Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00777

 

“...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01488 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1623 дугаар магадлалтай,

“...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“...........” ХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Гэрээний үүрэгт 25,519,500 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Гэрээнээс учирсан хохиролд 21,271,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн төлөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...........” ХХК нь хариуцагч “...........” ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 25,519,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 21,271,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01488 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “...........” ХК-аас 17,013,000 төгрөгийг гаргуулж, “...........” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 8,506,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “...........” ХХК-аас 10,635,500 төгрөгийг гаргуулж “...........” ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 10,635,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,547 төгрөг, хариуцагчаас төлсөн 295,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 243,015 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 185,118 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 1,000,000 төгрөгийг зохигчдоос тус бүр 500,000 төгрөг гаргуулж, шинжээч “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1623 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Магадлалын хянавал хэсэгт: “...Хулгайд эд зүйл алдагдсан байдлыг эрүүгийн журмаар шалгах явцад алдагдсан эд зүйл хөшөөтэй цогцолборын төв хэсгээс 300-400 орчим метр зайтай байрлаж байсан, тэр орчимд гэрэлтүүлэггүй байсан нь тогтоогдсон, шөнийн цагаар төв хэсгээс шууд харагдах боломжгүй болохыг зохигчид тайлбарласан...” гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг дутуу үнэлсэн. Учир нь /хх 67 хуудас/ Төв аймгийн Прокурорын газрын 2015.09.24-ний өдрийн 299 дугаартай Прокурорын тогтоолын олсон нь хэсэгт хохирогч Д.Эрдэнэбилэгийн мэдүүлгээс: “...2015.03.13-ны өглөө хөшөөний морины дэлэн дээр гарч орчноо шалгахад дээрх газар байрлаж байсан трансформатор байхгүй байсан,...монтёрыг дуудаж үзүүлэхэд 3 тонн орчим жинтэй яаж буулгасныг нь гайхаад байсан ойр хавьд нь машины мөр байгаагүй дахиад 300-гаад метр явсны дараа машины мөр байсан., ...Тэгтэл 03 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө унтаж байтал хамгаалалтын албаны ахлагч хулгай хийгээд дахиад юм аваад явсан байна гэж хэлсэн тул очоод шалгахад трансформатораас үлдсэн зүрхэвч гэх зүйлийг авч явсан байсан...” гэсэн байна. Хэдийгээр тухайн бүс гэрэлтүүлэггүй боловч машин орж ирээд хулгай хийж байхад “...........” ХК-ийг үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж болохгүй. 3 тонн жинтэй эд зүйлийг явган хүн ирээд өргөөд гарах ямарч боломжгүй. Эхний өдөр 2 сая төгрөгийн масло хулгайд алдагдсан дараагийн өдөр нь 19,271,000 төгрөгийн үнэ бүхий зүрхэвч хулгайд алдагдсан. Эхний өдөр хулгайн гэмт хэрэг гараад байхад харуул хамгаалалтын үүргээ биелүүлж дараагийн өдөр сонор, сэрэмжтэй ажиллаж чадаагүй. Харуул, хамгаалалтын мэргэжлийн компани байж 2 дахь өдрийн хулгайнаас урьдчилан сэргийлж чадаагүй. Хөшөөнөөс бусад талбай хэдийгээр гэрэлтүүлэггүй боловч хамгаалалтын бүсэд нь удаа дараа хулгайн гэмт хэрэг гарч байхад шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй нь хулгайд алдагдсан трансформаторын /эд хөрөнгийн/ үнийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг хэрэглээгүй.

4.2. “...........” ХК-ийг алдагдсан эд зүйлийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй боловч харуул хамгаалалтын гэрээний 5.2.1 дэх заалтаар хүлээсэн “объектын тухай мэдээлэл, дотоод журам, аюулгүй ажиллагааны заавар зэрэг хамгаалагч талд зайлшгүй шаардлагатай мэдээлэл, цаг үеийн өөрчлөлт, хөдөлгөөнийг тухай бүр мэдэгдэж байх”, 5.2.5-д “Харуул хамгаалалтын алба хаагчдыг албан үүргээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангах” үйлчлүүлэгч талын үүргээ зохих ёсоор биелүүлснээ баримтаар нотлоогүй тул эд зүйл хулгайд алдагдахад гэрээний талуудын хэн алины буруутай байдал нөлөөлсөн гэж шүүх дүгнэн төлбөрийг 50 багасгаж, нэхэмжлэгчээс гаргуулсныг буруутгах үндэслэлгүй.” гэжээ. “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.14-т “Объектын хүрээнд гарсан хэрэг, зөрчлийг таслан зогсоох, гэмт халдлага гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж заасан байдаг. Мөн ээлжинд гарч байсан харуул Г.Ууганбаяр “...Тухайн өдрийн орой би ээлжинд хонож хөшөөн дээр гарч байсан ба дотор байрлуулсан камераар хараад хяналт тавьж байсан.” /хх 87/ гэдэг мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн компани хаана ямар камер байрлуулах, хэдэн харуулаар үүрэг гүйцэтгүүлбэл объектыг бүрэн хамгаалж чадах вэ? гэдгийг өөрсдөө төлөвлөн боловсруулах ёстой. Мөн урд өдөр нь хулгайн гэмт хэрэг гарсан байхад дараагийн өдөр нь харуул хамгаалалтаа яаж сайжруулах талаар арга хэмжээ авч чадаагүйгээс дахин хулгайн гэмт хэрэг гарч трансформаторын гол эд анги болох зүрхэвчийг хулгайд алдсан байна. Эхний өдөр хулгайн гэмт хэрэг гарсныг хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан харуул Г.Ууганбаяр мэдсэн болох нь түүний мэдүүлгээс тодорхой харагддаг. “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 6.2-т “Талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талд хохирол учирсан тохиолдолд эд зүйлсийн зөвхөн бодит хохирлыг гэрээний үүргийг биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэм буруутай тал бүрэн барагдуулна.” гэж заасан байгаа. Гэрээнд учирсан хохирлыг нөгөө талдаа бүрэн барагдуулах талаар тодорхой зааж өгсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэн трансформаторын үнээс 50% буюу 10,635,500 төгрөгийг хангахгүй шийдсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй “...........” ХХК-аас хулгайд алдагдсан трансформаторын үнийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч “...........” ХХК нь хариуцагч “...........” ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 25,519,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “хариуцагчтай 2014.06.11-ний өдөр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Төв аймгийн Эрдэнэ сумын “Цонжин болдог” хэмээх газарт Чингис хааны морьт хөшөөт цогцолборын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажилласан, сард 3,200,000 төгрөгийн төлбөр авахаар тохиролцсон боловч 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 6 дугаар сар хүртэлх 6 сарын хугацааны хөлс төлөөгүй, иймд уг мөнгийг алданги 8,506,000 төгрөгийн хамт гаргуулна уу” гэсэн,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “тооцоо нийлсэн баримтаар 17,013,000 төгрөгийн өртэй, гэхдээ харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байх хугацаанд буюу 2015.03.12-ны өдөр хамгаалж байсан объект болох Чингисийн морьт хөшөө цогцолборын хашаан дотроос 27,500,000 төгрөгийн үнэ бүхий трансформатор хулгайд алдагдсан байхад гэрээний дагуу ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, хулгайд алдсан эд зүйлийн үнэд 21,271,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “трансформатор нь “...........” ХК-ийн өмчлөлийн болон эзэмшлийнх гэхэд эргэлзээтэйгээс гадна манай компанид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, трансформатор морьт цогцолбороос 300-400 метрийн зайд байрлаж байсан, тэнд ямар нэгэн харуул хамгаалалт, цоож байхгүй байсныг өөрсдөө хэлдэг, гэрээний 5.2.5 хамгаалалтын ажилтныг албан үүргээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангах, мөн гэрээний 5.3.7-д үйлчлүүлэгч тал хамгаалалтын хяналтын камер, дохиоллын хэрэгслээр тоноглох, тэдгээрийн найдвартай ажиллагааг бүрэн хариуцах гэж заасны дагуу “...........” ХК хамгаалуулж буй объектынхоо хашаа, хаалгыг бүрэн бүтэн, цоожтой байлгах, хяналтын камер, дохиоллын хэрэгслээр тоноглох ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.

7. Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох тухайд зөв дүгнэсэн байна.

10. Гэрээнд зааснаар харуул хамгаалалтын хөлсөнд хариуцагч сар бүр 3,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч 2015 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх 6 сарын төлбөрт 17,013,000 төгрөг төлөөгүй болохыг зохигч маргаагүй бөгөөд хариуцагч гагцхүү уг мөнгийг төлөхгүй шалтгаанаа эд зүйл хулгайд алдсанаас учирсан хохирол гаргуулахтай холбон тайлбарлажээ.

11. Анхан шатны шүүх хариуцагч гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул уг мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан ажиллуулагч гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй гэсэнтэй нийцсэн байна.

12. Харин алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

13. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй, учир нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, нэхэмжлэгч компанийг харуул хамгаалалтын үүргээ биелүүлэх явцад буюу 2015.03.12-13, 13-14-нд шилжих шөнө тухайн хамгаалалтын объектод хамаарах газарт байсан трансформатор дараалсан 2 удаагийн үйлдлээр хулгайд алдагдсан нь тогтоогдсон байна.

Шүүх эд зүйлийн хохирлыг гаргуулахдаа уг хохирол учрахад гэрээнд заасан харуул хамгаалалтын албан хаагчдыг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлөөр бүрэн хангах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээ 21,271,000 төгрөгийг 50 хувиар багасгаж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

14. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01488 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1623 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “...........” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр/-ийн 2020.08.17-ны өдөр 185,120 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД