Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/421

 

 

 

 

 

  2020           4               7                                    2020/ДШМ/421

                                                       

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.А, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906004180121 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ядам овгийн Балдандоржийн А, 1986 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Амьдрах ухаан сургалтын төвийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 590 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            1. Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгайд оршин суух Ц.Оыг гэртээ унтаж байхад нь галдан шатааж алсан,

            2. Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51в байрны жижүүрийн 0 тоотод 52 настай иргэн Б.Гтуяагийн хүзүүн тус газарт хутгалж алсан,

            3. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд иргэн Д.Оийн цүнхнээс түрийвч, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 381.200 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санни таун” хотхоны 830 дугаар байрны 1 давхарт “Санни төв”-ийн 5а тоотод байрлах “Си Си Эм Жи” ХХК-ийн оффисын өрөөний хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Р.Аийн эзэмшлийн 5.500.000 төгрөгийг хулгайлан авсан,

            5. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд байх иргэн Н.Дийн эзэмшлийн хүнсний ногооны зоорь буюу агуулахад нэвтрэн орж, 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 6 хайрцаг сармис, 10 килограммтай сармис 3 ширхгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.925.500 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн хашаан доторх агуулахаас 1.920.000 төгрөгийн барааг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

            7. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууцны 1-13 тоот буюу орон байранд нэвтрэн орж, алтан ээмэг, бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн аяга, “Acer” загварын зөөврийн компьютер, үүргэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.518.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зааныхан” нэртэй дэлгүүрт иргэн Б.Игийн эзэмшлийн “Samsung S5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 144.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл Урлагийн их сургуулийн хойд талд байрлах цахилгаан дахин дамжуулах станцаас цахилгаан кабел холбож газар шорооны ажил хийж байх үедээ “захирал М цахилгаан утас авч яваарай гэсэн” гэж хуурч 90 метр цахилгаан утсыг авч 895.500 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Оын гэрийг санаатайгаар шатааж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ядам овогт Балдандоржийн Аыг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шүүгдэгч Б.Аыг шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 75 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон нийт 379 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.НаранГд 4.550.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хт 3.609.340 төгрөгийг, хохирогч Д.От 913.500 төгрөгийг, хохирогч Р.Ат 5.500.000 төгрөгийг, хохирогч Ч.Шт 1.974.600 төгрөгийг, хохирогч Н.Дид 503.000 төгрөгийг, хохирогч П.Гт 2.998.300 төгрөгийг, хохирогч Б.Ид 144.000 төгрөгийг, хохирогч Д.Мэд 895.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Гд 25.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Ааас гаргуулан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжний тасархай, 1 ширхэг хутга, 1 ширхэг утасны батарей, ванны алчуур, гялгар уутны тасархай, 8 ширхэг тамхины иш, улбар шар өнгөтэй бахь 1 ширхэг, иш нь эвдэрсэн цүүц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, гэмт хэргийн талаарх бичлэг бүхий сиди 2 ширхгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.НаранГ, Ч.Х нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх бусад баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь гэм бурууг хэлэлцэхдээ нэг талыг баримтлан яллах тал руу чиглүүлж, хавтас хэргийн материалыг нягтлан судлахгүй прокурор, мөрдөгч нарын ажлын үзүүлэлтээр цуглуулсан материалаар яллаж байгаад гомдолтой байна. Үүнд: хохирогч Дийн хохирлыг нарийвчлан судлан тогтоогоогүй. Гэрч Лхагвасүрэн, О, Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг нь мөрдөгчийн хөтөлсөн мэдүүлэг байгаа нь илхэн байна. Тус хэргийг мөрдөн шалгах явцад гадна талбайн камерын бичлэг байсан. Энэ камерын бичлэгт гэрч О, Эрдэнэцэцэг нар 21 цагийн үед гарч явсан, мөн миний бие гэрч Лхагвасүрэнгийн хамт 5 минутын дараа хамт гарч байгааг харуулсан бичлэг байдаг. Өөрөөр хэлбэл, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хавтас хэргийн материалд тус бичлэг бүхий сиди байсан. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлэлцүүлгийн хуралд оролцох үед тус бичлэгийн сиди байхгүй байсан. Харин оронд нь зургаар баримтжуулсан гэх хэд хэдэн зураг авагдсан байсан. Үүнийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэхэд тоохгүй байсан. Мөн гэрч гэх О, Лхагвасүрэн нарыг гэм буруугийн хуралд оролцуулах хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан даргалагч шүүгч Баасанбат нь оролцуулах боломжгүй гэж хүлээж аваагүй. Хэрэв суулгасан бол худал мэдүүлэг өгсөн нь илрэх байсан. Мөрдөгч, прокурор нарын буруу үйлдэл мөн илрэх байсан. Энэхүү үйлдлийг нь даргалагч шүүгч Баасанбат хаацайлан хамгаалж, буруу үйлдлийг өөгшүүлж байна. Тус хэргийг нарийвчлан судлуулах, мөн гэрчүүд гэх О, Эрдэнэцэцэг, Лхагвасүрэн нарыг шалгуулах хүсэлтэй байна. Тус гэрчүүд нь ямар шалтгаанаар худал мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Мөрдөгч нар хөтөлж байцаалт авсан нь илхэн байна. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцнаас эд зүйлс авсан хэрэгт холбогдолтой, хамтран оролцсон С.О гэх залууг Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс буюу мөрдөн шалгах газрын мөрдөгч ахлах дэслэгч Энхтүвшин нь “Чи мэдүүлэг өгөхдөө тус амины орон сууцанд нэвтрэхдээ ганцаараа орсон, мөн хоёр өөр гутал углаж орсон” гээд өгчих гэсэн. “Тэгвэл би чамд Оаар өмгөөлөгч авахуулъя, цаад залуу чинь чамд өмгөөлөгч авч өгье” гэсэн. Мөн “хоёулаа өнөөдөр 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түр хугацаагаар цагдан хорихоос явна. “Хархорин” захаас ченж Оюуныг олж аваад, хэлтэс дээр очиж мэдүүлгээ өгөөд дараа нь С.Отай өмгөөлөгч хэзээ авах талаар ярилцъя” гэсэн. Миний бие тэр өдөр хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Үнэн хэрэгтээ С.Оыг хамааралгүй болгож өгсөн. Ченж Оюуныг “Хархорин” захаас олж өгсөн байдаг. 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр мөрдөгч Энхтүвшин Цагдан хорих төвд байцаалтын хэсгийн 3 номерын өрөөнд ченж Оюун гэх хүнийг нүүрэлдүүлэн байцаалт аваад, мөн “Хархорин” захын “Хаан” банкны АТМ-ээс бэлэн 800.000 төгрөг авсан баримтыг хавтас хэргийн материалд хийхээр болсон. Гэтэл мөрдөгч Энхтүвшин 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Цагдан хорих төвөөс түр хугацаагаар авч яваад Нийслэлийн мөрдөн шалгах газрын өрөөнд мөрдөгч, ахлах дэслэгч Энхтүвшин болон Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Т.Мөнх-Амгалан, миний бие хамт дахин мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгсний дараа өмгөөлөгч гэх У.Сайнбилэг нь орж ирэн өгсөн мэдүүлэгтэй танилцан гарын үсэг зурсан. Энэ талаар мөрдөгч, ахлах дэслэгч Энхтүвшин болон прокурор Т.Мөнх-Амгалан нар нь сайн мэдэх мөртлөө гэм буруугийн хуралд прокурор Т.Мөнх-Амгалан нь өмгөөлөгчийг байлцуулсан гэж худал ярьж байна. Мөн гэм буруугийн шүүх хуралд оролцох үед хэлснээр хавтас хэргийн материалд ченж Оюун гэх хүний мэдүүлэг болон АТМ-ийн мөнгөний баримт зэрэг нотлох баримт нь хавтас хэргийн материалаас сугалагдсан байсан талаар хэлэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй. Хавтас хэргийн материалыг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Учир нь, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцанд нэвтэрсэн үйлдлийг Г зургаар баримтжуулсан баримтад хоёр хүний гутлын мөр байдаг. Миний бие Б.А нь үйлдсэн хэргийн үнэн зөвийг нь олуулж, нэг удаагийн шийтгэх тогтоолоор шийдүүлэх хүсэлтэй байсан. Анхан шатны шүүх нь ажлын үзүүлэлтээ бодон хэргийн үнэн зөвийг тогтоож өгөхгүй байгаад гомдолтой байна. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдан хорих төвд хоригдоод 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр түр хугацаагаар явж, Шархадны Сэтгэцийн эмнэлэгт сэтгэц үзүүлэхээр явсан. Тус өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, ахмад Баттөмөрт хүн амины хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 119 дүгээр цэргийн ангийн задгайд 4 ханатай гэртэй нь Оыг шатаан алсан хэргээ хүлээсэн. Анхан шатны шүүх тус хүн амины хэргээ хүлээсэн байдлыг хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлэлцсэн зүйлийг шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд гэрчийн мэдүүлэг зэрэг хэлэлцээгүй зүйлсийг оруулсан. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд хавтас хэргийн материалыг хуулж бичсэн, маргаантай асуудлын талаар огт оруулаагүй нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно. Миний бие хүн амины хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зарим нэг хохирлын асуудал дээр гомдолтой байгаа тул хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Б.Аыг хүний амь нас хохироосон, эд хөрөнгө хулгайлсан, эд зүйл залилсан гэмт хэргийн үйлдлүүдэд нь бүх насаар хорих ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нь хоёр хүн амины хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Хулгайлах гэмт хэргийн хувьд ченж Оюун зэрэг зарим гэрчүүдийг оролцуулах хүсэлтэй байдаг. Шүүгдэгчийн гомдолд дурдсан гэрч нарыг оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу шүүх тэдгээрийг дуудаж, шүүх хуралдаанд оролцуулах гэсэн боловч гэрч нар “очих шаардлага байхгүй” гээд ирээгүй. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аын үйлдлүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд шалгагдаж, нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.А нь:

            1. 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгайд оршин суух Ц.Оыг гэртээ унтаж байхад нь галдан шатааж алсан,

            2. 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51в байрны жижүүрийн 0 тоотод 52 настай иргэн Б.Гтуяагийн хүзүүн тус газарт хутгалж алсан,

            3. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд иргэн Д.Оийн цүнхнээс түрийвч, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 381.200 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санни таун” хотхоны 830 дугаар байрны 1 давхарт “Санни төв”-ийн 5а тоотод байрлах “Си Си Эм Жи” ХХК-ийн оффис буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Р.Аийн эзэмшлийн 5.500.000 төгрөгийг хулгайлан авсан,

            5. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төвд байх иргэн Н.Дийн эзэмшлийн хүнсний ногооны зоорь буюу агуулахад нэвтрэн орж, 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 6 хайрцаг сармис, 10 килограммтай сармис 3 ширхгийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч 1.925.500 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн хашаан доторх агуулахаас 1.920.000 төгрөгийн барааг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

            7. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууцны 1-13 тоот буюу орон байранд нэвтрэн орж, алтан ээмэг, бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн аяга, “Acer” загварын зөөврийн компьютер, үүргэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.518.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зааныхан” нэртэй дэлгүүрт иргэн Б.Игийн эзэмшлийн “Samsung S5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 144.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл Урлагийн их сургуулийн хойд талд байрлах цахилгаан дахин дамжуулах станцаас цахилгаан кабел холбож газар шорооны ажил хийж байх үедээ “захирал М цахилгаан утас авч яваарай гэсэн” гэж хуурч, 90 метр цахилгаан утсыг авч 895.500 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Оын гэрийг санаатайгаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган 500.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.НаранГийн “...Бид нар золгүй явдал болсон гэж итгэсэн байсан. ...Гэрийг нь 500.000 төгрөгөөр үнэлнэ. ...” /2хх 173/,

гэрч Л.Лхамжавын “...Урд айлын залуу гэртэйгээ шатсан гэж сонсоод очиж харсан. ...Манай гэрийн урд талд байрладаг ил газар дээр 2018 оны 10 дугаар сарын үеэр ганц бие залуу гэрээ барьсан. ...” /2хх 183-184/,

гэрч Д.Амгалантөгсийн “...0119 дүгээр цэргийн ангийн задгайд гэр дүрэлзээд шатаж байхаар нь 101 рүү залгаж дуудлага өгсөн. ...” /2хх 191-192/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хын “...Миний ээж Дорнод аймгаас 2018 оны 10 дугаар сард ирж ажил хийж амьдарч байсан. ...Би гомдолтой байна. Миний ээжийн амь насыг хохироосон хүнд хариуцлага оногдуулна уу. ...” /1хх 65/,

гэрч Г.Лхагвасүрэнгийн “ ...Б.Гтуяа орон дээр хувцастайгаа зүүн тийшээ харсан байдалтай байхаар нь би сэрээх гээд дуудаад таттал сэрэхгүй байсан. Б.Гтуяагийн хамраас цус гарсан гэмээр харагдаж байсан. Гэтэл Б.Гчимэг хараад “хоолойг нь зүсээд хаясан байна шүү дээ” гэж хэлэхээр нь хартал Б.Гтуяагийн хоолойг хэрчсэн, амьсгалгүй байсан. ...” /1хх 69-70/,

гэрч Б.Гчимэгийн “...Сэрэхэд Лхагвасүрэн, талийгаач Гтуяа эгч бид гурав байсан. ...Эгчийн хоолойгоос нь цус гарсан байсан. Би миний эгчийг энэ хутгаар алсан байна шүү дээ гээд хутгыг ... барьж аваад энэ хутгаар миний эгчийн хоолойг зүсээд алсан байна шүү дээ гэсэн. ...Эгчийн ... гараас нь барьж судасны цохилтыг нь үзэхэд судас нь цохилохгүй байсан. Эмнэлэг ирэхээс өмнө үхсэн гэдгийг нь мэдсэн. ...” /1хх 173-174/,

гэрч Б.Хүрэлтулгын “...Жижүүр эгч орон дээрээ хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн, хөл нь ил гарсан байдалтай унтаж байсан. ...Намайг хаалгыг нь тогшиж байхад үүдний хаалганы урд хэвтэж байсан хүн нь хөдөлж байсан. Бусад хүмүүс нь ямар ч хөдөлгөөнгүй байсан. ...” /1хх 76/,

хохирогч Д.Оийн “...Миний түрийвч болон бэлэн 370.000 төгрөг байхгүй болохоор нь Энхцэцэгээс асуухад таксинд суугаад мөнгө өгөх болоод цүнхээ үзтэл түрийвч чинь байхгүй байсан гэсэн. Би ногоо зардаг Дид 21 шуудай монгол сонгино, 16 шуудай төмс, 5 шуудай байцаа, 3 шуудай хүрэн манжинг өгсөн. Энэ ногоонуудын мөнгийг болон өөрийн хэтэвчний үнэ, бэлэн 370.000 төгрөгийг Ааас нэхэмжилж байна. ...” /3хх 74-75, 77/,

            гэрч Ш.Эрдэнэцэцэгийн “...Таксины мөнгө өгөх гээд О цүнхээ ухахад түрийвч нь алга болсон байсан. Тэгээд эргээд агуулах дээр ирж хайхад олдохгүй болохоор нь бид хоёр харих гээд эргээд явсан. Тэгээд би Оийг гэрт нь хүргэж өгөөд гэр рүүгээ харьсан. ...” /3хх 87/,

            хохирогч Р.Аийн “... Би ... өрөөндөө орсон чинь ... сейф онгорхой, мөн ширээний шургуулга эвдэрсэн байдалтай байсан. Шургуулга дотор байсан 5.500.000 төгрөг байхгүй болсон байсан. ...Цагдаа нар ирээд камерыг шүүж байгаад манай хамгаалалтын албаны хүнийг хулгай хийж байгаа талаар хэлсэн. Тийм учраас манай хамгаалалтын албанд ажилладаг Б.А гэдэг хүн хулгайлсан болж байх шиг байна. ...” /2хх 98-99/,

            гэрч С.Даваажавын “...Би “Санни таун”-ы баруун талын хоосон хашааг хардаг харуул байгаа юм. А гэх нэртэй залуу “би машинаа зарлаа, мөнгөтэй байна, хамтдаа хоол авч идье” ... гэж хэлээд, тэгээд надад “такси манай тэнд байгаа, тийшээ очъё” гэж хэлэхээр нь би байраа цоожлоод араас нь очиход тэр залуугийн байдаг манаачийн байрны хажуу талаас жижиг цагаан тэрэг ухраад гарч байсан. ...” /2хх 100/,

гэрч С.Оын “... Өөрийн эзэмшлийн 18-40 УНР улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад тээврийн товчооноос хүүхэн залуу хоёр гар өргөхөөр нь авч суулгаад “Санни таун” гэх ... байранд очиж ... буулгаад буцаад ухраад гарах гэж байтал нэг залуу гар өргөсөн. Тэр залуу хамгаалалтын албаны хувцастай байсан. ...Тэгэхээр нь хаашаа явах юм гэхэд “...би сая чамтай уулзахаасаа өмнө автомашинаа зараад ирсэн, надад мөнгө төгрөг байгаа, санаа зоволтгүй” гэж хэлсэн. ... Тэр үед надад өөрийгөө А гэж хэлж байсан. ...Халааснаасаа надад 100.000 төгрөг гаргаж өгсөн. ...” /4хх 137-138/,

            хохирогч Н.Дийн “...Лувсанцэрэн над руу залгаад “ногооны агуулахын хаалга эвдсэн байна, дотроос нь ногоо алга болсон байна, Чойжилсүрэн цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. ...А 2018 оны 7 дугаар сард манай агуулахад ирж ачигч хийх болсон. ...Би Аыг цалинжуулаад агуулахын түлхүүрийг хувилж өгсөн. Миний ногоо хадгалдаг зоориноос 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 10 килограммтай сармис 3 ширхэг алдагдсан. ...Би Оээс өөрийнхөө ногоо болох 21 шуудай монгол сонгино, 16 шуудай төмс, 5 шуудай байцаа, 3 шуудай хүрэн манжинг буцаан авсан. ...Ааас үлдэгдэл хүнсний ногоо болох 1 шуудай монгол сонгино, 1 шуудай төмс, 1 шуудай байцаа, 1 шуудай хүрэн манжин, 10 килограммтай сармис 3 шуудайг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. ...” /3хх 67-68, 70-71/,

гэрч Ж.Сарантуяагийн “...2018 оны 9 дүгээр сард Б.А нь манайд ачаа зөөгчөөр ажилд орсон юм. ...12 дугаар сард манай зоориноос ногоо хулгайлж Оюунтулхүүрт зарсан. ...” /2хх 197-198/,

гэрч Д.Оийн “...Чойжоо манай агуулахаас ногоо алга болсон байна, танай ногоон дотор манай ногоо холилдсон байсан гэж хэлэхээр нь би өөрийн хураалгаатай байсан ногоогоо шалгахад миний худалдаж аваагүй ногоонууд нэмэгдсэн байсан. ...Ямар учраас Даваагийн ногоо манай ногоотой нийлснийг мэдэхгүй байна. Азаа гэх хүнийг танина. Тухайн үед манай агуулахаар яаж орж ирснийг мэдээгүй. ...Би Дид 21 шуудай монгол сонгино, 16 шуудай төмс, 5 шуудай байцаа, 3 шуудай хүрэн манжинг буцааж өгсөн. ...” /3хх 83/,

гэрч Ш.Эрдэнэцэцэгийн “...Улаан куртка өмссөн Азаа ганцаараа 19 цаг өнгөрч байхад орж ирсэн. ...Дийн хүү Чойжоо манай ногоо танай ногоотой холилдсон байна, яахаараа холилддог юм бэ гээд Отэй яриад байсан. ...” /3хх 87/,

гэрч Д.Гийн “...Би Отэй хамт нэг агуулахад ногоогоо хадгалдаг юм. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд Хархорин зах дотор байдаг ногооны агуулах руугаа ороход О, Цэцэгээ, А нар согтуу сууж байсан. Би ногоогоо ачиж дуусаад гарсан. ...” /3хх 91/,

гэрч Г.Лхагвасүрэнгийн “...Би Ад 15-16 орчим шуудай төмс, 4-5 орчим шуудай байцаа, 3-4 орчим шуудай хүрэн манжин, 3-4 орчим шуудай манжинг өргөлцөж өгсөн санагдаж байна. Тухайн шуудайтай хүнсний ногоонуудыг хажуу талд нь байх ногооны зоорь руу зөөж байсан. ...А нь надад би өөрөө ногооны зооринд ажилладаг гэж хэлсэн. ...” /1хх 71-72/,

            хохирогч Ч.Шын “...Зарын дагуу Б.А гэх залуу ирээд өдрийн 25.000 төгрөгөөр 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. ...9 дүгээр сарын 9, 10, 12-ны өдрүүдэд ажиллаад 13-ны өглөө намайг ажилдаа ирэхэд манай агуулахын цоож эвдэрсэн байсан. Тэгээд би 14 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн хяналтын камерыг шүүж үзэхэд А өглөө 8 цаг 30 минутын орчимд тэргэн дээр саатай эмжээр 2 хайрцгийг, цацаг 1 шуудайг, нийт 3.500.000 төгрөгийн бараа ачиж түрээд захаас хойш чиглээд явж байгаа дүрс бичигдсэн байсан. ...” /3хх 137-138/,

гэрч Б.Отгоны “...9 дүгээр сарын 13-ны өглөө ажилдаа иртэл агуулахын хаалгыг эвдэлсэн, ачаатай бараа нурсан, 2 хайрцаг тууз байхгүй байхаар нь Нарантуулын хэсгийн цагдаа дээр очоод хяналтын камер шүүж үзэхэд 2 хайрцаг тууз, шуудай цацаг зэргийг манай жижиг гар тэргэн дээр түрээд Нарантуул захын арын хаалгаар гараад явж байгаа дүрс бичигдсэн байсан. ...” /3хх 146/,

гэрч Д.Гийн “...А нь надад нэг усны тэрэг гээд цэнхэр өнгийн хоёр дугуйтай усны тэргийг 25.000 төгрөгөөр зарж байсан. ...” /3хх 93/,

хохирогч П.Гийн “...Тухайн үед ирэхэд ... тог тасарчихсан, харанхуй, гэрийн цоож зүгээр, онгойлгоод ороход том өрөөний том шүүгээнүүдийн юмнууд унагаачихсан, өөрийнхөө өрөө рүү ортол мөн адил шүүгээнүүд онгорхой, 2 давхар руу гартал манай дүүгийн өрөөний тагтны цонх онгорхой байхаар нь хулгайч орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 45/,

гэрч Б.Чанцалмаагийн “...Өрөөндөө орох үед ширээн дээр байдаг ээмэг, бөгж бусад зүйл хийдэг хайрцаг онгорхой, дотор нь байсан эд зүйлс алга болсон байсан. Г нь өөр бусад өрөөгөө шалгаж үзэхэд том өрөөний шүүгээ онгорхой, мөнгөн аяганууд алга болсон, 2 давхарт байдаг бусад өрөөнүүдийг шалгахад зарим өрөөнд ороогүй байсан. ...” /4хх 46-47/,

гэрч Б.Батцогтын “...Би эгч рүү залгаж “тог ирсэн үү” гэж асуутал “гэрт хулгай орсон байна” гэхээр нь би ирсэн. ...” /4хх 55/,

гэрч П.Ганхуягийн “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр миний төрсөн дүү Г ... “гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь эхнэр, хүүхдээ авч ирээд эд зүйлээ бүртгэхэд хүү Билгүүний ашигладаг 2012 онд Тайвань улсаас худалдан авч байсан “Аcer” загварын, 15 инчийн дэлгэцтэй, хар өнгөтэй, дотор талдаа саарал өнгөтэй, товчлуур нь хар өнгөтэй, товчлуурын баруун доор байрлах сум заасан товчлуур, зүүн доод талын “АLT” бичиг бүхий товчлуур нь ажилладаггүй зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. ...” /4хх 56-57/,

хохирогч Б.Игийн “... “Зааныхан” нэртэй дэлгүүртээ 23 цагийн үед ... манай дэлгүүрээр байнга орж ирдэг ахтай цуг нэг ах орж ирээд тэр хоёр 1 шуудай мод, 1 шуудай нүүрс аваад гараад явсан. Тэгээд ойролцоогоор 30 орчим минутын дараа нөгөө байнга орж ирдэг ахтай цуг явж байсан ах орж ирээд 0.75 литрийн Хамаг монгол нэртэй архи, бидний кола ундаа, нэг ширхэг хиам аваад тооцоогоо ... хийгээд зогсож байгаад лангуун дээр байсан миний “Samsung S5” загварын гар утсыг шүүрч аваад гарч зугтаасан. ...” /2хх 178/,

хохирогч Д.Мийн “...Азаа болон өөр нэг залууг өдрийн 30.000 төгрөгөөр хөлслөн ажиллуулахаар болсон юм. 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Азаа 90 метр цахилгааны утсыг маань аваад явчихсан юм. ...” /3хх 195-196/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...Дэлгүүрт ороод 1 ширхэг хиам, 1 ширхэг бидний ундаа аваад, тэр дэлгүүрт хиамаа идэнгээ нөгөө охинтой юм ярьж зогсож байхад лангуун дээр нь “Samsung S5” загварын гар утас байхаар нь худалдагч охинд “цаад лангуу дээр байгаа зүйлээ аваад өгөөч” гэж хэлээд эргэж харангуут нь цэнэглэсэн байсан гар утсыг нь аваад гараад гүйсэн. Тэгээд би тэндээс гараад шууд Оын гэр рүү нь гүйж ... ороод, архиа задлаад өөрөө нэг татаад 5 минутын дараа гэрээс гарсан. Тэгээд би гэрээс гарч 2-3 алхаад явж байгаад буцаж ороод гэрийг нь шатаая гэж бодсон. Тухайн үед бол гэрийг нь шатаая л гэж бодогдоод байсан. Тэгээд би эхлээд баруун талын орны хэсгийн ханын хөшигнөөс нь асааж эхэлсэн. Тэгээд хөшиг муу асаад байхаар нь зүүн талынх нь хөшигнөөс нь асаагаад гэрээс нь гараад явсан. Тэгээд би гарахдаа хаалгыг цоожлоод түлхүүрийг урд талын жижигхэн жалга руу шидээд урд талын гудамж руу гүйсэн. Гүйж байгаад гудамжны өнцөг дээр очоод гар утас авсан дэлгүүр рүү нэг хараад, гал тавьсан гэр рүү нэг харж байх үед гэрийн зүүн дотор талаас гал дүрэлзэж эхэлсэн. ...” /4хх 154-159/,

“...Ядам өвгөний эхнэр намайг “чи одоо зайл” гэж хэлээд хөөгөөд байхаар нь би яах гэсэн юм бэ эгчээ, та одоо унтчих гэж хэлээд Г унтраагаад хажууд нь очиж суусан. Тэр эмэгтэй миний бие рүү 2 гараараа цохиод зайл гээд хөөгөөд байхаар нь би тэр эмэгтэйг хөнжлөөр хучаад хоолойг нь 2 гараараа боосон. ...Тэгсэн чинь тэр эгчийн хаанаас юм мэдэхгүй цус садраад байсан ба миний гар цус болчихсон. ...Би орны хажууд байсан шүүгээнээс шар иштэй хутга аваад хүзүү рүү нь өнгөцхөн хатгах гэсэн чинь аягүй хурдан хутганы үзүүр хүзүү рүү нь яваад орчихсон. Тэгэхээр нь би сандарсандаа хутгаа сугалж аваад дээгүүр нь хөнжлөөр нь бүтээгээд хутганы бариулыг том эрээн өнгөтэй алчуураар арчаад Лхагваагийн хажууд хутгаа хаяад, өөрийнхөө торонд хийсэн байсан хар өнгөтэй куртка болон хутганы бариул арчсан том эрээн өнгөтэй алчуур, 0,75 литрийн 1 шил архи зэрэг эд зүйлсийг аваад гэрээс нь гарч явсан. ...” /1хх 170-174/,

“...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ... “Санни таун” хотхонд хамгаалалтын албанд ажиллаж байхдаа борлуулалтын албаны өрөөнд тороосыг нь тасдан орж, сейфэнд байсан 5.500.000 төгрөгийг хулгай хийж авсан. ...” /4хх 151/,

“...2018 оны 6 дугаар сард ажилд авна гэсэн зарын дагуу ... Штай уулзаж туслах ажилтнаар ажиллахаар болсон. ...Тэгээд 9 дүгээр сарын 13-ны өглөө 7 цаг 40 минутын орчимд бараа хураадаг контейнер буюу агуулахын хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод 2 ширхэг бананы хайрцагтай тууз, 1 шуудай цацаг зэргийг аваад жижиг тэргэн дээр түрээд явсан. ...” /3хх 153-154/,

“...Тэр байшингийн үүдний өргөтгөлийн хажуу хэсгээр тагт руу нь гарч вакум цонхтой байсныг мөрлөж онгойлгоод орсон. Тэгээд ороход ортой, мөн жижиг шургуулгатай ширээ байсан. Тэр ширээн дээр эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэл байсан. Шүүгээг онгойлгоход дотор дөрвөлжин жижиг хайрцагтай ээмэг, бөгж байсан. Хажууд нь гялгар уут байсан тул тэр уутанд бүх ээмэг, бөгжийг нь хийгээд халаасандаа хийсэн. ...Тэгээд тэр шкафыг онгичсон. Тэр дотроос би нэг үүргэвч байсныг аваад зурагтын тавиурын шургуулгуудыг ухахад тэр дотроос нэг зөөврийн компьютер гарч ирснийг үүргэвчинд хийсэн, цаад талд нь байсан шургуулгаас бас л жижиг сажиг зүйл авсан. ...Эсрэг талын нэг өрөөнд ороод тавиур дээрээс 2-3 ширхэг мөнгөн аяга авсан. ...Дараагийн өрөөнд ороход шилэн нүүртэй, бараан өнгийн шкаф шиг юм байсан. ...Шкафны доод талын 2 тийшээ дэлгэгддэг хаалгатай шургуулгаас алт гэмээр 2 ширхэг шаргал өнгийн аяга авсан. ...Мөн буланд ... 1 боодол мөнгө байсныг авсан. ...” /4хх 61, 154-159/,

“...Би Д.М гэх хүний 90 метр утсыг ажил хийж байх үедээ худал хэлж авч явсан. Сүүлийн өдөр цалин өгөөгүй болохоор аваад явсан юм. ...” /3хх 212-213/,

Хүзүүний зүүн талын шарх нь залгиурыг гэмтээснээс амьсгалын замд цус орсноор амьсгал бүтэж нас барсныг, ...талийгаачийн биед хүзүүний зүүн тал дахь залгиурын хана гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 320 дугаартай /1хх 87-88/,

Б.Аыг болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болохыг, ... мөн сэтгэцийн ямар нэг өвчингүй болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 317 дугаартай /1хх 119/,

талийгаач Н.О нь угаарын хийн цочмог хордлогын улмаас нас барсныг, ...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр биеийн гадаргын түлэгдэл бүхий гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 55 дугаартай /2хх 213-216/,

цахилгаан утсанд цахилгааны богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй болохыг тогтоосон Гамшиг судлалын хүрээлэн, аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 9/195 дугаартай /2хх 204/,

шатах шингэн илрээгүй болохыг тогтоосон Гамшиг судлалын хүрээлэн, аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 9/197 дугаартай /2хх 207/,

ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй болохыг тогтоосон Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 31/2620 дугаартай /210-211/,

Аыг папилон санд МN000310007605, 27177733, МN0000БГД00376, МN005210009958, МN000210026276, МN005210000984 гэсэн дугаараар 6 удаа бүртгэгдсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/176 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2хх 105-111/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 184-190/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Г зургийн үзүүлэлт /1хх 10-18, 2хх 78-81, 2хх 133-137, 169, 141-145, 3хх 48-52, 3хх 120-124/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Г зургийн үзүүлэлтүүд /1хх 19-21, 2хх 146/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 102-103, 3хх 96-97, 3хх 156-157, 3хх 161-162, 3хх 165-167, 2хх 230-231, 3хх 204-205/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Г зураг /2хх 165-167, 3хх 133, 2хх 165-167, 3хх 188-192/, DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 126-127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хуулийн тайлбарт “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. ... “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Аын хохирогч Р.Аийн албаны өрөөнд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Аын хохирогч Р.Аийн оффис буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 5.500.000 төгрөгийг хулгайлан авсан үйлдэлд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн шинж байхгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол ...” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч Б.Аын хохирогч Р.Аийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 5.500.000 төгрөгийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Аын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр нь нэг зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Прокуророос Б.Аыг “...2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51в байрны жижүүрийн 0 тоотод 52 настай иргэн Б.Гтуяагийн хүзүүн тус газарт хутгалж алсан, 2018   оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн задгай тоотод оршин суух Ц.Оыг гэртээ унтаж байхад нь гал тавин гаднаас нь цоожилж, шатаан алсан тус тус гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн, хоёр хүнийг амь насыг санаатайгаар хохироосон, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7-д зааснаар, ...” гэж тухайн зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хоёр үйлдэл тус бүрт хамааруулан яллах дүгнэлт үйлджээ.

Харин анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Б.Аын амь хохирогч Н.Оыг унтаж байхад нь гэрт нь гал тавьж, улмаар бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулах зорилгоор гэрийг гаднаас нь цоожилж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу шатааж алсан, амь хохирогч Б.Гтуяаг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, ийнхүү өөр өөр цаг хугацаанд 2 хүнийг санаатайгаар алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм. Шүүгдэгч уг үйлдлүүдийг хийснээр хүрэх үр дүнг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. ...” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг үйлдэл бүрээр ялган дүгнэснийг хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзэв.

Иймээс прокуророос шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.7 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчлөв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Аын 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байдалд дүгнэлт хийж, түүнийг бүх насаар нь хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.А “...Миний бие хүн амины хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Дийн хохирлыг нарийвчлан судлан тогтоогоогүй асуудал дээр гомдолтой, хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Н.Дийн эзэмшлийн хүнсний ногооны зоорь буюу агуулахад нэвтрэн орж, 22 шуудай монгол сонгино, 17 шуудай төмс, 6 шуудай байцаа, 4 шуудай хүрэн манжин, 6 хайрцаг сармис, 10 килограммтай сармис 3 ширхгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, нийт 1.925.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч гэрч Г.Лхагвасүрэн /1хх 71-72/, гэрч Д.О /3хх 74-75, 77/, гэрч Ж.Сарантуяа /2хх 197-198/, гэрч Ш.Эрдэнэцэцэг /3хх 87/ нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Г зургийн үзүүлэлтүүд /3хх 48-52/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэсэн хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Прокуророос Б.Аын хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “...бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ..." гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ