Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух Н.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д а д М с ү т /захирал Ю.Ц/-нд холбогдох  

Д а М с ү т захирлын 2019 оны 8 сарын 30-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагчийн төлөөлөгч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2004 онд МСҮТ-д цагийн багшаар ажиллаж байгаад 2005 онд үндсэн ажилтан буюу нийгмийн ухааны багш, ...2013 оны 09 сарын 02 өдрийн 75 дугаар тушаалаар МСҮТ-н сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байсан. ... 2019 оны 09 сарын 02 өдөр захирал Ю.Ц хууль зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. .... Ажил олгогч Ю.Ц нь намайг үндэслэлгүйгээр ажлас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар Дундговь аймаг дахь МСҮТ-н захирлын 2019 оны Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.  Н.Б нь ... 2013 оны 09 сарын 02-ны өдрийн 75 дугаартай тушаалаар МСҮТөвийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад захирал Ю.Ц хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлөх гэж байгаа бол энэ тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн байна. Тус сургуулийн дотоод журмын 8.1.2, 8.1.3-г үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж өгөх ёстой. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ю.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019 оны 08 сарын 30 өдрийн Б/17 дугаартай тушаал нь хүчингүйд тооцогдож шинээр тушаал гарсан бөгөөд энэ талаар Н.Бт мэдэгдэхэд тушаалыг хүлээж авахгүй гэсэн тул хуулбарыг хувийн и-мэйл хаягаар нь илгээсэн болно. Н.Б нь удаа дараа ажил тасалж сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2019 оны 08 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаал нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр хүчингүй болсон. Ажил олгогч тухайн гаргасан тушаалаа хууль зүйн алдаатай үндэслэлээ буруу бичсэн хууль хэрэглээний сонгох хэрэглээг буруу хийсэн учраас буруу гаргасан байна. 2019 оны 09 сарын 2-ны өдөр Б/18 тоот тушаалыг гаргаж, 2019 оны 08 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосон. Н нь дарга болон сургалтын албанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Энэ асуудал нь 2019 оны 08 сарын 30-ны өдөр мөн 2019 оны 09 сарын 02-ны өдөр болж байгаа асуудал биш. Удирдах албан тушаалтан байж ажилдаа ирдэггүй ажил хийдэггүй. Маргаж буй тушаал нь 2019 оны 09 сарын 2-ны өдөр хүчингүй болсон. Тушаалыг хүчингүй болгоод Б/18 тоот тушаалыг гаргаж тушаалаа авахыг мэдэгдсэн боловч аваагүй мэйл хаягруу нь явуулсан тушаалаа хүлээж авсан эсэх нь мэдэгдэхгүй байдаг. 2019 оны 09 сарын 2-ны өдрийн тушаал хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч тал Дундговь аймаг дахь МСҮТ-н захирлын 2019 оны 08 сарын 30 өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.   

Нэхэмжлэгч Н.Б нь  Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  захирлын 2013 оны 08 сарын 29 өдрийн 75 дугаартай тушаалаар сургалтын менежерээр томилогдон ажиллаж байсан, тус төвийн 2019 оны 09 сарын 02 өдрийн Б/18 дугаартай тушаалуудаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал тус төвийн захирлын 2019 оны 08 сарын 30 өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байх боловч дээрхи тушаалыг 2019 оны 09 сарын 02 өдрийн Б/18 дугаартай тушаалын 4 дүгээр заалтаар хүчингүй болгосон байна.

Хариуцагч тал маргаж буй Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосон, нэхэмжлэгч тал Б/18 тоот тушаалтай маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргаж буй үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч талын маргаж буй гол үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага нь ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах гэж тайлбарлаж байх тул  нэхэмжлэгчийн гаргасан Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 08 сарын 30 өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал 2019 оны Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй боловч  ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр тушаал болох 2019 оны 09 сарын 02 өдрийн Б/18 тоот тушаалд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны Б/18 тоот тушаалд Н.Быг Хөдөлмөрийн хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журамын 8-р зүйлийн 8.1.2, 8.1.3 дах хэсэгт заасныг баримтлан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ажил тасалсан, ажлын цагаар ажлын байран дээрээ байдаггүй, хөдөлмөрийн гэрээний 7.2.2-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 09 сарын 02 өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Хөдөлмөрийн дотоод журамын 8-р зүйлийн 8.1.2-д “Удирдлагаас болон ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлаганд заагдсан албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг 3 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй нь тогтоогдсон” 8.1.3-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон”  тохиолдлуудыг хөдөлмөрийн сахилгын зөрчилд  тооцохоор журамласан байна.   /хэргийн 94-103-р хуудас/

Нэхэмжлэгч Н.Бт Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн  захирлын 2018 оны 11 сарын 02 өдрийн А/60 дугаар тушаалаар “Сануулах”  сахилгын шийтгэл оногдуулсан байна. /хэргийн 117-р хуудас/

Хариуцагч тал Н.Быг 2019 оны 01 сарын 09, 10 ны өдөр, 2019 оны  02 дугаар сарын 19 өдөр, 2019 оны 08 сарын 15, 17-30 өдрүүдэд ажил тасалсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч дээрхи саруудын ажлын өдрүүдэд бүрэн ажиллаж, ажилласан хоногт оногдох цалин хөлсөө бүрэн авсан болох нь хариуцагч талаас ирүүлсэн “Н.Бын 2019 оны цалингийн дэлгэрэнгүй” баримтаар тогтоогдорж байна.

Хэргийн 109-115 дугаар хуудсуудад авагдсан цагийн бүртгэлийн баримт нь Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын 4-р зүйлийн 4.1 /Ажлын цаг ашиглалтын бүртгэл/-д заасан шаардлагыг хангаагүй, цаг бүртгэх үүрэг бүхий /ажил үүргийн хуваарьт тусгасан/ этгээд цагийн бүртгэлийг, камер хяналтыг хийсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хэргийн 126-128 дугаар хуудсуудад авагдсан дүгнэлт, ажиглалт, хяналтын хуудсуудыг дүгнэлт өгөх, ажиглалт хяналт хийх эрх бүхий этгээдээс гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Иймд дээрхи баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Н.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, Удирдлагаас болон ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлаганд заагдсан албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг 3 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй, Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон  болох нь хангалттай нотлогдоогүй  байх тул Н.Быг Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний дундаж цалин /1979084+120000+873794=4052878 төгрөг  4052878/3 сар =1350959  төгрөг/ -аас нэг өдрийн дундаж цалинг 61407 төгрөгөөр /1350959/22=61407/  тооцож, 2019 оны 09 сарын 02 өдрөөс 2020 оны 06 сарын 04 өдөр дуустал нийт ажлын 190 хоногын цалингийн олговор 11667330 төгрөгийг Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож,  11667330 төгрөгийн олговроос эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан  хувь хэмжээгээр суутган эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар Б овогт Нгийн Н /РД/-ыг Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 11667330 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Н.Бт олгох 11667330 төгрөгийн олговроос Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс  улсын тэмдэгтийн хураамж 201627 төгрөгийг гаргуулан  төсвийн орлогод оруулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, түүний төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б