин хэлбэрийн/ зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.        

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Солонго, Р.Оюунцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгч ирсэн болно. Харин шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодис болох “өвс” гэх нэршилтэй мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэх зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь, Г.Б нь сэтгэцэд нөлөөлөх “өвс” гэх нэршилтэй мансуурах сэтгэцэд нөлөөлөх бодис болох ургамлыг ямар нэгэн байдлаар өөрөө тарьж ургуулаагүй бөгөөд Ц.Балтсүрэнгийн “Гэртээ түр хугацаагаар байлгаж өгөөч” гэж гуйсны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Ц.Балтсүрэн, У.Т нарын хамт өөрийн гэртээ зөөн оруулж тавьсан байдаг. Энэ нь гэрч У.Т, Н.Энэрэл, 2018 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдийн байрны орцны камерын бичлэгээр тус тус нотлогдоно. Гэрч У.Т нь “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Ц.Балтсүрэнгийн хамт түүний гэрээс дээрх ургамлыг Г.Бынд өөрийн машинаараа зөөвөрлөж аваачсан” гэдгээ мэдүүлдэг. Мөн гэрч Н.Энэрэл нь “...Г.Бтай 2018 оны 7 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд энэ үед бид гэртээ ямар нэгэн ургамал тариалсан, ургуулж байгаагүй, харин намайг 2018 оны 11 дүгээр сард гэртээ ирэхэд ургамал байсан ба энэ юун ургамал болох талаар асуухад Ц.Балтсүрэнгийнх түр хадгалуулж байгаа юм гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотолбол зохих ажиллагааг бүрэн дүүрэн нотлоогүй байхад Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь дээрх хуулийг зөрчиж, хууль бус шийдвэр гаргаж хүний эрхийг дордуулсан үйлдэл болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулахад тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байх ёстой байдаг бөгөөд Г.Бын мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх өвс гэх нэршилтэй бодисыг хууль бусаар тарьж ургуулсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй, хэн нь тарьж ургуулсан гэдэг нь эргэлзээтэй байхад хуулийг буруу хэрэглэж ял оноосон нь үндэслэлгүй байна. Г.Б нь өөрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд үнэн зөвөөр тогтвортой мэдүүлсээр ирсэн болно. Г.Б нь Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж, элэгний 68 хувийг тайруулж, өөрийн төрсөн эхдээ донор болсон бөгөөд биеийн эрүүл мэндийн хувьд нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Б нь мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх өвс гэх нэршилтэй ургамлыг тарьж ургуулсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүрэн нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсныг хүчингүй болгож өгнө үү. ... Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Солонго “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа үнэнээ ярьсан. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Бийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн. Харин шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан гэрч Ц.Билэгтсүх /1хх 30-31/, О.Хосбаяр /1хх 60-61/, У.Т /2хх 124-125/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Ц.Бийг Г.Бтай бүлэглэн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг үгүйсгэсээр байтал дээрх нотлох баримтуудыг няцаасан дүгнэлт хийгээгүй. Г.Бын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгт дүрслэгдсэн Г.Бын оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” 246 дугаар байрны 2 дугаар орцны орох, гарах хэсгийн камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар Ц.Бийг Г.Бтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлон тогтоогдсон хэмээн дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай үл нийцэж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дугаар заалтуудад шүүгдэгч Г.Бын нэрийг Г.Буянжаргал гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо “...Шүүгдэгч Ц.Бийн асрамжид байдаг хүү Б.Есүнхэний асран хамгаалагчийг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргыг тогтоохыг даалгахаар шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн энэ заалтыг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг, мөн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б нь 3 настай хүү Есүнхэний хамт амьдардаг. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор хамтран амьдарч байсан эмэгтэй “хэрэгт холбогдсон” гэх шалтгаанаар орхиж явсан. Ар гэрийнхэн нь хөдөө орон нутагт ажилладаг, сураггүй байгаа гэж хэлдэг. Хүү Есүнхэний хувийн байдлаар маш хүнд, аутизмтай, хэл ярианы болон оюун санааны доголдолтой, гар хөл, үе мөч нь татаж унадаг, байнгын асаргаа шаардлагатай бөгөөд энэ талаар холбогдох материалууд нь хэрэгт авагдсан байдаг. Монгол Улс энэ өвчнийг бүрэн эдгээж эмчлэх, оношлох асуудлаар учир дутагдалтай байгаа бөгөөд хүүхдийн өвчнийг эдгэрэх, эрүүл болгох, амьдрах орчинд нь эцгийнх нь хайр халамж чухал ач холбогдолтой гэж үздэг. Тийм учраас хүүхдээ асарч халамжлах ёстой эцэг хүн ийм нөхцөл байдалтай байгаа нь хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хүүхдийн асрамжийн асуудлыг тус хорооны Засаг даргад шилжүүлсэн шийдвэр гарсан болох нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагддаг. Гэвч уг шийдвэр нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгагдаагүй. Шүүхийн шийдвэр хүүхдийн эрх зүйн байдлын асуудлыг танилцуулахдаа тодорхой асуудал хэлэлцсэн боловч уг шийдвэр цаасан дээр буугаагүй нь хариуцлагагүй үйлдэл байх тул үүнийг дахин харах шаардлагатай гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, бодит амьдрал дээр хорооны Засаг дарга нар 3 настай өвчтэй хүүхдийн асран хамгаалагчийг тогтоож, хүүхдийн эрх зүйн байдал, эрүүл мэндэд нь анхаарч байгаа зүйл байдаггүй. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн талаар зохицуулалт байдаг. Тухайлбал, хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, ямар нэг дарамт хүчирхийллээс ангид байх эрхтэй талаар тусгасан. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлд эцэг, эхтэйгээ хамт амьдрах, түүний анхаарал халамжид байх эрхтэй зэрэг эрхүүдийг эдэлнэ. Төрөөс эмнэлгийн тусламж авах, хамгааллын үйлчилгээ авах гэхчлэн хүүхдэд хуулиар олгогдсон эрхийн зохицуулалтууд зөрчигдөх нөхцөл байдалд хүрсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, хүүхдийн эрх ашгийг дордуулсан шийдвэр байх тул үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Түүнчлэн, Ц.Б нь мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг тарьж ургуулсан гэх нотлох баримт хангалттай байхгүй. Анхан шатны шүүх гэрч Ц.Билэгтсүх, О.Хосбаяр, У.Т нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо дурдаагүй байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Ц.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, асран хамгаалагчийг хуулийн дагуу тогтоох, хүүхэд цаашид эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих нөхцөлүүдийг хангах ач холбогдолтой юм. ...” гэв.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар уг ургамлыг нэгнийхээ гэрт аваачиж, тарьж ургуулсан болох нь тэдний өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон. Тодруулбал, гэрч Т “...Г.Б нь эхнэртэйгээ муудалцаж, улмаар Ц.Бийн гэрт эд зүйлээ авчирсан. Түүний эд зүйлийг гэр рүү нь буцааж зөөх үед уг ургамал Г.Бын гэрт орсон. ...” гэж мэдүүлсэн. Г.Б өөрийнх нь биш гэдгийг мэдсэн бол уг ургамлыг ургуулахгүй байсан. Уг ургамлыг мансууруулах төрлийн ургамал гэдгийг мэдсэн учраас дээрх цаг хугацаанд гэртээ ургуулж байсан гэж үзэх үндэслэлтэй тул прокуророос уг гэмт хэргийг “төгссөн” гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинжийг нотлох ажиллагаа хийгдсэн. Гэрч Н.Энэрэл “...2018 оны 8 дугаар сард гэртээ ирэхэд ийм зүйл байгаагүй бөгөөд нөхөр гэрээсээ яваад 11 дүгээр сард буцаж ирэхэд ийм зүйл байсан. ...” гэж мэдүүлдэг. Уг гэмт хэрэг нь ямар цаг хугацаанд харьяалагдах эсэхээс үл хамааран тарьж ургуулснаар төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Анхан шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.Бийг хүүхдийн асран хамгаалагчаар тогтоосон зүйлгүй бөгөөд түүний эхнэр нь хүүхдээ асардаг байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Иймд шүүгдэгч Ц.Бийн ял шийтгэлийг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Г.Б нь Ц.Бтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны 24Б байрны 910 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалсан, ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэг,

            Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 17 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалсан, ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Ц.Бийн яллагдагчаар өгсөн “...Бын гэрт очсон. ...Газар, цэцгийн том саванд ургамал байсан. ...Эхнээс нь хатааж байна гээд цонх руу заасан. ...Цонхон дээр нь ил ургамлууд хатаасан байсан. Би сонирхоод өвчиндөө хэрэглэе гэж бодоод амыг нь түгждэг гялгар уутанд хийж авсан. ...Гэртээ өвсөө авч хариад, ... 4 ширхэг шилэн саванд хийгээд ... шкафныхаа өлгүүрийн дээд тавцан дээр шилтэй нь тавьчихсан байсан. ...Гэртээ байсан шилэн ногоон тагтай савнаас жоохныг амыг нь түгждэг гялгар уутанд хийгээд халаасандаа хийгээд гарсан. ...Тгийн машинаас бид 2 Бын юмнуудыг нь хамт зөөхөд жижиг савтай ургамал ... харагдсан. ...Дараа нь гэрт нь очтол ургасан байхаар нь асуутал “нөгөө зүйл чинь” гэж хэлсэн. ...” /1хх 148-149/,

            Г.Бын яллагдагчаар өгсөн “...Вааран саванд цэцэг, ургамал шиг зүйл өндөр ургасан байсан. Тэгээд уг зүйлийг 7-10 хоногийн хугацаатай манай гэрт түр хугацаагаар тавьчихъя удахгүй авна гэсэн. ...Бийн гэрт очиход ... манайх руу ургуулсан цэцэг, ургамал шиг зүйл зөөсөн. Бид 3 манай гэр рүү оруулаад унтлагын өрөөний цаад буланд байрлуулж тавьсан. ...Б тэр зүйлийг манайд авчрахдаа гэрлийг нь асаагаад услаад байгаарай гэсэн. ...Би Бийн том өрөөнд нь хэд хоног амьдарч байхдаа хар цахилгаантай шкаф, дотор нь ургамал байж байхыг харсан. ...” /1хх 155-156/,

            У.Тгийн яллагдагчаар өгсөн “...Машин дотор байхдаа ... надад ямар нэгэн юм хэлэлгүйгээр халааснаасаа гаргаж ирээд өөрөө гаансанд хийж сорж хэрэглэсэн. ...Тэгтэл “өвс” гэх тайвшруулдаг зүйл, цөсний өвчтэй учраас ... хэрэглэж тайвширч өвчин намдаадаг юм гэж хэлсэн. ...Би сонирхоод нэг л удаа сорж үзсэн. ...Б ганц хоёр удаа сороод унтраагаад гаансаа өвстэйгээ халаасандаа хийгээд тоглоомын газар руу орсон. ...Би Бийн гэрийнх нь гадаа очиход цэцэг, ургамал шиг зүйл, төмөр, гялгар ууттай юм барьчихсан гарч ирсэн. Тэгээд би машиндаа суулгаад Бын гэр рүү нь явсан. ...Гэрийнх нь гадаа очоод ... гялгар ууттай юмнаас нь бариад гэр рүү нь оруулж өгсөн. Сүүлд сонсоход мансууруулах ургамал байсан гэдгийг мэдсэн. /1хх 162-163, 165-166/ гэх мэдүүлгүүд,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12984 дугаартай “... “2018.12.06 Г.Б РД:УК92033133” гэсэн хаягтай шээс, ...”2018.12.06 Ц.Б” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 65-68/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12985 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Ургамал дээж 1 3 салаа” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн, жин нь 7 грамм, цэвэр жин нь 3.1054 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Унтлагын өрөөний тавиур дээр байсан гаанс мэт зүйл 5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн модон гаанс мэт зүйл, “6 Б нарын хэргийн дээжилсэн ургамал дээж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн, жин нь 6 грамм, цэвэр жин нь 2.2683 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Унтлагын өрөөний тавиурын шургуулга дотор хийсэн тугалган цаас 12” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлж ороосон цаас, “15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 5 грамм, цэвэр жин нь 2.2523 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, “16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 4 грамм, цэвэр жин нь 2,6014 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Ц.Бийн хувцаснаас гарсан 17” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн гаанс мэт зүйл, “Ц.Бээс гаргаж өгсөн 18” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дугуй хэлбэртэй хуванцар савтай, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “19” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн 661 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “20” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн 659 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “21” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн 369 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл, “22” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн 213 грамм, ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. “14” гэсэн хаягтай цаасан хайрцагт хийсэн шилэн гаанс мэт зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодисууд нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 71-89/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 184 дугаартай “...Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Г.Б нь сэтгэцийн эмгэггүй байна. ...Г.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 92-93/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 192 дугаартай “...Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Ц.Б нь сэтгэцийн эмгэггүй байна. ...Ц.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 92-93/ гэх дүгнэлтүүд,

            хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Г.Б нь ... тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болно. ...” /1хх 15-16/,

            хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Ц.Б нь ... тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болно. ...” /1хх 19-20/ гэх тэмдэглэлүүд,

            хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-31/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 32-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 45-46/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 48-52/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Ц.Б нарын сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Г.Б, Ц.Б нар Ц.Бийн гэрт хамт амьдарч байхдаа мансууруулах ургамал ургуулсан, улмаар зөөвөрлөн Г.Бын гэрт авчиран тусгай орчин бүрдүүлэн үргэлжлүүлэн ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Бийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-17 тоот байрны унтлагын өрөөний шкафанд 3 ширхэг шилэн саванд тус тус 661 грамм, 659 грамм, 369 грамм, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 4 грамм, мөн өрөөний орны хойд хэсгийн тавиур дээр “fruit spread” гэсэн бичиглэлтэй шилэн саванд 213 грамм тус тус Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, шүүгдэгч Г.Бын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны 24Б-910 тоот байрны унтлагын өрөөний шкафанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт 192.9 грамм бохир жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв. 

            Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Солонго, Р.Оюунцэцэг нар “... Г.Б нь Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж, элэгний 68 хувийг тайруулж, өөрийн төрсөн эхдээ донор болсон бөгөөд биеийн эрүүл мэндийн хувьд нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай байгаа. ...Г.Б нь мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх өвс гэх нэршилтэй ургамлыг тарьж ургуулсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүрэн нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсныг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга “...Ц.Бийг Г.Бтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлон тогтоогдсон хэмээн дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай үл нийцэж байна. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            У.Тгийн яллагдагчаар өгсөн “Би Бийн гэрийнх нь гадаа очоод ирчлээ гээд ярихад цэцэг, ургамал шиг зүйл ... барьчихсан гарч ирсэн. Тэгээд би машиндаа суулгаад Бын гэр рүү нь явсан. ...Гэрийнх нь гадаа очоод орц руу нь гялгар ууттай юмнаас нь бариад гэр рүү нь оруулж өгсөн. Сүүлд сонсоход мансууруулах ургамал байсан гэдгийг мэдсэн. ...Ц.Б надад хэлэхдээ “Г.Б гэр рүүгээ нүүж байгаа юм” гэсэн. ...” /1хх 161-163, 165-166/ мэдүүлэг,

            шүүгдэгч Ц.Бийн гар утасны “...facebook messenger-т “...Ц.Бийн “...Дээд тал нь хажуу унждаг байсан уу гэж асуух гээд уржигдар мань нь энгийн усаар усалсан. ...”, Г.Бын “...Дээд тал нь том болохоор жаахан унжиж байсан. ...”, Ц.Бийн “...Хэд хоног гэрэлгүй байхад навч нь хатаад, үрчийгээд бутарч байна. ...”, Г.Бын “...Болохгүй бол тайраад хаячих. ...” /1хх 32-44/ гэсэн мэдээлэлтэй гэрэл зураг авагдсан, камерын бичлэгт үзлэг хийсэн “...Ц.Б орцоор хар гялгар уутаар бүтээсэн, ваартай ургамал мэт зүйл тэвэрч орж буй, араас нь Г.Б бор тортой эд зүйл барьсан, түүний араас У.Т цэцгийн савны суурь мэт зүйл барьж орж байгаа бичлэг бичигдсэн байв. ...Ц.Б, Г.Б, У.Т нар нь лифтэнд сууж ... байх ба Г.Б ... цагаан өнгийн төмөр хөл мэт зүйл барьж лифтэнд сууж байв. ...” /1хх 45-46/,  Г.Бын гэрт нэгжлэг хийсэн “...Хар өнгийн даавуун хувцасны шкаф мэт зүйлийг нээж үзэхэд дотор талдаа 5 ширхэг агааржуулалтын хоолойтой, дээд хэсгээс нь “Galaxy hydro” гэсэн бичиглэлтэй, зохиомол гэрэлтүүлэгч өлгөсөн, доод хэсэгт “НТС-2” бичиглэлтэй, тасалгааны температур, чийгшил хэмжигч цаг мэт төхөөрөмж, дунд хэсэгт хүрэн өнгийн хуванцар савтай, хөрс мэт шороотой тарьж ургуулж байгаа мэт ургамал мэт зүйл, “НТС-2” төхөөрөмжнөөс цагаан өнгийн утсыг ургамлын хөрс рүү хийсэн байсан. Уг ургамлын баруун талд дотроо ус мэт шингэнтэй, цагаан хуванцар сав байна. Зохиомол гэрэлтүүлэгч, “НТС-2” төхөөрөмж, ургамлын даавуун хувцасны шкаф мэт зүйлийг хураан авав. ...” /1хх 25-28/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б, Ц.Б нар нь мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан болох нь тогтоогджээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлжээ.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

            Шүүгдэгч Г.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 3 жилийн хугацаагаар тус тус тогтоохоор шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирчээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт шүүгдэгч Ц.Бийн төрсөн хүү Бийн Есүнхэнг асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг оруулалгүй орхигдуулсныг шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт нэмэлтээр оруулж, шийтгэх тогтоолын тогтоолын 3, 4, 5, 8 дугаар заалтуудад шүүгдэгч Г.Бын нэрийг Г.Буянжаргал гэж буруу бичснийг зөвтгөсөн өөрчлөлтийг энэхүү магадлалаар оруулах нь зүйтэй.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Солонго, Р.Оюунцэцэг нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн хүүхэд Бийн Есүнхэ /РД:УУ15310434/-г асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 8 дахь заалтуудад “...Г.Буянжаргал, ...” гэснийг “...Г.Б, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Солонго, Р.Оюунцэцэг нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Э.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ