Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0473

 

 

 

 

“Н у а х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-ын захирал О.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Х.Б, А.С, П.Ш, Ш.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, Д.Н,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Д.А, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор “Н у а х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11, 6.1.16, 27 дугаар зүйлийн 27.1, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-39.1.3, 39.1.5, 39.1.7, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг тус тус удирдлага болгон “Н у а х” НҮТББ-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, “С М” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А  ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “С М” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөрт байсан/ 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол  иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан, мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Дээр дурдсан хуулиудаас харахад анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Байгаль орчинд хор хөнөөл учирсан байгаль орчныг хамгаалах үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлээгүй гэх үндэслэлийн талаар шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.5 “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Ашигт малтмал газрын тосны газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуйн нэгж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар төрийн захиргааны байгууллагаас ямар ч дүгнэлт ирүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 402.1.2-т “ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ”, мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.3 “Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэж хуульчилсан байгааг шүүх харгалзаж үзээгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд биш өөрсдийн ойлгож байгаагаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын хариу тайлбарт үндэслээгүй, бодит үнэнд үл нийцсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  Гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гуравдагч этгээдээс хуульд заасан эрхийнхээ дагуу “Нотлох баримт гаргуулах”, “Нотлох баримт хасуулах”, “Шинжээч томилуулах” хүсэлт гаргасныг хуралдааны явцад хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хэргийн оролцогч давж заалдах хүсэл зоригоо илэрхийлсээр байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан “шүүгчийн захирамжид гомдол гаргах” эрхийг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Түүнчлэн шүүхээс нотлох баримтыг шинжлэн судлахдаа 2018 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн Хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахгүй гэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан үйлдэл болсон. Дэлгэрүүлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр...үнэлнэ”, 34.3 дахь хэсэг “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэг “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх зохицуулалтууд зөрчигджээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь өөр хоорондоо ялгаатай ойлголт бөгөөд тэдгээрт тавигдах нөхцөл, шаардлага нь зөрүүтэй тул хууль тогтоогчийн зүгээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон “Уурхайн талбайд” соёлын өв байгаа нь тогтоогдсон бол цуцлахаар заагаагүй байна. Тиймээс ч хууль тогтоогч “хайгуулын талбай” хэмээх хууль зүйн нэр томьёогоор хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан. Шүүх “соёлын өв байгаа болохыг тогтоосон”, “соёлын өв байж болзошгүй олдвор илэрсэн” гэх ойлголтууд хууль зүйн утгаараа ялгаатай болохыг анхаараагүй. Тодруулбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлээс харахад Архелоги, палеонтлогийн хүрээлэн нь ... судалгааны явцад соёлын өв байж болзошгүй олдвор илэрсэн тохиолдолд мөн хуулийн 30.4, 30.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн сум дүүргийн бүртгэлийн сан болон соёлын өвийн үндэсний газарт мэдэгдэх чиг үүрэгтэй судалгааны байгууллага бөгөөд “соёлын өв мөн болохыг тогтоох буюу тодорхойлох” бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Харин тухайн соёлын өв байж болзошгүй олдворыг “соёлын өв” мөн болохыг тогтоох, бүртгэх бүрэн эрх, чиг үүргийг “Соёлын өвийн төв” буюу хариуцах захиргааны байгууллага нь хэрэгжүүлэхээр хуульчилсан. Шинжлэх ухааны академи, түүх, архелогийн хүрээлэнгийн 2015, 2016 онд хийж гүйцэтгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын орд түүний орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах, хайгуул судалгааны ажлын тайланг нотлох баримтаар ашиглахдаа “хэрэгт хамааралтай, үнэн зөв, тал бүрээс нь бүрэн бодитой” үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчид ашигтай тодорхой хэсгүүдийг сонгон авч шийдвэртээ үндэслэсэн нь уг нотлох баримтын үндсэн агуулга, зорилгыг алдагдуулахад хүргэсэн. Энэхүү судалгааны дүгнэлт буюу Шинжлэх ухааны академи, түүх археологийн хүрээлэн болон палеонтологи, геологийн хүрээлэнгээс үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй харин ч зөвшөөрсөн байдаг. Архелоги, палентологийн хүрээлэнгийн 2015 оны судалгааны ажлын хүрээнд нийт 18 дурсгал илэрснээс 5 нь тусгай зөвшөөрлийн талбайд илэрсэн ба бусад нь тусгай зөвшөөрлийн талбайд хамааралгүй 20-30 км-ын хол зайтай илэрсэн байдаг. Уурхайн талбайгаас олдсон гэх 5 олдворт авран хамгаалах малтлага судалгаа хийгээд хоосон чулуун байгууламж гэдгийг нь тогтоосон ба эдгээрээс 4 чулуун байгууламж, нэг нь ваарны хэлтэрхий (хэзээ гэдэг нь тодорхойгүй) олдсон байсныг судалгааны багийнхан авсан байна. Гэтэл дээрх тайланд дурдагдсан бүх дурсгалуудыг тусгай зөвшөөрлийн талбайд байгаа мэтээр гуйвуулан тайлбарлаж түүнийгээ ашиглан “соёлын өв байгаа нь тогтоогдож байна” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Анхан шатны шүүх судалгааны ажлын гол зорилго, дүгнэлт хийсэн хэсгүүдийг орхигдуулж зөвхөн тусгай зөвшөөрлийн талбайд бус гацуурт орчмын бус нутагт хийсэн ерөнхий тайланг үндэслэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.7 дахь хэсэгт “хайгуулын талбайд соёлын өв илэрсэн болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хууль бус, үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн үйлдэл болсон.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээж авахад тавигдах үндсэн шаардлага тавигддаг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тухайлан заасаар байтал Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг баримтлан тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа шаардлагад тусгагдсанаас өөр агуулгаар буюу “...тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “шүүх нэхэмжпэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчлөө. Шүүх “тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хор хөнөөл учруулсан” гэж дүгнэхдээ холбогдох нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлсэн. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 1998 оны хуулийн 3.1.1-д “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэхээс өмнө ямар байсан, хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох” зорилгын дагуу боловсруулдаг гэж тодорхойлсон. Гэтэл тухайн үеийн суурь нөхцөл байдлын талаар тайлбарласан зөвхөн 1 бүлгийг хэсэгчлэн авч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны үр дүнд байгаль орчин сүйдсэн мэтээр гуйвуулан тайлбарласан. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үүргүүдийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ заалт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар орсон тул 2001 оноос хойш үүргээ биелүүлээгүй гэж хууль буцаан хэрэглэсэн. 2001 оноос хойш тусгай зөвшөөрлийг ашиглаж эхэлсэн атлаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зөвхөн 2009 онд хийлгэсэн гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь 1998 оны хуулийн дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОНБНҮ-ндээ тулгуурлан боловсруүлж 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/419 тоот албан бичгээр, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11/28З тоот албан бичгээр Байгаль орчны яаманд тус тус хүргүүлж байсан боловч урт нэртэй хуулийн үйлчлэлийн хүрээнд орсон учраас менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр Байгаль орчны яамнаас баталж өгөөгүй. Нэхэмжлэлийн үндэслэл болсон нийтийн ашиг сонирхол бүрэн хамгаалагдсан. Тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт багтдаггүй учраас тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд уг талбайд ямар ч  хамгаалалт байхгүй болж, хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулах төдийгүй байгаль орчныг нөхөн сэргээлтгүйгээр сүйтгэгдэх үр дагаварт хүргэх ба улс орны эдийн засагт ач холбогдол бүхий стратегийн ач холбогдолтой ордыг ашиглах боломжгүй болохоор байгааг шүүхээс анхааран үзэж Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд “шүүх зөвхөн хуульд захирагдана” гэж заасны дагуу шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  Гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд: “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах” асуудлаар шүүхэд гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, нэхэмжлэлийн үндэслэлдээ маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар тодорхой тусгасан байх шаардлагатай юм. Гэтэл нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ нь дээрх шаардлагуудыг хангаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээ, төрийн бус байгууллагын дүрэмд заасан зорилгын хүрээнд “Түүхийн өв соёл, эцэг өвгөдийн онгон шүтээн, байгаль орчныг хамгаалахад олон нийтийн хяналт тавих, сургалт сурталчилгаа явуулах” чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулахаар 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээс харагдаж байна. “Н у а х” НҮТББ зохих хууль журмын дагуу татварын албанд бүртгүүлээгүй, тайлан тэнцэл гаргаж ирүүлээгүй болохыг тодорхойлсон албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 12/1874 тоот “төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй” гэх утгатай албан бичгээс харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэж заасан хуулийн заалтыг анхан шатны шүүхийн шүүгч зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “нэхэмжлэгчийн эрхийг дордуулахгүй байх” гэсэн зарчим, ойлголт байхгүй. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг тухайн харилцааг тусгайлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хууль болон бусад ашигт малтмалын хууль, тогтоомжоор зохицуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тусгайлан заасан байгаа бөгөөд эдгээр үндэслэлд анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн дүгнэлт холбогдох хуулиудыг буруу хэрэглэж хийсэн дүгнэлт болох нь харагдаж байна. ...Мэргэжлийн байгууллагаас холбогдох археологийн авран хамгаалах хайгуулын судалгаа хийсний үндсэн дээр эрх бүхий төрийн байгууллагуудаас гуравдагч этгээд “С М” ХХК-д маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг ашиглуулах тухай шийдвэр холбогдох хууль, тогтоомжийн дагуу олгогдож, байгалийн дурсгалт болон нөөц газрын хил заагтай давхцалгүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад мэргэжлийн байгууллагын хийсэн судалгааны дүгнэлтийг нотлох баримтаар шинжлэн судлалгүйгээр судалгааны материалаас хэсэгчлэн авч нотлох баримтаар үнэлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ...Хамгаалалтад авах шаардлагатай байгалийн нөөц газар, түүх соёлын дурсгалт газрын хил заагийг Засгийн газраас тогтоож, харин Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тухайн асуудлаарх бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас дээрх холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Гацууртын ордын хил заагийг тогтоосон гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шүүгчээс хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлд заасан хүсэлт шийдвэрлэх ажиллагааг явуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор “Түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын аманд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг тогтоож, солбицлыг хавсралтаар баталсан”, уг солбицолд “С М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаардаггүй. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт 'Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангилалаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар тус тус тусгай хамгаалалтад авсугай" гэж заасан. Улсын Их Хурлын дээрх тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоол гарч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг баталсан. Тогтоолын танилцуулгын хоёр дахь хэсэг Ноён уул орчмын газар нутгийг тусгай хамгаалалтад авах зорилгыг “...Сибирийн тайгын өмнөд хил дээр орших Хэнтийн тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалах зорилготой” гэж тодорхойлжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоолоор Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Уг жагсаалтад гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл хамаардаггүй. Улсын их хурал, Засгийн газрын шийдвэрүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, нэн ховор амьтан ургамал, байгалийн унаган төрхийг хэвээр үлдээх, түүх соёлын үнэт өв устаж үгүй болохоос сэргийлж, Ноён уул орчмын нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтад авснаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон нийтийн ашиг сонирхол хамгаалагдсан байна. Гацууртын ордын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг харгалзан үзэж, Улсын их хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордод хамруулсан ба 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Гацууртын ордод Монголын Засгийн газрын эзэмших хувь, хэмжээг 34 хувиар тогтоосон бөгөөд эдгээр тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдриин 20, 21 дүгээр захирамжуудаар Гацууртын ордыг эзэмших, орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэг томилогдсон. Гацуурт төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 503,155,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, төлбөрийн нийт хэмжээ 600,282,000,000 төгрөг байна. Гэтэл шүүх дээрх бодит нөхцөл байдал, нотлох баримтуудыг огт харгалзан үзэхгүйгээр хууль тогтоомжид нийцэхгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ нь ““С М” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж /2019.1.11-ний өдөр сүүлийн байдлаар тодруулсан/, үндэслэлээ “гуравдагч этгээдийн зүгээс алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлснээр тухайн орон нутагт амьдарч байгаа хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж хүний биед хорт хавдар, өвчин эмгэг үүсэх, амьсгалын эрхтэн гэмтэх, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж ан амьтан, өвс ургамал, гол, мөрөн устаж үгүй болох, эртний хаадын булш бунхан, археологийн ховор олдвор, соёлын үнэт өв сүйтгэгдэх зэргээр олон нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учрах эрсдэлтэй тул Ашигт малтмалын хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бий болсон” гэж  тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэж зааснаас үзвэл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй этгээд маргаж буй захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахаар байна.

Харин хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тухайн субъектив эрх нь зөрчигдсөн этгээд гаргах боломжтой бөгөөд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй этгээд энэ шаардлагыг гаргаж, шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь анхнаасаа “С М” ХХК-ийн эзэмшилд байгаа 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх “Н у а х” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргасан нь 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байх боловч давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байх тул хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүйн үүднээс зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэд хэдэн хэргийн оролцогч гомдол гаргасан, гомдлын үндэслэлүүд адил байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд давж заалдах гомдлын үндэслэлээр бүлэглэн хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах  хуулийн заалтыг зөрчсөн” гэх гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь анх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй ч шүүхийн шийдвэр гарсан хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд хамаарч байгаа нөхцөл байдлыг харьцуулан үзэж “Н у а х” НҮТББ-ыг нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” шүүхийн эрхэм зорилгод нийцэж байна.   

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн гол урьдач нөхцөл нь тухайн урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой байхыг шаарддаг бөгөөд энэ хэргийн хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс оролцож нэхэмжлэлийн анхны шаардлагад дурдагдсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эс зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байхад нэмэгдүүлсэн шаардлагад дурьдагдсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж үзэхгүй.

Дээрх хуулийн зохицуулалт нь шүүхээс гадуур гомдлыг шийдвэрлэх боломжийг захиргааны байгууллагад өөрт нь олгож байгаагаас гадна ийнхүү шийдвэрлэх боломжтой тохиолдолд хэрэглэгдэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байх тул  дурдсан үндэслэлээр гаргасан талуудын гомдлыг хангах боломжгүй.

“Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.5-д заасныг буруу хэрэглэсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хор хөнөөл учруулсан талаар дүгнэхдээ холбогдох нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлсэн” гэх гомдлын тухайд:

Гацууртын алтны уурхай байрлах газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт,  Монгол орны газарзүйн мужлалаар Хэнтийн уулын тайгын тойрогт оршдог, хус бүхий нарс, шинэс зонхилсон ойтой, 70 га орчим ойн талбай нь Зүүнхараа хотын ногоон бүсийн ойд хамаардаг, хар шороон үржил шимтэй хөрстэй учир өвс ургамал сайн ургадаг, ой модонд буга, бор гөрөөс, гахай зэрэг туурайтан болон хур, сойр, хүтүү, тоншуул зэрэг шувуудтай, талд чоно, үнэг, хярс зэрэг амьтад элбэг тохиолддог нутаг дэвсгэрт байрладаг болох нь Хараа голын талбайд 2005 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд дурдагдсанаар болон бусад судалгаанд газрын байршлын талаар тодорхойлсноор нотлогджээ.

Маргаан бүхий уурхайн талбайд 1992-2000 онд алтны шороон ордын олборлолт хийхдээ үндсэн хөрсийг хуулан маш их хэмжээний овоолго үүсгэж нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас хөрс ус бохирдсон, ургамал ой устаж сүйдсэн, амьтаны аймгийн төрөл зүйл ховордож цөөрсөн нь 2009 оны 11 дүгээр сард хийгдсэн Гацууртын алтны уурхайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний /цаашид БОНБНҮ гэх/ тайлангаар тогтоогдсон, энэ талаар шүүхийн шийдвэрт зөв дүгнэж, холбогдох нотлох баримтуудыг зөв тодорхойлсон байна.

Тухайн компанийн оноосон нэр өөрчлөгдөх, тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлэн авах зэрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх, үгүйсгэх үндэслэл болохгүй, хуулиар хүлээсэн бүхий л эрх, үүрэг дагалдаж шилжих тул алтны шороон ордын олборлолт хийсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчээр “С М” ХХК-ийг тооцно.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.2 “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 39 дүгээр зүйлийн 39.1 “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 39.1.4.4 “энэ хуулийн 38.1.2-т заасан нөхөн сэргээх арга хэмжээ” гэж заасан.

Гэтэл “С М” ХХК нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд алтны шороон ордын олборлолт хийсний дараа нөхөн сэргээх арга хэмжээ аваагүй, 2001 онд эрэл үнэлгээний ажил, 2002-2003 онд хүдрийн исэлдсэн хэсгээс цианитаар уусгах туршилтын ажил, 2004 онд нэмэлт хайгуул хийсэн байх атлаа мөн нөхөн сэргээх арга хэмжээ аваагүйн улмаас 2009 оны байдлаар хөрс ус хүнцлээр бохирдсон, ургамал ой устаж сүйдсэн, амьтаны аймгийн төрөл зүйл ховордож цөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар 39 дүгээр зүйлийн холбогдох заалтын “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэснийг “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж өөрчилсөн /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль батлагдсантай холбоотой орсон өөрчлөлт/ байх ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүрэг урьд байсан бөгөөд шинээр нэмэгдээгүй, иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө тус үүргүүдийг биелүүлсэн байхыг шаардах хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэдийгээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2009 оны 7 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар гуравдагч этгээдийн төлөөлөгч нар тайлбарлаж байгаа ч  урд хийсэн олборлолт, хайгуулын ажлын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийхийг, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг  хориглоогүй.

Түүнчлэн, БОНБНҮ-ний тайланд 2009 оны байдлаар байгаль орчинд ноцтой хохирол учирсан байгаа талаар, уг нөхцөл байдлыг багасгах, зайлуулах арга хэмжээ авах талаар тодорхой тусгаж зөвлөмж өгсөн, Дүгнэлт хэсэгтээ: нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхгүй бол байгаль орчинд учруулах экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь 2.936.350.000 төгрөг болохоор байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид анхааруулсаар атал өнөөдрийг хүртэл буюу даруй 10 жилийн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил болно.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус компани нь 2012-2015 оны хооронд Гацууртын уурхайн Агаарын чанарын хяналт шинжилгээг 161 удаа хийлгэсэн,  2012-2019 оны хооронд Гацууртын уурхайн Тоосжилтыг 3 цэгт зургаа хоног тутам нийтдээ 181 удаагийн агаарын чанарын тоосжилтын хэмжилтийг (РМ10) хийсэн, 2012-2019 оны хооронд Гацууртын уурхайн хөрсний хяналт шинжилгээний 10 цэгээс улирал бүр хөрсний дээж авч нийтдээ 17 удаагийн 255 кг хөрсийг шинжилгээнд явуулсан, 2005-2019 оны хооронд Гацууртын уурхайн усны хяналт шинжилгээний гадаргын 20, газрын доорх усны 28 цэгээс сар бүр дээж авч нийтдээ 2000 орчим 10000 л очим усыг АНУ-ын лабораторит усны хими, физик, бохирдлын шинжилгээнд явуулсан, 2013 оноос хойш одоог хүртэл гадаргын усны урсацын хэмжилтийг хийж байгаа, 2016 онд байгаль орчны нэмэлт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн (археологи авран хамгаалах хайгуул болон малтлага, цэвдэг, хөрс, усны хүнцлийн судалгаа, гидрогеологи, геохими, палеонтлоги гэх мэт), 2016 онд Гацууртын төслийн усны менежментийн төлөвлөгөөг боловсруулсан зэргээр байгаль орчны хяналт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байх ч эдгээрийг нөхөн сэргээж буй үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй юм.

          Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5 “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” /2009.05.02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ гэж заасан бөгөөд БОНБНҮ-ний тайланд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас хөрс ус хүнцэл болон хүнд металлаар бохирдсон, ургамал ой устаж сүйдсэн, амьтаны аймгийн төрөл зүйл ховордож цөөрсөн талаар дүгнэж байгаль орчинд онц ноцтой хохирол учирсан нөхцөл байдал тодорхой байхад хариуцагч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлаагүй нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж заасан чиг үүрэгтэй нь зөрчилдөж байна.

         Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2-т “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална: 4/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх” гэж заасныг хариуцагч байгууллага үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй бөгөөд байгаль орчинд ноцтой хохирол учирч байгаа нөхцөл байдлыг таслан зогсоож тусгай зөвшөөрлийг цуцлаагүй буруутай гэж үзнэ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлын тухайд:

         Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангилалаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар” тус тус тусгай хамгаалалтад авч, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг баталжээ.

  Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын заагт оршдог бөгөөд Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн 3 аманд нийт 230 орчим Хүннүгийн язгууртны болон дагалдах булш илэрсэн, Ноён уулын дурсгалт газрыг 1912 онд нээсэн ба нийт хүрэл зэвсгийн үе, хүннү, дундад зууны үед холбогдох 374 дурсгал бүртгэгдээд байгаа талаар Шинжлэх ухааны академийн Түүх, архелогийн хүрээлэнгийн 2015, 2016 оны судалгааны тайлангуудад дурдагдсан байх ба Векипедиа-чөлөөт нэвтэрхий толь болон Монголын түүхийн тайлбар толь-д бичигдэн үлдсэн нотлох шаардлагагүй нийтэд илэрхий баримт болно.

  Түүнчлэн, Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангилалаар” тусгай хамгаалалтад авсанаар Монголын ард түмний түүх, соёлын үнэт өв ихээр хадгалагдсан, эртний түүхтэй газар нутаг болохыг нотолж байгаа ч анхан шатны шүүх маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал,

  Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж,  Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор Гацууртын алтны үндсэн ордын талбайн хил заагийг тогтоосон байх ба ийнхүү хил заагийг тогтоохоосоо өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 55 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсаны дагуу судалгааны ажил хийгдсэн байна.

   Захирамжийн дагуу хийгдсэн ШУА-ын Түүх архелогийн хүрээлэнгийн Гацууртын орд, түүний орчны бүсэд хийсэн Архелогийн авран хамгаалах хайгуулын судалгаагаар /2015 он/ уурхайн талбайгаас 5 дурсгал илрүүлсэн байх ба 2016 онд хийгдсэн Архелогийн авран хамгаалах малтлага судалгаагаар уг 5 дурсгалын 1 болон 2 дугаар дурсгал нь чулуун байгууламжийн дурсгалын төрөлд хамаарахаар байгаа ч эд өлгийн олдвор илрээгүй, 3 болон 4 дүгээр дурсгал нь булш оршуулгын дурсгалын төрөлд хамаарч шавар ваарны хэлтэрхий олдсон, 5 дугаар дурсгал нь бууц, суурингийн дурсгалын төрөлд хамаарч шавар савны хагархай, үнс, шатсан амьтаны яс илрүүлжээ.

  Дээрх судалгааны ажлын тайланд “...Гацууртын ордын үндсэн бүсийн уурхай, төвийн бүсийн уурхай, зүүн хойд уурхай, хаягдал овоолгын талбай, тэсрэх материалын агуулах баригдах талбайд археологийн дурсгал байхгүй байна” (2015 он- 44 хуу/, “...гацууртын ордыг ашиглахад татгалзах зүйлгүй” (2016-102 хуу) гэж тус тус дүгнэсэн байх ба ийнхүү мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор Гацууртын алтны үндсэн ордын талбайн хил заагийг тогтоосон гэж ойлгохоор байна.

  Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 109 дүгээр тогтоолтой нэхэмжлэгч тал маргаагүй, хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс уг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бий болоогүй гэж үзнэ.

 Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэдэгт хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д заагдсан ”уурхайн талбай” буюу ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай хамаарахгүй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй.  

  “Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тухайлан заасаар байтал Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг баримтлан тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон” гэх гомдлын тухайд:

  Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хүчин төлдөр мөрдөгдөж байсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасныг Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон байна.

  Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг  Ашигт малтмалын тухай хууль, тогтоомжоор зохицуулдаг тул илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэх ба Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах ойлголтод хамаарахгүй.

  Иймд дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн талаар гаргасан давж заалдах гомдол үндэстэй.

   “Ноён уул орчмын нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтад авснаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон нийтийн ашиг сонирхол хамгаалагдсан” гэх гомдлын тухайд:

  Улсын их хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдолтой ордод хамруулж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Гацууртын ордод Монголын Засгийн газрын эзэмших хувь, хэмжээг 34 хувиар тогтоосон бол Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор Гацууртын алтны үндсэн ордын талбайн хил заагийг тогтоожээ.

   Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т ”стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” гэж зааснаас үзвэл тухайн ашигт малтмалын ордын шинж чанар, нөөцийн хэмжээтэй холбоотойгоор ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдолтой эсэхийг тодорхойлдог гэж ойлгохоор байх бөгөөд ийнхүү стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болохыг эрх бүхий байгууллага тогтоосон нь тухайн ордыг ашиглаж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болж чадахгүй.

  “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэх гомдлын тухайд:

  Хавтаст хэрэгт 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт авагдсан байх бөгөөд н.Хатанчулуун гэгчээс төлсөн нь нэхэмжлэгч ТББ-ыг төлөөгүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

  Харин шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”  гэдэгт хамаарахгүй байх тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.

   Дээрхийг нэгтгэн дүгнэвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь алтны шороон ордын олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас ургамал, ой, амьтан устаж сүйдсэн, усны голидрол тасалдсан, голын ус болон хөрснөөс хүнцэл, хүнд металл их хэмжээгээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон, цаашид нөхөн сэргээлт хийлгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулснаар нөхцөл байдал илүү хүндэрч иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хохирол учруулах өндөр эрсдэл бий болохоор байна.

   Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж гуравдагч этгээд “С М” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

    Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хариуцагч байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байгаа тохиолдолд шүүх маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох нь нийтийн ашиг сонирхол илүү хамгаалагдах болно.

  Хариуцагч нь “С М” ХХК-д олгосон 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгасан шийдвэрүүдийг хүчингүй болгосноор энэхүү шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтойг тусгайлан тэмдэглэх нь зүйтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119  дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан “С М” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот  ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч болон гуравдагч этгээд Засгийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус тусын 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               ШҮҮГЧ                                                 Ц.Сайхантуяа          

               ШҮҮГЧ                                                  Э.Лхагвасүрэн

               ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН