Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00760

 

Ц.Г, Н.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00908 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1545 дугаар магадлалтай,

Ц.Г, Н.Г нарын нэхэмжлэлтэй

“Ж” ХХК, М.А, Ц.О нарт холбогдох

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 24,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.Г, Н.Г нараас “Ж” ХХК, М.А, Ц.О нарт холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 24,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Аээс татгалзсан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00908 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Жу Жу” ХХК-иас 17,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г, Н.Г нарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ц.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч М.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, М.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Жу Жу” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1545 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Жу Жу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь ИХШХШТХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийн гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож” хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч Ц.Г, Н.Г нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл хөлс 24,100,000 төгрөгийн санхүүжилтийг шаардахад барилгын ажлыг улсын комисс хүлээн аваагүй, санхүүжилтийг “Ж” ХХК-ийн захирал М.А хариуцахаар болсон гэдэг, ...М.А нь 2018 онд багтаан шийдвэрлэж өгөхөөр баталгаа гаргаж өгсөн боловч үр дүн гараагүй, одоо компаниас биш Ц.Огоос ав гэдэг. ...Бид Ц.Отой хамтран ажилладаг байсан учраас ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 24,100,000 төгрөгийг Ц.О болон “Ж” ХХК-иас шаардаж байна, ...хариуцагч М.Аэд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна” гэж тайлбарласан.

Хариуцагч “Ж” ХХК нь “...нэхэмжлэгч нар ажлаа гүйцэд хийж хийлгүй орхиж явсан, гүйцэтгэсэн ажлаа манайд хүлээлгэж өгөөгүй, орхиж явсан ажлыг өөр бусдаар гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч Ц.О “...би нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй, ажил гүйцэтгүүлээгүй, би энэ хэрэгт ямар ч хамааралгүй” гэж тус тус тайлбарлажээ.

7. Хэрэгт авагдсан баримтаар “Ж” ХХК нь нэхэмжлэгч Ц.Г, Н.Г нартай Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн барилгын карказын ажлыг 2017.11.01-ний өдрөөс 12 дугаар сард багтаан 67,100,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлс 43,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн, талууд 2018.04.19-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч “Ж” ХХК 17,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогджээ.

8. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн үндэслэлээр үлдэгдэл 24,100,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч талуудын тооцоогоор 17,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогджээ.

9. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл 17,600,000 төгрөгийг “Ж” ХХК-иас гаргуулж, Ц.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад, үйл баримт, нотлох баримт, хууль хэрэглээний талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо “...шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, ...хэргийн оролцогчийг хуралдааны танхимаас гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дэх заалтыг зөрчсөн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-д Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно гэжээ.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрээ гаргах нь гадны нөлөөгүй, бодитой шийдвэр гаргах нөхцөл болдог.

Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааныг завсарлуулж, хуралдааны танхимаас хэргийн оролцогчийг гаргасны дараа шүүх хуралдааны танхимыг зөвлөлдөх тасалгаа хэлбэрээр ашигласан байна.

Шүүгч шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжтой байдлаар шүүх шийдвэр гаргасан гэх нөхцөл тогтоогдоогүй буюу шүүгч шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хяналтын гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг мөн 94 дүгээр зүйлд нийцэхгүй байна.

Иймд зөвлөлдөх тасалгаанд ороогүй гэх гомдол нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00908 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1545 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ж” ХХК-иас 2020.08.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД