Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00795

 

Г.Г, Н.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/01205 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар магадлалтай,

Г.Г, Н.Ц нарын нэхэмжлэлтэй,

П.М, Б.Б нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 3,073,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нар нь хариуцагч П.М, Б.Б нарт холбогдуулан контейнер /чингэлэг/ айлын хашаанд түрээсээр тавиулсан хөлс 420,000 төгрөг, хашааны материалын үнэ 223,000 төгрөг, материал хүргүүлсний хөлс 30,000 төгрөг, контейнер /чингэлэг/ авчирч буулгасны хөлс 200,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,200,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг, нийт 3,073,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/01205 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.М, Б.Б нараас нийт 873,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нарт олгож, үлдсэн 2,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 25,502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/01205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “873,000” гэснийг “673,000” гэж, “2,200,000” гэснийг “2,400,000” гэж, 2 дахь заалтын “25,502” гэснийг “20,702” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт... хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана.” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч П.М, Б.Б нараас тус бүр хэдэн төгрөг гаргуулах талаар тодорхой тусгаагүй байна.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 2013.09.03-ны өдрөөс 2014.11.07-ны өдрийг хүртэл хадгалуулсан хөлсөнд 420,000 төгрөгийг төлсөн болох нь 2014.11.08-ны өдрийн баримтаар тогтоогдож байна...” гэж үзжээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013.12.25-ны өдрийн 230/с дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн 2014.06.12-ны өдрийн 344 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт 2013.09.08-ны өдрийн контейнер ачиж буулгуулсны хөлсөнд 200,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл 2014.11.08-ны өдрийн 420,000 төгрөгийн баримт нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013.12.25-ны өдрийн 230/с дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн 2014.06.12-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор нэгэнт тогтоогдсон нэхэмжлэлийн шаардлага хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусгавар болсон өмнөх хэргийн үйл баримттай давхцаж байгаа учир нэхэмжлэгчийн хадгалуулсан үйлдэл нь үйл баримтаар тогтоогдохгүй байна.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж хуульчилсан. Гэтэл шинээр хашаа барьсан зардалд 253,000 төгрөгийг нэхэмжлэх боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтад зөвхөн хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурагдсан байх ба тухайн гарын үсэг зурсан этгээд нь хэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн гэрчийн мэдүүлэг болон санхүүгийн анхан шатны баримт зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан бодит хохирол учирсан эсэх нь тогтоогдохгүй байх тул тус хуулийн 229 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн төлөх үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нар нь хариуцагч П.М, Б.Б нарт холбогдуулан контейнер айлын хашаанд түрээсээр тавиулсан хөлс 420,000 төгрөг, хашааны материалын үнэ 223,000 төгрөг, материал хүргүүлсний хөлс 30,000 төгрөг, контейнер авчирч буулгасны хөлс 200,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,200,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг, нийт 3,073,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “өмчлөлийн газартаа контейнер буулгахаар очиход хашаанд оруулаагүй аргагүй эрхэд гудамжинд буулгасан, тавих айл олж хашаанд нь тавьж түрээсийн төлбөр төлсөн, айлын хашаанаас буцаан авчирч өөрийн хашаанд буулгасан, мөн хашааг эвдсэн байсан тул засварласан, маргааныг шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчид хөлс төлсөн, 2011 оноос эхлэн 8 жилийн турш хариуцагч газар чөлөөлж өгөөгүйгээс сэтгэл санаа, цаг хугацаа, биеийн хүчийг зарцуулсан” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...сэтгэл санааны ямар хохирол хэдий хугацаанд ямар шалтгааны улмаас учирсан нь нотлогдохгүй, аливаа хүн, өмгөөлүүлэх нь өөрийнх нь эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх нь зайлшгүй гарах зардал биш, 2013.09.03-ны өдрөөс 2014.11.07-ны өдөр хүртэлх бусдад төлсөн түрээсийн төлбөр 420,000 төгрөг шаардсан, цаг хугацааны хувьд зөрүүтэй байна, мөн шинээр хашаа барьсан зардал 223,000 төгрөг гэсэн баримт өгсөн боловч энэ баримтад зурагдсан гарын үсэг нь зөвхөн хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байгаа. Хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй. Контейнер дахин зөөсөн гэсэн 200,000 төгрөгийн баримт байгаа, уг баримт өмнөх хэргийн санхүүгийн баримтаас ялгаагүй, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Анхан шатны шүүх бусдад төлсөн түрээсийн төлбөр 420,000 төгрөг, хашаа засварлах материалын үнэ 223,000 төгрөг, материал хүргүүлсний хөлс 30,000 төгрөг, контейнер авчирч буулгасны хөлс 200,000 төгрөг, нийт 873,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх дээрхээс контейнер авчирч буулгасны хөлс 200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн, хариуцагчаас 673,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд харьцуулан үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9. Өөрийн буруутай үйлдлээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд тухайн гэм хорыг арилгах үүргийг хуулийн дагуу хүлээдэг бөгөөд нэхэмжлэгчид хохирол учирсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

10. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байсныг тогтоосон, энэхүү шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газар, хашаанд контейнер буулгахаар очиход хариуцагч зүй бус үйлдэл гаргаж хашаанд оруулаагүйгээс контейнерыг хашааны гадна буулгасан, дараа нь өөр айлын хашаа руу зөөж, төлбөр төлсөн, хожим нь өөрийн хашаанд буцаан буулгасан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна. Түүнчлэн хашааны хэсгийг эвдсэнийг шинээр зассан тухай нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Иймээс бусдад төлбөр төлсөн, хашаа засварласны зардалд нийт 673,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “хариуцагч П.М, Б.Б нараас тус бүр хэдэн төгрөг гаргуулах талаар шийдвэр, магадлалд тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт... хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана.” гэснийг зөрчсөн, 420,000 төгрөгтэй холбоотой маргааныг өмнө гарсан шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн, хашаа засварлахад гарсан зардал шаардсантай холбоотой баримт шаардлага хангаагүй” гэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг гаргажээ.

12.1. Нэхэмжлэгч нар 2 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа мөнгийг тэднээс гаргуулахаар шаардлага, үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагч нарыг гэм хорыг хамтран хариуцах этгээд гэж үзэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д заасан “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна...” гэж заасантай нийцнэ.

Учир нь хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нэг гэр бүлийн гишүүн бөгөөд газрын хамтран өмчлөгчид, хариуцагч нар мөн нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж байсан болох нь өмнөх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байна.

12.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013.12.25-ны өдрийн 230/с дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн 2014.06.12-ны өдрийн 344 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт 2013.09.08-ны өдрийн контейнер ачиж буулгуулсны хөлсөнд 200,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоож, хариуцагч нараас гаргуулсан, энэ байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх айлын хашаанаас буцааж өөрийн хашаанд контейнер зөөхөд гарсан зардал гэх 200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба энэ нь бусдад контейнер хадгалуулсны хөлсөнд төлсөн 420,000 төгрөгийн шаардлагатай хамааралгүй байна.

12.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, шинээр хашаа барьсан зардалд 253,000 төгрөгийг гаргуулахтай холбоотой нотлох баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй, эдгээрийг шаардлага хангаагүй нотлох баримт гэж үзэх хуульд заасан үндэслэлгүй болно.

13. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П.М, Б.Б нар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд/-ын 2020.08.20-ны өдөр 20,702 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА