Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2019/00461/и |
Дугаар | 484 |
Огноо | 2020-06-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн "Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух С.дийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын багт оршин суух, У мХХК, Ч.О нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 500000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн төлөөлөгч Н.Ц, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 оны 10 сарын 04 өдөр Дөл хоршоог бага хувьчлалын ягаан тасалбараар хувьчилж авсан болох нь тухайн үеийн дуудлага худалдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Дөл хоршоог 1992 оны 12 сарын 26 өдөр Тулга ББХ хоршоо болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлэн 1994 он хүртэл иргэн Д.Лийлэнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан. ... 1994 онд Баянуул ХХК-г байгуулж Тулга хоршооны үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгөө Д.Лийлэнд үлдээгээд өөрөө Баянуул ХХК-ны үйл ажиллагааг эрхлэн явуулсан. .... Иргэн Д.Лийлэн миний худалдаж авсан Тулга хоршооны байранд үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн бөгөөд уг байрыг өөрийн эзэмшлийн Ундраммандал ХХК-ны өмч болгон бүртгүүлсэн болохыг .. хожим мэдсэн. ... Сайнцагаан сумын 7-р багт байрлах Ундраммандал ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбай дэлгүүрийн барилга, 364 м.кв талбай агуулахын барилгын өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.д 2020 оны 03 сарын 13 өдрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг өөрчилсөн шаардлагадаа: Сайнцагаан сумын 7-р багт байрлах Ундраммандал ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг өөрчилж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.д 2020 оны 05 сарын 11 өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: .. миний бие 1991 оны 10 сарын 4 өдөр Дөл хоршоог ягаан тасалбараар хувьчилж авсан... тухайн үед Тулга хоршоог байгуулах гэхэд 4 дээш хүний бүрэлдэхүүнтэй байхыг хуулиараа шаардсан тул 1991 оны 11 сарын 15 нд Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нарыг оролцуулан гэрээ хийсэн. Энэхүү гэрээг байгуулах үед Татварын ерөнхий газраас ирсэн бэлэн загварыг бөглөж байгуулсан. Дамиранжав, Цоож нар надад бусад иргэдээс хувьцаа олж өгч үнийг нь тэр дор нь авч худалдсан нь үнэн болно. ... мөн тухайн үеийн хуулийн шаардлагын дагуу бид 1991 оны 11 сарын 15 нд гэрээг байгуулсан. Уг хуулиараа тухайн хоршооны гишүүн нь өөрийн хөрөнгөө оруулсан байх ёстой. Гэтэл бодит байдал дээр Ч.О, Д.Лийлэн, Л.Дуламжав нар Тулга хоршоонд ямарч хөрөнгө, хувьцаа нийлүүлээгүй. Иймээс гишүүд бус этгээдүүд гэрээ байгуулсан байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.д 2020 оны 05 сарын 27 өдрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилсөн шаардлагадаа: Сайнцагаан сумын 7-р багт байрлах Ундраммандал ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Ундраммандал ХХК, Ч.Онарт холбогдуулан гаргасан Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нартай 1991 оны 11 сарын 15 өдрийн Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХоршоог хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Сайнцагаан сумын 7-р багт байрлах Ундраммандал ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... иргэд хоорондын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах мөн үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувиар тооцож 500 сая төгрөг нэхэмжилсэн. Улсын бүртгэлийн газар нь 2000 оны 5 сарын 10-ны өдөр “Ундрам мандал” компанид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байна. Үүний дараа улсын бүртгэлийн хэлтэст хууль бус гэрчилгээ гарсан гэдэг байдлаар хандахад шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн чиглэл өгсөн. ... 1991 оны 5 сарын 31-ний өдөр батлагдсан “Аж ахуй нэгжийн тухай хууль” -иар асуудлыг шийдэх боломж нээгдсэн байдаг. Тухайн гаргасан зааварчилгаан дээр 4-с доошгүй гишүүнтэй бүрэн бус хариуцлагатай хоршоо байхыг зааж өгсөн байдаг. Дуудлага худалдаанд орсны дараа Дамиранжав надад 285 ширхэг хувьцаа, Цоож 420 ширхэг хувьцааг надад тус тус өгсөн. .... Анх гэрээг албан ёсоор хувьцаа нийлүүлж албан ёсоор оролцоогүй хүмүүсийн нэр бичигдсэн учраас нэхэмжлэл гаргасан.Тулга хоршоог татан буулгах үед хуваарьт хөрөнгийг ийм шударга бусаар хуваарилж болохгүй гэдгийг хэлсэн. Тухайн үед хурал хийсэн хурлын протокол хийгдсэн. Тэр хурлаас гарсан тогтоол гэж байх л ёстой. Гэтэл хурлын тэмдэглэл хийгдсэн хэрнээ тогтоол гэсэн зүйл огт байдаггүй. Хоршооны хөрөнгийг хуваасан нь буруу байна гэдгийг би урьд өмнө нь Лийлэн, Оюундулам нарт хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Улс орон зах зээлд шилжиж хамгийн түрүүнд худалдааны байгууллагууд дуудлага худалдаагаар худалдаалах мэдээлэл гарсаны дараа С.д, Ч.О, Д.Лийлэн, Л.Дуламжав нар нь хувь тэнцүү хувьцаа нийлүүлэн Дөл хоршоо, Зоог гуанзыг худалдаж авахаар тохиролцож биднийг төлөөлөн С.д дуудлага худалдаанд орсон. ... 1991 оны 12 сарын 26 өдөр Тулга ББХХ-г улсын бүртгэлд бүртгүүлж 1994 он хүртэл С.д, Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нар хамтран худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Тулга хоршооны гишүүд хоорондоо байгуулсан гэрээний 13 дугаарт гэрээлэгч талууд уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гишүүдийн аль нэг нь цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг цааш үргэлжлүүлнэ гэж заасан боловч Дэжид 2 жил болоод өргөдлөө өгч гэрээнээс гарснаар гэрээ цуцлагдсан гэж ойлгож байгаа. С.д нь Тулга хоршооны бүрэн хариуцлагатай гишүүдэд 1994 оны 01 сарын 10 нд гаргасан өргөдөлдөө “анхны нийлүүлсэн хувьцааныхаа хэмжээний хөрөнгийг тасдаж авъя, тэгээд яахаа шийдье” гэсэн хүсэлтийн дагуу хоршооны гишүүд хуралдаж анх худалдаж авсан үндсэн хөрөнгийг 4 хувааж, түүнээс хойш бий болсон хөрөнгийн 43,8 хувийг хуваахаар тохирч хөрөнгийг тасдаж өгсөн. Энэ хөрөнгөнд Зоог гуанз, 250 м.кв агуулахын барилга зэрэг үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө багтсан. С.д нь 1994 оны 01 сарын 10 өдөр хоршооны гишүүнээс гарах өргөдлөө бичиж, хоршоонд хандсанаар бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. ... Дэжидэд нийт 4828329 төгрөгний үндсэн ба эргэлтийн хөрөнгө олгосон. ... Тулга ББХ хоршоог 1991 оны 11 сарын 15 өдөр байгуулж, 1991 оны 12 сарын 14 өдөр аймгийн санхүүгийн хэлтсийн татварын албанд бүртгүүлж үйл ажиллагаа явуулаад дуусгавар болоод 26 гаруй жил болсон дараа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д 3 жил гэж заасан байна. ... Ундраммандал ХХК нь 1994 оны 01 сарын 25 -аас хойш дэлгүүр уурын зуух, хашааны хууль ёсны өмчлөгчөөр 26 жил тасралтгүй илээр эзэмшин ашиглаж 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 20 жил өмчилсөн учир С.дэд мөнгө төлөх ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Улс орон зах зээлд шилжиж дуудлага худалдаа зарлагдсан юм. Лийлэн Цоож Дамиранжав, Дэжид нар нь аман байдлаар дуудлага худалдаанд оролцох талаар ярьсан. Тулга хоршоог хуулийн дагуу байгуулсан. Хоршооныхоо дүрмийг бид үзээд Дэжид гарын үсэг зурж баталгаажуулсан. Дүрмээрээ хоршоонд ажиллах хүмүүс нь хамтран ажиллах гэрээ гэж хийсэн. Тухайн үед Мандалговь хотын нотариатчаар батлуулж бүгд зөвшөөрсөн байдаг. Ардын депататутын хурлын захиргааны татварын тасагт бүртгүүлснээр аж ахуй нэгжийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь дангаараа хувьчилж авсан юм шиг юм яриад байна. Тухайн үед дээд боловсролтой хүмүүсийн цалин тийм ч өндөр байгаагүй. Нийлүүлсэн хувьцааг бид нар хүмүүсээс зээлээд авсан. Тулга хоршооны 6 зүйлтэй дүрмийг 7 хувь хийсэн байдаг. Хавсралт дүрмийн 1.7-д зааснаар гэрээ байгуулсан гишүүд нь хамтран өмчлөнө гэж заасан байдаг.. Энэ дүрмийн 8.2-т үндэслэн Дэжидийг хоршооны даргаар томилсон юм. Өөрөө тухайн үед баталж гарын үсэг зурчхаад одоо гишүүн нь тэд байх ёстой гээд байгааг ойлгохгүй байна. Тулга хоршооны эрх зүйн чадвар дууссан гэж үзэж байна. Хоршооны бүх гишүүдийн хурлаас тогтоол гарна гэсэн заалт хоршооны дүрэмд байхгүй. Тухайн үед хоршоо тарахад хөрөнгө хуваахад бид бүгд ярилцаад хуваасан. Түүнийг зөвшөөрөөд хоршооны бүх гишүүд гарын үсэг зурсан. Тухайн үеийн эхлэлтийн баланс дээр тодорхой харагдаж байдаг. Тухайн үед ашиглаж байсан эд хөрөнгө татварын хөрөнгийн бүртгэлд байгаа. Эдгээрт тодорхой заасан байдаг. Дэжид байхгүй түүнд оролцохгүй байж байгаад бид хөрөнгөө хуваасан зүйл байхгүй. Энэхүү маргаад байгаа зүйлийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд тодорхой хугацааг зааж өгсөн байдаг. Бид нараас ийм хэмжээний хөрөнгө мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбартай байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч тал 1991 оны 11 сарын 15 өдрийн Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХхоршоог хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Ундраммандал ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
1991 оны 11 сарын 15 өдрийн иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.д нь 1991 оны 11 сарын 15 өдөр иргэн Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нартай гэрээ байгуулан Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХоршоог иргэд хоорондын гэрээний үндсэн дээр байгуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 52-57-р хуудас/
Иргэн С.д, Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нар Тулга ББХХоршоонд адил хувь хэмжээгээр буюу гишүүн тус бүр 562000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр иргэд хоорондын гэрээгээр тохиролцжээ.
Мөн Тулга ББХХ-ны дүрмийн 7 дугаар зүйлд “Хоршооны хөрөнгө нь гишүүдээс оруулсан хөрөнгө, хоршоонд гишүүдээс гэрээ байгуулан шилжүүлсэн тоног төхөөрөмж, биет зүйлсээс бүрдэнэ. Хоршооны эд хөрөнгийг гишүүд дундаа хамтран өмчилнө” гэж заажээ.
Нэхэмжлэгч талын гаргасан тухайн үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжоор хоршоо нь 4-өөс доошгүй гишүүнтэй байх шаардлагатай байсан тул Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нартай дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэх тайлбар нь Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.3 “Иргэд эд хөрөнгөө нэгтгэн аж ахуй эрхэлж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг наад зах нь нэг гишүүн өөрийн бүх эд хөрөнгөөр, бусад гишүүн нь зөвхөн оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээх аж ахуйн нэгжийг бүрэн бус хариуцлагатай хоршоо гэнэ”, 16 дугаар зүйлийн 16.1 “Хоршоог иргэд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу боловсруулсан гэрээ дүрмийн үндсэн дээр байгуулна” гэх заалтуудаар тус тус үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд хоршоо нь 4 доошгүй гишүүнтэй байх шаардлага тавигдаагүй болох нь тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах 2 давхар дэлгүүрийн барилга /тухайн үеийн Дөл хоршоо/-ыг худалдан авсан 1650 ш хувьцааны 420 ш хувьцааг хариуцагчийн төлөөлөгч Н.Ц нэхэмжлэгчид өгсөн болохыг тайлбарлан мэдүүлсэн болно.
1963 оны 02 сарын 09 өдөр батлагдсан БНМАУ-н Иргэний хууль /хоршоо байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 51 дугаар зүйлд “Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 3 жилээр тогтооно. ” , 1994 оны Монгол улсын Иргэний хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д “Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 3 жил байна.”, 2002 оны Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж тус тус хуульчилан заажээ.
Анх харилцаа эхэлсэн үеэс маргаан шийдвэрлэх хүртэл хугацаанд үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Иргэний хуулиудад заагдсан хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзэхэд 1991 оны 11 сарын 15 өдөр байгуулсан худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХоршоог хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХоршоог хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Сайнцагаан сумын 7-р багт байрлах Ундраммандал ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.д нь хариуцагч У м ХХК, Ч.Онараас
Сайнцагаан сумын 7-р багт байрлах 2 давхар 467,6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэн С.д, Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нар 1991 оны 11 сарын 15 өдрийн иргэд хоорондын гэрээ, дүрмийн үндсэн дээр Тулга ББХХ-г байгуулжээ.
Нэхэмжлэгч С.д Дөл хоршоог Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХ-ны хөрөнгө болгон шилжүүлсэн болох нь Тулга хоршооны эхлэлтийн тайлан тэнцэл болон нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбараар, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашаа нь Тулга ББХХ-ны үйл ажиллагааны үр дүнд шинээр үүссэн хөрөнгө болох нь гэрч Ц.Чимэддоржийн мэдүүлгээр нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 59, 219 дугаар хуудас/
Улсын бага хурлаас 1991 оны 05 сарын 17 өдөр батлагдсан Аж ахуй нэгжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд /хоршооны гишүүдээс оруулсан хувь хөрөнгө, үйл ажиллагааны нь явцад шинээр бий болсон эд хөрөнгө тухайн хоршооны эд хөрөнгө байна/ зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах 467,6 м кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашаа нь Тулга ББХХ-ны эд хөрөнгө болсон байна.
Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга хоршоо нь 1991 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад хоршооны гишүүн С.дийн хоршооноос гарах, хувь нийлүүлсэн хөрөнгөнд оногдох хэсгээ авах хүсэлтийн дагуу Тулга ББХХ-ны бүх гишүүдийн хурлаар шийдвэрээр С.дэд хоршооны хөрөнгийн 43.8 хувийг шилжүүлэн өгөх, Тулга ББХХ-г татан буулгах, Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нар цаашид компани байгуулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна. /1-р хавтаст хэргийн 62 дугаар хуудас/
Тулга ББХХ-г татан буулгаж хөрөнгө хуваахдаа Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Зоог гуанзны барилга, 25 тоннын агуулахын барилга зэрэг үндсэн хөрөнгө, бусад эргэлтийн хөрөнгийг Тулга хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгөнд тооцож С.дэд шилжүүлсэн болох нь шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.д Тулга ББХХ-г татан буулгаж хөрөнгө хуваахдаа бүх гишүүдийн хурлын шийдвэрийнхээ дагуу тогтоол гаргаагүй, хуваах хөрөнгөндөө үнэлгээ хийлгээгүй, надад 43,8 хувийн хөрөнгийг олгохдоо хэт өндөр үнэлж олгосон, өөсдөө авч үлдсэн хөрөнгөө бага үнээр үнэлж авсан, бүх гишүүдийн хурлын шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжээгүй тул Ундраммандал ХХК-с Тулга хоршооны хөрөнгийн өөрт оногдох хувийг гаргуулан авах хүсэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байна.
Тулга ББХХ-ны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5-р зүйлд хоршооны бүх гишүүдийн хурлаас тогтоол гарч хурлын шийдвэр албан ёсны шийдвэр болохоор журамлаагүй байна. Мөн 1994 оны 01 сарын 10 өдрийн Тулга ББХХ-ны бүх гишүүдийн хурлаар үндсэн болон эргэлтийн хөрөнгийг хуваахдаа хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр талууд тохиролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Аж ахуйн нэгжийн эцсийн тооцоог хийхдээ түүний өр төлбөрийг бүрэн төлсний дараа юуны өмнө гишүүний хувь хөрөнгийг биет байдлаар эргүүлэн өгөх буюу үнийг төлж, үлдсэн эд хөрөнгийг гишүүдээс оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүү хэмжээгээр хуваана...”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Эцсийн тооцоо хийж байгаа этгээд, тухайн аж ахуйн нэгжийн гишүүний хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.
1994 оны 01 дугаар сар /Тулга хоршоог татан буулгах үе/-д хүчин төгөлдөр үйлчилж байсан 1963 онд батлагдсан БНМАУ-н Иргэний хуулийн 51 дугаар зүйлд “ Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 3 жилээр тогтооно. ..” гэж заажээ.
Тулга хоршоог 1994 онд татан буулгаснаас хойш талуудын хооронд хөрөнгө хуваахтай холбоотой ямарваа нэг шүүхийн маргаан үүсээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.д /Баянуул ХХК/-д шилжүүлсэн үндсэн болон эргэлтийн хөрөнгөнөөс бусад эд хөрөнгө буюу хариуцагч талаас үнийг нь гаргуулахаар нэхэмжилж буй 467,6 м кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашаа нь шинээр байгуулагдсан Ундраммандал ХХК-н хөрөнгөнд тооцогдон үлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Ундраммандал ХХК нь 2000 оны 05 сарын 10 өдөр Сайнцагаан сумын 7-р багт байрлах 467,6 м кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгүүлж эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 5-р хуудас/
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах 467,6 м кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашаа нь нэхэмжлэгч С.дийн хөрөнгө /өмч/ биш байх тул хариуцагч талаас дээрхи хөрөнгийн үнийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч С.дийн хариуцагч У мХХК, Ч.Онарт холбогдуулан гаргасан 1991 оны 11 сарын 15-ны өдрийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХ-тай хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 багт У мХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467.6 метр квадрат талбайтай дэлгүүрийн барилга, 30 метр квадрат талбайтай халаалтын зуухны барилга, 62 метр урттай тоосгон хашааны үнэ 500000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2728150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б