Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00783

 

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01139 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1316 дугаар магадлалтай,

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“..................” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 7,374,632 төгрөг, алданги 3,687,302 төгрөг, нийт 11,061,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч С.Мөнгөнтулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч “..................” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7,374,632 төгрөг, алданги 3,687,302 төгрөг, нийт 11,061,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01139 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “..................” ХХК-аас 11,061,935 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “.......” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,940 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “..................” ХХК-аас 191,940 төгрөгийг гаргуулж “.......” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1316 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01139 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “..................” ХХК-аас 10,730,637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, үлдэх 331,298 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “191,940” гэснийг “187,120” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч С.Мөнгөнтулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд тээвэр зуучийн гэрээний үүрэгт 4,039 ам.доллар буюу 11,061,935 төгрөг нэхэмжилж буй үндэслэлээ нотлоогүй. Манай компанийн хувьд нэхэмжлэгч компанид үйлчилгээний төлбөрөө хэсэгчлэн шилжүүлж ирсэн бөгөөд нийт 15,607.29 ам.долларыг төлсөн. Үүнийг нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч “...Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний алданги” гэх хүснэгтэд дурдсан байгаа учраас төлбөр шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар бүгдийг нь гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгч нь яг хэдний өдрийн үйлчилгээний хөлс нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байсан бөгөөд тооцоо нийлээгүйн улмаас төлбөрийн дүн дээр маргаан үүссэн.

4.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг 2018.09.03-ны өдрийн Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээг үндэслэсэн. Мөн уг гэрээний 4.6 дахь заалтыг баримтлан алданги 1,346.35 ам.доллар буюу 3,687,302 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах ёстой. Дээр дурдсан Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээнд мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ болон үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний гол нөхцөл болох үнийг нэг бүрчлэн бичгээр тохиролцсон тохиролцоо бидний хооронд байхгүй. Нэхэмжлэлийн болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний 4.6-д “Зуучийн нэхэмжилсэн тээврийн үйлчилгээний төлбөр болон гэрээнд тодорхойлсон нөхцөл байдлаас үүсэх нэмэлт зардлыг гэрээний 4.2-д засан хугацаанд үйлчлүүлэгч төлөх ба заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5%-иар зуучид алданги төлнө” гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээний 4.2 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх ёстой байсан хугацааг нотолж чадаагүйн зэрэгцээ уг гэрээний 7.3 дугаар зүйлд зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг уг гэрээг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2018.09.11-ний өдрийн “Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээ” баримтаар авагдсан байгаа. Гэтэл 2018.09.11-ний өдрөөс хойш нэхэмжлэгч компанийн үзүүлсэн үйлчилгээний төлбөр хэд болох, хэзээ төлбөрийг төлөх нь тодорхойгүй буюу өмнө дурдсан шиг төлбөр төлөлтийн гэрээ байгуулагдаагүй байгааг шүүх харгалзан үзээгүй. Улмаар давж заалдах шатны шүүхээс алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохгүйгээр 331,298 төгрөгийг алдангиас хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд алданги 3,687,302 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч “..................” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7,374,632 төгрөг, алданги 3,687,302 төгрөг, нийт 11,061,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “төлбөрийг 2019.03.30-ны өдрөөс 2019.10.13-ны өдөр хүртэлх 5,545 ам.долларын гүйлгээгээр төлж барагдуулсан, алдангийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги төлөх үндэслэлгүй” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрийн хэмжээг багасгасан байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоож Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэжээ.

9. Зохигч 2018.09.03-ны өдөр гэрээ байгуулж энэхүү гэрээгээр “.......” ХХК нь “..................” ХХК-ийн захиалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах импортын болон экспортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь тээврийн хөлс, нэмэлт зардлууд тээвэр зуучлалын үйлчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зохигч 2018.09.03-ны өдрийн гэрээний дагуу 2018 онд нийт 8 удаагийн захиалгын дагуу 13,800 ам.долларын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлсэн талаар маргаагүй, гагцхүү төлбөр төлөгдсөн эсэх, алданги төлөх эсэхэд маргасан, хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлбөрөөс 11,107.29 ам.доллар төлөгдсөн нь тогтоогдсон, үлдэх 2,692.71 ам.долларыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Талууд гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний 3.2.1-д “үйлчлүүлэгч тээвэрлэлтийн захиалгыг тээвэрлэлт эхлэхээс 7 хоногийн өмнө зуучид өгөх”, 3.1.1-д “үйлчлүүлэгч тээвэрлэлтийн тодорхойлолтыг зуучид өгснөөр зууч нь тээвэрлэлтийн шийдлийг үнийн саналын хамт үйлчлүүлэгчид бичгээр болон цахимаар илгээх”, 4.1-д “зууч нь төлбөрийн нэхэмжлэхийг ачаа Монгол Улсын хилээр нэвтэрсэн даруйд үйлчлүүлэгчид бичгээр эсхүл цахим хэлбэрээр явуулна”, 4.2-т “...төлбөр болон ...нэмэлт зардлыг ачаа эцсийн өртөөнд ирмэгц зуучид төлнө”, 4.6-д “...төлбөрийг гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувиар зуучид алданги төлнө” гэж тус тус зааснаас үзвэл зохигч гэрээгээр тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх хугацаа, үнэ төлөх журам, хугацаа хэтрүүлсний хариуцлага тооцох талаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч алданги гаргуулахаар шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх алдангийн тооцооллыг өөрчилж, төлбөл зохих 2,692.71 ам.доллараас бус 2018.09.07-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байсан 4,710 ам.долларыг 2018.10.01-ний өдрийн дотор төлөхөөр талууд “тээвэр зуучийн төлбөр төлөлтийн гэрээг 2018.09.11-ний өдөр байгуулсныг үндэслэн, үүнээс 2018.09.28-ны өдөр 2,260 ам.доллар төлснийг хасч, тухайн үеийн үлдэгдэл төлбөр 2,450 ам.доллараас алдангийг 50 хувиар тооцож нийт 3,354,050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр “нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлж чадаагүй, 2018.09.11-ний өдрөөс хойш төлбөр төлөлтийн гэрээ дахин байгуулагдаагүйг шүүх харгалзан үзээгүй, иймээс хугацааг тодорхойлж алданги гаргуулахаар шаардах эрхгүй тул алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1316 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “..................” ХХК /төлөөлөгч С.Мөнгөнтулга/-ийн 2020.08.05-ны өдөр 68,646 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД