Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 76

 

“Дархан-Ус суваг” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00404/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 590 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.А-д холбогдох

          “Цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 2.871.374 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Ш.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдоржийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдорж,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одончимэгээс:

Хэрэглэгч Ш.А- нь 2009 оноос өмнө 974.786,5 төгрөгийн өр төлбөртэй байсан. Түүнээс хойш төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2.871.374 төгрөг болсон. Хэрэглэгч Ш.А- нь халуун, хүйтэн усны тоолуур байхгүй, задгайгаар тооцогддог. Хүйтэн ус 2 ам бүл, халуун ус 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 ам бүлээр тооцогдож байна. Хэлцэл хийж тоолуур тавиулахыг байнга шаарддаг. Цэвэр усны үнэ м3 нь 420 төгрөг, бохир усны үнэ м3 450 төгрөгөөр тус тус тооцогддог учир сардаа 15.9 м3 усаар тогтмол тооцогддог. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт төлбөр 974.786,5 төгрөг гарсан байна. Цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлууд юм. Иймд цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 2.871.374 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдоржоос:

Ш.А- нь Дархан сумын 4.3 дугаар байрны 159 тоотод 1996 оноос хойш оршин сууж байна. 2007 онд Улаанбаатар хотод ажилд орж эхнэр бид 2 ирж, очин амьдарсан. Манайх ам бүл 2 амьдарч байсныг мэдсэн атлаа байцаагч нар сайн дураар өр төлбөр бичиж хохироож байгаад гомдолтой байна. 2007 онд Улаанбаатар хот руу явахад өр төлбөр байхгүй байсан. 2 жилийн хугацаанд 974.786,5 төгрөгийн өртэй болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 6 ам бүл байгаагүй гэдгийг багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Мөн цахилгааны мөнгө төлсөн баримтаар 2 ам бүл цахилгаан хэрэглэсэн бага тооцоо гарч байгаа эзэнгүй байгаа нь тус тус нотлогдож байна. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ус хэрэглээгүй учир 2015 оны 01 дүгээр сарын 01 хүртэл 8 сар, 2015 оноос хойш 2018 он хүртэл төлбөрийг хариуцахгүй. Харин 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийг хариуцаж төлөх бөгөөд 305.597,6 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 590 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.А-ээс 2.628.197 төгрөг гаргуулж “Дархан-Ус суваг” ХК-д олгож, үлдэх 243.177 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.892 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57.001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдорж нар давж заалдсан гомдолдоо:

            2007 онд Улаанбаатар хот явахад өр төлбөр байхгүй байсан. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2 жилд нийт 974.786 төгрөг гарсан байна. Энэ хугацаанд бид Дархан хотод байгаагүй, байрандаа хүн байлгаагүй. 2007 онд хүйтэн ус тасалсан тул хүйтэн ус хэрэглээгүй. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин хөрөөдөж тасалсан. Таслуулаад 10 жил болж байна. Одоог хүртэл тасалсан хэвээр байна. Манайхыг 2 ам бүлтэй байсныг багийн засаг даргын тодорхойлолт, цахилгааны мөнгө төлсөн баримтаар тус тус нотлогдож байна. Ус хэрэглэсэн 305.597 төгрөгт маргаан гарахгүй байгаа. 2009 оноос хойш 2018 он хүртэл усны өртэй гэж мэдэгдэж байгаагүй. Манайхыг байнга хүнгүй байсныг хөрш айлын хүмүүс гэрчилнэ. 10 шахам жилийн тооцоогүй бичигдсэн өрийг хариуцахгүй. Иймд 305.597 төгрөгөөс илүү бичигдсэн 2.565.877 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК хариуцагч Ш.А-д холбогдуулж цэвэр ус хэрэглэсэн, бохир ус зайлуулсны 2009 оноос өмнөх төлбөр 974.786 төгрөг, 2009 оноос 2016 оны 06 дугаар сарын 01 хүртэлх төлбөр 1.896.588 төгрөг нийт 2.871.374 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ш.А- нэхэмжлэлийн шаардлагаас 305.597 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч Ш.А-  Дархан сумын 9 дүгээр баг 4.3 дугаар байр, 159 тоотод оршин суудаг бөгөөд 1997 онд Улаанбаатар хотод шилжин ажилласан бөгөөд тус байранд хааяа ирж очин амьдарч байсан тул маргаж буй төлбөр гарах ёсгүй гэж татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ.

Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК 2009 оноос хойшхи  цэвэр халуун хүйтэн ус, бохир усны төлбөрийг он сараар тооцон бодож, суурь хураамж болон усны үнийн өөрчлөлтийг тухай бүр нь тооцож, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ш.А- цэвэр бохир усны төлбөрт 2013 оны 04, 09, 10, 2014 оны 02 дугаар саруудад нийт 145.000 төгрөг төлсөн, өөр ямар нэгэн төлбөр төлөөгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 02 тоот акт үйлдэн хариуцагчийн өмчлөлийн орон сууцны усыг хязгаарласан, 2016 оны 06 дугаар сарын 01 хүртэлх төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагчийн 2017 оны 06 сарын 04-өөс хойш ус хязгаарласан тул төлбөрийг төлөхгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс халуун усны төлбөрийг 6 ам бүлээр тооцсоныг анхан шатны шүүх 2 ам бүлээр тооцож, 243.177 төгрөг хасч тооцсон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 6-13 дахь талд авагдсан нотлох баримтаас үзвэл 2009 оны 01 дүгээр сараас өмнөх төлбөр болох 974.786 төгрөг хэзээ, хэрхэн үүссэн төлбөр болох нь тодорхойгүй, энэ талаар нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү төлбөрийг нийт төлөх төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 590 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар хариуцагч Ш.А-ээс 1.653.411 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК-нд олгож, үлдэх 1.217.963 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.892 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41.405 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК-нд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.001 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Ш.А-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                         ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               Л.АМАРСАНАА