Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2018/0361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.М, шүүгч Ц.О, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад, нэхэмжлэгч Н.у.а.х НҮТББ-ын тэргүүн О.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш, Г.У, Ш.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, М.Б, Г.Э, гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Т.О, Б.Ж, гуравдагч этгээд С.мХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Н.у.а.х НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Н.у.а.х НҮТББ.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Гуравдагч этгээд: "С.а" ХХК

Гуравдагч этгээд: Монгол Улсын Засгийн газар.

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр С.м ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон *******А, *******А, *******А, *******А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.у.а.х НҮТББ-ын тэргүүн О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Энэхүү үйл явдал нь нутгийн болон Монгол Улсын иргэдийн Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. Монгол хүний өвөг дээдсийн шарил, бунхан, соёлын үнэт өв соёл, байгалийн үзэсгэлэнт газар, тогтоц, нуур цөөрөм, горхи булаг рашаан, ховор өвс ургамал, ан амьтан араатан жигүүртэн, хүн малын амь нас эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах байдал зэрэг хуульд заасан жам ёсны бүх эрхүүд алдагдан дээрхи объектууд бүгд устан үгүй болох бодит нөхцөл үүсээд байна.

Үүний эсрэг нутгийн зон олон, монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс бүгд нэгдэн тэмцэл хийж жагсаал, цуглаан зохион байгуулан үймээн самуун үл ойлголцол үүсэж хүчирхийллийн шинжтэй болж болзошгүй байдалд хүрч байна. Мөн дээрх тусгай зөвшөөрлүүд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 4 дүгээр зүйлийн 4.1, 4 6, 4.5, дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байна. Энэхүү газар нь ойн бүс болон усан сангийн эх урсац газарт хамрагддаг байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд хэрвээ үйлдвэрлэл явагдаад ирвэл эдгээр зүйл бүгд хүнцэл, цианит зэрэг химийн хорт бодист уусан устах юм. Маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх шатанд бид өлсгөлөн зарлах, эрх бүхий байгууллагуудад хандан эдгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг удаа дараа хүсч байсан боловч ямар нэгэн шийдвэртэй хариу өгөөгүй. Ингээд төрийн дээд байгууллагуудын хариуг хүлээсний эцэст ТХШАТХ-ийн 14.1 дэхь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Ашигт малтмалын газрын даргад хандахад Кадастрын хэлтсээрээ дамжуулан 6/3997 тоот мэдэгдлээр эцсийн хариугаа өгч байх тул ЗХХШТХ-ийн 12.1.2, 12.2 дахь хэсгийг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.у.а.х НҮТББ-ын тэргүүн О.Ц шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Ашигт малтмал, газрын тосны газар, гуравдагч этгээд "С.а" ХХК нь усны судалгаа нэг ч удаа хийж байгаагүй бөгөөд тус олборлолт хийх талбай нь цэвэр усны ундарга бүхий газар юм. Иргэн хүн газар эзэмших, өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагаас авахын тулд шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргадаг атал гадаадын хөрөнгө оруулалттай компанид шаардлагатай судалгаагүйгээр, хууль бусаар зөвшөөрөл олгосон байна. "С.а" ХХК-иас зөвшөөрөлгүйгээр зам тавьсных нь төлөө сүйтгэсэн ой мод, хүүхдийн зуслан, Гачууртын голыг тасалж далан барьсан зэрэг бүх төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Н.у.а.х НҮТББ-ын өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагад 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах байсан ба захиргааны хэрэг үүсгэсний дараа дахин 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Тухайн газар нутаг нь байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд эрт дээр үеийн үнэт дурсгал, Хүннү гүрний үеийн шарил, хэрэгсүүр, булш бунхан байгаа нь 1800 оноос хойшхи археологийн маш олон судалгаануудаар тогтоогдож байна. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан "С.а" ХХК нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг авч, хэсэг хугацааны дараа буюу 2005 оноос эхлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Тус талбайн хэмжээ нь 3000 гектар талбайг хамрах ба 5-6 уулын хүрээлэн буй орчныг эвдэн сүйтгэх, далайн төвшнөөс дээш 3000 метрийн өндөрт оршдог тус газрыг доош 200 гаруй метрийн гүнд ухаж олборлолт хийснээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл байдал үүсч байна. Тухайн орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих болно. Учир нь хүнцэл хэмээх хорт бодис амьсгалах агаарт дэгдэх ба Хараа болон Ерөө гэх мэт олон гол, байгалийн үзэсгэлэнт газрын унаган төрхийг эвдэж, эргэн нөхөн сэргээгдэхгүй нөхцөл байдалд хүрнэ.

Тус компани тусгай зөвшөөрлийг авснаас хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргаагүй, орон нутгийн иргэдэд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах талаар тусгаагүй бөгөөд харин нэг тусгай зөвшөөрлийн талбайгаас 50 тонн алт олборлохыг л дурдсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.2-д зааснаар археологи, палеонтологийн судалгааг иж бүрэн явуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааг хэлбэрийн төдий гүйцэтгэсэн гэж үзэж байна. Учир нь энэхүү хуулиар хүлээлгэсэн үүрэг нь Ашигт малтмалын тухай хуульд 2005 онд орсон байхад 10 жилийн дараа буюу 2015, 2016 онд "С.а" ХХК нь өөрийн хөрөнгөөр өөрийн багийг Шинжлэх ухааны академийн Археологи, палеонтологийн хүрээлэнгээс томилон ажиллуулсан байсан. Үүнд 8 хүнтэй судалгааны баг ажиллаж, Ноён уулд 286 ширхэг Хүннү гүрний олдвор байх бөгөөд 3000 гектар талбайд судалгаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн буюу өмнө нь 10 жилийн турш олборлолт явуулсан талбайг судлахад төвөгтэй, маш их хэмжээний шороон овоолготой, геофизикийн орчин үеийн төхөөрөмж байхгүйн улмаас бэрхшээлтэй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн байсан.

Археологийн тус баг хөрөнгөгүйн улмаас бүрэн гүйцэд дүгнэлт гаргаагүй байна. "С.а" ХХК нь судалгаа хийх хөрөнгийг дутмаг гаргасан гэж үзэж байна. Иймээс өөрт ашигтай дүгнэлт гаргуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл хариуцагч байгууллага ...хэрэв эртний олдвор олдвол "С.а" ХХК тухайн хэсгийг хамгаалалтад авч олборлолтын үйл ажиллагааг зогсоох боломжтой... гэсэн байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар "С.а" ХХК уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж буй талаар тайлбар хийхээс өөр аргагүй болж байна. Мөн хүнцэл гэх хорт бодисын тухай судалгаануудыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой байсан боловч тус судалгааг мөн "С.а" ХХК-ийн хөрөнгөөр хийсэн байх бөгөөд 11-19 метрийн гүнд, 10 ширхэг цооногоор өрөмдөж үзэхэд 1 градус байгааг цэвдэгтэй байна гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг үндэслэн тухайн эрхийг хэвээр үлдээсэн байдаг. Хяналтын судалгааны багийг мөн томилон ажиллуулах ёстой байтал хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй.

Хавтаст хэрэгт авагдсан Европын сэргээн босголт хөгжлийн ба*******ны 150 сая ам.долларын зээлийн барьцаанд тус зөвшөөрлүүдийг барьцаалсан тухай баримт байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д соёлын өв тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Учир нь цэвдэгийн судалгаа, археологи, палентлогийн судалгаа, хөрсний судалгаа, хүнцэлийн судалгааг хийж эцсийн дүгнэлт гаргаагүй, эргэлзээтэй байдал үүссэн байхад хянан шалгаагүй, маргаан бүхий зөвшөөрлийг барьцаалж зээл авахад хориглоогүй нь хууль буруу тайлбарлах замаар гуравдагч этгээд болох "С.а" ХХК-д ашигтай нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэгч талаас тухайн зээлийн баримтуудыг нотлох баримтын журмаар гаргуулахыг удаа дараа хүссэн. Энэ нь нэхэмжлэлийн үндэслэлд маш чухал ач холбогдолтой байсан. Гэтэл "С.а" ХХК нь тухайн тусгай зөвшөөрлүүдийг барьцаанд тавиагүй гэж мэтгэлцэж, гаргаж өгөхгүй байсан. Хэргийн үнэн зөв байдалтай нийцсэн баримт гаргаж өгөхгүй байсан нь тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч, хууль бусаар хадгалж буйг нотолж байна гэж үзэж байна. Тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гол үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 2-т заасан байгалийн тэнцвэрт байдал алдагдаж буй байдал мөн гэж үзэж иргэд энэхүү нөхцөл байдлаас хамгаалуулах эрхийн хүрээнд шүүхэд хандаж байгаа юм.

Хараа, Ерөө гэх мэт гол ширгэхэд хүрч, уулыг эвдсэнээр гол мөрөн үгүй болж, цэвэр усны ундарга алдагдаж буйг олон улсын эрдэмтдийн судалгаагаар харуулсан ба тус баримтыг хэргийн материалд хавсаргасан болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Орон нутгийн тусгай хэрэгцээнд байх газрыг ашиглалтын тусгай зөвшөөрлөөр бусдад олгохыг хориглодог. Үүнтэй нийцүүлэн тухайн алдаатай нөхцөл байдлыг залруулах эсхүл орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргасан тухай тус аймгийн саналыг ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газраас шаардсан боловч эдгээр ажиллагааг хийгээгүй байдаг. Энэ нь тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэж үзэж байна. Стратегийн орд газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа хууль зөрчсөн. Тус талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахад "С.а" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт тухайн газрыг улсын тусгай, дархан цаазат газраар авахуулах тухай санал хүргүүлсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр тогтоол гарсан бөгөөд тус тогтоолд 31.000 га газрыг тусгай хэрэгцээнээс гаргаж 907 га талбайгаар тусгай хамгаалалтад оруулсан байдаг. Ингэхдээ маргаан бүхий дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайгаас тусад нь оруулсан байдаг. Үүнийг тайлбарлахдаа тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй, хамаарахгүй тул тус тусгай зөвшөөрлүүдийг хэвээр хадгалах эрхтэй гэж маргасан байдаг. Үүнийг 2017 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 02 дугаар сард 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Ингэснээр 2005 оны Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол дахин сэргэсэн юм. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан ... өв соёлын дурсгалт газар болох нь тогтоогдсон..., мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан ашиглалтын тухай зөвшөөрөл олгохыг хориглосон газар болох нь тогтоогдож байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд буй соёлын өв бүхий газар гэдэг нь дахин сэргэж тогтоогдсон тул маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Н.у.а.х НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Гачууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн Археологийн авран хамгаалах судалгааны тайланд буй зургаар судалгааны бүсэд "С.а" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан байгааг харж болно. Үүнд тус талбайд 6-7 эртний булш, ойр орчимд 90 гаруй эртний булш байгааг дурдсан байдаг. Тиймээс тус талбай нь археологийн авран хамгаалах, түүх, соёлын үнэт дурсгал бүхий газар нутаг гэдэг нь нотлогдоно. Түүнчлэн тус талбайд тусгай зөвшөөрөл авахад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар хэд хэдэн судалгааг хийх ёстой. Тус хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 тоот тушаалаар батлагдсан журам байдаг. Үүнд стратегийн үнэлгээ, төлөв байдлын үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, эрсдэлийн үнэлгээнүүдийг заавал хийсэн байхыг шаардсан байдаг. Зөвхөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь ерөнхий болон нарийвчилсан байдлаар хоёр үе шаттай хийгдэх байсан. Хэргийн материалд зөвхөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байх бөгөөд бусад үнэлгээ нь огт хийгдээгүй байдаг. Дээрх үнэлгээнүүд нь анх тусгай зөвшөөрөл авахаас өмнө хийгдсэн байх ёстой. Хэргийн материалд авагдсан үнэлгээг харвал уг маргаан Захиргааны хэргийн шүүхэд үүссэнээс хойшхи хугацаанд хийгдсэн байдаг. Үүгээр тус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох хангалттай үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Н.у.а.х НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Тус тусгай зөвшөөрлүүд нь хууль зөрчиж олгогдсон. Үйл баримтуудыг харвал эхлээд зөвхөн тусгай зөвшөөрлийг олгочихоод дараа нь шаардлагатай материалаа бүрдүүлсэн байдал харагдаж байна. Дээр дурдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь 2009 онд хийгдсэн бөгөөд одоо хүчингүй болсон. Учир нь 2012 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль шинэчлэгдсэн юм. 2012 оны хуулиар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ 5 жил тутам хийгдэх ёстой. 2009 оноос хойш тус үнэлгээг дахин хийлгээгүй байсан. Тус үнэлгээнд Хөрс, ургамлын мэргэжилтэн гэж нэг хүнийг дурдсан байдаг нь худал бөгөөд хөрсний, ургамлын гэсэн хос мэргэжилтэн дэлхийд байдаггүй. Мөн хүнцлийн агууламж Монгол Улсад мөрдөгдөж буй стандартаас 5,000 дахин их байдаг. Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийхдээ Хүнцлийн, хөрсний тойм судалгаа хийсэн. Энэ нь зөвхөн хөрсний өнгөн хэсгийг судалсан байдаг. Гэтэл үүнийг газрын гүн уруу ухалт хийж судлах ёстой байсан. Алттай адил хэмжээний хүнцэл байдаг. Мөн Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэд тус газарт цэвдгийн судалгаа хийж, цэвдэгтэй болохыг тогтоож, зураглал хийсэн. Гэтэл "С.а" ХХК-ийн хийлгэсэн судалгаа нь цэвдэггүй гэж худал хийсэн байдаг. Иймээс тус газрыг ашиглаж болохгүй юм гэв.

Нэхэмжлэгч Н.у.а.х НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлтээр ...31,500 га орон нутгийн тусгай хамгаалалтад байх газрыг 907 болгож бууруулсан гэдгийг тогтоосон. Тус шүүх хуралдаанд миний бие оролцсон бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тус баримтад гарын үсэг зураагүй бөгөөд өмнөөс нь хэн нэг этгээд гарын үсэг зурсан гэдгийг баталж хэлсэн байдаг. Бид гадаадын компанид ард түмэн, засаг төртэйгөө хамт доромжлуулдаг байдлыг зогсоож өгөхийг хүсч байна. Захиргааны хэргийн шүүх шударга гэдгийг харуулна уу гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгч, түүний төлөөлөн хамгаалж байгаа гэх орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар. Н.у.а.х ТББ-ын нэхэмжлэлтэй АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс хүчингүй болгуулах шаардлага гаргасан маргаан бүхий захиргааны 2 актын талаар тодруулах шаардлагатай байна. Юуны урьд маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч нарын тодорхойлоод байгаа шиг Гацууртын ордод ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн шийдвэр биш гэдгийг тодруулах нь зүйтэй юм. Тийм ч учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 668 дугаар тогтоолд дурдсан байгаа ...захиргааны хэргийн шүүх Н.у.а.х ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхдээ тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай, хууль зөрчсөн ажиллагаа байгаа эсэх, уг ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох үүрэгтэй болно" гэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны энэхүү хэрэг нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд /Гацууртын орд/-ыг ашиглуулах эсэх тухай маргаан биш гэдгийг зориуд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий захиргааны 2 актын нэг нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэр юм. Энэхүү 842 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа шиг, гуравдагч этгээд буюу С.мХХК-д ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон ямар нэгэн шийдвэр биш юм. Тодруулбал, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч К******* М******* ХХК нь хувь нийлүүлэгч К******* И******* И******* компани нь нэрээ С*******д Инвэстмент И******* болгож өөрчилсөнтэй холбоотойгоор тус компанийн хувь нийлүүлэгчдийн 2004 оны 5-р дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу өөрийн нэр /К******* М*******/-ийг С.мХХК болгож өөрчилсөн байна.

Дээрх компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн хуулийн этгээдийн хүсэлтээр К******* М******* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл /тэдгээрийн дотор *******А, *******А, *******А дугаартай тусгай зөвшөөрлүүд/-ийн хавсралтад тусгай зөвшөөрөл эзэмшигч компаний нэрийг С.мХХК болгон өөрчлөн бүртгэсэн захиргааны акт болно.

Тийм ч учраас тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн хуулийн этгээдийн хууль ёсоор эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдийн шинээр бүртгүүлсэн нэр дээр зөвхөн өөрчлөн бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахаас даруй 11 жилийн өмнө гарсан захиргааны акт нь ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт тайлбарлаж дурдаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2 дахь захиргааны акт бол АМГТХЭГ- ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1470 дугаар шийдвэр. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /1992 оны/-ийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Засаг даргаас санал авч шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараагийн 343 га газар уурхайн эдэлбэрийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №7/156 дугаартай лиценз олгохыг дэмжсэн" саналыг үндэслэн С.мХХК-д ашигт малтмалын ашиглалтын лицензийг олгосон.

Нэхэмжлэгч нараас шаардлагын үндэслэлдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг дурдсан байдаг. Гэтэл 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлд Ашигт малтмал ашиглах лиценз авахын өмнө, эсхүл авсны дараа тухайн лиценз эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шуурхай боловсруулна" гэж заасан байсан. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /1998 оны/-ийн 4.2-т: Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна" гэж заасан байсан. Мөн хуулийн 4.6-д: байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг шинжээч ажлын 12 өдөрт багтаан хийж, дүгнэлт гаргана", мөн хуулийн 5.3-т: Эрх бүхий аж ахуйн нэгж нь нарийвчилсан үнэлгээний тайлан гаргана гэж тус тус заасан байдаг.

Дээрх хуулиас үзэхэд, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан биш, дүгнэлт гаргах ёстой байсан гэдэг нэхэмжлэгчийн үндэслэл үгүйсгэгдэж байгаа болно. Одоо хүчин төгөлдөр байгаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд ч уг зохицуулалт хэвээр байна.

Соёлын өвийг хамгаалахтай холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн талаарх зохицуулалт Соёлын өвийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд нэмэлт, өөрчлөлтөөр орсон бөгөөд үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 668 дугаар тогтоолоор нэгэнт тогтоочихсон үйл баримт болно.

Маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох ёстой бөгөөд Н.у.а.х ТББ-ын хувьд нэхэмжлэлийн шаардлага нь хоёр захиргааны актыг хүчингүй болгуулах ба дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:

Өвөг дээдсийн шарил, бунхан, соёлын үнэт өв соёл, байгалийн үзэсгэлэнт газар, тогтоц, нуур цөөрөм, горхи булаг рашаан, ховор өвс ургамал, ан амьтан араатан жигүүртэн, хүн малын амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах байдал зэрэг хуульд заасан жам ёсны бүх эрхүүд алдагдах, дээрх бүх обьектууд бүгд устан үгүй болох бодит нөхцөл үүссэн, ...мөн дээрх тусгай зөвшөөрлүүд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, 4.3, 4.5, 5.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэсэн байна.

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийг дамнасан, ойролцоогоор 650 км2 талбайг эзлэн оршдог бөгөөд Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Билүүт, Зуун мод, Булагтай гэх мэт 20 гаруй ам бүхий томоохон бүс нутгийг дамнан оршдог. Ноён уулын Хүннүгийн дурсгал нь 1900-аад оны үеэс илэрч эхэлсэн түүхтэй байдаг бөгөөд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн 1999 оноос хойш хийсэн судалгаагаар Ноён уулын дурсгал гэдэгт Ноён уулын Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн 3 аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон болон холбогдох бусад булшаар тодорхойлогдоно гэж албан ёсоор үздэг юм билээ. Энэ талаар хэрэгт нотлох баримтаар БСШУЯ-ны 2016 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн 9/5640 тоот албан бичиг, түүнд хавсарган шүүхэд ирүүлсэн баримтуудад тодорхой тайлбарласан байгаа. Түүнчлэн хэрэгт авагдсан байгаа МУ-ын Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын аманд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг тогтоож, солбицлыг хавсралтаар баталсан байдаг.

Уг тогтоолын хавсралтад Төв аймгийн Борнуур сум, Ноён уулын Сүжигтийн ам-1, Хүннүгийн язгууртны дурсгалт газар-73.8 га, 2. Төв аймгийн Борнуур сум, Ноён уулын Сүжигтийн ам-2, Хүннүгийн язгууртны дурсгалт газар-5.3 га, 3. Төв аймгийн Батсүмбэр сум, Ноён уулын Зурамтын амны-7.1 га, Төв аймгийн Батсүмбэр сум, Ноён уулын Хужиртын амны Хүннүгийн язгууртны дурсгалт газар-43.4 га-аар тогтоож, солбицлыг тодорхойлсон байдаг. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай гэж заасан. Мөн тогтоолын 2 дахь хэсэгт улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

УИХ-ын дээрх тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг хавсралтаар тус тус баталсан. Уг тогтоолын хавсралтаар батлагдсан хилийн зааг буюу улсын тусгай хамгаалалтад авсан нутаг дэвсгэрт С.мХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын М\/-00*******, М\/-00*******, М\/-00*******, М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай хамаарагдахгүй болно. Энэ талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан.

УИХ, Засгийн газрын дээрх шийдвэрүүдээр чухамхүү байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өв устаж үгүй болохоос сэргийлж, Ноён уул орчмын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд 2015, 2016 онд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлан, дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Дээрх судалгааны ажлын үр дүнгийн тайлангаас үзвэл, түүхэн дурсгалт эд зүйл тухайн Гацууртын ордын талбайд байгаа эсэх, ордыг ашиглах үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллага болох ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс ...Гацууртын ордыг ашиглахад татгалзах зүйлгүй хэмээн албан ёсоор дүгнэсэн байгаа. Судалгааны ажлын тайлангийн дүгнэлт хэсэгт байгаа ...газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн нь Ашигт малтмалын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудад заасны дагуу тусгай зөвшөөрлийн талбайд археологи, палеонтологийн судалгаа хийснийг нотлох бөгөөд тухайн ордыг ашигласнаар ямар нэгэн түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй байдал илэрсэн гэсэн дүгнэлт биш гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл, судалгааны ажлын үр дүнгийн дүгнэлт нь Гацууртын ордыг ашиглахад Ноён уул орчмын бүсэд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй нөхцөл байдал одоогоор байхгүй гэдгийг маш тодорхой дүгнэсэн. Харин ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны явцад шинээр түүх, соёлын дурсгалт зүйл илэрвэл /гэхдээ илрэх эсэх нь тодорхойгүй/ тэдгээрийг авран хамгаалах тухай холбогдох хуульд заасан үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлж ажиллах нь зүйтэй талаар л дурдсан байгаа. Маргаан бүхий захиргааны актууд батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /2001 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.12-т: Газрын хэвлийг ашиглах явцад түүх, соёлын дурсгалт зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагч нь ажлаа зогсоож энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ гэж зохицуулсан байсан.

Өөрөөр хэлбэл, зөвхөн Гацууртын орд бус, аливаа ашигт малтмалын ордыг ашиглах явцад түүх, соёлын дурсгалт зүйл илэрч болохыг үгүйсгэхгүй бөгөөд ийнхүү илэрсэн тохиолдолд түүнийг авран хамгаалах ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч явуулах үүргийг хуулиар тодорхойлж, авран хамгаалах боломжгүй тохиолдолд ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар холбогдох хуулиудаар зохицуулсан байдаг.

Түүнчлэн ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/115 тоот албан бичгээр түүх, соёлын дурсгалт зүйлтэй холбоотой асуудлаар тодорхой тайлбарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Уг албан бичигт ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт...Гацуурт нэртэй *******А, (416 га), ******* А(1820 га) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Л.Гэрэлцэцэг, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистр Г.Алтаншагай, Д.Идэрсайхан нар палеонтологийн судалгааг гүйцэтгэн дүгнэлт бичсэн байна. Тайланд дурдсанаар палеонтологийн олдвор зөвхөн Голоцены сэвсгэр хурдсаас илрэх магадлалтай харин бусад палеозойн хурдасууд ямар ч олдворыг агуулдаггүй болохыг тогтоосон. Тайланг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

Палеонтологийн олдвор цуглуулгын зүйл нь уулын ажил явагдаж байх явцад газрын гүнээс ч илрэх тохиолдол байдаг тул ажиллагааг явуулах үед олдвор илэрсэн тохиолдолд бидэнд мэдэгдэхийг сануулсан бөгөөд геологичдод нь гарын авлага хэвлүүлж тараах, гэрээ палеонтологийн олдворыг хамгаалах сургалт явуулах хамтарсан гэрээ хийсэн болно гэж дээрх анхан шатны шүүхийн үндэслэл болгосон судалгааны ажлын дүгнэлтийг маш тодорхой, ойлгомжтой тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгийн сүүлд хэрэгт авагдсан нэг баримт бол Соёлын өвийн үндэсний төвийн 2018.01.11 -ний өдрийн 19 дугаартай албан бичиг байгаа. Уг албан бичигт ...С.мХХК-ийн *******А, *******А, *******А, *******А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.3, 13.1.7, 14.1.5, 15.2-т заасны дагуу улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй болно" гэсэн нь маш тодорхой тайлбар гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж байгаа 2 захиргааны акт 2005 онд буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдахаас 4 жилийн өмнө гарсан шийдвэрүүд юм. Тодруулбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдахаас өмнө гарчихсан байсан шийдвэрүүд гэдгийг тодруулах шаардлагатай. УИХ-аас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 онд баталсан бөгөөд мөн хуулийн 4.3-т зааснаар хилийн заагийг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр хуульчилсан. Хэдийгээр хууль 2009 онд батлагдсан боловч Засгийн газраас 2011 онд 174, 2012 онд 194 дүгээр тогтоолуудыг баталснаар л хуулийн үйлчлэлд хамаарагдах нутаг дэвсгэрийн хилийн зааг тодорхой болсон. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4,2-т Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй гэж заасан байдаг.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын жагсаалтыг Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор баталсан байдаг бөгөөд уг тогтоолд Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж, Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан. Нэгэнт Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулсан УИХ-ын тогтоол гарсан учраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд уг орд хамааралгүй болж байгаа юм.

Гацууртын ордыг ашиглах нь зөв, буруу эсэх тухайд, Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаж байгаа асуудал буюу Гацууртын ордыг ашиглах нь зөв буруу эсэх тухайд тайлбар өгөх нь зүйтэй байх. Дээр дурдсанчлан Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж, Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг. Улмаар Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоол /Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай/-ыг баталсан. Уг тогтоолын 1 дэх хэсэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай" гэж заасан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын маргаад байгаа шиг Гацууртын ордыг ашиглуулах эсэх тухай шийдвэрийг энэхүү захиргааны хэргийн хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа АМГТГ-ын Кадастрын хэлтэс биш, харин Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэсэн зохицуулалтын хүрээнд төрийн эрх барих дээд байгууллага /УИХ/-аас Гацууртын ордыг ашиглуулахаар холбогдох шийдвэрүүд /УИХ-ын 2015 оны 11, 2016 оны 14 дүгээр тогтоол/-ыг гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Тийм учраас маргаан бүхий захиргааны 2 актыг хүчингүй болгохтой холбоотой энэ маргаанд УИХ-аас шийдвэр гарч Гацууртын ордыг ашиглах нь зөв юм уу, буруу юм уу гэдэг асуудал бол тухайн маргаанд хамааралгүй бөгөөд төрийн байгууллагуудын шийдвэрийн хууль зүйн хүчин чадал, эрэмбэ дараа, түүнчлэн логик хамаарлын хувьд ч огт өөр асуудлууд гэдгийг ялгаж ойлгох шаардлагатай юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 842 болон 1470 гэсэн шийдвэрүүд нь Гачууртын ордыг ашиглах зөвшөөрөл бүхий шийдвэр биш юм. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 668 дугаар тогтоолд ... Захиргааны хэргийн шүүх Н.у.а.х НҮТББ-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ тухай захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахдаа хууль зөрчсөн эсэхийг тогтоох үүрэгтэй болно... гэж дурдсан. Тодруулбал "С.а" ХХК нь Камека гоулд М******* ХХК гэх нэртэй байхдаа 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр компанийн оноосон нэрээ өөрчилсөнтэй холбоотой юм. 2003/842 дугаар шийдвэр нь мөн компанийн оноосон нэр өөрчилсөнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөлүүд дэх компанийн нэрийг "С.а" ХХК болгон өөрчилж бүртгэсэн захиргааны акт юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 7/156 дугаартай тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналын дагуу "С.а" ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүд байна. Хэргийн материалд Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгийн судалгааны тайлан, албан бичгээр авсан тодруулгууд авагдсан. Тус тайланд Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумыг дамнасан 650 км талбай газрыг эзэлдэг бөгөөд түүний түүх соёлын дурсгалыг 1999 оноос хойш судалж, 230 орчим Хүннү гүрний язгууртны булш байгааг тогтоосон. Харин "С.а" ХХК-ийн тусгай зөвшөөрөл авсан талбайн уурхайн бүсэд 5, орчны бүсэд 11 дурсгал байгааг дурдсан байна. Энэхүү уул орчмын соёлын дурсгалт зүйлтэй холбоотой Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрүүд тухайн үедээ гарсан байдаг. Үүний нэг нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дүгээр тогтоол байх бөгөөд үүгээр Төв аймгийн Борнуур сумын Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын Ноён уулын Хужиртын аманд орших Хүннү гүрний дурсгалт газрын хамгаалалтын бүс-ийг тогтоосон. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар тус уулын дурсгал орчмын газрыг байгалийн нөөц газар, дурсгалт газарт авч, хилийг тогтоохоор заасан.

Үүний дагуу Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор хилийн заагийг тус тус тогтоосон. Эдгээр хилийн зааг нь тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдахгүй байгаа юм. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн холбогдох заалттай холбон нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна. Маргаан бүхий захиргааны актууд 2005 онд гарсан байдаг бөгөөд дээрх хууль нь 2009 онд батлагдсан байдаг. Хууль нь 2009 онд батлагдсан боловч Засгийн газрын 2011 оны 174 болон 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг баталсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалт-д нэмэлт өөрчлөлт оруулан Гачууртын ордыг тус жагсаалтад нэмсэн. Ингэснээр гачууртын орд нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болсон. Дээрх бүх шийдвэр нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр юм. Түүнээс биш Ашигт малтмал, газрын тосны газар гаргаагүй юм. Тус ордыг ашиглах эсэх асуудал нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Гагцхүү маргаан бүхий захиргааны акт гаргах үйл баримт нь ямар хууль тогтоомж зөрчсөн эсэхэд хууль зүйн үндэслэлтэй тайлбар байхгүй. Иймээс хариуцагч байгууллагаас бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... 2015 онд археологийн судалгаа хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлах боловч энэхүү хуулийн заалт нь 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон тул тухайн мөрдөгдөж байсан цаг хугацаанаас хойш археологийн судалгаа хийсэн нь зөв гэж үзэж байна. Мөн хүнцлийн судалгаа хийгээгүй нь тус тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл болно гэж тайлбарлаж байна. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг цуцлах нийт 13 заалт байх бөгөөд үүнд хамаарахгүй байна. Мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан тусгай зөвшөөрөл авсан гэж тайлбарлаж байна. 1997 онд олгосон тусгай зөвшөөрөл, тухайн үеийн хуулиар болон одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор ч тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд шийдвэр гаргасан байгууллага нь холбогддог. 2005 онд тусгай хэрэгцээнд авсан тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн архивын системд бүртгэгдсэн байдаг. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл байхгүй болно гэв.

Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүйн, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Н.у.а.х НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын албаны даргын 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 842 тоот, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын албаны даргын 2005 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн 1470 тоот шийдвэрийн С.мХХК-д олгосон *******А, *******А, *******А болон *******А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл болон нэхэмжлэгч талын зүгээс гаргасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй холбогдуулан дараахь тайлбарыг өгч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т газрын хэвлий, түүний баялаг нь төрийн нийтийн зориулалттай өмчид хамаарна гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг ойлгодог. Гацууртын ордын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг харгалзан үзэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор УИХ-ын 2007 оны Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулж, Өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, тухайн талбайд ашигт малтмал олборлохоор нэгэнт шийдвэрлэсэн болохыг анхаарна уу. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Гацууртын ордод Монголын Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон бөгөөд эдгээр тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 20 болон 21 дүгээр захирамжуудаар Гацууртын ордыг эзэмших Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулан хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ажил хийгдэж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Гацууртын ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл /2014/-ийн дагуу Гацууртын төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 503,155,000,000 (таван зуун гурван тэрбум нэг зуун тавин таван сая) төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, төлбөрийн нийт хэмжээ 600,282,000,0000 (зургаан зуун тэрбум хоёр зуун наян хоёр сая) төгрөг байна. Нэхэмжлэгч талын тавьж буй үндэслэлүүд болох байгаль орчин, соёлын өвийг хамгаалах асуудал нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний анхаарвал зохих асуудал мөн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгээс 2016 онд гаргасан Гацууртын орд талбайн цэвдгийн судалгааны ажлын тайлан-н 58 дугаар талд ...төслийн талбайд нэгэнт цэвдэг илрээгүй тул Гацууртын алтны орд газрыг ашиглах нь цэвдэгт нөлөө үзүүлнэ гэсэн олон нийтийн болон мэргэжлийн бус судлаачдын таамаглалыг үгүйсгэж байна." гэж, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс хийсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь С.мХХК-ын Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлан-н 6 дугаар бүлгийн дүгнэлт хэсэгт ...Гацууртын ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэхийн сацуу газрын хөрсөн дор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарвал зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэж, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хийсэн Хараа голын сав нутгийн хөрсөн дэх хүнцлийн агууламж, орон зайн тархалтын судалгаа-ны 52 дугаар талд ....Мандал, Баянгол, Түнхэл, Жаргалант, Борнуур, Сүмбэр зэрэг сумын төвүүдийн хөрсөн дэх хүнцлийн дундаж агууламж 7,48 мг/кг буюу сав нутгийн дунджаас 40% орчим бага байна." гэж тус тус заасан байгаагаас харахад Гацууртын төслийг хэрэгжүүлснээр байгаль орчин, соёлын өвд сөрөг нөлөөлөл байхгүй болохыг баталгаажуулсан байна.

Засгийн газрын 2017 оны Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай 90 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон. Мөн Засгийн газрын 2017 онд батлагдсан Гацууртын алтны үндсэн ордын талбайн хил заагийг тогтоох тухай 109 дүгээр тогтоолоор Гацууртын ордын хилийн заагыг тогтоосон нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцаагүй байна.

Хэрэв Захиргааны хэргийн шүүхээс энэхүү тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болговол хууль бусаар алт олборлогчид, бичил аргаар ашигт малтмал олборлогчид хууль бусаар алт олборлосны улмаас ой мод сүйтгэх, усны эх үүсвэрийг устгаж бохирдуулах, цаашлаад тодорхой соёлын өв илэрсэн тохиолдолд түүнийг хамгаалахгүй, устгаж үгүй хийх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй болохыг харгалзан үзэхийг хүсч байна.

Ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хориглох, хязгаарлах талбайг тодорхойлж нэгэнт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нарийн тооцоо, үндэслэлтэйгээр шийдвэрлэхгүй бол тухайн газар нутгаа хамгаалах бус, харин ч гол мөрнийг улам бүр бохирдуулах, ой модыг хяргаж устгах олон аюул дагуулж байгааг хууль бус алт олборлолт, хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа үйл ажиллагаа нотолсоор байна.

Нэгэнт Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, мэргэжлийн судлаачдын баг дүгнэлт гарган Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий газар гэж үзсэн нь байгаль орчин болон эдийн засгийн тооцоололд үндэслэн гаргасан бөгөөд дээр дурдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалд сайтар үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын албаны даргын 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 842 тоот, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын албаны даргын 2005 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн 1470 тоот шийдвэрийн С.мХХК-ийн олгосон *******А, *******А, *******А болон *******А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Монгол Улсын Үндсэн хуульд ...иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч... гэж заасан байдаг. Энэ төрийн өмчийг ашиглах эрх нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарна. Үүний дагуу Улсын Их Хурлын баталсан тогтоолын дагуу Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргаж, хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна гэв.

Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Уул уурхай, Хүнд үйлдэврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Гуравдагч этгээд "С.а" ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"Н.у.а.х" ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй "С.а" ХХК зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй болох тухай дараах тайлбарыг тус шүүхэд гаргаж байна. "С.а" ХХК нь ашигт малтмал ашиглалтын *******А болон *******А тоот тусгай зөвшөөрлүүдийг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу эзэмшдэг болно. Тодруулбал, Монгол Улсын Их Хурал "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль (цаашид "Хууль" гэх)-ийг батлахаас өмнө, Монгол Улсын Ашигт малтмалын газар нь тус компанид эдгээр тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу олгосон байдаг. Түүнчлэн тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйл, 31 дүгээр зүйл болон 32 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг хангаж ажилладаг ба эдгээр тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой үүрэг, хариуцлагыг төрийн эрх бүхий зохих байгууллагуудын өмнө хүлээдэг.

"Н.у.а.х" ТББ нь "С.а" ХХК-ийн эзэмшиж буй *******А болон *******А тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлдээ *******А болон *******А тоот тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь Хуулийн 4.1, 4.3, 4.5 болон 5.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэжээ. Гэвч, Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "... энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй" хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар тодорхой ордыг Стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд, Улсын Их Хурал нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 тоот тогтоолоор тус компанийн эзэмшиж буй *******А болон *******А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд орших Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан.

Өөрөөр хэлбэл, "Н.у.а.х" ТББ-ын нэхэмжлэлд дурдсан Хуулийн заалтуудыг Ашигт малтмалын газар болон тус компани зөрчөөгүй бөгөөд "Н.у.а.х" ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн "Н.у.а.х" ТББ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан "... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" байх тул тус хуулийн 74 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

Гуравдагч этгээд С.мХХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд *******/А, *******/А зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдүүлж *******, *******/А дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2004 оны 06 дугаар сарын 28-ны 842 дугаар тушаалын *******А, *******А, *******/А, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1470 тоот тушаалын *******/А тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг хариуцагчаар татаж өөрчилсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж давтан хэлж буй нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд дээрх хүрээнд тайлбараа хэлэх учраас юм.

"С.а" ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн үүслийн хувьд анх 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөдөө, аж ахуйн сайдын А/70 тоот тушаалаар Гачууртын шороон ордын А/16 тоот гэрчилгээг Гурван гал ХХК-д 8 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Гурван гал ХХК нь 4 жил тус зөвшөөрлийг ашиглаж байгаад 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Каскады ХХК-д Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 521 дүгээр тушаалаар *******/А тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Каскады ХХК нь тус тусгай зөвшөөрлийг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Камека гоулд М******* ХХК-д шилжүүлсэн. 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Камека гоулд М******* ХХК нь "С.а" ХХК болгон нэрээ өөрчилсөн. 1997 оноос 2004 он хүртэл тусгай зөвшөөрөл олгосон үйл баримт нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. "С.а" ХХК нь хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа. Хэрэв "С.а" ХХК тус зөвшөөрлийг аваагүй бол өөр компанид өгөх л байсан. Маргаан бүхий дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмшихдээ тус компани ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд тус зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явагдахад өгөх үр өгөөжийн талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан болно. Хөрөнгө оруулагч компанийн хувьд орон нутгийн иргэд, төрийн байгууллагын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулсан гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтэндээ:

... Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож буй миний бие хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, дүрс бичлэг, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг, орон нутгийн уугуул болон суугуул иргэдийн дуу хоолой, эрдэмтдийн дуу хоолой, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан хүмүүсийн дуу хоолой, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын компанийн дуу хоолойг сонсож дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байна. Дүгнэн хэлэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу маргаан бүхий дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-ыг хүсч тодруулснаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.1.3: хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл ..., 56.1.7: хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон, 56.1.8: гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн, 56.1.10: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 49.4.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан зэрэг үндэслэлүүдээр маргаж, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгох ёстой хэмээн маргааны зүйлээ тодорхойлж байна.

            Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актууд нь Гацууртын ордод ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн шийдвэр биш юм. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэр нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч К******* М******* ХХК нь хувь нийлүүлэгч К******* И******* И******* компани нь нэрээ С*******д Инвэстмент И******* болгож өөрчилсөнтэй холбоотойгоор тус компанийн хувь нийлүүлэгчдийн 2004 оны 5-р дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу К******* М******* гэсэн нэрээ С.мболгож өөрчилсөн, ийнхүү компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн хуулийн этгээдийн хүсэлтээр К******* М******* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын *******А, *******А, *******А дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хавсралтад тусгай зөвшөөрөл эзэмшигч компаний нэрийг С.мХХК болгон өөрчлөн бүртгэсэн захиргааны акт болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн хуулийн этгээдийн хууль ёсоор эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдийн шинээр бүртгүүлсэн нэр дээр зөвхөн өөрчлөн бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахаас даруй 11 жилийн өмнө гарсан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2 дахь захиргааны акт бол АМГТХЭГ- ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1470 дугаар шийдвэр. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Засаг даргаас санал авч шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох "С.а" ХХК-ийн зүгээс "С.а" ХХК нэрээ өөрчилсөн бөгөөд захиргааны байгууллагаас 1997 оноос 2004 он хүртэл тусгай зөвшөөрөл олгосон үйл баримт нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоггүй, "С.а" ХХК нь хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа. Хэрэв "С.а" ХХК тус зөвшөөрлийг аваагүй бол өөр компанид өгөх л байсан. Маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлийг эзэмшихдээ тус компани ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд тус зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явагдахад өгөх үр өгөөжийн талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан болно. Хөрөнгө оруулагч компанийн хувьд орон нутгийн иргэд, төрийн байгууллагын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Түүнчлэн мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Засгийн газрын зүгээс Монгол Улсын Их Хурал, Засгийн газар мэргэжлийн судлаачдын баг гарган Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий газар гэж үзсэн нь байгаль орчин болон эдийн засгийн тооцоололд үндэслэн гаргасан дүгнэлт бөгөөд хэрэв шүүхээс энэхүү тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болговол хууль бусаар алт олборлогчид, бичил аргаар ашигт малтмал олборлогчид хууль бусаар алт олборлосны улмаас ой мод сүйтгэх, усны эх үүсвэрийг устгаж бохирдуулах, цаашлаад тодорхой соёлын өв илэрсэн тохиолдолд түүнийг хамгаалахгүй, устгаж үгүй хийх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй болохын хамт Монгол Улсын Үндсэн хуульд ...иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч... гэж заасан байдаг ба энэхүү төрийн өмчийг ашиглах эрх нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарна. Үүний дагуу Улсын Их Хурлын баталсан тогтоолын дагуу Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргаж, хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна хэмээн байр сууриа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хэнтийн нурууны томоохон салбар уулын нэг болох Ноён уул нь ойролцоогоор 650 км.кв талбайг эзлэн орших бөгөөд Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Билүүт, Зуун мод, Булагтай гэхчлэн 20 орчим ам бүхий томоохон бүс нутаг ажээ.

Ноён уулын дурсгал нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон дагалдах булшнаас бүрдэнэ. 1912 онд анх санамсаргүй байдлаар олдож, 1924-1927 онд хийсэн Оросын археологичдын малтлагаар алт, мөнгөөр хийсэн амьтны загварт урлагийн бүтээлүүд, ханз үсэгтэй лакан аяга сав, хивс нэхмэл, дээл хувцас, сүйх тэрэг зэрэг олон тооны хосгүй үнэт олдвор илэрсэн нь дэлхийн XX зууны их нээлт хэмээн зарлагдаж байв. Үүнээс 20 гаруй жилийн дараа тус дурсгалт газарт Монголын үндэсний археологичид Ц.Доржсүрэн, Д.Наваан нар малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийсэн байдаг. 2006-2012 онуудад Ноён уулын дурсгалт газрын судалгаа дахин сэргэж ШУА-ийн Археологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-угсаатан зүйн хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд Сүжигтийн аманд язгууртны 4 булш, Зурамтын аманд 1 жижиг булш малтан шинжилсэн. Энэхүү судалгаагаар Хүннүгийн түүх, соёл, аж ахуй, урлаг, оюун санааны бүтээл, зан заншил, гадаад харилцааны асуудлыг нэхэн тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулах олон гайхамшигт олдворуудыг нээн илрүүлж, сэргээн засварласан[1][1]гэжээ. Мөн хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш 2, хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулах зуух 1, эртний бууц суурин 1, монгол булш 2, он цаг тодорхойгүй булш 3, эртний хотын туурь 1, чулуун байгууламж 8 байгаагаас Гацууртын уурхайн бүсэд 5 дурсгал, орчны бүсэд 13 дурсгал байна[2][2] гэжээ.

Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь С.мХХК-ийн Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлангийн судалгааны ажлын үр дүн хэсэгт: Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох хууль журмын дагуу тухайн бүс нутагт хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажил хоёр талын гэрээнд заасан урьдчилсан төлөвлөгөөний дагуу амжилттай хийж дуусав. Цаашид тус Компани Гацууртын ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэхийн сацуу газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэн гэдэгт итгэлтэй байна хэмээн тусгасан нь ашигт малтмал ашиглах *******А, *******А, *******А, *******А дугаар тусгай зөвшөөрлүүдтэй талбайн газар нутагт гуравдагч этгээд С.мХХК ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулснаар газрын хөрсөн доор байгаа түүхэн дурсгалт эд зүйлийг хөндөх боломжтой, үүгээрээ нийтийн ашиг сонирхолд илт хохирол учирах боломжтой байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 05 сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших MV-000*******, MV-000******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гацууртын алтны үндсэн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл хэлэлцсэн тухай СТР-08/14 дугаартай дүгнэлт[3][3], Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р хуралдааны 2005 оны 12 сарын 23-ны өдрийн Ноён уулын орчмын газрыг орон нутгийн хамгаалалтанд авах тухай 05 дугаар тогтоол[4][4], Сэлэнгэ аймаг Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ноён уул орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтад авхуулах талаар санал уламжлах тухай 91 дүгээр тогтоол[5][5], Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 сарын 28-ны өдрийн Аймгийн тусгай хэрэгцээний газрыг өөрчлөн тогтоох тухай 67 дугаар тогтоол[6][6] зэрэг баримтууд нь Ноён уул орчмын газарт Хэнтийн нурууны баруун талын салбар уулс болох Ноён уул, Хатан уул, Эмгэн уул, Тахилгын нуруу, Арцат уул, Хүрэл Тогоот уул, Ажнайн даваа зэрэг олон уулсын цогц газар багтдаг бөгөөд Хүннүгийн үеийн түүх соёлын өвийг хадгалсан булш, нэн ховордсон ургамал, ан амьтан, алт эрдэнэсээр баялаг гэж үзэж, 31500 га газрыг орон нутгийн хамгаалалтанд авсан, аймгийн тусгай хэрэгцээний газрын хил заагийн солбицлыг шинэчлэн тогтоосон шийдвэрүүд байна.

Түүнчлэн Засгийн газрын 2012 оны 04 сарын 4-ний өдрийн Хамгаалалтын бүс тогтоох тухай 104 дүгээр тогтоолоор Түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын ам ... зэрэгт хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн байршлыг солбицлыг тогтоосон, Улсын Их Хурлын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 13 дугаар тогтоолоор Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Эдгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон Засгийн газар, Улсын Их Хурлын шийдвэрүүд нь маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хилийн заагтай ямар нэг хэмжээгээр давхцсан байна гэж үзсэнээс гадна мөн эдгээр шийдвэрүүд нь газарзүйн байрлалын хувьд түүхэн дурсгалт зүйлийг хадгалж байгаа, түүх соёлын өв бүхий нутаг дэвсгэр болохыг харуулж байна гэж үзлээ.

            Иймд нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргахдаа хариуцагч захиргааны байгууллагаас С.мХХК-ийн *******А, *******А, *******А, *******А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон ба үүнийгээ өвөг дээдсийн шарил бунхан байгаа, мөнгөн хөрөнгөөр үнэлэх боломжгүй соёлын үнэт өв, дурсгалт зүйлс байгаа эдгээр нь устаж үгүй болж байгалийн тэнцэл алдагдах бүрэн боломжтой гэж маргаж уг тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг даалгуулахыг хүсч байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Хууль тогтоогчоос 2009 оны 07 сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан байдаг ба энэ хуулийн хязгаарлалт нь маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарч тэр дундаа иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэн гэж маргаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна. Уг хуулийн үзэл баримтлалд нийцүүлж даруй зургаан жилийн дараа Улсын Их Хурлаас маргаан бүхий Гацууртын ордыг стратегийн ач холбогдол ордод хамааруулж 2015 оны 01 сарын 23-ны өдрийн Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай 11 дүгээр тогтоолыг баталсан, үүний дагуу ордын хил хязгаарыг даруй хоёр жилийн дараа Засгийн газраас 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай 90 дүгээр тогтоолыг баталсан нь дээрх хуульд нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. 106.3, 103.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг баримтлан Н.у.а.х НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д заасныг баримтлан тус шүүхийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 128/ШТ2017/0114 дүгээр тогтоолын нэг дэх заалтаар маргаан бүхий шийдвэрүүдийн С.мХХК-ийн *******А, *******А, *******А, *******А дугаар тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн шүүхийн тогтоолын үйлчлэлийг дуусгавар болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б

ШҮҮГЧ Ц.М

ШҮҮГЧ Ц.О