Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2018/00018

 

МАГАДЛАЛ

  2018       06         21                                      201/МА2018/00018

                                      

О.Д-н хүсэлттэй

иргэний хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, прокурор Б.Догмиддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00418 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрмаагийн давж заалдах гомдлоор О.Д-н хүсэлттэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 500 960 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 5 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д миний бие 1945 онд аймагт төрсөн. 1963 оноос Дорнод аймгийн сумын САА-д тракторчнаар ажиллаж байгаад 1991 оны 07 сарын 15-наас тус сумын цахилгаан станцын засвар үйлчилгээний албанд ажиллаж байсан. 1995 оны 02 сарын 07-нд тус сумын уурын зууханд иргэн Ч.Б шатаагдан нас барсан хэрэг гарч, 507107 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдэн уг хэрэгт намайг болон хэд хэдэн хүмүүсийг сэжигтнээр тооцож тэр өдрөөс эхлэн сумын конторт 4 хоног, улмаар цагдаагийн газрын урьдчилан хорих байранд 19 хоног хорьсон. Мөн намайг гэмт хэрэг үйлдэгдсэнийг нуун далдалсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаж мөн 4 сар хорьсон. Энэ мэт байдлаас болж Ө.Г 2010 онд уг хэргийг хийсэн гэж тогтоогдох хүртэл 15 жилийн турш хүн амины хэрэг үйлдсэн, мөн нуун далдалсан хэрэгт хамсаатан гэж ард иргэд адалж, сэрдэж, сэжиглэж явлаа. Найз нөхөд ч үгүй, ажил төрөл ч үгүй болсон. Хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлээ хэлснээс болж гэмт этгээдийн зүгээс заналхийлж, дарамталж, бусдаар тодорхойгүй утаснаас занаж, айлгаж, сүрдүүлж байсан. Үүнээс болж өвгөн би үхтлээ айж, хөдөө хээр хүн хараас зайдуу суудаг байлаа. ...Энэ олон жилийн туршид цагдаад дуудагдаж, мөрдөгдөн хянагдаж, эвгүй л бол хорино, цагдана гэж сүрдүүлнэ. Тогтоолтой, тогтоолгүй хоригдож, саатуулагдаж цагдаагийн нэг өрөөнд түгжигдэж заримд нь цохиулж, зодуулж ч байсан. Ямар ч байсан энэ хэрэгт холбогдолгүй гэх үнэнээ хэлсээр байтал надад итгээгүй, шалгаж сэжиглэсээр байсан. Би нуун далдалсан гэж хариуцлагад татахад нь нэг ч эсэргүүцээгүй. Гэтэл сүүлд л олж мэдсээр хэн яасныг нь мэдэж байж хэлээгүй бол, сайн мэдсээр байж нуусан бол хариуцлагад татагдан тэр ялыг сонсох ёстой байсан гэсэн. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдсэн талаар нуун далдалсан гэж тогтоолд бичсэн байна. Энэ учраас нийт 138 хоног хоригдож хилсээр ял сонсож, сэжигтнээр тооцсон тогтоол хэвээрээ 21 жил сэжигтэн яллагдагч байсан. 2016 оны 06 сарын 16-нд Прокурорт хандаж гомдол гаргаснаар Б/33 дугаартай тогтоол гарч иргэн Ч.Б-г бүлэглэн алаад уурын зууханд хийж, шатаасан гэх хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйл ангиар зүйлчилсэн хэргийг хэрхэн шийдсэн нь ойлгомжгүй байна гэдэг асуудал гарч ирж, энэ талаар өмгөөлөгч М.Энхтуяа прокурорт хандан гомдол гаргасан. Үүний үндсэн дээр О.Д миний биеийг хилс хэргээр цагдан хорьж, хилс хэрэгт ял сонсгосон нь тогтоогдсон болно. Иймд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Хилс хэрэгт нийт 138 хоног цагдан хоригдсон.

2. 21 жил сэжигтэн, яллагдагч байсан.

3. 21 жил таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан.

4. Энэ хэргээс болж ажилгүй болсон. 2006 онд тэтгэвэрт гартлаа ажилгүй, цалингүй хохирсон. 139 хоногт цагдан хоригдсон хугацаанд авбал зохих 4 сар 06 хоногийн цалингаа авч чадаагүй. Сард авч байсан цалинг одоо болтол надад өгсөн хүн байхгүй тул ядаж одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 240 000 төгрөгөөр бодвол 04 сар 06 хоногийн нийт 960 000 төгрөг болж байна.

5. Сэтгэл санааны хохирол нийт 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Үргэлж айж, салгалж байдаг. Заналхийлсэн хүмүүсээс хэзээ, хэн яачих бол гэж айдаг сэтгэлийн гүн хямралаас болж даралт ихдэнэ, зүрх дэлсэлж нойргүйднэ. Амиа ч хорлох дөхөж байсан. Мөн үр хүүхдээ ч олигтой сургаж боловсруулж чадаагүй. Үр хүүхэд минь хохирсон. Ядуу, зүдүү, хоолтой хоолгүй, дивизэд хог түүж, хүн амьтнаас зугатаж амьдарсан. Хоолгүй хонохын зовлонг хүүхдүүд минь амссан. Худал хэллээ гэж цагдаагийнхан өшиглөж, цохиж байсан. Мөрдөнд хүнд дарамтлуулж байсан. Г согтуугаар барьж авч заамдаж, сэгсэрч, түлхэж унаган ална шүү амаа мэдээрэй гэх мэт дугаараа нууцалсан утаснаас хүүхдийн утсанд залган дарамталж байлаа. Зах дээр тэдний найз, хамаатан нь түлхэж, ам хэлээ мэдээрэй гэж сүрдүүлж байсан. Там шиг 20 жил өнгөрч эцэст нь би биегүй, насгүй хүн болж хохирсон. Төрөөс хохирлыг минь барагдуулбал надаас болж ядуу зүдүү амьдарч яваа үр хүүхэддээ л өгнө. Иймд 500 960 000 /таван зуун сая, есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Цэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Д нь 1995 оны 2 сард Чулуунхороот сумын уурын зууханд хохирогч Б-г боож амь насыг нь хохироон уурын зууханд хийж шатаасан гэх гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлд үндэслэлгүй хоригдсоны 960 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500 000 000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэгт холбогдуулан Д-г сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө хаана ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан нь, хэзээ халагдсан талаараа нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Д-н эрүүгийн хэрэгт шалгагдсан үйлдэл холбогдлыг Дорнод аймгийн Прокуророос 2016 оны 06 сарын 14-ний өдөр 5/33 тоот тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390.1-т зааснаар учирсан хохирлыг баримтаар нотлоогүй байгаа учир цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна. Сэтгэл санааны хохирлыг яаж тооцож гаргасан, эрүүгийн хэрэгт холбогдсон хүний нэр, төр, алдар хүндийг хэн хэрхэн гутаасан талаар сэтгэл судлаачид хандсан, бусдад дарамтлуулсан, зодуулсан талаар цагдаагийн байгууллагаас тодруулсан зүйл байхгүй байна. Сэтгэл санааны хохиролд 500 сая төгрөгийг юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна. Энэ талаар Иргэний хуулийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасан байгаа. Иргэний хуулийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар, мөн тухайн үед мөрдөгдөж байсан ЭБШ хуулийн 389.1-т зааснаар иргэний хууль бусаар баривчилсан, цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг төр хариуцаж арилгана гэсэн заалтуудаас харахад ямар нэгэн хууль бус ажиллагаа хийгдсэний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ. Цагдан хоригдсон тохиолдлыг гэм хор гаргуулах үндэслэлд оруулаагүй хуульчилсан байна. Төрөөс мөнгө гаргуулах үйл ажиллагаанд хувийн сонирхлоор хандаж багцаагүй өндөр тоо нэхэмжилдэг хандлага байдаг учир шүүхээс иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн шийдвэр гаргах нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00418 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөцийн сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 50 073 218 / тавин сая далан гурван мянга хоёр зуун арван найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 886 782 /дөрвөн зуун тавин сая найман зуун наян зургаан мянга долоон зуун наян хоёр/төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэрмаа давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагаа тогтоогдсон мэтээр дүгнэж, нэхэмжлэгч О.Д-д Засгийн газрын нөөц сангаас 50 073 218 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн ажиллагаа хууль бус байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болох тул “хууль бус” гэж тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчид төрөөс гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй юм. Харин заавал хууль бус ажиллагаа тогтоогдсон байх ёстой бөгөөд О.Д-н үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хууль зүйн үндэслэлтэй байсан, дээрх эрүүгийн хэрэгт хууль бус ажиллагаа хийгдээгүй, хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, О.Д-д таслан сэргийлэх арга хэмжээг хууль бусаар авсан гэсэн ямар нэг шийдвэр байхгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн гэж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс явуулсан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмаар явуулсан ба хууль зөрчиж явуулсан болон хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай ажиллагаа явуулсан гэж дүгнэлт хийж, хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна.

...Шийдвэрт нэхэмжлэгч О.Д-г онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, түүнийг 138 хоног цагдан хорьсон, түүнд хувийн батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан зэргийг харгалзан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 50 073 218 төгрөгийг ямар баримтыг үндэслэн, хэрхэн тооцож, төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байна. ...Эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу явуулсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж ажилласан ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагааны улмаас хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хуульд заасан дээрхи үндэслэлүүдийн аль нь ч нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцан гаргах ёстой байхад нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг тогтоолгүйгээр хохирол нөхөн төлүүлэх эрхтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан алдааг залруулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх, тус шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 13/ШШ2018/00418 дугаар шийдвэрийн хувийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Отгонжаргал, Б.Батболд нарт гардуулахдаа  2018 оны 05 сарын 17-ны өдөр шууданд хийж хүргүүлсэн ба гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Отгонжаргал нь давж заалдах гомдлоо 2018 оны 06 сарын 05-ны өдөр факсаар ирүүлсэн байна. /хх-ийн 144 дэх тал/

Дээрх баримтаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Отгонжаргал нь давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авсан гэж дурдсан боловч энэ өдөр шийдвэрийг хүлээн авсан гэсэн нотлох баримтыг /шуудангийн дардастай баримтыг/ шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан гэж үзэж, Р.Отгонжаргалын гомдлоор бус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч, прокурор Ц.Цэрмаагийн давж заалдах гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч О.Д нь төрд холбогдуулан өөрт учирсан гэм хорын хохирлыг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Дорнод аймгийн Цагдаагийн газраас нэхэмжлэгч О.Д-г 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн  сэжигтнээр тооцож, 1995 оны 02 сарын 11-ний өдрөөс 02 сарын 25-ны өдөр хүртэл цагдан хорих, мөн Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн “оргон зайлж болзошгүй” гэх үндэслэлээр 2000 оны 06 сарын 07-ны өдөр албадан саатуулж, 2000 оны 06 сарын 10-ны өдрөөс  2000 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл нийт 134 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 19-20, 31-33 дахь талууд/

Дорнод аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 6/33 дугаар тогтоолоор ... О.Д ... нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Д ... нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 63-64 дэх талууд/

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1.-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч хуульд заасан зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болдгоос гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан үийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог. Дээрх зохицуулалтын дагуу прокурор нь хэрэгт гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцсон нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч О.Д нь өөрт учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 500,0 сая төгрөг, хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 960 000 төгрөг, нийт 500 960 000 төгрөг нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1.-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заасан байна. Мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1.-д зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна. 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгасан байна.

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд заасан зохицуулалт байхгүй учраас шүүх нэхэмжлэгчийн энэ талаарх гаргасан шаардлагыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 50,0 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх  үндэслэлээр хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1.-д “хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого”-ыг нөхөн төлөхөөр заасан байна.

Нэхэмжлэгч О.Д нь цагдан хоригдсон тухайн хугацаанд ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар хэрэгт баримт авагдаагүй боловч Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч О.Д-г 1995 оны 02 сарын 08-ны өдөр, 1995 оны 02 сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцож байцаасан бөгөөд уг байцаалтын “биеийн байцаалт”-ын хэсэгт О.Д нь Дорнод аймгийн сумын цахилгаан станцад худгийн моторчин ажилтай байсан гэж тэмдэглэгдсэн байна. Дээрх баримтаар О.Д-г сумын цахилгаан станцын худгийн моторчноор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.  /хх-ийн 9, 11 дэх талууд/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Д-н хууль бусаар цагдан хоригдсон 134 хоног буюу 4 сар 4 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хөдөлмөрийн бусад орлого гэж үзэн Засгийн газрын тусгай сангийн нөөцөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргасан нь буруу байна. Учир нь 2000 оноос хойш төгрөгийн худалдан авах чадвар бодит байдалд олон дахин буурсан тул шүүх, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжлэгчийн цагдан хоригдсон хоногийг тооцож гаргасныг нэхэмжлэгчийн эрхийг бодитой сэргээсэн гэж үзэх боломжгүй юм. Ийм учраас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон одоо мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240000 төгрөгөөр тооцож 960000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2., 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 960 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлээс 500 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч, Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Цэрмаа давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                    ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА  

                                                З.ЭНХЦЭЦЭГ