Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 02

 

 

 

Н.Отгондалайд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолтой Н.Отгондалайд холбогдох эрүүгийн 1936000000138 дугаартай хэргийг өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр хаалттай хэлэлцэв.

            Монгол улсын иргэн 2005 оны 2 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн,15 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Шагж мэргэн  овогт Нарандэлгэрийн Отгондалай. Өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь 2019 оны 6 сарын 29 -ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 05 дугаар гудамжны 03 тоот хашааны үүдэнд байсан  иргэн Б.Буян- Өлзийгийн эзэмшлийн Их хурд мотоциклыг  асааж унаад Цамбагарав багийн Малчны хорооллын эзэнгүй хашаанд аваачиж нуусан. 

2019 оны 6 сарын 11- ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр 3 дугаар гудамж 10 тоот хашааны үүдэнд байрлуулсан байсан 09-70 ХОҮ улсын дугаартай тоёото королла маркийн тээврийн хэрэгслээс “Lenovo” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, ногоон өнгийн хэтэвч  нэг ширхэг, багшийн журнал 2 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг зэрэг эд зүйлийг авч  534000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 8 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрийн Эсбагийн байрны 9 дүгээр давхарт байрлах  “Маралжин” эмийн сангийн урд авто машины зогсоол дээр байсан  иргэн Н.Кендебайгийн эзэмшлийн 20-56 ХОЗ улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоциклыг  авч бусдад 1000000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 8 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван-Эрдэнэ” хүүхдийн эмнэлгийн урд авто зогсоолд байх 22-71 ХОҮ улсын дугаартай тоёото аллион маркийн тээврийн хэрэгслээс иргэн Ц.Солонгоогийн эзэмшлийн I Phone  XS MAX  загварын гар утас болон нокиа гар утсыг  авч, бусдад 2725000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь 2019 оны 7 сарын 02- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол хорооллын 304 дүгээр байрны 3-08 тоот буюу иргэн У.Батбаярын  гэрт  нэвтэрч 2 уут 28кг,  2224000 төгрөгийн үнэ бүхий ноолуурыг авсан. 

2019 оны 6 сарын 22-наас 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-01 тоот хашаанд байрлан үйл ажиллагаа явуулдаг Ү.Түмэнжаргалын хүнсний дэлгүүрт нэвтэрч 260000 төгрөг, 18700 төгрөгийн эд зүйлийг авсан.

2019 оны 8 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Их голын ард байрлах иргэн О.Мягдагмаагийн гэрт  нэвтэрч 2410000 төгрөгийн эд зүйл  авсан.

2019 оны 9 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-03 тоот хашаанд байх иргэн Г.Мөнхжаргалын амбаарт  нэвтэрч мотоцикль, нэг шуудай байцаа  нийт 531500 төгрөгийн эд зүйлийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Өсвөр насны шүүгдэгч Шагж мэргэн овогт Нарандэлгэрийн Отгондалайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,  энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах   зориулалттай орон байранд  нэвтэрч  үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд  тус тус гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд 1 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг  нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд оногдуулсан 4 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайгийн цагдан хоригдсон 51/ тавин нэг/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD- 1  ширхгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайгийн 2 хос 4  ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн 1936000000138 дугаар хэрэгт 1936000000133, 1936001660144, 1936001560147, 1936002020155, 1936000000153, 1936002260171, 1936002470185 тоот хэргийг  тус тус нэгтгэсэн болохыг  дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 503 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  Н.Отгондалайгийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаагаас нийт 1888700 төгрөг  гаргуулан хохирогч У.Батбаярт 1610000 төгрөг, хохирогч Ү.Түмэнжаргалд 278700 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Буян-Өлзий, Ц.Солонго, Г.Мөнхжаргал, О.Мядагмаа, Ц.Золзаяа нарт учруулсан хохирлыг бодит байдлаар буцаан төлсөн болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

            Өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж ял оногдуулсанд гомдолтой байна. Өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан мөн мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийг баримтлан ял хойшлуулах буюу тэнсэх боломж байсан. 18 насанд хүрээгүй өсвөр насны шүүгдэгчид биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаатайгаар оногдуулсан нь үндэслэлгүй байна. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэж өгнө үү гэв.

            Прокурор өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өсвөр насны яллагдагч Н.Отгондалай нь удаа дараагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайгийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй оногдуулсан гэж үзэж байна. Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдолдоо тэнсэж өгнө үү гэсэн байгаа тэнсэх ойлголт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах ойлголт байгаа гэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт үнэхээр их харамсаж, ойлгож ухаарч байгаа. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Миний хоёр жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдсан гомдолд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.  

            Өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 05 дугаар гадамжны 03 тоот хашааны үүдэнд байсан иргэн Б.Буян-Өлзийгийн эзэмшлийн Их хурд мотоциклийг нууцаар авч асааж унаад Цамбагарав багийн Малчны хороололын эзэнгүй хашаанд аваачиж нуусан,

            2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр 3 дугаар гудамж 10 тоот хашааны үүдэнд байрлуулсан байсан 09-70 ХОҮ улсын дугаартай тоёото королла маркийн тээврийн хэрэгслээс “ Lenovo “ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, ногоон өнгийн хэтэвч нэг ширхэг, багшийн журнал 2 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг зэрэг эд зүйлийг авч 534000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрийн Эсбагийн  9 давхар байранд байрлах “ Маралжин “ эмийн сангийн урд авто машины зогсоол дээр байсан иргэн Н.Кендебайгийн эзэмшлийн 20-56 ХОЗ улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоциклийг авч бусдад 1000000 төгрөгний хохирол учруулсан,

            2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван Эрдэнэ “ хүүхдийн эмнэлгийн урд авто зогсоолд байх 22-71 ХОҮ улсын дугаартай тоёото аллион маркийн тээврийн хэрэгсэлээс иргэн  Ц.Солонгоогийн эзэмшлийн I pone XS MAX загварын гар утас болон нокиа гар утсыг авч, бусдад 2725000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Мөн өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол хорооллын 304 дүгээр байрны 3-08 тоот буюу иргэн У.Батбаярийн гэрт нэвтэрч 2 уут 28кг, 2224000 төгрөгний үнэ бүхий ноолуурыг авсан,

            2019 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-01 тоот хашаанд байрлан үйл ажиллагаа явуулдаг Ү.Түмэнжаргалын хүнсний дэлгүүрт нэвтэрч 260000 төгрөг, 18700 төгрөний эд зүйлийг авсан,

            2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Их голын ард байрлах иргэн О.Мядагмаагийн гэрт нэвтэрч 2410000 төгрөгийн эд зүйл авсан,

            2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-03 тоот хашаанд байх иргэн Г.Мөнхжаргалын амбаарт нэвтэрч мотоцикль, нэг шуудай байцаа нийт 531500 төгрөгний эд зүйлийг авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий , хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон  болон  хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Гэвч өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь  дээр дурьдсан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авсан 4 удаагийн үйлдэл мөн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн  4 удаагийн үйлдэлтэй гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байхад прокуророос  өсвөр насны шүүгдэгч  Н.Отгондалайг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэг мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

Учир нь хулгайлах гэмт хэргийг зүйлчлэхэд яллагдагч, шүүгдэгчийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх шинжийн  аль аль нь байгаа тохиолдолд хамгийн хүнд хэсгээр нь зүйлчлэх нь зүйтэй юм.

Гэтэл шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэсэг тус бүрд нь хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

            Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Мөн өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо насанд хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

.           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас   ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт дараахь өөрчлөлтийг оруулсугай.  Үүнд:

            а. Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайгийн үйлдсэн хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй гэсэн нэмэлт оруулж,

            б.Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар , хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэснийг хүчингүй болгож,

            в.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд 1 жилийн хорих ял шийтгэсүгэй гэснийг хүчингүй болгож,

            г.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд  3 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар- 457 дугаар нээлттэй,хаалттай Хорих ангид  даалгасугай гэсэн нэмэлт,

            д.Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь 51 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай гэж өөрчлөн,тогтоох хэсгийн 3,4,8 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалай нь давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 113 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            4.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

              

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

                                              ШҮҮГЧИД                                          М.НЯМБАЯР

                                                                                                         Б.ДАМБА