Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00728

 

“....” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01608 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1503 дугаар магадлалтай,

“....” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“........” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 553,739,868 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “....” ХХК нь хариуцагч “........” ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөрт 423,786,000 төгрөг, алдангид 129,953,868 төгрөг, нийт 553,739,868 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01608 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан “........” ХХК-аас 553,417,722 төгрөгийг гаргуулан “Жемнет” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 322,146 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,926,649 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч “........” ХХК-аас 2,925,038 төгрөгийг гаргуулан “Жемнет” ХХК-д олгож шийдвэрлэжээ.                                                                                                

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1503 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч “........” ХХК-аас 440,618,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “....” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 93,121,118 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэж нэмж өөрчлөн, 2 дахь заалтын “2,925,038 төгрөг” гэснийг “2,361,043 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,161,699 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэр, магадлалд техникийн шинжтэй буюу тооцооллын алдаа гарсныг залруулуулах хүсэлтэй байна. Үүнд: Шийдвэр, магадлалын эхний хуудсанд буюу Удиртгал хэсэгт: “...533,739,868 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг ...хэлэлцэв” гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг буруу бичсэн. Д.Тамир нь “....” ХХК-ийг итгэмжлэлээр төлөөлөн 553,739,868 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ эхний нүүрэнд: “нэхэмжлэлийн шаардлага: 533,739,868 төгрөг гаргуулах” гэж бичиж алдаа гаргасан. Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжинд нэхэмжлэлийн шаардлагыг 553,739,868 төгрөг гаргуулах гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр шаардлагынхаа дүнг 553,739,868 төгрөг гаргуулах гэж дэмжсэн тул залруулж өгнө үү. Дээрх алдааны улмаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 440,618,750 төгрөгийг хангах тухай өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан боловч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнг 533,739,868 төгрөг гэж андууран 533,739,868-440,618,750=93,121,118 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар тогтоох хэсэгтээ бичсэн. Зүй нь 553,739,868-440,618,750=113,121,118 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлтийг шийдвэрт оруулах ёстой байсан.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 129,953,868 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан боловч давж заалдах шатны шүүхээс зарим хэсгийг буюу нэхэмжилсэн алдангиас 41,830,118 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 88,123,750 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч 2019 оны 7 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа буюу Иргэний хуулийн 222.2 “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй”, Иргэний хуулийн 223.2 “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, Иргэний хуулийн 236.10.1 “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгох”, 236.11-т “Энэ хуулийн 236.10-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, Иргэний хуулийн 224.2 Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран дараах ... үр дагавар үүснэ”, 224.2.3 “Мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэх заалтуудыг хэрэглэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна.

4.3. Алдангийг хэрэгсэхгүй болгоход ач холбогдол бүхий дараах үйл баримт хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байгаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу “........” ХХК нь “....” ХХК-д 937,695,315 төгрөг төлөх ёстой байсан. Иймд дээрх өглөгөөсөө хасуулахаар хариуцагч “........” ХХК нь 2016.06.23-ны өдрөөс 2019.06.30-ны өдрийн байдлаар “....” ХХК-д интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2,326,467,000 төгрөг төлөхөөс 2,775,249,000 төгрөгийг төлсөн буюу дээрх хугацааны интернэтийн төлбөл зохих төлбөрөөс 448,782,800 төгрөгийг илүү төлсөн. Гэвч “....” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээр дурдсан магадлалд заасан 937 сая төгрөг төлөгдөөтүй байгаа гэж худал мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, cap бүрийн интернэтийн төлбөрөөсөө гадна шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэж төлсөн 448,782,800 төгрөгийг сарын интернэтийн төлбөрөө л төлсөн гэх байдлаар тус газарт тайлбарласан. Улмаар бид тооцоо нийлье гэхэд “....” ХХК нь тооцоо нийлэхээс удаа дараа татгалзсан. Шийдвэр гүйцэтгэгч ч тооцоо нийлүүлэх гээд чадаагүй. “........” ХХК-ийн зүгээс дээрх илүү төлсөн төлбөрөө шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөрт тооцохгүй юм бол 7 дугаар сараас үүсэх интернэтийн төлбөртөө тооцуулъя гэх саналыг “....” ХХК-ийн холбогдох хүмүүст тавьсан боловч мөн адил хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд арга буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...1871 дугаар магадлалын дагуу “........” ХХК нь “....” ХХК-д төлөх 937,695,31 5 төгрөгийн төлбөрийн үүргээс 448,782,800 төгрөгийг төлж, уг хэмжээгээр үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Улмаар Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2020.02.28-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэрээр дээр дурдсан 1871 дүгээр магадлалын дагуу төлөх 937,685,315 төгрөгөөс 403,926,001 төгрөгийг төлж, 403,926,001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоосон. Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 934 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.04.29-ний өдрийн байдлаар 591,382,315 төгрөгийг “........” ХХК-ийн харилцах данснаас хураан авсан бөгөөд үүн дээр сайн дураар төлсөн буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн шийдвэрт дурдсан 403,926,001 төгрөгийг нэмэхэд 1871-р магадлалаар төлөх ёстой 937 сая төгрөг бүрэн төлөгдөж дуусчихсан байгаа юм.

4.4. “....” ХХК нь ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан хэрнээ Иргэний хуулийн 236.3-т заасны дагуу төлбөр хүлээн авсан тухайгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэхгүй, худал мэдүүлсний улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлгүйгээр сунжирч, “........” ХХК-ийн харилцах данснуудын зарлагын гүйлгээг зогсоосон бөгөөд үүний улмаас өнөөдрийг хүртэл хариуцагчийн харилцах дансууд битүүмжлээстэй хохирол амсаж байгаа билээ. Улмаар “....” ХХК-аас 2019.11.05-ны өдөр 19/228 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж одоо нэхэмжилж буй төлбөрөө буюу 2019 оны 7-10-р сарын интернэтийн төлбөр 282,392,000 төгрөгийг “........” ХХК-ийн харилцах данснаас шилжүүлж өгөхийг хүсч байсан байдаг. Ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгч “....” ХХК-ийн буруутай, гэрээний нөгөө талдаа шударга бус хандсаны үр дүнд 2019 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөгдөх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Хэрэв “....” ХХК нь дээр дурдсан илүү төлөлт 448 сая төгрөгийг нэг бол шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрт, эсхүл 2019 оны 7 дугаар сараас хойших төлбөрт тооцон авсан бол “........” ХХК-ийн хувьд харилцах дансаа битүүмжлүүлэх, нэгэнт төлсөн төлбөрөө 2 дахин төлөх зэрэг хүнд нөхцөл байдалд орохгүй байсан. Иймд алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 88,123,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг нэмж оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч “....” ХХК нь хариуцагч “........” ХХК-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 12 сарын интернетийн бөөний үйлчилгээ үзүүлсний төлбөрт 423,786,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 129,953,868 төгрөг, нийт 553,739,868 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “2019.06.30-ны өдрийн байдлаар “....” ХХК-д интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2,326,467,000 төгрөг төлөхөөс 2,775,249,000 төгрөг төлж, 448,782,800 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дугаар магадлалаар “........” ХХК нь “Жемнет” ХХК-д 937,695,315 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Иймээс манай компани нэхэмжлэгчид хандан илүү төлсөн 448,782,800 төгрөгийг дээрх шийдвэрт заасан төлбөрт тооцуулах эсхүл энэ шаардаж буй төлбөрөөс хасуулах хүсэлт гаргахад аль ч төлбөрт тооцохгүй байснаас маргаан гарсан, үүнээс шалтгаалж манай компани шүүхэд хандсан, шүүхийн шийдвэрээр 403,926,001 төгрөгийг 1871 дугаар магадлалд заасан 937,695,315 төгрөгөөс хасуулахаар болсон. Эдгээрийн үр дагавар нь нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдана, алданги 129,953,868 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

7. Анхан шатны шүүх “...зохигчийн хооронд 2018.01.01-ний өдөр интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ 2 жилийн хугацаатай байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 24 цагийн турш тасралтгүй интернетийн холболтын үйлчилгээ авч, сард 70,400,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, нэхэмжлэлд дурдаж буй төлбөрөөс 2019 оны 6 дугаар сарын төлбөрийг хариуцагч төлсөн байна, нэхэмжлэгч нь 2019 оны 7 сараас 12 сар хүртэл нийт 6 сарын төлбөр, алдангийн хамт нийт 553,417,722 төгрөгийг шаардах эрхтэй” гэж дүгнэж уг мөнгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, өмнө нь илүү төлөгдсөн төлбөрийг энэ төлбөрөөс хасуулна гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, харин талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2019.11.28-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй атал анхан шатны шүүх төлбөрийг 6 сараар тооцсон нь буруу, иймээс 5 сараар төлбөрийг тооцож нийт 352,495,000 төгрөг, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгаж 88,123,750 төгрөг, нийт 440,618,750 төгрөг гаргуулна” гэж үзэж шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулжээ.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн интернетийн бөөний үйлчилгээний холболтын үйлчилгээ авах, төлбөр төлөх харилцаа нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

10. Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сараас 2019 оны 11 сарын хооронд үйлчилгээ авсны төлбөр төлөгдөөгүйг маргаагүй боловч уг төлбөрт өмнө илүү төлсөн 448,782,800 төгрөгийг тооцоогүйгээс төлбөрийн үүргийн хугацаа хэтрэхэд хүргэсэн, үүнд хариуцагч буруугүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан нь үндэслэл муутайг болохыг хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой заасан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл уг илүү төлөлттэй холбоотой маргаан нь тусдаа шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.

11. Гэрээний 2.2-т “захиалагч нь сарын үйлчилгээний төлбөрийг нийлүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 20-ны өдрийн дотор төлнө гэж үүрэг гүйцэтгэх хугацааг заасан, 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 11 сарын төлбөрийг хариуцагч төлөөгүй нь тогтоогдсон, иймээс давж заалдах шатны шүүх 5 сарын төлбөрт нийт 352,495,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

12. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т захиалагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч хариуцагчийн сар бүр төлбөр төлөх хугацааг тодорхойлж, алдангид 129,953,868 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд багасгаж, 88,123,750 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг зөрчихгүй.

13. Нэгэнт хариуцагчийн илүү төлсөн гэх 403,926,001 төгрөгийг өөр төлбөрт тооцохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан тул уг төлбөртэй холбоотой үүрэг гүйцэтгэх хугацааны талаар, улмаар алдангийн талаар дүгнэлт хийх нь хуульд нийцэхгүй болно.

14. Дурдсан үндэслэлээр шүүх Иргэний хуулийн 222.2 “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй”, Иргэний хуулийн 223.2 “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, Иргэний хуулийн 224.2 Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран дараах ... үр дагавар үүснэ”, 224.2.3 “Мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” тухай зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал бүрдээгүй, иймд магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1503 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “........” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа/-ийн 2020.08.10-ны өдөр 598,568 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА