Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар А.Эын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Иргэн А.Э.

Хариуцагч: Монгол Улсын Их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Тын 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Монгол Улсын Их сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай А/350 тоот тушаалын Хавсралтын Хууль Зүйн Сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд Монгол Улсын Их сургуулийн Профессор, багш ажиллуулах журмын 15.1, 15.3-т заасан 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох;

2. Нэхэмжлэгчийн профессорын зэрэглэлээс дэд профессорын зэрэглэлд буурч ажилласан цалингийн зөрүү 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар тооцон 1,604,480 (нэг сая зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах;

3. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дахин бичилт хийхийг хариуцагчид даалгах;

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гэрч Х.У,  нарийн бичгийн дарга Ц.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэгч А.Э миний бие 2013 оны 9 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл тасралтгүй 5 жилийн хугацаагаар Монгол Улсын Их сургуулийн профессорын зэрэглэлд ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Хууль зүйн шинжлэх ухааныг болон Монгол Улсын Их сургуулийг хөгжүүлэх үйлсэд өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулан ажиллаж ирснийг Монгол Улсын Их сургуулийн эрдмийн хамт олон мэдэх юм.

2014 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газын улсын байцаагч нараас Монгол Улсын Их сургуулийн Захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний Шилжилтийн төлбөрийн коэффициент тогтоох тухай А/488-р тушаалыг хүчингүй болгуулах болон 2013-2014 оны хичээлийн жилд Монгол Улсын Их сургуульд шилжүүлэн суралцуулсан нэр бүхий 241 оюутны төлсөн 347 сая 182 мянган төгрөгийг оюутнуудад буцаан олгож, хохирлыг барагдуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Монгол Улсын Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж өгөөч гэсэн Монгол Улсын Их сургуулийн захирлын хүсэлтийн дагуу профессор А.Э миний бие ажиллан шүүхийн эцсийн шийдвэрийг хариуцагч Монгол Улсын Их сургуулийн талд зуун хувь шийдүүлэн тус сургуулийг олон зуун сая цаашилбал олон тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөх улсын байцаагчийн албан шаардлага, актаас чөлөөлж өгсөн юм.

Мөн 2013-2015 онуудад Монгол Улсад өрнөсөн дээд боловсролын шинэчлэлийн ажил Монгол Улсын Их сургуулиас эхэлсэн бөгөөд тухайн үед Монгол Улсын Их сургуулийн 14 сургуулийг 5 сургууль болгон өөрчлөх бүтэц зохион байгуулалтын болон сургалтын томоохон шинэчлэлийн ажил эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Монгол Улсын Их сургуулийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм, журмыг өөрчлөх, Удирдах зөвлөлийн хороод байгуулах тухай 03 тоот тогтоол, мөн Монгол Улсын Их сургуулийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны Дүрэмд өөрчлөлт оруулах тухай 04 тоот тогтоол, мөн Удирдах Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны Монгол Улсын Их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох тухай 05 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах Монгол Улсын Их сургуулийн Багш нарын Холбооны нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг дээр Монгол Улсын Их сургуулийн Захирлын хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж шүүх дээр Монгол Улсын Их сургуулийн эрх ашгийг 100 хувь хамгаалан дээрх тогтоолуудыг хэвээр үлдээн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг хэрэгсэхгүй болгох эцсийн шийдвэр гаргуулжээ.

Үүний ачаар Монгол Улсын Их сургууль дээд боловсролын шинэтгэлийн түүчээ гэсэн нэрээ хадгалж тэр үед хийгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, сургалтын агуулгын шинэчлэл зөв болох нь батлагдаж одоо ч гэсэн хэвээр үргэлжлэн явагдсаар байна.

Ийнхүү хичээн зүтгэснийг минь тухайн үеийн Монгол Улсын Их сургуулийн Захирал Р.Б******* хүлээн зөвшөөрч миний Монгол Улсын Их сургуульд оруулсан хувь нэмрийг үнэлэн:

1-рт 2015-2020 он хүртэлх хугацаанд энэхүү зүтгэлийг чинь Монгол Улсын Их сургуульд бодитой хөрөнгө оруулалт хийсэн гэдэг үндэслэлээр эрдэм шинжилгээний зохих оноог тооцъё,

2-рт таныг 2015-2020 онд Монгол Улсын Их сургуулийн профессорын зэрэглэл дээр тогтвортой ажиллуулна гэсэн хоёр амлалтыг надад өгснөөр миний бие дээрх хоёр хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласны хөлс мөнгө гэж Монгол Улсын Их сургуулиас нэг ч төгрөг аваагүй болно. (Энэ талаар Захирал асан Р.Б******* Монгол Улсын Их сургуулийн захиргаанд бичгээр гаргасан нотолгоог хавсаргав).

Энэ талаар миний бие Монгол Улсын Их сургуулийн багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох, үнэлгээ хийх үйл ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Тт 2018 оны 06 дугаар сарын 28-нд гаргасан гомдолдоо тодорхой үндэслэсэн боловч Захирлын үүрэг гүйцэтгэгч миний гомдлыг огтхон ч хэрэгссэнгүй (Монгол Улсын Их сургуулийн Захирал Я.Тт гаргасан энэхүү гомдол болон 2018 оны 08 дугаар сарын 10-нд уг гомдолд хийсэн нэмэлт тайлбарыг хавсаргав) нь захиргаанд итгэх итгэлийг алдагдуулж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргэлээ.

2. 2018 оны 4-6 дугаар сард Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль дээр явагдсан багшийн албан тушаалын зэрэглэлийн сонгон шалгаруулалт шударга бус явагдсан талаар болон энэхүү шударга бус сонгон шалгаруулалтын улмаас профессор миний эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдөж буй талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болох Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгчид дээрх гомдол, тайлбаруудаар удаа дараа хандсанаас гадна Монгол Улсын Их сургуулийн Багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох Үнэлгээний Хороонд хандаж 2018 оны 06 дугаар сарын 08-нд бичгээр гомдол гаргасан (гомдол болон түүнд хийсэн нэмэлт тодотголыг тус тус хавсаргав) бөгөөд уг Хороо гомдлын зарим хэсгийг буюу Хууль Зүйн Сургуулийн Үнэлгээний хорооны өрөөсгөл шийдвэрийг засч залруулан миний хасагдсан байсан эрдэм шинжилгээний ажлын 1100 оноог нэмж өгч тооцсон төдийгүй Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгчид хандан профессор А.Э нь профессорын ерөнхий болон тусгай шаардлагыг бүгдийг нь нэгэн зэрэг хангаж байгаа төдийгүй тус Үнэлгээний хороо өмнөх захирал Р.Б******* профессор А.Эод өгсөн амлалтыг хүлээн авч шийдвэрлэсэн тухай дурдаж, дээрх үндэслэлүүдээр түүнийг профессорын зэрэглэлээс бууруулж дэд профессорын зэрэглэлд шилжүүлж болохгүй гэсэн шийдлийг тус Үнэлгээний хорооны дарга Ц.Г болон Хорооны гишүүн З.Болд нарын зүгээс энэ асуудлыг авч хэлэлцсэн Монгол Улсын Их сургуулийн Захиргааны зөвлөл болон шуурхай хуралдаан дээр удаа дараа хэлж, мэдэгдсэн байх (холбогдох баримтуудыг хавсаргав) боловч хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Т Монгол Улсын Их сургуулийн Үнэлгээний Хорооныхоо энэ шийдэл, саналыг хүлээн авалгүйгээр миний албан тушаалын зэрэглэлийг буулгаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарган нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироов.

3. Дээрх тушаалыг гаргах явцад эрх нь хөндөгдөж буй нэхэмжлэгч миний биеийг огт оролцуулаагүй бөгөөд надад урьдчилан огт мэдэгдэлгүйгээр дээрх шийдвэрүүдээ гаргасан нь хууль зөрчсөн төдийгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах өчүүхэн ч боломжийг олгоогүйд гомдолтой байна6

4. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Тт хандан анх 2018 оны 06 дугаар сарын 28-нд 6 хуудас гомдол гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан тухайн өдрөө Я.Т захиралтай биечлэн уулзаж гомдлынхоо талаар танилцуулбал таны гомдлыг би Монгол Улсын Их сургуулийн Үнэлгээний хорооны дарга Ц.Г багшид биечлэн гардуулсан байгаа. Одоо үнэлгээний хорооноос ямар шийдвэр гаргана би тэр дагуу л шийдвэрээ гаргана гэж хэлж байсан.

Үүнээс хойш Монгол Улсын Их сургуулийн багш нарын амралт таарсан бөгөөд миний гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байсаар уг асуудлыг Монгол улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцжээ. Ингээд уг хурлаас ямар шийдвэр гаргасан болон Монгол Улсын Их сургуулийн Захирал ямар шийдвэр гаргасан зэрэг нь тодорхойгүй энэ талаар Захирлын туслахаас асуухаар тушаал гараагүй байна гэдэг шалтгаан хэлсээр 10 дугаар сар гаргасан.

Ингээд 10 дугаар сарын эхээр Я.Т захиралтай уулзаж гаргасан гомдлынхоо хариуг бичгээр авъя гэж хэлбэл одоохондоо тушаал бичгээр гараагүй байна. Гарахаар нь Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Э*******аваарай гэв. Г.Э******* дарга надад Захиралд гаргасан гомдлын хариуг бичгээр гаргаж өгнө гэж хэлсэн боловч өнөөг хүртэл гаргаж өгсөнгүй. Мөн дээрх А/350 тушаал хэрхэн гарсан болон миний албан тушаалын зэрэглэл буурсан талаар надад захиргааны зүгээс огт мэдэгдсэнгүй. Би албан бус байдлаар уг тушаал гарсныг олж мэдээд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

5. Ийнхүү хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Т нь Монгол Улсын Их сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дээрх А/350 тоот тушаалыг гаргахдаа захиргаанд итгэх итгэлийг алдагдуулж, хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх эрхийг болон тэгш байдлын зарчмыг түүнчлэн хуульд заасан бусад зарчмуудыг зөрчсөн нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон. Эдгээр болон бусад үндэслэлийг шүүх хуралдаан дээр тодорхой үндэслэх болно. гэжээ.

Нэхэмжлэгч А.Э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

1. Монгол Улсын Их сургуулийн 2019 оны профессорын судалгааны суурь зардлыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Тт даалгах;

Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны А/439 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын Их сургуулийн судалгааны ажлын санхүүжилтийн журам-д зааснаар жил бүр профессор, дэд профессорын зэрэглэлд ажиллаж байгаа багш нарт судалгааны суурь зардал олгодог юм.

Нэхэмжлэгч миний бие захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/Ш32019/1997 тоот захирамж гарсны дараа Монгол Улсын Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал н.Очирхуягт хандан өргөдөл гаргаж хариуцагч Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Тын Монгол Улсын Их сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай 2018 оны 09 дүгээр сарын 24-ний А/350 тоот тушаалын биелэлтийг шийдвэр гарах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байх тул надад профессорын судалгааны суурь зардал болох 2 сая төгрөгийг нэн даруй олгож өгөх хүсэлтийг гаргасан. Хүсэлтдээ 2019 оны судалгааны ажил эхлээд явж байна.

Миний бие гаднын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл, нийтлэл хэвлүүлэх болон гаднаас профессор урих зэрэгт зардал гарч байгаа тул уг асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болно. Гэвч хариуцагчийн талаас уг зардлыг надад олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд миний бие уг зардлыг дээрх журамд заасны дагуу гаргуулж авах эрхтэй төдийгүй гадаадын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлыг би хувиасаа төлж байгаа мөн судалгааны жил дуусах шатандаа орж байгаа зэрэг үндэслэлээр хариуцагчаас уг зардлыг нэхэмжлэгчид олгохыг даалгах зайлшгүй шаардлага байх тул 2019 оны профессорын судалгааны суурь зардлыг нэхэмжлэгчид олгохыг даалгах шийдвэр гаргахыг шүүхээс хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Мөн Нэхэмжлэгч А.Э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

2. Монгол Улсын Их сургуулийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Я.Тын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны А/01 тоот тушаалын Хавсралтын Хууль Зүйн Сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

Монгол Улсын Их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Т 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай А/01 тоот тушаалыг давтан гаргасныг санамсаргүй тохиолдлоор хоёр хоногийн өмнө олж мэдлээ. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад буй Монгол Улсын Их сургуулийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай 2018 оны 09-р сарын 24-ний А/350 тоот тушаалтай гарчиг, утга агуулгын хувьд давхцаж байх тул энэ нь А/350 тоот тушаалыг давтан гаргасан гэж нэхэмжлэгч үзэж байна. Иймд нэхэмжлэлийн өмнөх шаардлагад дурьдсан үндэслэлээр уг давтан гаргасан А/01 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан Монгол Улсын Их сургуулийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай А/01 тоот тушаал болон түүний хавсралтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хариуцагчаас гаргуулан хэрэгт хавсаргахыг шүүхэд хүсэлт болгож байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад буй хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага буюу тушаалыг хариуцагч өөр цаг хугацааны хувьд энэхүү илэрснээс өөр байдлаар дахин давтан гаргасан эсэхийг хариуцагчаас албан бичгээр тодруулан хариу авч хэрэгт хавсаргахыг шүүхэд хүсэлт болгож байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Их сургуульд би 2, 3 жилийн давтамжтайгаар 2 том асуудлыг шийдвэрлүүлж өгсөн. Тухайн үеийн Монгол Улсын Их сургуулийн удирдлага надад гүнээ талархаж, ямар байдлаар шийдвэл зүгээр вэ гэсэн асуудлыг ярилцаад, мөнгө төгрөг өгөх боломжгүй учраас таны оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Их сургуульд судалгааны хөрөнгө оруулсантай адилтгаж үзээд, эрдэм шинжилгээний оноонд тооцъё. Мөн таныг профессорын шаардлагаа цаашид хангах юм бол 2017-2020 он хүртэл таны профессорын зэрэглэлд ажиллуулах боломжтой гэсэн 2 амлалтыг надад өгсөн. Би тус амлалтыг нь зөвшөөрсөн. Энэ бол мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа маш тодорхой асуудал.

Тухайн үеийн Монгол Улсын Их сургуулийн захирал н.Б******* өөрөө Я.Тт хандаж нотолгоо гаргаж өгсөн. Энэ нотолгоог Монгол Улсын Их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Т хүлээж аваад, Үнэлгээний хороонд шилжүүлсэн. Үнэлгээний хороо энэ нотолгоог үндэслээд Эрдэм шинжилгээний оноог тооцож, оноо нэмэгдүүлсэн байгаа. Энэ бол Монгол Улсын Их сургуульд маш ашигтай хөрөнгө оруулалт байсан. Өөрсдөө надад санал тавьсны дагуу би бүх ажлыг нь хийж өгсөн. Ингээд маш тодорхой үр дүн гарсан зүйл дээр маргаан байхгүй гэж бодож байгаа.

Эрдэм шинжилгээний оноог тооцож, миний оноог үнэлгээний хороо хүлээн зөвшөөрсөн. Үнэлгээний хороо хүлээн зөвшөөрч байна гэдэг нь н.Б******* захирлын гаргасан нотолгоог хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Үнэлгээний хорооноос бид энэ шийдвэрийг хүлээж авлаа, харин профессор зэрэглэл дээр ажиллуулах асуудлыг Монгол Улсын Их сургуулийн захиргаа мэднэ, манай эрх мэдэлд хамаарахгүй гэж үзээд, асуудлыг Монгол Улсын Их сургуулийн захиралд шилжүүлсэн. Я.Т захиралтай би хэд хэдэн удаа орж уулзахад Үнэлгээний хороо юу гэж шийднэ, би түүний дагуу шийднэ гэж хэлсэн.

2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын 17 тоот тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Тус хурал дээр А.Э багшийн асуудал яаж шийдэгдсэн бэ гэх асуудлыг ярихад Үнэлгээний хорооны дарга н.Г******* энэ хүний асуудлыг Үнэлгээний хороо шийдсэн, амлалт, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг нь захиргаа шийдэх байх гэж тайлбарласан байдаг. Мөн Хууль Зүйн сургуулийн захирал н.Э******* энэ талаар тайлбар өг гэхэд н.Э маш худлаа зүйл ярьсан байсан. Түүнийг нь няцаах үүднээс холбогдох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа.

Тухайлбал профессорын зэрэглэлд А.Э багш 6 жил ажилласан гэж хэлсэн байсан. Энэ бол худлаа би профессор зэрэглэлд 5 жил ажилласан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. 6 жил профессор зэрэглэлд ажилласан хүнийг заавал профессор зэрэглэлд ажиллуулах шаардлагагүй гэдэг уур амьсгал Захиргааны зөвлөлийн хурал дээр бий болсон байсан. 6 жил ажиллаад цол авах ерөнхий нөхцөлөө хангасан учир дараагийн хүнийг нь оруулъя гэж үзсэн байж болно. Бодит байдал дээр би 6 жилдээ хүрээгүй байхад миний талаар худлаа хэлсэн байсан.

Сонгон шалгаруулалт яасан бэ гэсэн асуудал яригдахад н.Г******* багштай холбоотой асуудал яригдсан байдаг. н.Г******* багш давхар ажил эрхэлдэг юм уу гэж асуухад нь н.Э бас худлаа ярьсан. н.Г******* багш энэ газрын докторын төслийг хариуцаж гэрээгээр ажилладаг. Гэрээгээр түр хугацаагаар ажиллаж байгаа учраас А.Эын хэлж байгаа худлаа, мушгиж яриад байна гэж хэлсэн байдаг.

Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Энэ хүн Нагоягийн их сургуулийн тэргүүн гэсэн албан тушаал дээр ажилладаг. Давхар ажил эрхлэхийг Монгол Улсын Их сургуулийн дүрэмд хориглодог. Ийм зүйлүүдийг миний эсрэг уур амьсгал бий болгох зорилгоор зориуд худлаа ярьсан.

Тус хурлын тэмдэглэлийн 7 дугаарт хуудаст Я.Т захирал Чухал чухал саналууд хэллээ. Ажлын хэсэгт баярлалаа. Ажлын хэсгийн багш нараа дэмжье гэсэн чиг хандлагыг би зөвшөөрч байна гэж хэлсэн байдаг. Ер нь шаардлага хангасан багш нар байгаа бол тэр багш нараа дэмжье гэсэн санаагаар хэлсэн байдаг. Үнэлгээний хороо үнэлгээ хийгээд, оноо нь шаардлага хангасан байгаа профессор зэрэглэлд ажиллах бололцоотой. Гагцхүү Я.Т захирал өөрийн хүлээсэн үүрэг, өмнөх захирлын өгсөн амлалтыг биелүүлэх хэрэгтэй байтал биелүүлээгүй.

Би ороод уулзахаар тушаал гараагүй, шийдвэр гараагүй гээд хойшлуулаад байсан. Шийдвэр гарсан гэдгийг өөр газраас олж мэдсэн. Тэгэхэд намайг дэд профессор болгосон байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй Монгол Улсын Их сургуульд ямар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн билээ. Шүүх хурал дээр Монгол Улсын Их сургуулийн өмнөөс явж байсан учир надад гомдолтой байсан.

Хариуцагч захиргааны байгууллага надад худлаа хэлээд, миний профессорын зэрэглэлийг үндэслэлгүйгээр бууруулсан. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагаас өгсөн хууль ёсны үүрэг, амлалтаа биелүүлээгүй. Яагаад хууль ёсны гэж байна гэхээр би профессор зэрэглэлийн шаардлагаа бүрэн хангасан. Миний хийж бүтээж өгсөн ажлууд бол тус амлалтад нь хангалттай дүйцнэ гэж бодож байгаа. Ийм байдлаар захиргааны байгууллага надад амласан амлалтаа биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага итгэлийг алдаж болохгүй, өгсөн амлалтаа биелүүлж байх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчиж, миний ажил хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх эрхийг давхар зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хариуцагч А/350 тоот тушаалыг гаргахдаа хууль ноцтой зөрчсөн байна. Би профессор зэрэглэлд 2013 оноос эхлэн ажилласан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг асуудлаар автоматаар сунгагдах нөхцөлөөр явж байгаа. Жил болгон гэрээ байгуулахгүй автоматаар сунгагдаад явж байдаг учир захиргааны байгууллагын зүгээс ч тэр миний зүгээс ч ямар нэгэн асуудал гаргахгүй яваад ирсэн. Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу намайг профессорын зэрэглэлээс дэд профессор болгох гэж байгаа бол хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрвээ намайг профессорын зэрэглэлд ажиллуулахгүй гэж байгаа бол хуулийн дагуу надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байсан. Цуцлах ажиллагаа огт хийгдээгүй. Надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээгээ цуцалсны дараа дэд профессор болно уу гэхээс биш, шууд профессор зэрэглэлээс дэд профессор зэрэглэлд тушаал шилжүүлээд гаргах ийм эрх хариуцагчид байхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн гэрээ байгуулна, цуцална гэсэн харилцаа байгаа болохоос албан тушаалын зэрэглэл бууруулах ямар ч заалт байхгүй. Тэгэхээр анх надтай байгуулсан профессор зэрэглэлд ажиллах гэрээг цуцлахгүйгээр албан тушаалын зэрэглэл бууруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан ажилтантай Хөдөлмөрийн гэрээ цуцлахгүйгээр шууд албан тушаал бууруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Их сургуулийн дүрэмд Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах гэж байгаа болохоос шууд албан тушаалын зэрэглэл бууруулсан шийдвэр гаргах эрх Монгол Улсын Их сургуулийн захиралд байхгүй.

Миний профессор зэрэглэл дээр ажиллаж байгаа гэрээнүүд цуцлагдаагүй байж ийм шийдвэр гарсан нь Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Их сургуулийн дүрмийг зөрчих замаар миний эрх, ашиг сонирхлыг хязгаарлаж, зэрэглэл бууруулж, миний ажил амьдралд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан гэдэг үндэслэл байгаа учир би гомдолтой байгаа.

... Би өөрөө хүсэлт гаргаад тэр амлалтыг авсан мэтээр ярьж байна. Тийм зүйл байхгүй. Хариуцагч тал хэлсэн амлалтдаа хүрч хариуцлагаа хүлээх ёстой. Монгол Улсын Их сургууль өнөөдөр орон тоо гарсан байхад хүртэл чамд хамаагүй гэж гаргасан шийдвэрээ үгүйсгэж байна. Шүүхээс зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хамгаалж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Их сургуулийн дэд профессор А.Эын нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Монгол Улсын Их сургуулийн эрдэмтдэд албан тушаалын зэрэглэл болон эрдмийн зэргийн цолыг холбогдох журмын олгож, түүнд оногдох нэмэгдэл цалинг тухайн албан тушаалыг хашиж буй хугацаанд нь захирлын тушаалаар олгодог.

2018 оны хичээлийн жил Монгол Улсын Их сургуульд Профессор багш, ажиллуулах журмын 15.1-д заасны дагуу ... бүрэлдэхүүн/салбар сургуулиуд сүүлийн 5 жилд профессор багшийн гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үзүүлэлтийг гол шалгуур болгон хичээлийн жилийн эцэст дараагийн 3 жилд ажиллах багш нарын албан тушаалын зэрэглэлийг үзүүлэлт бүрийг хэрхэн хангасан байдлыг холбогдох нотлох баримт, тайлбарын хамт бүрдүүлж, бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилгүй, гадны байгууллагын төлөөлөл бүхий үнэлгээний хороогоор үнэлүүлж, захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрээ Монгол Улсын Их сургуулийн үнэлгээний хороонд 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ гэж заасны дагуу 2015 оноос хойш 2 дах удаагаа журмын дагуух шалгаруулалт болсон болно.

Монгол Улсын Их сургуулийн захиргаа нь журмын дагуу профессор, дэд профессор зэрэглэлд ажиллах багш нарын болзол хангасан байдлыг тодруулахад оролцдоггүй бөгөөд энэ ажил нь Монгол Улсын Их сургуульд профессор багш ажиллуулах журмын дагуу бүрэлдэхүүн сургуулийн үнэлгээний хороо, Монгол Улсын Их сургуулийн үнэлгээний хороо гэсэн 2 дамжлагатайгаар явагдаж, захирлын тушаалаар албажсан болно.

Иймээс Монгол Улсын Их сургуулийн захиргааны зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж шийдвэр гаргасан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Их сургуулийн 2014 оны Профессор багш ажиллуулах А/414 дүгээр журам 2019 оны 05 дугаар сард шинэчлэгдсэн. Тус журамд профессор багш, дэд профессорыг хэрхэн ажиллуулах талаар заасан байдаг. Тус журмын 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт профессор, дэд профессорт тавигдах шаардлагуудыг заасан. Ерөнхий шаардлагад ...докторын зэрэгтэй байх, сурах бичиг, сургалтын гарын авлага хэвлүүлсэн байх..., 8.7.2-т ...профессорын зэрэглэлд ажиллах багшид дараах тусгай шаардлагыг тавина, ...их, дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагад 9 жилээс дээш ажилласан байх... гэж заасан. Хавсралт 1-ийн 2 дугаар хуудсанд хүснэгт 2 гэж заасан. Хүснэгтэд онооны шалгуур тавигдсан байдаг. Профессор багш ажиллуулах журамд ерөнхий захирлын оролцоо байхгүй. Гол нь салбар сургуулиудаас комисс гараад, үнэлгээний хороо байгуулж, үнэлгээний хороогоор үнэлүүлж, захиргааны зөвлөлөөрөө хэлэлцүүлдэг. Үүний дараа Монгол Улсын Их сургуулийн үнэлгээний хороонд 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ гэж заасан. 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу Монгол Улсын Их сургуулийн үнэлгээний хороо 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор ерөнхий захирлын тушаалаар баталгаажуулдаг. Түүнээс захиралд ямар нэгэн оролцоо байхгүй.

... Монгол Улсын Их сургуулийн одоо болон өмнө нь мөрдөгдөж байсан дүрэмд Монгол Улсын Их сургуулийн ерөнхий захирал хийж байсан хүмүүс ямар ч хууль болон дагаж мөрдөх журам, тогтоол, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ямар нэгэн амлалт өгөх зохицуулалт байдаггүй. Тухайн үед нэхэмжлэгчийн хувьд тэнхимийн эрхлэгч гэсэн хариуцлагатай ажил хийж байсан. Тиймээс дээрх журмаар хэн нэгэн багшид амлалт өгч ажил хийлгэх зохицуулалт байдаггүй. Хэрэв амлалт өгсөн бол хууль бус дүрэм зөрчсөн зүйл. Хууль Зүйн сургуулийн багш нарын хувьд сургуульдаа үнэ төлбөргүйгээр шүүх хуралд орж өгөх жишээнүүд байдаг. Амлалт өгсөн бичиг нь 2018 онд бичигдсэн байна гэж хэлж байна. Энэ нь нэхэмжлэгч ажлаа өгснөөс хойш байгаа юм. Энэ амлалтынхаа дагуу 2016 онд оноогоо авчихсан байгаа. Тиймээс хэчнээн удаа энэ оноогоо авах ёстой юм бэ.

... Багш нарын түүхэнд багш нарынхаа араас гүйгээд миний өмнөөс ажил хийгээд өгөөч гэсэн зүйл байгаагүй. Эсрэгээрээ Монгол Улсын Их сургуульд захирах захирагдах ёс гэж байдаг. Багш нар өөрсдөө захирал дээр гуйж орж ирдэг. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Их сургуулийн дүрэм болон Боловсролын тухай хуулийн заалтуудыг үндэслээд тухайн салбар сургуулиудын үнэлгээний комисс, дараа нь ерөнхий үнэлгээний комиссоор дамжиж ерөнхий захирлын шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь эцсийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Үүнд:

1. Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Тын 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Монгол Улсын Их сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай А/350 тоот тушаалын Хавсралтын Хууль Зүйн Сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд Монгол Улсын Их сургуулийн Профессор, багш ажиллуулах журмын 15.1, 15.3-т заасан 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох;

2. Нэхэмжлэгчийн профессорын зэрэглэлээс дэд профессорын зэрэглэлд буурч ажилласан цалингийн зөрүү 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар тооцон 1,604,480 (нэг сая зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах;

3. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дахин бичилт хийхийг хариуцагчид даалгах;

4. Монгол Улсын Их сургуулийн 2019 оны профессорын судалгааны суурь зардлыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Тт даалгах;

5. Монгол Улсын Их сургуулийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Я.Тын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны А/01 тоот тушаалын Хавсралтын Хууль Зүйн Сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн МУИС-ийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дугаар А/350 тоот тушаалынтавдугаар хавсралтаар нэхэмжлэгч А.Эыг профессорын зэрэглэлийн албан тушаалаас бууруулан дэд профессорын зэрэглэлийн албан тушаалд томилж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их Сургууль /цаашид МУИС гэх/-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэрэгт А.Э нь МУИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/52 дугаар дүгнэлт, мөн тус газрын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 7/309 албан шаардлагыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 559 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МУИС-ийн Удирдах зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт А.Э нь хариуцагчийн буюу МУИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байсан байх ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 772 дугаар шийдвэрээр МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 3, 4, 5 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай Б.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

МУИС-ийн захирлаар ажиллаж байсан Р.Б******* нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн МУИС-ийн профессор А.Эын профессорын зэрэглэл, цолны талаар нотолгоо гаргах нь гэсэн хүсэлтээр: ...1 дүгээрт 2015-2020 он хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээний оноо тооцъё. 2 дугаарт таныг 2015 оноос 2020 онд МУИС-ийн профессорын зэрэглэл дээр үргэлжлүүлэн тогтвортой ажиллуулна гэдэг хоёр амлалтыг миний бие А.Эод өгсөн болно... гэж нотолгоо гаргасан байна.

Мөн МУИС-ийн захирлаар ажиллаж байсан Р.Б******* нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А.Эын профессорын зэрэглэл, цолны талаар нотолгоо гаргах нь гэсэн хүсэлт миний гаргасан нотолгоо буюу амлалт мөн байна гэх зэргээр дээрх бичгээр гаргасан нотолгоотой адилхан агуулгаар мэдүүлсэн болно.

Хариуцагчаас амлалт өгсөн болох нь хэрэгт цугларсан дээрх МУИС-ийн захирлаар ажиллаж байсан Р.Б******* 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн МУИС-ийн профессор А.Эын профессорын зэрэглэл, цолны талаар нотолгоо гаргах нь гэсэн хүсэлт, Р.Б******* шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:,4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан байна.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд МУИС-ын захиргаанаас хүсэлт тавьсаны дагуу нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүхэд МУИС-ыг төлөөлөн, хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцсон байх ба эдгээр шүүхийн шийдвэрүүд нь тус сургуульд эрх зүйн эерэг үр дагаврыг бий болгосон тул МУИС-ын захирлаас нэхэмжлэгчид амлалт өгсөн, үүний улмаас нэхэмжлэгчид итгэл бий болсон, уг нэхэмжлэгчид үүссэн итгэлийг хууль бус итгэл гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэгчид үүссэн итгэл нь хуульд харшлаагүй, хууль зөрчөөгүй байх тул уг итгэлийг хууль ёсны итгэл гэж үзэх ба нэхэмжлэгчид бий болсон хууль ёсны итгэл нь нэхэмжлэгчээс шалтгаалж биш харин МУИС-ын захирал амлалт өгснөөс шалтгаалж үүссэн, үүнээс үүдэлтэй хууль ёсны итгэл байна.

МУИС-ын захирлын өгсөн амлалт, үүний улмаас нэхэмжлэгчид үүссэн итгэл нь хууль зөрчөөгүй, тус сургуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль, дүрэм, журмын агуулгад харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь МУИС-ын захирлын өгсөн амлалт нь тус сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой амлалт биш байх ба уг амлалт биелэгдсэний улмаас МУИС-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах нөхцөл байдал үүсэхээргүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-ийн тайлбарт : Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;,48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;48.2.4-д захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх байдлаар итгэл хамгаалагдахгүй байх тохиолдлыг Захиргааны ерөнхий хуульд хуульчилсан ба эдгээр тохиолдлуудад МУИС-ийн захирлын өгсөн амлалт хамаарахгүй байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, дэд профессор албан тушаалын зэрэглэлд нэр дэвшүүлэх Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл болон үүний дагуу гарсан профессорын зэрэглэлд ажиллах багш нарын шалгуур үзүүлэлт /хүснэгтээр үзүүлсэн/-ээс үзэхэд А.Эод 990 оноо өгсөн байна.

МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилээс мөрдөх багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс[1] үзэхэд А.Эын материалыг дахин нарийвчлан шалгаж, түүний оноог 2120 болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулалгүйгээр, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр миний албан тушаалыг болон цалинг бууруулсан нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно:21.1.1-д ажлын байрны буюу албан тушаалын нэр;21.1.3-д үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;21.2-т Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.21.3-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.21.4-д Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна., 24 дүгээр зүйлийн 24.3-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. гэж тус тус заажээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; гэж хуульчилсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд ажлын байр буюу албан тушаалүндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл байх ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн албан тушаал буурсан болон үндсэн цалингийн хэмжээ өөрчлөгдсөн байх тул хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах зэрэг ямар нэг байдлаар гэрээний талууд харилцан тохиролцох шаардлагатай ба нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй юм.

Иймд хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулалгүйгээр, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээрминий албан тушаалыг болон цалинг бууруулсан нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээрмаргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчид захиргаанаас буюу МУИС-ын захирлаас амлалт өгсөн байх бөгөөд уг амлалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгчийг профессорын зэрэглэлд ажиллуулахгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эрх чөлөөг буюу хүний эрхийг дээдлэх, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудад нийцэхгүй байна.

Шүүх МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны дугаар А/350 тоот тушаалын тавдугаар хавсралтын, 2019 оны дугаар А/01 тоот тушаалын зургаадугаар хавсралтын А.Эод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Эыг профессорын зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид албан тушаал буурсны цалингийн зөрүү 2018 оны 08 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийг дуусталххугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

МУИС-ийн захирлын 2018 оны Журам батлах тухай А/439 тушаалын 1 дүгээр хавсралтаар МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилтийн журмыг, 2 дугаар хавсралтаар МУИС-ийн судалгааны төсөл, тэтгэлгийн санхүүжилтийн хэмжээг тус тус баталсан байна.

Дээрх МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилтийн журмын 1.5.1-д Суурь судалгааны зардал гэж МУИС-д профессор, дэд профессор болон ахлах багшийн зэрэглэлд ажиллаж байгаа докторын зэрэгтэй үндсэн орон тооны багш нарын судалгааны ажлыг дэмжих зорилгоор олгох зардлыг хэлнэ гэж заасан байна. 2 дугаар хавсралтаар батлагдсан 2019 онд мөрдөх судалгааны санхүүжилтийн хэмжээ хүснэгтийн 1-д профессорын зэрэглэлд ажиллаж байгаа судалгааны лаборатори удирдагч бус багшид 2,000,000 /хоёр сая/ төгрөг олгохоор заасан байна.

Иймд мөн МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны дугаар А/350 тоот тушаалын, 2019 оныдугаар А/01 тоот тушаалын А.Эод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Эыг профессорын зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул байгаа 2019 оны профессорын зэрэглэлд ажиллаж байгаа багшийн судалгааны суурь зардал 2,000.000 /хоёр сая/ төгрөгийг олгохыгхариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.8100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.121.1.321.221.3, 24 дүгээр 24.369 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн МУИС-ийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дугаар А/350 тоот тушаалын тавдугаар хавсралтын А.Эод холбогдох хэсгийг, мөн Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн МУИС-ийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дугаар А/01 тоот тушаалын зургаадугаар хавсралтын А.Эод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Эыг урьд эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчид профессорынзэрэглэлийн албан тушаалаас дэд профессорын зэрэглэлийн албан тушаал буурч ажилласан цалингийн зөрүүг 2018 оны 08 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийг дуусталххугацаагаар тооцож 4,071,692 /дөрвөн сая далан нэгэн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг олгож,нэхэмжлэгчид 2019 оны профессорын зэрэглэлийн багшийн судалгааны суурь зардал 2,000.000 /хоёр сая/төгрөгийг олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Их Сургуулийн захиралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Эрдэнэцогтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ