Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0603/З |
Дугаар | 128/ШШ2019/0021 |
Огноо | 2019-01-08 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2019/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б. Т /РД:УК*/.
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд.
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
...Б.Т нь 2013 оны 9 сарын 17-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын А-077 тоот тушаалаар Түргэний ам нэртэй газарт 3.0 га талбайг Хүүхдийн хөдөлмөр амралт-ын зуслангийн зориулалтаар ашиглахаар болсон.
Миний бие Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд заасан нөхцөл, журмын дагуу 2013/31 УК91110871 тоот дугаартай газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар гарсаны дараа 2013 оны 9 сарын 27-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан зохих гэрээ хэлцлийг хууль журмын дагуу байгуулж, хамтран ажиллах хүсэлт гаргаж дараахь баримтуудыг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу мэдэгдэж, холбогдох гэрээ, хэлцлийг байгуулаагүй болно.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд миний бие гэрээ байгуулах хүсэлтийг тавьсан боловч тодорхойгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл хариу мэдэгдээгүй бөгөөд гэрээ байгуулагдаагүй болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтаас харахад газар эзэмшигч ашиглагч нь нэгэнт газар эзэмших, ашиглахтай холбоотой гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байхад түүнийг зориулалтын дагуу ашиглах хуулийн үндэслэл үүсээгүй, боломжгүй бөгөөд энэхүү боломжийг олгоогүй байж гэрээнд заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй байгаа болохыг харуулж байна.
Мөн иргэн Б.Т надтай албан ёсоор гэрээ байгуулж, газрын төлбөрийг хичнээн төгрөгөөр тооцох зэргээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглуулах хуулийн үндэслэлийг бүрдүүлж өгөөгүй атлаа төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулагдаагүй гэрээг цуцалж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэх хангалттай үндэслэл юм.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага албан тушаалтан нь захиргааны аливаа акт гаргахдаа эрх нь хөндөгдөж байгаа болон зөрчигдөж байгаа этгээдийг оролцуулан сонсох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл иргэн Б.Т миний эрх ашиг хууль бусаар зөрчигдөж байхад захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа оролцуулж сонсох ажиллагаа хийлгүй захиргааны акт гаргасан нь хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Миний хувьд газрыг зориулалтын дагуу ашиглахаар урьдчилсан нөхцлүүдийг хангаж холбогдох этгээдүүдтэй зураг төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх гэрээ хэлцэл байгуулж байсан болно. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхээ сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
...Б.Т миний бие 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А/077 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Түргэний ам нэртэй газарт 3 га талбайг хүүхдийн амралт, зуслангийн зориулалтаар ашиглах гэрчилгээ авсан. Үүний дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэсний үндсэн дээр гурвалсан гэрээ байгуулах ёстой байсан. Гэрээгээ байгуулах гээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй, гэрээ байгуулахгүй байна. Тухайн үед би оюутан байсан. Удаа дараа очиж уулзаж байсан боловч ажиллаж байсан мэргэжилтэн нь ажлаас гарсан. Эргээд хариу өгнө гэж хэлж байсан ч ямар ч хариу өгөөгүй. Энэ хугацаанд хүүхдийн зуслан байгуулахад шаардлагатай бүх зураг, материалыг бэлдсэн байсан. Гэрээ байгуулаагүй байж газар эзэмших эрхийг цуцалж, төлбөр төлөөгүй, газраа ашиглаагүй гэж байгаа нь учир дутагдалтай байна, хариуцагчаас гаргасан 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
... 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан газар ашиглах эрх олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт ...Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасан байгаа. Гэрээ байгуулаагүй бол ашиглах боломжгүй гэсэн зүйл харагдаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрх нь тус хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо зөрчилтэй хуулийг баримталсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан гэрчилгээг хүчингүй болгох байтал ашиглах эрхийг шууд дуусгавар болгосон. Гэрээ байгуулаагүй байхад гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа нь ямар учиртай юм бэ? Газар эзэмшиж, ашигласан бол төлбөр төлдөг. Өнөөдөр тухайн газрыг бодитоор ашигласан зүйл алга. Сард 1 га талбайд 500 000 төгрөг төлдөг гэж ямар ч баримтгүй зүйл ярьж байна. Мөн захиргааны актыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг дуудаж, сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Газрын төлбөрөө төлөөд төслөө хэрэгжүүл гэвэл бидэнд татгалзах зүйл байхгүй. Ашиглах эрх олгосон тушаал дээр маш тодорхой байгаа. Иргэн үүргээ биелүүлж хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн хариуг өгөөгүй байж та шаардах ёстой байсан гэсэн хүнд сурталтай зүйл ярьж байна. Захиргааны хуульд мэдсэн-ээс хойш биш мэдэгдсэн-ээс хойш гэж заасан. Мэдэгдсэн тухайгаа баримтаар нотлох ёстой. Мэдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шуудангаас хүлээж аваад хугацаандаа буюу 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Энэ хугацаанд манайх өөрөөсөө шалтгаалах бүх ажлыг тодорхой хөрөнгө гаргаж хийсэн байгаа гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Тус шүүхэд Б.Т нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон.
Иймд БОАЖ-н сайд Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус компани нь дээрх шалтгааны улмаас 2012 онд авсан 3 га газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь Хан-Уул дүүргийн газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байсан.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиололд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээнийг хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа байгууллага юм.
Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан.
Гэвч зарим газар ашиглагч нар хуулийн дагуу тавьсан анхааруулгыг үл ойшоож газрын төлбөрөө төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлт зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан. Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 06-р сарын эхээр шүүхэд гаргах байсан.
Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8.-Д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
...Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй учир газрын төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. 2003 оноос хойш газрын төлбөр төлөөгүй бөгөөд тухайн газарт 6 жил үйл ажиллагаа явуулаагүй. Гэрээ байгуулах ажиллагааг иргэн өөрөө хариуцдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэг л удаа хүсэлт өгсөн. Түүнээс өөр ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Иргэн Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гурвалсан гэрээ байгуулах ёстой байдаг. Нэхэмжлэгч гэрээ байгуулахаар хөөцөлдөөгүй. Мөн тухайн газрыг авснаасаа хойш газраа ашиглаж, төлбөр төлөөгүй. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 602 дугаар тоотоор мэдэгдсэн. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт ...Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгчид 15-ны өдөр мэдэгдсэн байхад 7 дугаар сард шүүхэд хандсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Нэхэмжлэгчид маргаан бүхий 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн актын талаар мэдэгдсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар албан бичгийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаа буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Харин 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн түүний нэхэмжлэлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжийг 2018 оны 6 дугаар сарын 29-нд гаргаснаар мөн захирамжинд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан нь хууль зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар срын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 дүгээр тушаалын[1][1] өөрт холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, захиргааны байгууллага газар ашиглагчтай хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй атлаа гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэж, маргаан бүхий актыг гаргасан нь өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буйг дурдан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны акт гаргасан нь хууль бус хэмээн маргаж байна.
Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэх заалтыг нэхэмжлэгч нь хангаагүй, газар ашиглах гэрээг өөрөө араас нь хөөцөлдөж байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн зэргээр татгалзлаа тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-291 дүгээр тушаалын[2][2] нэг дэх заалтаар нэхэмжлэгч иргэн Б.Тд Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г хууль тогтоомжид нийцүүлэн олгохыг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт зөвшөөрч, хоёр дахь заалтаар газар ашиглах гэрээ байгуулж газар ашиглалтын байдалд хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгож, гурав дахь заалтаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосны хураамж 22500 төгрөгийг байгаль хамгаалах санд төвлөрүүлэхийг Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст үүрэг болгожээ.
Ийнхүү газар ашиглах шийдвэр гарснаар нэхэмжлэгчид Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг Түргэний ам нэртэй байршилд 3.0 га талбайг Хүүхдийн хөдөлмөр амралтын зуслан-ийн зорилгоор ашиглахыг зөвшөөрч таван жилийн хугацаагаар 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2013/31 дугаартай гэрчилгээ[3][3] олгосон бол, нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22500[4][4] төгрөгийг холбогдох дансанд төвлөрүүлснээр дээрх А-291 дүгээр тушаалын нэг болон гурав дахь заалт хэрэгжжээ. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох 91 /ерөн нэг/ хуудас материалын хамт хүсэлт[5][5] гаргасан нь шийдвэрлэгдээгүй байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхээс тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хуулийг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар 26-ны өдрийн 1 тоот Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас тавигдсан зарлалууд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 455 дугаар саналыг тус тус үндэслэн гарсан бөгөөд нийт 78 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, байгуулсан гэрээг цуцалжээ. Ийнхүү нэг удаагийн ёсчлон гаргасан захиргааны актаар олон тооны иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон ба тушаалын үндэслэлүүдээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл илүүтэй хамаарна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахаас гадна нэхэмжлэгч мөн дурдсан үндэслэлээр маргааны зүйлээ тодорхойлж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т: ....гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 37 дугаар зүйлийн 1-т: Сум, дүүргийн Засаг дарга ... газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна, 37 дугаар зүйлийн 2-т: газар ашиглах гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана, мөн заалтын 2-т: газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, 3-т: газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага гэж зохицуулжээ.
Тэгэхээр Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан агуулгаас үзвэл, газар ашиглагчтай заавал гэрээ байгуулах, гэрээгээ жил бүр дүгнэх, төлбөрийг гэрээнд зааснаар төлөх, гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглах гэхчлэн бусад асуудлыг зөвхөн газар ашиглах тухай гэрээгээр зохицуулахаар байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо тухайн эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх гэрээг байгуулагдаагүй байгааг үл анхаарч, газар ашиглах гэрээний нэг тал байж уг гэрээг захиргааны нэрийн өмнөөс хянаж, биелэлтийг нь хангуулж байх үүрэг бүхий байгууллагад нь эрх бүхий албан тушаалтан гэрээ байгуулахыг үүрэг болгосон байхад байгуулаагүй атлаа зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж араас нь хөөцөлдөөгүй гэх шалтгааныг тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай, газар ашиглах гэрээ байгуулагдаагүй асуудалд шүүх зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д: тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мөн зүйлийн 9-д: тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам ... тогтоох гэхчлэн хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрх хуульчилагдсан ба энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх талаарх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т: тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг газар ашиглах гэрээ байгуулаагүй мөртлөө гэрээгээ зөрчсөн гэх байдлаар шийдвэр гаргаж хөндсөн байна.
Захиргааны байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг нь дуусгавар болгож сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үүрэгтэй байсан, үүнийг хэрэгжүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 болон мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 дугаар тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /БОАЖЯамны санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б