Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 288

 

Л.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Р.Атарцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар магадлалтай, 201419000281 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.О-, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 170 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 119 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял оногдуулж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хасч, 2 жил 10 хоног хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ. 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар прокуророос Л.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, Л.О-ыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Л.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.О-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.О гаргасан гомдолдоо “2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмөрийн 3-17 тоот буюу Э-ын гэрт Б, Э, А, талийгаач Ц.Ц нартай хамт архи уусан. Энэ үед талийгаач Ц.Ц нь Э, О хоёрт би жинхэнэ хутгалж үзүүлнэ гэх зэргээр агсам тавьж эхлэхээр нь Эрдэнэбаатарын зөвлөсний дагуу тэр хоёр талийгаачаас уучлалт гуйснаар хэрүүл намжиж, талийгаач гэрээсээ гараад явсан. Тэгээд  би Э, О-т явлаа гэж хэлээд байж байтал талийгаач гаднаас 1 шил архитай орж ирээд “танилцсаныхаа төлөө ганц юм авсан хуваагаад уучихъя” гэхээр нь одоо болно гэсэн чинь юун сүртэй юм бэ өөрт чинь зориулж авчирсан гэж хэлсэн тул буцаад суусан. Архиа тойруулаад  ууж байхад талийгаач надад хандан “чи түрүүнээс хойш надтай юм ярихгүй, намайг үл ойшоогоод байна” гэх зэргээр хэрүүл хийж, улмаар миний дээр гарч суугаад намайг хэд хэдэн удаа цохиж байхад А, О хоёр талийгаач Ц.Ц-ийг салгаж авсан. Тухайн үед талийгаачийн биенээс хутга унаж байсан. Талийгаачаас цохих болсон шалтгааныг тодруулах гэсэн боловч ална гэж дайраад байхаар нь А-той хамт явах гэж хаалгаар гарах үед араас хөлийн чимээ гарсан. Эргээд хартал талийгаач зүүн гартаа хутга барьсан байдалтай далайгаад ирэхэд хутгатай гарын бугуйнаас нь бариад автал баруун гараараа миний майкний захаас заамдаж боосон. Энэ үед хутгыг өөрөөсөө холдуулахын тулд талийгаачийн хутгатай гарынх нь ар талаас барьж мушгиж түлхэхэд хаалганы довжоон дээр хөл алдаж хоёулаа давхралдаж унахдаа талийгаачид хутга зоогдсон байсан. Талийгаач Ц.Ц-ийг санаатай алсан зүйл байхгүй, нэгэнт хутга бариад ирсэн хүнийг өөрөөсөө холдуулах гэж аргагүй эрхэнд хамгаалалт хийсэн. Би тухайн үед архи уусан байсан ч биеэ хамгаалах чадвартай байсан тулдаа аюулыг холдуулсан бөгөөд хэрэв согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн бол талийгаачид хутгалуулан амь насаа алдахыг үгүйсгэхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс хэргийн үнэн зөвийг олж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах Б.Б-ийн гэрт Л.О, Ж.Э, А, Н.О, талийгаач Ц.Ц нар архи уух үед талийгаачийн зүгээс Л.О-ыг “намайг хүндэлсэнгүй, явах гэлээ” гэж түүний нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж амнаас нь цус гаргасан байна. Тэгээд Л.О нь А-д явъя гэж хэлээд түрүүлээд гарах гээд явахад ард нь хөлийн чимээ гарахаар нь эргээд хартал талийгаач зүүн гартаа хутга барьчихсан байдалтай түүн рүү дайрах үед Л.О талийгаачийн хутгатай гарыг мушгиж ноцолдон давхралдаж унах явцад талийгаачийн баруун эгэм хавьд хутгалагдсан байна. Шүүгдэгчийн зүгээс анхны мэдүүлгээр энэ үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд үүнээс хойш 4 жилийн хугацаанд уг мэдүүлгээ өөрчлөөгүй, тогтвортой мэдүүлсээр ирсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг уншиж судлахад талийгаач өөрөө эхэлж дайраад давхаралдаж унасны улмаас хутгалагдаж нас барсан уу? эсхүл Л.О талийгаачийн хутгыг булааж аваад амь насыг нь санаатай хохироосон уу гэдгийг нотолсон баримт байдаггүй юм. Гэрч А, О нар хэрэг болсны дараа гарч ирсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Харин прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Л.О-ыг хүний санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ялласан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн хуулийн нэрийг буруу бичсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой байтал шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх хэлсэн саналдаа “Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар иргэн Ц нь гадны нөлөөтэй нас барсан болох нь нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүхийн үнэлж дүгнэсэн шиг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр харагдахгүй байна. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хохирогч талаас 4 жилийн хугацаанд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр явж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан байсан. Шүүх бүрэлдэхүүн өөрчилснөөс хойш ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх 355 дугаар шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна гэж дүгнэсэн. Гандансүрэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцуулах, өөрчилсөн захирамж гараагүй байсан гэдгийг баттай хэлж байгаа юм. Нотлох баримтыг анхан шатны шүүх тал бүрээс нь үнэлээгүй. Л.О-ын хумснаас авсан шинжилгээгээр цус илрээгүй, гэрч А нь эх сурвалжаа зааж өгч чадаагүй байна гэсэн хоёр үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээд хэргийг шийдвэрлэсэн тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна. Гэмт хэрэг гарснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд анхан шатны шүүхээр 4 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа орсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.О-ын үйлдлийг болгоомжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Гэрч Т.А-ын мэдүүлэг болон шинжээчийн 2 удаагийн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчлэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Л.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй  нотлох баримтуудыг үнэлэхдээ үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Прокуророос шүүгдэгч Л.О-ыг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд Ц.Ц-ийн цээжинд хутгалж санаатай алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцэхдээ гэрч Т.А мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, шинжээч гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Учир нь дамжмал байдлаар бус хэрэг гарах цаг хугацаанд амь хохирогч Ц.Ц, шүүгдэгч Л.О нартай хамт байсан, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харсан гэрч Т.А-н мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлэлгүй орхисон нь хуульд нийцээгүй байна.

Мөн шинжээч эмч Г.Э гаргасан дүгнэлтээ үгүйсгэж, эргэлзээ төрүүлэхүйц мэдүүлэг өгсөн мэтээр буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН