Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00788

 

“М-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00672 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00725 дугаар магадлалтай,

“М-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй

М.Ст холбогдох

Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, 00 тоот техникийн өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч М.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М-2” СӨХ-оос М.Ст холбогдуулан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, 00 тоот техникийн өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00672 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, 00 тоот техникийн өрөөг хариуцагч М.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М-2” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00725 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М.Сын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц 00 тоот техникийн өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “М-2” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалтыг анхан шатны шүүхээс илтэд зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг огт үнэлэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь “Эрхийн бичгийг П.Золбаярт олгосны дараа 2003.06.18-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагджээ. Маргаж буй тэг тоот нь уг 14 дүгээр байрны цахилгааны ерөнхий самбар байрлах зориулалттай байсан, дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарна. Улмаар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар СӨХ нь дундаа өмчлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл 2003 онд эзэмших эрх олгогдож байсан П.Золбаяр нь СӨХ-нд хуулиар олгосон өмчлөх эрхийг хязгаарлах боломжгүй" гэж дүгнэсэн байтал:

Давж заалдах шатны шүүхээс “Орон сууц эзэмших эрхийн бичгийг П.Золбаярт олгосны дараа буюу 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн нь эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаас өөрөөр хуулийг зөрүүтэй тайлбарлахдаа Нэгдүгээрт, иргэн П.Золбаярт 2003 онд АДХ гэх нэрээр эзэмших гэрчилгээ олгохдоо тус тэг тоот нь орон сууцны 72 айл өрхийн цахилгааны щит байрлаж буй хүн амьдран сууж эзэмших нөхцөл хангагдаагүй байсныг хавтаст хэргийн 6 дугаар талд байх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016.03.09-ний өдрийн 02-07-103/259 дүгээр дүгнэлтийн дагуу үнэлж, дүгнээгүй.

Хоёрдугаарт, иргэн П.Золбаяр нь маргаан бүхий тэг тоотод эзэмших эрхийн гэрчилгээг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гаргуулж авсан хэдий ч шинээр хэрэгжиж эхэлж буй хүчин төгөлдөр хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, техникийн өрөөний зориулалтыг өөрчлөх, эзэмшилдээ байлгаж ашиглах талаар сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах, магадлан шинжлэх хэсгийг ажиллуулж хүн амьдрах шаардлага хангасан эсэхийг тогтоолгох, Орон сууцны контортой гэрээ байгуулах зэргээр хуулийн шаардлага хангуулах ёстой байсан ч огт ямар ч зөвшөөрөл аваагүй, контортой гэрээ байгуулаагүй, дан ганц эрхийн бичгээр оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, галын аюулгүй байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөх эрх зэргийг хөндөж байгааг дүгнээгүй.

Гуравдугаарт, хариуцагч М.С нь 2013 онд тэг тоотод амьдарч эхлэхдээ щитийг зөөсөн, 2016 онд тухайн орцонд гал гарсан, 2003 оноос 2013 он хүртэл бүтэн 10 жил тухайн тэг тоотыг сууц өмчлөгчид техникийн өрөөний зориулалтаар эзэмшиж, дундаа хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлж ирсэн болохыг дүгнээгүй нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсанаар төрөөс хувьчлагдсан орон сууцны байшингийн техникийн өрөө нь сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгөнд тооцогдсон, улмаар эзэмших эрхийн гэрчилгээ гэх баримтаар оршин суугчдын өмчлөх эрхийг хязгаарлах боломжгүй гэж анхан шатны шүүх хуулийг үндэслэлтэй тайлбарласан гэж үзэж байна. Тийм учраас зөвшөөрөлгүй маргаан бүхий зүйлийг эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль бус хэмээн маргасан.

Давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын 2004.05.26-ны өдрийн Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай 140 дугаар тогтоолыг магадлалынхаа үндэслэх хэсэгт оруулж “Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгаж шийдвэрлэжээ” гэж дүгнэсэн нь үйлчилгээний өрөөтэй холбоотой буюу техникийн өрөөнд огт хамааралгүй тогтоолыг магадлалынхаа үндэслэл болгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.06.10-ны өдрийн 001/ШХТ2022/00612 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “М-2” СӨХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...тус СӨХ нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 22а болон 14 дүгээр байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг. Тус байрнуудын 1 дүгээр давхрын 0 тоот техникийн өрөөнүүд нь хуульд зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг. Хариуцагч М.С нь тухайн техникийн өрөөг ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар олон жил эзэмшилдээ байлгаж, эзэмших эрхтэй болохоо нотлохгүй, өнөөдрийг хүртэл сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөхгүй байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу  тус техникийн өрөөг М.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...СӨХ байгуулагдахаас өмнө тус 0 тоот нь тухайн үеийн төрийн өмчийн хороо болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр П.Золбаяр гэдэг хүний эзэмшилд шилжсэн байдаг. П.Золбаяр нь шударга эзэмшигч бөгөөд хариуцагч нь П.Золбаярын зөвшөөрлөөр маргаж буй 00 өрөөг ашиглаж байгаа тул энэ хэргийн хариуцагч нь М.С биш. Нэхэмжлэлийн шаардлага П.Золбаярт хамааралтай байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэжээ.

8. Анхан шатны шүүх: ”...маргаж буй 0 тоот нь уг 14 дүгээр байрны цахилгааны ерөнхий самбар байрлах зориулалттай байсан ба цахилгааны ерөнхий самбарыг зөөсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар энэхүү өрөө нь техникийн өрөөнд хамаарч байна, Техникийн өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна. “М-2” СӨХ нь дундаа өмчлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хэрэгжүүлнэ. 2003 онд тус 00 өрөөг эзэмших эрх олгогдсон П.Золбаяр нь СӨХ-д хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах боломжгүй. Иймд СӨХ өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж, 14 дүгээр байрны 7 дугаар орцны 0 өрөөг хариуцагч М.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 2003.03.15-ны өдөр иргэн П.Золбаярт маргаж буй 0 тоот нэг өрөө сууцыг эзэмшүүлж, орон сууц ашиглалтын 6 дугаар контортой гэрээ байгуулахыг зөвшөөрч орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон байна. Улмаар П.Золбаяр нь М.Сыг гэр бүлийн хамт тус өрөөнд оршин суух зөвшөөрөл олгосноо бичгээр илэрхийлсэн. П.Золбаярт олгосон дээрх орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болж, уг маргаанд хамаарах техникийн өрөөг дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах болсон гэх нөхцөл байдал хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан уг орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй. Орон сууц эзэмших эрхийн бичгийг П.Золбаярт олгосны дараа буюу 2003.06.18-ны өдөр хууль шинээр батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн нь эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч маргааны үйл баримттай холбоотой эрх зүйн зөрүүтэй дүгнэлтийг хийж, холбогдох хуулийг хэрэглэсэн гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн  байна.

Зохигчийн хооронд өмчлөх эрхийн маргаан үүсч, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байна.

10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч “М-2” СӨХ нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14 болон 22а байрны оршин суугчдын буюу сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлдэг эрх бүхий этгээд болох нь Сууц өмчлөгчдийн холбооны №0016 дугаартай Гэрчилгээгээр нотлогдсон.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар сууцны бус зориулалттай техникийн өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байх тул тус СӨХ өөрийн өмчлөлд хамаарах 14 дүгээр байрны 7 дугаар орцны 00 тоот техникийн өрөөг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж буй этгээд тухайн хөрөнгийн өмчлөгч болохоо нотлохоос гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.

Анхан шатны шүүх хариуцагч буюу М.Сын эзэмшлийг хууль бус байсан эсэх талаар ямар нэг дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

11. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хэргийн оролцогч биш П.Золбаярын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн талаар дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Хяналтын шатны шүүхээс магадлалын үндэслэлийг зөвтгөж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “М-2” СӨХ хариуцагч М.Ст холбогдуулан нэхэмжлэл гаргасан, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрх бүхий этгээд боловч хариуцагч М.С нь П.Золбаярын зөвшөөрснөөр 14 дүгээр байрны 7 дугаар орцны 00 өрөөг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд тул П.Золбаярын эзэмшлийг хууль бус болохыг тогтоогоогүй тохиолдолд М.Сын хувьд түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, иймд нэхэмжлэгч нь М.Сыг тус техникийн өрөөг чөлөөлөхийг шаардах эрхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00725 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чээс 2022.05.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                             Б.МӨНХТУЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД