Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/449

 

 

 

 

 

                                                       

                                                                Ч.Шд холбогдох                                 

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

            шүүгдэгч Ч.Шгийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Шгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1911019231121 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Чны Ш, 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зойсгуард” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 19 дүгээр гудамжны 671 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-515г тоотод оршин суух,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 389 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 338 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар эдлээгүй үйлдсэн 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 11 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Ч.Ш нь 2019 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө согтуурсан үедээ, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 20-515г тоотод хохирогч С.Гтэй хамт архи ууж, хоорондоо маргалдан улмаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайчаар хохирогчийн хэвлий тус газарт нь хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, дух, хүзүүнд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Чулууны Шг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Ч.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Шд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Шгийн цагдан хоригдсон нийт 3 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см урт, цэнхэр өнгийн, нэг бариул нь салсан хайч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ч.Ш гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Хохирогч С.Г нь хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, одоогоор ажил төрлөө хэвийн хийж байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэсэн байдаг. Мөн миний бие уг хэрэг болсны дараа өөрийн гэмийг ухаарч түргэн тусламж, цагдаа дуудан хэргээ үнэн зөвөөр хүлээсэн байдаг. Иймд эрхэм шүүгч та бүхэн энэхүү байдлыг минь харгалзан үзэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлэн хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ч.Шгийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Шгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Ч.Ш өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж тус тус заасан. Шүүгдэгч Ч.Ш урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан. Уг гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хайч ашиглан үйлдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ч.Ш нь 2019 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө согтуурсан үедээ, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 20-515г тоотод хохирогч С.Гтэй хамт архи ууж, хоорондоо маргалдан улмаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайчаар хохирогчийн хэвлий тус газарт нь хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, дух, хүзүүнд зулгарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Гийн “...Дэлгүүрээс 2 шил архи аваад Шгийн гэр рүү явсан. ... Бид 2 хамт архи ууж байсан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна ...Миний биеийн байдал сайн байгаа бөгөөд хагалгаанд орсон 330.000 төгрөг, эм тарианы мөнгөө авчихвал надад гомдол санал байхгүй. ...” /хх 16-17/,

гэрч М.Алтантөгсийн “... Энэ хайч зүгээр байсан ба ямар нэгэн байдлаар хагарч, салаагүй байсан. ...” /хх 19-20/,

Ч.Шгийн яллагдагчаар өгсөн “...Бид хоёр ууж байгаад согтоод хоорондоо маргалдаад Г миний шанаа хэсэгт 2 удаа цохихоор нь би уурлаад ... дээр доороо гараад ноцолдож байтал Гийн гэдэснээс цус гарсан. ...” /хх 36/,

шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Гийн биед учирсан гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал, хэвлийн хөндий нэвтэрсэн шарх нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд хүзүүнд, духанд учирсан зулгаралт гэмтэл нь мөн ир үзүүр бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Ир үзүүр бүхий зүйлд хэргийн газрын үзлэгийн зурагт үзүүлсэн хайч хамаарна. ...” /хх 27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8940 дугаартай “...С.Гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгах мэс заслын дараах байдал, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 26/ гэх дүгнэлт,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Шг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийжээ.

Шүүгдэгч Ч.Шгийн согтуурсан үедээ, хохирогч С.Гийн хэвлий тус газарт нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, дух, хүзүүнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Шгийн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Шгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Гийн өгсөн “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.Шгийн “...Миний бие уг хэрэг болсны дараа өөрийн гэмийг ухаарч түргэн тусламж, цагдаа дуудан хэргээ үнэн зөвөөр хүлээсэн байдаг. ...Энэхүү байдлыг минь харгалзан үзэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлэн хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Шгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Шгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ