Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын багт оршин суух Х банкны Д сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух Б.М /РД:/,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух Ч.С /РД:/ нарт холбогдох, 7266023.39 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, Э.А, хариуцагч Ч.Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.М, Ч.Снар Х банкны Дундговь аймгийн тооцооны төвөөс 2017-05-02 өдөр .. зээлийн гэрээ байгуулан 11000000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар авсан. ... Зээлдэгч нь  гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй.   ... Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5941552,55 төгрөг, зээлийн хүү 1278045,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41924,93 төгрөг, нотариатын төлбөр 4500, улсын тэмдэгтийн хураамж  131134,37 төгрөгийг гаргуулахаар, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... 5 ханатай гэр, зурагт, хөргөгч зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ч.Сшүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: .. миний бие Х банкны нэхэмжилсэн 7266023,39 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Миний бие Б.М цалингийн зээл авахад гарын үсэг зурсан нь үнэн боловч нэг ч төгрөг  хэрэглээгүй. Би 2018 оны 11 сараас 2019 оны 04 сар хүртэл уг зээлээс 5 сая төгрөг төлж байсан. ... Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: .. Х банкны нэхэмжилсэн 7266023,39 төгрөгийн төлбөрийг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х банкны Д с хариуцагч Б.М, Ч.Снараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7266023,39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Хариуцагч Б.Мнэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байна.

 

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулах шаардлагын тухайд:

Х банкны Д с 2017 оны 05 сарын 02 өдөр Б.М, Ч.Снартай ЗГ201743034779 дугаартай зээлийн гэрээ байгуулж 11000000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй байхаар тохиролцож,  Ч.Сзээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр  гарын үсэг зуржээ.

Талуудын байгуулсан гэрээнд зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 02 сарын 05 өдрөөс 2021 оны 02 сарын 05 өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 05 өдөр 337100 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлж байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч тал уг хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт, болон хариуцагч Ч.Сийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д /зээл олголт, зээл эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй .... тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана/-д зааснаар Х банкинд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүссэн байна гэж  үзлээ.

Мөн ЗГ201743034779 дугаартай зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.1.1-д “Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах”, 4.1.4-д Барьцааны зүйлийг худалдан борлуулсан болон даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулсны дараа илүү гарсан хэсгийг олгохыг шаардах эрхтэй”, 4.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний 4.1.1, болон 4.1.4-д зааснаас бусад/-ийг эдэлж үүргийг хүлээнэ” гэж  гэрээний талууд тохиролцсон байна.

Хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах нь тухайн хүний хувийн байдалтай холбоотой тул Б.М цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн  Б.М хамааралтай бөгөөд хариуцагч Ч.С хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг хариуцуулах нь үндэслэлгүй юм. Мөн  талуудын хооронд байгуулсан гэрээний 4-р зүйлийн 4.3-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч тухайн зээлийг авч ашиглах эрхгүй  байх тул тухайн зээлийг мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүргийг хүлээх нь үндэслэлгүй юм.  Иймд хариуцагч Б.М зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7266023,9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Д ст олгож, хариуцагч Б.Сгаас төлөгдөөгүй зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд :

 

Талууд 2017 оны 05 сарын 02 өдөр БГХ201743034779 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Б.М, Ч.Снар барьцааны гэрээнд барьцаалуулагчаар  гарын үсэг зуржээ.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 1 дугаар зүйлийн 1.5-д “энэхүү гэрээний зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин  төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно”, 4 дугаар зүйлийн 4.1.2-т “Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийг энэхүү гэрээний 5-р зүйлд заасны дагуу худалдан борлуулах” 5 дугаар зүйлийн 5.1-д “ зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ” гэж тус тус тусгажээ. Иймд зээлийн төлбөрийг хариуцагч Б.Ммөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 5 ханатай гэр, зурагт, хөргөгч  зэрэг хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М шүүх хуралдааны товийг хуульд заасан арга хэлбэрээр, боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч Б.М эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.М зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, нийт 7261523.39 төгрөгийг гаргуулан Х банкны Д ст олгож, хариуцагч Ч.Саас зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай нэмэмжлэлийн шаардлагын хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч Б.Мзээлийн төлбөр 7261523,93 төгрөгийг мөнгөн хэлбэрээр  барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох таван ханатай гэр, зурагт, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131134,37 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 131134.37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Д ст  олгосугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б