Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0768

 

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч Э.Цэвээндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэвээндорж, Д.Наранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаар шийдвэрээр: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.6, 27.7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэвээндорж, Д.Наранчимэг нарын 2500011466 тоот актын Тогтоох хэсгийн Нэгийн “а” заалтыг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Цэвээндорж, Д.Наранчимэг нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: “Нэхэмжлэгч нь үнэт цаасны хөрөнгө оруулагчдын бэлэн мөнгийг арилжааны банкуудын хадгаламжийн болон харилцах дансанд байршуулж тухайн банкнуудын дотоодын хүүгийн ерөнхий нөхцөлийн дагуу хүү бодогдон нэхэмжлэгч компанид хүүгийн орлого болон ордог гэдэг нь талуудын тайлбар, арилжааны банкнуудад байршиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны мэдээлэл, банкнуудын тодорхойлолт зэрэг баримтуудаас тогтоогдож байна” гэж дүгнэсэн хэрнээ “дээрх мөнгийг банкинд байршуулснаар зээл олгох эх үүсвэрийг банкинд би болгох, үүнтэй холбоотой үндсэн хөрөнгийн багцыг бүрдүүлдэг гэж ойлгохоор байна” гэсэн нь “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь арилжааны банкуудын хөрөнгө оруулагч мэтээр ойлголт өгөхөөр байна. Мөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд арилжааны банкинд хадгалуулсан хүүгийн орлогын талаар зохицуулалт байхгүй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хүүгийн орлогын талаар зохицуулж өгсөн байдаг. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь арилжааны банкуудад харилцан адилгүй өндөр үнийн дүнгээр гэрээ хийн харилцах дансны хадгаламжийн хүүгийн орлого олдог болохыг банкуудтай хийсэн гэрээ, банкуудаас ирсэн албан бичгүүд нотолдог.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно...”, 12.1.34-д “...тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр...” гэсэн зардал эзэлж байгаа болно. Орлогын хувьд тухайн компанитай холбоотой тусгайлсан заалт байхгүй. Банкинд байршуулж хүүгийн орлого олж байгаа нь тухайн компанийн хувьд багц бүрдүүлэх зорилготой үйл ажиллагаа биш юмаа. Харин тухайн компанийн үндсэн үйл ажиллагааны орлого нь орон сууц худалдан авч байгаа иргэдийн төлж байгаа хүүгийн орлогын тодорхой хэсэг гэдгээр ойлгогдоно. Банкуудад хадгалуулсан харилцах дансны хүүгийн орлого нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагааны орлого биш хөрөнгийн орлого гэдгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зохицуулж өгсөн байна.

Хүүгийн орлого гэдэгт “Монгол улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн, мөнгөн хөрөнгөө өөрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зээлдүүлж авсан хүү, банк, хадгаламж зээлийн хоршоодоос олгож байгаа хадгаламжийн зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/-ын хүү, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, нөхөн төлбөрийн орлого, вексельд заасан төлбөрийн сарын эсхүл жилийн хүү” багтдаг тул татварын улсын байцаагчийн “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-д 111,503,823.2 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө” гэжээ.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх шалгалтыг хийгээд татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 250011466 дугаар актын Тогтоох хэсгийн “а” заалтаар 2013 онд банкин дахь харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгахдаа нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогод оруулан тайлагнаж, тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.3.4, 17 дугаар зүйлийн 17.2.6, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-д заасныг үндэслэн 85772171.72 төгрөгийн нөхөн татвар, 25731651.52 төгрөгийн торгууль ногдуулжээ.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа хуулиар зохицуулагдсан тодруулбал, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд зааснаар хувь нийлүүлэгч банк болон бусад санхүүгийн байгууллагаас хөрөнгө шилжүүлэн авах, хуримтлуулах, барьцаат үнэт цаас гаргах, хөрөнгийн багц бүрдүүлэх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбоотой бусад үйл ажиллагаа явуулдаг, өөрийн хөрөнгө нь зөвхөн мөнгөөр бүрдэж, арилжааны банкуудаас орон сууцны зээлийн багц буюу барьцааны эрх, зээлийн шаардах эрхийг худалдан авч, үүндээ үндэслэн үнэт цаас гаргаж, арилжааны банкуудад  худалдах, хүлээн авсан төлбөрөөс арилжааны банкуудаас багц худалдан авах, төлбөр тооцоо, үнэт цаасны хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажиллагаатай холбоотой бүх төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт зэрэг нь  арилжааны банкууд дахь тухайн компанийн дансанд байршиж бэлэн бус хэлбэрээр хийгддэг байна.

Үүнээс үзвэл Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 /хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн хөрөнгийг эзэмших, удирдах/-д заасан үүргийнхээ хүрээнд үүсгэн байгуулсан тусгай зориулалтын компаниудын хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг худалдан авч буй хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж орон сууцны зээлийн багц хөрөнгийн баталгаанд шаардах эрхийг шилжүүлэн авсан зээлийн авлагын нэгдсэн хөрөнгө, түүнээс цугларсан мөнгөн хөрөнгийг зохих журмын дагуу арилжааны банкуудын хадгаламжид байршуулснаас олсон орлого буюу арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгөөс орж ирж байгаа хүүгийн орлого нь тухайн компанийн үйл ажиллагааны орлогод хамаарахаар байна. Тиймээс уг компанид энэ төрлийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11.-д зааснаар нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдуулахаар байна. Гэтэл хариуцагч улсын байцаагч нар дээрх орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагаанаас гадуур олсон орлого болох хөрөнгийн орлогын буюу хүүгийн орлого гэдэгт хамааруулж тусгай журмаар татвар ногдуулна гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР