Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00024/и |
Дугаар | 139 |
Огноо | 2020-02-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 139
2020 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 139/ШШ2020/00139 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М салбарт холбогдох Дулаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 922,430 төгрөг, нотариатын зардал 6200 төгрөг, нийт 928,430 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь М салбартай байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний дагуу тус компанийг халаалтаар ханган ажилладаг. Гэтэл 2018 оны 2 дугаар сарын халаалтын төлбөрөөс 212,571 төгрөгийг, 2019 оны 2 дугаар сарын халаалтын төлбөрөөс 69,713 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын халаалтын төлбөрөөс 640,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд М салбараас 2018 оны 2 дугаар сарын халаалтын төлбөрөөс 212,571 төгрөгийг, 2019 оны 2 дугаар сарын халаалтын төлбөрөөс 69,713 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын халаалтын төлбөрөөс 640,000 төгрөг, нийт 922,230 төгрөг, нотариатын зардалд 6200 төгрөг, нийт 928,430 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2018 оны 2 дугаар сарын төлбөр дээр 21,2574 төгрөг, 2019 оны 2 дугаар сард 69,713 төгрөг, 2019 оны 3 дугаар сард 640,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Манай компанийн зүгээс халааж байгаа энэ байгууллага халаалт муу байсан болохоор төлбөрийг дутуу төлсөн гэж байна. Манайх сүүлийн 20 жил айл өрх, аж ахуй нэгжийг халааж байна. Халаалт нь зөвхөн манайхаас шалтгаалаад байдаг зүйл биш юм. Хэрэглэгчийн шугам гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалдаг. 2019 оны 2 дугаар сард цаг агаарын байдал хүйтэн байсан. Тухайн үед доголдсон доголдлоо бид засаад авах арга хэмжээнүүдийг аваад явсан. 2019 оны 3 дугаар сар дээр манайх бүрэн халаасан. Манайх халаалтыг дутуу халсан гэж байна. 00 зогсолт хийж энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүрсэн зүйл байхгүй. 2019 оны 2 дугаар сард бол онцгой хүйтэн байсан. Тэр үедээ бид авах арга хэмжээгээ цаг алдалгүй авч засаж залруулсны үндсэн дээр дараа сар дээр халаалт өгсөн байсан. М-ын үйл ажиллагаа явуулдаг. Т нь цаг хугацаандаа халаалтын төлбөрөө манай компанид төлөөд явдаг. Манай компаниас гарч байгаа градус энэ байгууллага дээр очихдоо хэмжээ нь очих 2 градусын өөрчлөлттэй очих ёстой. Манай эцсийн хэрэглэгч бол аймгийн цаг уурын газар, М бол манай голын хэрэглэгч эцсийн хэрэглэгч нь дээр ч 2 градусын зөрүүтэй очдог. Дундговь аймагт хоёр хангагч байгууллага байдаг нэг нь сайн нэг нь муу гэсэн юм байхгүй. Манайх 5 төсвийн байгуулгатай бусад нь айл өрхийг халаадаг. Манай ажил улирлын чанартай байдаг учраас банкны зээлээр бид нар өвлийн бэлтгэл ажлаа хангадаг учраас мөн л банкны хүү төлж явдаг учраас энэ их мөнгө, бага мөнгө гэлтгүй зардлаа орлогоороо нөхдөг учраас өнөөдрийн байдлаар хэцүү байна. Тиймээс бид нар энэ төлбөрийг 100 хувь нэхэмжилж авахаас өөр аргагүй. Бидэнтэй 52 байгууллага гэрээ хийгээд явж байна. 212000 дээр гэрээ дүгнэж акт үйлдсэн гэдэг зүйл ярьж байна. М нягтлан Б-д удаа дараа мэдэгдэж байсан. Үнэхээр л 2019 оны 2 дугаар сард халахгүй хэцүү байсан юм бол тэр дор нь дуудлагаа өгөөд дуудлагын слесарь дуудаад доголдлыг илрүүлэх байтал дураараа тэгж болохгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т компанийн нэхэмжлэл дээр М салбар 1,984,000 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны 12 дугаар сарын байдлаар 922,000 төгрөгийн дутуу төлөлттэй байсан. Манай байгууллагаас төлбөл зохих төлбөрийн 50 хувийг төлж барагдуулсан. Үлдэгдэл мөнгийг “Т” ХХК-д хандаж хэлэхэд энэ нь төлөгдөөгүй үлдсэн мөнгө биш гэрээнд заасан стандарт тоо хэмжээгээр дулаанаар хангаагүй, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар стандартын шаардлагад нийцсэн дулаанаар хангаж ажиллаагүй. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д стандартын шаардлагад нийцсэн дулаан эрчим хүчээр хангагдах, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д эрчим хүчний тухай гэрээний заасан үүргээ дутуу биелүүлсэн, гэрээнд заасан тоо чанарт нийцсэн эрчим хүчээр хангаагүй бол бүрэн буюу хэсэгчлэн төлөхөөс татгалзах гэсэн үндэслэлээр халаалтын төлбөрийг хасаж төлсөн. 2019 оны 2 дугаар сард уурын зуухны үйл ажиллагаа доголдолтой цаг агаарын байдал ч хүнд байсан. Аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн бүх уурын зууханд шалгалт үзлэг хийсэн. Тухайн үед ямар байдалтай байсан талаар онцгой байдал, мэргэжлийн хяналтын газруудаа уурын зуухнуудад үзлэг хийсэн талаарх албан бичгийг гаргаж хэрэгт өгсөн байгаа. Манайх Т банктай хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Манайх бол харьцангуй цөөхөн алба хаагч нартай. Т банк бол 10 гаруй алба хаагчдтай тухайн үе маш их хүйтэн байсан. Т банкнаас танайх дулаанаар халаагаагүй байхад яагаад төлбөрийг төлчихсөн юм бэ гээд асуухад манайх “Т” ХХК-тай харилцагч байгууллага учраас бид нар ёс зүйгээ бодоод халаалтын төлбөрийг төлсөн гэж хэлсэн. 2019 оны 12, 1 дүгээр саруудад халаалтын зардал хэт өндөр гарсан. Манай байгууллагын халаалтын сантехникийн үйл ажиллагаа, шугам сүлжээ, тоног төхөөрөмж сайн гэж үзэж байгаа. Узел манай харьяанд байдаг. Гэрээний хувьд асуудалтай хангагчийн талаас үүрэг хариуцлага нь тодорхой бус хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан тийм зүйл байхгүй байгаа учраас гэрээн дээр их асуудалтай аймгийн төвийн бүх хангагч байгууллагуудтай байгуулсан гэрээнд ийм байгаа. 2018 оноос хойш л хасаж тооцсон бусад үед төлөлтөө бүрэн хийгээд явдаг байсан. Бидэнд үнэхээр хүнд өдөр их байсан. Харин ч бидний зүгээс төлбөрөө бүрэн төлж ирсэн. 2019 оны цагаан сарын үеэр халаалт зогссон. Манайх тэр үед 24 цагийн жижүүртэй байсан ба жижүүрүүд даарсан гэдэг байдлаар энэ асуудлыг ярьж тавьж байсан учраас аргагүй эрхэнд 922,000 төгрөгөөс 50 хувийн төлбөрийг хассан юм. 2019 оны 3 дугаар сард 640,000 төгрөгийг хасаж төлөлт хийсэн. Ингээд манайх нийт 1,632,000 төгрөгийн тооцоотой байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сард гэрээ байгуулж ажиллах саналууд тавьсан. Түүний үндэслэлээр 10 сараас нягтлан Б-тай ирж уулзаад би 50 хувийг нь барагдуулах талаар хэлсэн. Тухайн үед ороод 20-30 минут байх үед галч нь орж ирээд цалин хөлс гээд санхүүгийн хувьд хэцүү байгаа гэдгийг ойлгосон учраас би 50 хувийг төлье гээд гэрээгээ байгуулна гэж хэлсэн. Дарга нартайгаа яриад би эргээд хариу өгье гэж хэлсэн. Халаалт муу байгаа талаар манайх эрчим хүчний зохицуулах хороо болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлтээ өгч байсан. Манай байгууллага гэрээ байгуулъя гэсэн чинь танайх 100 хувь төлж байж гэрээгээ байгуул гэдэг зүйл Б дарга хэлсэн. Манайх төсвийн байгууллага манайх халаалтын тодорхой төсөвтэй түүндээ тусгаад төлбөрөө шилжүүлдэг. Он гараад шүүх дээр очоод танай талд шийдвэл манайд мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нягтлантайгаа ярьж байгаад 922,000 төгрөгийг нь би шилжүүлье гээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,600,000 төгрөгөөс 922,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай байгууллага 2019 онд 709,713 төгрөг үлдсэн. Тэгээд үүнийг сүүлийн нэхэмжлэл дээр 2 сарынх нь 69,000 төгрөг 3 дугаар сарын төлбөр 640,000 төгрөг гэж яриад байна. Үүнийг ямар байдлаар тооцож байна вэ, энэ төлбөр дутуу байгаа эсэхийг яаж нотолсон юм бэ, халаагаагүй байж яагаад төлбөрөө 100 хувь авна гээд байгаа юм. Миний хувьд Дундговь аймагт 20 жил амьдарч байна. Манай аймагт 2 уурын зуух байдаг ба тэдгээр нь дулаанаар хангагч байгууллага ба “Г” ХХК нь сайн халаадаг, “Т” ХХК нь муу халаадаг гэсэн иргэдийн яриа байдаг. “Т” ХХК-ийн иргэдтэй байгуулж байгаа дулааны эрчим хүчээр хангах гэрээ нь өөрөө холбогдох дээд байгууллагаар хянагдаж хууль эрх зүйн хувьд 2 талын эрх ашигт нийцсэн байгаа эсэхийг нягталж шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү гэсэн саналтай байна. Гэрээний асуудал дээр эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд байдаг. Эдгээр байгууллагууд эрчим хүч дулаанаар хангах гэрээ нь хууль ёсны дагуу байх ёстой талаар бүрэн заасан байдаг. Тухайн гэрээг эрчим хүчний дээд байгууллага нь хянасан байх ёстой гэсэн заалт уншсан. Тийм учраас ийм зүйл ярьж байна. 2011 оноос хойш манай үндсэн гэрээ байгаа. Эрчим хүчний тухай хууль нь 2015 онд өөрчлөгдсөн гэсэн. Тэгэхэд одоог хүртэл 2011 оны гэрээ байгаа юм. Энэ хугацаанд гэрээ сунгагдаж шинэчлэгдэж явагдах ёстой. Дулааны горимыг байнга шалгаж байх ёстой мөн температурыг байгууллага байгууллагаар нь заагаад өгчихсөн тийм ном байдаг юм билээ. Үнэхээр энэ гэрээнд асуудалтай зүйлүүд байгаа юм. Тухайн үед өмнө нь нэхэмжлэгч талаас өгсөн баримт нь манайхыг 8 сард бичгээр халаалтын төлбөрөө төлөхийг шаардсан бичиг өгсөн. Түүний дагуу гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэрэглэгч хангагчийн үүргийг тодотгосон хангагч байгууллага нь шаардлага хангасан эрчим хүчний тухай хуульд заасан дулааны эрчим хүчээр хангах тал дээр аль аль талдаа хариуцлагатай байх зэргээр бичээд өгсөн тайлбар бичгийг хавтаст хэргийн материалд өгсөн байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч М салбарт холбогдуулан дулаан эрчим хүч ашигласны төлбөрт 922,430 төгрөг, нотариатын зардал 6200 төгрөг, нийт 928,430 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь М салбартай байгуулсан Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний дагуу тус компанийг халаалтаар ханган ажилладаг. Гэтэл М салбар нь 2018 оны 02 дугаар сарын халаалтын төлбөрөөс 212,571 төгрөгийг, 2019 оны 2 дугаар сарын халаалтын төлбөрөөс 69,713 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын халаалтын төлбөрөөс 640,000 төгрөг төлөөгүй ба нийт 922,230 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох нотариатын зардалд 6200 төгрөгийг нэхэмжлэх ба нийт 928,430 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч М салбарын төлөөлөгч Б.О нь “Т” ХХК нь бидний хооронд байгуулагдсан эрчим хүчээр хангах гэрээний дагуу стандартын шаардлагад нийцсэн дулаан эрчим хүчээр хангаагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, маш муу халаалт нийлүүлсэн учир бид нэмэлт зардал гаргаж санхүүгийн хохирол амссан, муу халаалт нийлүүлдэг атлаа халаалтын төлбөрөө 100 хувь бүрэн барагдуулж авна гэдгийг зөвшөөрөхгүй, Эрчим хүчний тухай хуулийн 30.1.5-д “эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” гэсэн хуулийн заалтын дагуу манай байгууллага дулаан хэвийн халаагүй өдрүүдийн төлбөрийг хасаж тооцсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2011 оноос Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жил бүр сунгасан байна.
Талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг Эрчим хүчний тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулж өгсөн ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасны дагуу дээрх гэрээний харилцаа нь Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдах харилцаа учраас гэрээгээр нэхэмжлэгч тал хэрэглэгчийг дулаан эрчим хүчээр хангах, хариуцагч нь үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээгээр маргаантай байгаа дулаанаар хангах тоо хэмжээг тодорхой тусгасан байх бөгөөд уг тоо хэмжээгээр гадна агаарын тооцоот температур -40 градус хүртэл байх үеийн халаалтын графикаар тооцож тохиролцсон бөгөөд уг графикт “...гадна агаарын температур -20 градус байх үед өгөх усны температур нь +60 градус байхаар харилцсан тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...манай байгууллага гэрээнд заасан тоо хэмжээгээр дулаан нийлүүлэх боломжгүй...” гэх тайлбар, мөн хариуцагчаас тайлбар, татгалзлаа нотлуулахаар шүүхэд гаргасан баримтууд болох 2019 оны 2 дугаар сар, 2019 оны 03 дугаар сарын халаалтын бүртгэл хөтлөх хянах хуудас хх-28, 32, Аймгийн онцгой комиссын хурлын тэмдэглэл /2019.02.06-ны өдрийн/ хх-34, Аймгийн онцгой комиссын гишүүд 2019.02.10-21-ний өдрүүдэд халаалтын зуухнуудад эргүүл хийхэд “Т” ХХК-ийн халаалтын даралтын тэмдэглэл хх-35 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоо хэмжээний дагуу дулаан нийлүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн хариуцагчийн “...Т ХХК нь гэрээнд заасан тоо хэмжээгээр чанартай дулаан нийлүүлээгүй атлаа халаалтын төлбөрөө 100 хувь биднээс нэхэмжилснийг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч нь няцаагаагүй учир Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасны дагуу эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүчээ дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй учраас хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу заримыг төлөхөөс татгалзах эрхтэй гэж үзэж нэхэмжлэгчийн халаалтын төлбөрт 922,430 төгрөг, нотариатын зардал 6200 төгрөг, нийт 928,430 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,684 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М салбарыг Б.О нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх ба тус банкны захирал Б.О биш гэдэгт нэхэмжлэгч тал маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар дулаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 922,430 төгрөг, нотариатын зардал 6200 төгрөг, нийт 928,430 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,684 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ