Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2021/00373/И |
Дугаар | 001/ХТ2022/00818 |
Огноо | 2022-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2022/00818
Ц.Өын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дүгээр магадлалтай,
Ц.Өын нэхэмжлэлтэй,
“..........” ТӨХХК-д холбогдох,
“..........” УТҮГ-ын даргын 2018.11.30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Өод холбогдох хэсэг, мөн газрын даргын 2018.12.31-ний өдрийн Б/55 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаалд томилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 64,024,884 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч “..........” ТӨХХК-д холбогдуулан “..........” УТҮГ-ын даргын 2018.11.30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Өод холбогдох хэсэг, мөн газрын даргын 2018.12.31-ний өдрийн Б/55 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаалд томилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 64,024,884 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан Ц.Өыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр албан тушаалд ажиллуулахыг “..........” ТӨХХК-д үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “..........” ТӨХХК-аас 63,048,177 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Өод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “..........” ТӨХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “..........” ТӨХХК-аас 473,191 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Өыг Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч “..........” ТӨХХК-д даалгасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “..........” ТӨХХК-аас төлсөн 473,191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Уг маргааныг хянан шийдвэрлэхийн тулд “..........” УТҮГ-ын дарга Б.Цолмон нь уг байгууллагын орон тоог хасах эрхтэй этгээд мөн эсхүл биш эсэхийг заавал тогтоож шүүх дүгнэлт өгөх ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-168 дугаар тушаалаар батлагдсан “..........” УТҮГ-ын дүрэм, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018.07.31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсгийн удирдамж” болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгээс үзэхэд тус байгууллагын орон тоог хэн батлах нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл “..........” УТҮГ-ын бүтэц орон тоог батлах талаар зохицуулалт огт байдаггүй.
“..........” УТҮГ болон өөрчлөн байгуулагдсаны дараа тус үйлдвэрийн газрын бүтэц орон тоог дараах байдлаар тус тус өөрчлөн баталсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Үүнд: 2018.10.18 -ны өдрийн А-177 тоот “Орон тоо батлах тухай” Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн тушаал, 2018.11.30 -ны өдрийн А-11 тоот “Орон тоо хасах тухай” “..........” УТҮГ-ын дарга Б.Цолмонгийн тушаал, 2019.02.18-ны өдрийн А/33 тоот “Орон тоо, цалингийн сан батлах тухай”, “..........” УТҮГ-ын дарга Б.Цолмонгийн тушаал, 2019.07.01-нийн өдрийн А/129 тоот “Орон тоо, цалингийн сан батлах тухай”, “..........” УТҮГ-ын дарга Б.Цолмонгийн тушаал, 2020.03.04-ний өдөр, мөн оны 12 дугаар 23-ны өдөр “..........” УТҮГ-ын дарга Б.Цолмон нь бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна. Дээрхээс үзэхэд “..........” УТҮГ-ын бүтэц орон тоог тус үйлдвэрийн дарга батлах эрхтэй этгээд гэж үзэхээр байна. Энэ ч утгаараа дарга Б.Цолмон нь 2018.11.30-ны өдөр А-11 тоот “Орон тоо хасах тухай” тушаал гаргаж нэхэмжлэгч Ц.Өын ажиллаж байсан “Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч” гэсэн орон тоог хассан байна. Орон тоог хассан тухай нэхэмжлэгч Ц.Өод 2018.11.30-ны өдрийн 01/48 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “.......... улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018.11.30-ны өдрийн А/11 тоот тушаал гарч таны ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдье. Хэрэв та өөрийн хүсэлтээ гаргасан тохиолдолд шинээр тогтоосон вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгчийн орон тоонд болон үйлдвэрлэлийн албанд зөвлөх технологичоор албан тушаалд томилох боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч Ц.Ө 2018.12.06-ны өдрийн 09:45 цагт өөрийн биеэр хүлээн авсан нь Монгол шуудан ХК-ийн 2019.03.26 -ны өдрийн 14/283 тоот албан бичгээр тогтоогдож байна. /ХХ-ийн 159 дүгээр хуудас/
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Ц.Өтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах болсныг нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу түүнд 2 ажлын байр санал болгоход нэхэмжлэгч Ц.Ө нь дээрх ажлын байруудад ажиллах тухай хүсэлт ирүүлээгүй тул 2018.12.31-ний өдөр Б/55 дугаар тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримт буюу нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг, түүний буруутай үйл ажиллагаанд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.06.17-ны өдрийн 001/ШХТ2022/00671 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
7. Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч “..........” ТӨХХК-д холбогдуулан “..........” УТҮГ-ын даргын 2018.11.30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Өод холбогдох хэсэг, мөн газрын даргын 2018.12.31-ний өдрийн Б/55 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаалд томилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговорт 64,024,884 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шитгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан Ц.Өыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр албан тушаалд ажиллуулахыг “..........” ТӨХХК-д үүрэг болгож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 63,048,177 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Өыг Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд тус шүүх нэхэмжлэгч Ц.Өыг “ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны даргын” ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн” ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгасан ба хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 36 дугаар зүйлийн 36.2-т заасан зохицуулалтыг хуулийн агуулгаас өөрөөр зөрүүтэй хэрэглэсэн гэх агуулгатай хариуцагчийн гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийв.
10. Хяналтын гомдолд дүгнэлт хийхэд хэргийн үйл баримтыг товч дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “..........” ТӨААТҮГ (төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар)-ыг татан буулгаж, “..........” УТҮГ (улсын төсөвт үйлдвэрийн газар) болгон Мал эмнэлгийн Ерөнхий газрын харьяанд байгуулсан, дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018.10.18-ны өдрийн А-177 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоосон боловч нэхэмжлэгч Ц.Өын эрхэлж байсан “ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга”-ын ажил, албан тушаалыг шинэ бүтцээс хассан байна.
“..........” ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.Совд нь 2018.10.18-ын өдөр Б/172 дугаар тушаал гаргаж, хавсралтад дурдагдсан ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн, уг тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч Ц.Ө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг гурван шатны шүүх хянаж, хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 352 дугаар тогтоолоор иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан гэж үзсэн, нэхэмжлэгч уг тушаалтай холбоотой нэхэмжлэлийг дахин гаргаагүй байна.
ХХААХҮ-ийн сайдын 2018.10.12-ны өдрийн А-168 дугаар тушаалаар “..........” УТҮГ-ын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, бүтцийг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, батлагдсан бүтцийн дагуу албан хаагчдыг томилон, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмонд даалгасан, дараа нь “..........” УТҮГ-ын даргын 2018.10.31-ний өдрийн Б/01 тушаалаар нэхэмжлэгч Ц.Өыг “бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн боловч гэрээ байгуулан дээрх ажил албан тушаалд ажиллуулсан нь тогтоогдоогүй.
Улмаар 2018.11.30-ны өдөр Орон тоо хасах тухай А/11 тоот тушаал гаргаж, “бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч” гэсэн орон тоог хасч “вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч” гэсэн орон тоог шинээр бий болгож, улмаар мөн өдөр нэхэмжлэгч Ц.Өод ...ажлын орон тоог хассан тул ажлаас чөлөөлөх болсон гэж мэдэгдэж хэрэв зөвшөөрвөл шинээр тогтоосон “вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн орон тоонд болон “үйлдвэрлэлийн албанд зөвлөх технологич”-оор томилох боломжтой гэжээ.
2018.12.31-ний өдөр “..........” УТҮГ-ын дарга нь Б/55 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Ц.Өыг “вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажил албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг баримталж чөлөөлсөн дээрх үйл баримт тогтоогдсон байна.
11. Ажил олгогч орон тоо хасагдсан үндэслэлээр Ц.Өтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба орон тоо хасагдаагүй, орон тоо хасагдсан боловч хуульд заасан хугацаанд энэ талаар ажилтанд мэдэгдэх үүргээ зөрчсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үр дагавар үүснэ.
12. Монгол Улсын Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “..........” ТӨААТҮГ-ыг татан буулгаж, “..........” УТҮГ болгосон, дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018.10.18-ны өдрийн А-177 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоохдоо нэхэмжлэгч Ц.Өын эрхэлж байсан “ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга”-ын ажил, албан тушаалыг шинэ бүтцээс хассаныг шийдвэр гаргах эрх бүхий этгээд гаргасан гэж үзнэ.
13. “..........” ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.Совд нь 2018.10.18-ын өдөр Б/172 дугаар тушаал гаргаж, хавсралтад дурдагдсан ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн, улмаар шинээр байгуулагдсан үйлдвэрийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмон тушаал гаргаж, ажилчдыг буцаан томилсон нь мөн эрх бүхий этгээд шийдвэр гаргасан гэж дүгнэв.
14. Анхан шатны шүүх дараах байдлаар алдаатай дүгнэлтийг хийжээ.
Хариуцагч байгууллагын үйл ажиллагааны хэлбэрийг болон бүтцийг өөрчилсөн, ийнхүү өөрчлөхдөө нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан орон тоог хассанд зохигч маргаагүй, нэгэнт Ц.Өыг ажиллуулах орон тоо байгаа буюу шинэ бүтцээр бий болсон “вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажил албан тушаалд ажиллуулах боломжтой гэж томилсон шийдвэр гарсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан (байгууллагын хэлбэр бүтцийг өөчлөхөөс өмнөх) буюу “ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны даргын” ажил, албан тушаалтай адил чанарын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан хуулийн зохицуулалт гэж үзсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.
15. Харин “..........” УТҮГ-ын дарга нь 2018.10.31-ний өдрийн Б/01 тушаалаар нэхэмжлэгч Ц.Өыг шинээр батлагдсан бүтцийн дагуу “бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажилд томилсон атлаа орон тоог дахин хасах байдлаар түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан үндэслэл тодорхой бус, иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан журмыг баримталсан гэж үзэхгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
16. Учир нь “..........” ТӨААТҮГ нийт 254 орон тоотой байсныг зохигч маргаагүй, ХХААХҮ-ийн Сайдын 2018.10.18-ны өдрийн А-177 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын орон тоог 254 байхаар тогтоосон өмнөх орон тоотой адил гэж үзэхээр байна.
Хэдийгээр шинэ бүтцээр нэхэмжлэгч Ц.Өын эрхэлж байсан “ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга”-ын ажил, албан тушаалын орон тоог хассан боловч шинээр байгуулагдсан бүтцээр “вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажил албан тушаал бий болсон энэ албан тушаалд нэхэмжлэгчийг 2018.10.31-ний өдрийн Б/01 тушаалаар томилсон хэдий ч сарын дараа уг орон тоог хасч, улмаар ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн нь ажилтны эрх ашгийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
17. Гэвч, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, дээрх байдлаар “вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн орон тоо шинэ бүтцээр бий болсон атал сарын дараа энэ албан тушаалыг хассан нь бодитой, үндэслэлтэй болохыг хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн боловч мөн энэ нөхцөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасныг хэрэглэх үндэслэлд хамааруулсан нь учир дутагдалтай байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж заасан нь, мөн хуулийн 36.1-ийн ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... тохиолдолд ажил олгогч ажилтанд ажил олгох үүргийн тухай зохицуулалт байна.
Дээрхээс үзэхэд хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь ажилтны өмнөх ажил, албан тушаалын хөдөлмөрийн гэрээ нь хууль бусаар дуусгавар болсон буюу ажлаасаа үндэслэлгүй халагдсан болохыг нь шүүх зохих журмаар тогтоосон байх, тухайн ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг шүүх гаргасан байхыг шаардана.
19. Нэхэмжлэгч Ц.Өын хувьд орон тоо хасагдсан нь хууль бус гэсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох агуулгаар нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан нөхцөлд хамаарахгүйг хоёр шатны шүүх анхаараагүй, зүй нь хоёр шатны шүүх түүний томилогдсон “вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажил, албан тушаалаас буруу халсныг тогтоож, тухайн ажил, албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэх байжээ.
20. Гэвч нэхэмжлэгч ийнхүү урьд томилогдсон “вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажил, албан тушаалд томилуулах бус түүнтэй адил чанарын ажил албан тушаалд томилуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тухайн албан тушаалын орон тоо байхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр нэгэнт өмнөх албан тушаалд эргүүлэн томилох хууль зүйн үндэслэлтэй байсан, өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан ажлаас халсан шийдвэр хууль ёсны болоогүй гэж дүгнэж байгаа тул нэхэмжлэлийн хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил чанарын өөр, ажил албан тушаалд ажиллуулахыг даалгах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
21. Нэхэмжлэгчийг “вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн ажлаас буруу халсан учир хариуцагч байгууллага түүнд тухайн үед өөр ажил буюу “вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч”-ийн болон “үйлдвэрлэлийн албанд зөвлөх технологич”-ийн ажил санал болгоход хүлээн аваагүй буюу тохиролцоогүй тул дахин ажлаар хангах үүрэггүй тухай гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.
22. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2” гэсний дараа “36 дугаар зүйлийн 36.2” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “..........” ТӨХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа/-ийн 2022.05.25-ны өдөр 473,191 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД