Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00759

 

Л.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01482 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1590 дүгээр магадлалтай,

Л.Нн нэхэмжлэлтэй,

........д холбогдох,

Гэм хорын хохиролд нийт 98,620,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Н болон түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, прокурор Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч ........д холбогдуулан эм, эмчилгээ, замын зардал 20,414,825 төгрөг, цалин тэтгэврийн зөрүү 78,206,107 төгрөг, нийт 98,620,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01482 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ........өөс 87,728,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, үлдэх 10,892,767 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 102,073 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 596,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1590 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...87,728,166...” гэснийг “...63,238,459...” гэж, “...10,892,767...” гэснийг “...35,382,474...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...596,590...” гэснийг “...474,142...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2020.08.05-ны өдөр хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч би эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ГССҮТ-д хандаж тус байгууллагын эмч нар мэс засал хийх үедээ нэмж гэмтэл учруулан эрүүл мэндэд минь гэм хор учруулсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тогтоосон боловч гэм хорын хохирлыг 2 шатны шүүх буруу тооцсон. Эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас БНХАУ-д 2 удаа, ОХУ-д 2 удаа хагалгаа хийлгэсэн. Мөн ГССҮТ-д эмчлүүлсэн. Мөн гэмтэлтэй холбоотой гарсан эм, тариа, шинжилгээний төлбөрт гарсан зайлшгүй зардлаас 2 шатны шүүх 20,414,825 төгрөгөөс үндэслэлгүйгээр 10,892,767 төгрөгийг хассан нь буруу, ОХУ-д хагалгаанд 2 удаа ороход 2013.11.13-нд 7,221,455 төгрөг, 2013.12.03-нд 890,100 төгрөг, 2014.08.19-нд ОХУ-ын Кызыл хотод хагалгаанд орсон 137,066 төгрөг. Ингээд ОХУ-д эмчлүүлсэн болон замын зардалд бүгд 8,248,621 төгрөг. БНХАУ-д 10,222,793 төгрөг, ГССҮТ-д олон эм, тариа, шинжилгээний төлбөрт 1,943,410 төгрөг, бүгд 20,414,825 төгрөг зарцуулсан нотлох баримтаа өгсөн байхад нотлох баримтыг буруу үнэлж 10,892,767 төгрөгийг юуны зардлаас хасч байгаа нь шийдвэрт тодорхой заагаагүй.

4.2. Мөн цалин тэтгэврийн зөрүүг тооцохдоо давж заалдах шатны шүүх тооцооны алдаа гаргасан. Тухайлбал, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар “дундаж цалин хөлс тодорхойлох журам” баталсан бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа билээ. Л.Н би 2011.07.31-ний өдөр осолд орсон. Гэтэл 2011 оны 4, 5, 6, 7 сард авсан цалингийн дунджаар тооцохдоо үүнээс харьцангуй тогтмол шинжтэй 4, 5, 6 сарын цалин хөлсний дунджаар (1,250,000+1,250,000+1,482,941):3=1,327,647 төгрөг гэж тооцсон нь буруу. “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаарт” хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заасан байхад шүүх 2011 оны 4, 5, 6 саруудаар тооцсоныг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч 2011 оны 5, 6, 7 сард бүтэн ажиллаж авсан цалингаасаа нийгмийн даатгал төлсөн учраас 2011 оны 5 сард 1,250,000 төгрөг, 2011 оны 6 сард 1,482,841 төгрөг, 2011 оны 7 сард 2,894,988 төгрөг, бүгд 5,627,829:3=1,875,943 төгрөг бол дундаж цалин. Л.Н нь 2012 оны 10 сараас 2016 оны 4 сарыг дуустал 43 сар хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд хэрэв ажлаа хийж байсан бол 43*1,875,943=80,665,549 төгрөг дунджаар авах байсан байжээ. Иймд 80,665,549 төгрөгөөс энэ хугацаанд авсан тахир дутуугийн тэтгэвэр 14,644,584 төгрөгийг хасвал 66,020,965 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн учраас давж заалдах шатны шүүхийн магадлалаар 53,716,400 төгрөг гэснийг өөрчлөн үүний зөрүү 12,304,560 төгрөг, БНХАУ-ын Хөх хотод эмчлүүлсэн, мөн ОХУ-д эмчлүүлсэн, ирж очихын зардал, Монгол улсад эмчлүүлсэн зардлаас үндэслэлгүйгээр хассан 10,892,767 төгрөг, бүгд 23,197,332 төгрөгийг нотлох баримтын хүрээнд үнэлж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Л.Н хариуцагч ........д холбогдуулан гэм хорд 98,620,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх төлбөрийг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Нэхэмжлэгч Л.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “2011.07.31-ний өдөр ахуйн осолд орж хөлөө хугалсан, тухайн өдөр ........д хандаж оношлуулсан боловч ор байхгүйн улмаас маргааш нь эмнэлэгт хэвтсэн, улмаар хагалгаанд орсон, гэвч хөлний хугарал бүрэн эдгээгүй хүндрэл гарч, удаа дараа эмчилгээ хийлгэсэн, хөдөлмөрийн чадвар алдаж группт орсон нь тус эмнэлгийн эмч нарын буруутай буюу хагалгаа хийх явцад ясыг нэмж хугалснаас болсон” гэж эм, эмчилгээ, замын зардал 20,414,825 төгрөг, авч байсан цалин, тэтгэмжийн зөрүү 78,206,107 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан, хариуцагч “ эмнэлэг зохих эмчилгээг хийсэн, эмч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул гэм хорыг төлөх эрх зүйн үндэслэлгүй” гэж маргажээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ........ийн эмч нарын гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

Тухайлбал, нэхэмжлэгчид учирсан гэмтэл, эмчилгээ хийлгэсэн байдлын талаар болон шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан ба эдгээрээс үзэхэд хариуцагч ........ийн хагалгаа хийсэн эмч нарын буруутай үйлдлээс буюу нэхэмжлэгчийн баруун хөлийн шилбэний шаант ясны хугарлыг хадах мэс заслын үед ясны гадна кортикал давхаргад жижиг сөлтөрсөн хугарал үүсгэсний улмаас ясны идээт үрэвсэлээр хүндэрч яс, зөөлөн эд, арьс үхэжсэнээс бороолохгүй удаа дараа эмчилгээ хийлгэсэн, мэс засалд орсон нь тогтоогдсон байна.

10. Нэхэмжлэгч эм, эмчилгээ, бусад зардалд 20,414,825 төгрөг шаардсанаас анхан шатны шүүх нийт 9,522,059 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж үзсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангуулахаар хяналтын гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг хийж шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тогтоогдож буй гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний болон замын зардал, бичиг баримтын орчуулгын зардал зэргийг гаргуулсан байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж, 7 дугаар зүйлийн 7.4-т гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч ОХУ-д 2 удаа, БНХАУ-д 2 удаа эмчилгээ хийлгэсэн тухай баримтыг гаргасан боловч түүний гаргасан зарим баримт эх хувиар бус түүнчлэн нотариатчаар гэрчлүүлээгүй байна. Иймээс шүүх зарим нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй тул дурдсан үндэслэлээр 20,414,825 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

12. Нэхэмжлэгч Л.Н осолд орох үедээ “Транс вест Монголиа” ХХК-д хүнд механизмын засварчинаар ажиллаж байсан бөгөөд 2011 оны 4 дүгээр сараас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаснаас группт орсон нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар авах байсан цалин, олгосон тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй, эдгээрт нийт 78,206,107 төгрөг нэхэмжлэгч шаардсаныг анхан шатны шүүх гаргуулж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Л.Нн авч байсан 1 сарын цалин хөлсийг 2011 оны 4, 5, 6-р саруудын нийлбэрийн дунджаар буюу сарын 1,327,647 төгрөгөөр тогтоож, ийнхүү дүгнэлт хийхдээ эдгээр 3 сарын цалин хөлс нь харьцангуй тогтмол шинжтэй байна гэж, нэхэмжлэгчийн авч байсан тэтгэмжийн ихэссэн өөрчлөлттэй холбоотой цаг хугацаагаар тодорхойлж нийт 53,716,400 төгрөг гаргуулсан байна.

13. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын гомдлын нэг үндэслэл болгосон ба гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар цалин хөлсний дунджийг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсийн дунджаар тодорхойлно гэж заасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн тооцоллоо 2011 оны 5, 6, 7-р сарын дундажаар 1,875,943 төгрөгөөр тооцсон үүнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх гагцхүү харьцангуй тогтмол шинжтэй гэсэн дүгнэлт хийж сарын дундаж цалин хөлсийг бууруулсан нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээс үзвэл, нэхэмжлэгч Л.Н 2011 оны 4-р сард 1,250,000 төгрөг, 5-р сард 1,250,000 төгрөг, 6-р сард 1,482,941 төгрөг, 7-р сард 2,894,988 төгрөгийн цалин тус тус авчээ.

Дээрх байдлаар 7-р сарын цалин бусад сараас харьцангуй их боловч үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлст тооцогдохгүй мөнгө орсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1590 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын 2020.08.17-ны өдөр 273,937 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД