Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 123/ШШ2019/0014

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Х овогт Д Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн И Т Х Д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн И Т Х Д 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, гэрч Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2015 оны 05 сард Төрийн албаны Зөвлөлөөс зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож хуульд заасан болзол журмыг хангаж, Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар 2015 оны 06 сарын 18-ны өдөр томилогдсон. 1 жилийн дараа 2016 оны сонгуулиар Төв аймгийн ИТХ-д ...11 Тэргүүлэгч МАН-аас сонгогдсон. Тэргүүлэгчид надад улс төрийн зорилгоор дарамт шахалт үзүүлэх болсон. Тэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн, 2017 оны 24-р тогтоолоор ажлаас халсан, мөн Тэргүүлэгчдийн 2018 оны 66 дугаар тогтоолоор албан тушаал бууруулсан. Энэ шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгон шийдвэрлэж миний эрхийг сэргээсэн. Гэтэл Төв аймгийн ИТХ-ын даргын 2019 оны 1 сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжаар намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. 1.Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагааг захиргааны зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Уг сонсох ажиллагаанд миний бие оролцож биеийн байдал муу, эмчилгээ хийлгэж байгаа талаараа мэдэгдсэн. Гэтэл миний тайлбарыг сонсохгүй, тоохгүй, анхаарч үзээгүй. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авч тайлбар гаргах гэсэн боловч миний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн. 2. Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 20 дугаартай "Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай" тогтоолд "аймгийн МХГ-ын эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 19/08 дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл Төв аймгийн МХГ-аас 2019 оны 19/08 дугаар дүгнэлт огт гараагүй бөгөөд үзлэгийн тэмдэглэлийг иргэний эрүүл мэндийн дэвтэрт бичээгүй, цахим бүртгэлд оруулаагүй, эмнэлгийн магадлагаанд байгууллагын ерөнхий эмч гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дараагүй, маягт хөтлөөгүй гэх мэт Эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журмаар зохицуулагддаг өдөр тутмын асуудлуудыг нэхэмжлэгч Д.Б буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх мэт үндэслэлгүй тайлбар хийсэн байна. 3. Мөн дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд эмнэлгийн магадлагаануудыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд магадлагаа бүрдүүлж өгөхийн тулд л удаа дараа сунгуулсан гэх зүйлийг дурджээ. Хэрэв эмч эмнэлгийн ажилтан хуурамч бичиг баримт үйлдсэн бол тусгай чиг үүргийн байгууллага хэрэг үүсгэн Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэх хуультай. Гэтэл ийм шийдвэр байхгүй хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй. 4. эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж байгаа талаар захиргаанд удаа дараа мэдэгддэг байсан талаар сонсох ажиллагааны тэмдэглэлээс харагдана. 5. бүтэн 3 жилийн турш ажлын байрын маш хүнд дарамт, хууль бус шийдвэрүүдийн улмаас биеийн байдал муудаж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтсэн, эмчилгээ хийлгэсэн, 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс өнөөг хүртэл эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж, эмчилгээ хийлгэж байна. Гэтэл ИТХ-ын даргын 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжаар албан үүргээ биелүүлээгүй, ажлын албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэл зааж ажлаас халсан. ....Өмнөх захиргааны шийдвэрийг илт хууль бус актаар тогтоож өгөх нэхэмжлэлдээ цалин хөлсний талаар оруулаагүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй юм, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь үү гэж үзсэн. Одоо ч биелүүлээгүй байгаа. Өмнөх ажилгүй байсан хугацааны цалингаа 2018 оны 07 дугаар сарын 04ний өдөр авсан... Хувийн эмнэлэг, өмгөөллийн зардал, гэм хороо арилгуулахаар шүүхээр явсны зардал гэх бүх зардал надаас гарсан. Аймгийн И Т Хтогтоол буюу намайг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тогтоолыг 12 дугаар сарын 02-нд эмнэлгээс гараад 12 сарын 05-нд авсан. ...маргааш нь аймгийн И Т Х Д хандаад тогтоолд сонсох ажиллагаа явуулаагүй, миний гэм хорыг арилгасан заалт алга, илт хууль бус акт болохыг шүүх тогтоочихоод байхад миний гэм хорыг арилгахгүйгээр шууд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй. Эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын бичилт зэрэг зогссон. Эдийн засгийн гэм хорын хохиролтой холбоотой зүйл байхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргасан. 12 дугаар сарын 10-нд хариу тайлбараа явуулсан, И Т ХТэргүүлэгчдэд танилцуулж шийдвэрлэх бодолтой байна гэсэн. Дараа нь 12 дугаар сарын 13-ны өдөр 3 хоногийн дараа хариу тайлбар өгсөн. Дараа нь 01 дүгээр сарын 07-нд шүүхээр шийдүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Буцаагаад 01 дүгээр сарын 10-нд нөгөө л нуршсан зүйлүүдээ бичсэн байсан... Миний хүсэлтийг шийдвэрлээгүй байж намайг ажил тасалсан мэтээр ярьж байна. 01 дүгээр сарын 23-ны өдөр Тэргүүлэгчдийн сонсох ажиллагаан дээр нотлох баримт гаргаж өгсөн, баримтаа дутуу гаргаж өгсөн. ...Төв аймгийн И Т Х Д 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Д.Б албан тушаал бууруулсан шийдвэрийг илт хууль бус байна гэж тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр болсон. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 101 дугаартай Д.Б И Т Хнарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай захиргааны акт гаргасан. Энэ захиргааны актыг нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. 101 дүгээр тогтоол нь Д.Б субьектив эрхэнд халдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан нэхэмжлэл гаргах шаардлагын хүрээнд, мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааны хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасан хугацааны шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн гомдол гаргах хугацаа байгаа, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хүлээгээд байж байсан. Энэ хугацаанд захиргааны байгууллагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн. Үргэлжлүүлэн ажиллуулах захиргааны шийдвэр нь 2 байдлаар эрхийг нь зөрчсөн. Нэгдүгээрт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлыг шийдвэрлээгүй. Илт хууль бусад тооцож байгаа шийдвэр гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус. Үүн дээрээ цалин хөлсийг шийдвэрлэх бодолтой байна гэсэн. Хоёрдугаарт үргэлжлүүлж ажиллуулах гэсэн шийдвэр дээрээ баахан ажил даалгасан...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай И Т Х Д захирамж гарсан. Энэ захиргааны актыг гаргахын тулд сонсох ажиллагаа хийнэ. Гэтэл сонсох ажиллагаа хийгдээгүй. Сонсох ажиллагаагаар ажлын хэсэг байгуулсан. Сахилгын шийтгэлд оногдуулах шийдвэрийн талаар сонсох ажиллагаа явуулаад эрх нь хөндөгдөж байгаа хүнийг тодорхойлоод шийдвэртэй холбоотой санал хүсэлтийг авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. Гэтэл энэ сонсох ажиллагаа нь ажлын хэсэг байгуулаад сонсох ажиллагаа хийгээд болчихсон. Сахилгын арга хэмжээ авах гэсэн нэг ч үг байхгүй. Маргаж байгаа захиргааны акттай холбоотой сонсох ажиллагаа явагдсан гэж үзэхгүй. Хуульд оролцогч захиргааны шийдвэр гаргах аль ч үе шатанд хууль зүйн туслалцаа авч болно гэж заасан, хууль зүйн туслалцаа авах гэтэл өмгөөлөгч оролцдог зүйл байхгүй гээд субьектив эрхийг нь зөрчсөн. Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлт дээр сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл нь Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн улсын байцаагчийн 2019 оны 190708 дугаартай дүгнэлт байгаа гэсэн. И Т Хдарга аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад албан бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл эхнэрийнхээ төрсөн эгч рүү албан бичиг явуулж байгаа. Захиргааны акт дээр гарын үсэг зурсан эхнэрийнх нь төрсөн эгч нь ажлын хэсэг байгуулаад, эмнэлгийг шалгаад буцаагаад дүүгийнхээ нөхөр лүү албан бичиг явуулсан. Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08/3587 дугаартай албан бичигт гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс байна гэсэн байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт дээр эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн байна гэж бичсэн, хуурамчаар үйлдсэн гэдгийг хэн тогтоогоод байгаа юм бэ, ажлын хэсгийн дүгнэлт дээр эмч хяналтын бүртгэлд бүртгээгүй, цахим санд оруулаагүй, картан дээр гарын үсэг зуруулаагүй гэсэн. Цахим системд бүртгэх, бүртгэлийн дэвтэр дээр бичилт хийх нь байгууллагын дотоод асуудал. Үүнийг нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч тогтоосон гэсэн. Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолыг үндэслэсэн. Энэ тогтоолын 4 дүгээр хэсэгт сахилгын шийтгэл оногдуулах шалтгааныг заавал тогтооно. Энэ талаар зөрчил гаргасан баримтыг холбогдогчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заасан. Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн захиргааны акт. Аймгийн И Т Хажлын албаны дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.1-ийг үндэслэсэн боловч сахилгын шийтгэл оногдуулна гэсэн заалт байхгүй. Шинэ Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэлээс сонгохоор заасан. Сонсох ажиллагаа хийсэн бол өвчтэй, зовлонтой гээд байхад нь 6 сараар албан тушаалын цалинг хасах арга хэмжээ авч болох байсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулна. Аймгийн И Т ХТэргүүлэгчид нарийн бичгийн даргыг томилдог. Хүнд сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд нь Тэргүүлэгчид байсан. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэсэн. Гэрчээр асуусан эмч хүртэл цахим бүртгэлд бүртгэсэн гэж хэлж байна. Ямар сахилгын зөрчил гэснээ томъёолж чадахгүй, баримтуудаа бүрдүүлж чадсангүй. Захиргааны үйл ажиллагаа яаж алдагдсанаа тодорхойлж чадахгүй байна. Захиргааны процесс ажиллагааг зөрчсөн байна. Төв аймгийн И Т Х Д 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн И Т Хдарга Ц.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 123/ШШ2018/0030 дугаартай шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 101 дугаартай тогтоол гаргаж тогтоолын 1 дүгээр заалтаар Д.Б 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс аймгийн И Т Х Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар үргэлжлүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн. 101 тоот тогтоолыг ...Д.Б2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан боловч ажилдаа ирээгүй, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 сарын 23-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 47 хоног ажил тасалсан. ИТХ-ын ажлын албаны ажилтнуудыг шууд удирдлага зохион байгуулалтаар хангах ажил тасарч, ИТХ-ын төсвийн бүх гүйлгээ зогсож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүндрэл учирсан нөхцөл байдал бий болсон., Д.Бнь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Гомдол гаргах тухай", 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр "Хариу тайлбар хүргүүлэх тухай" гэсэн хоёр удаагийн өргөдлийг ирүүлсэн. Тус өргөдөлд би аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 66 дугаартай илт хууль бус захиргааны актаас болж эдийн засгийн хувьд хохирол учраад байна, иймээс өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалин, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөр гэж нийт 10.299.335 төгрөгийг нэхэмжилж, ...нөхөн төлсөн тохиолдолд ажлаа хийх талаар хуулийн үндэслэлгүй өргөдөл гаргасан. Үүний хариуд манай байгууллагаас 2018 оны 383, 2019 оны 07 тоот албан бичгээр хариу өгсөн. Д.Бнь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 06 дугаар сард гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах талаар нэхэмжлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт мөн энэ талаар шийдвэрлэсэн зүйл байхгүй. Д.Бнь дээр дурьдсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй байсан бөгөөд, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Д.Бнь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс шалтгаан нөхцлийг нь асууж тодруулах үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу сонсох ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хийсэн. Сонсох ажиллагаа явуулах талаар аймгийн ИТХ-ын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаартай "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Д.Батбаярт мэдэгдсэн. Д.Бнь 2019 оны 01 сарын 23-ны өдөр сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд ажилдаа ирэхгүй байсан нь эрүүл мэндийн байдлаас болж эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ хэлж, эмнэлгийн магадлагаа болон Энх-Ундарга гэх эмнэлэгт 485.000 төгрөг тушаасан баримт өгсөн. Сонсох ажиллагаа явуулсаны үр дүнд аймгийн И Т ХТэргүүлэгчдээс нөхцөл байдлыг тодруулах үүднээс ажлын хэсэг гарч 7 хоногийн хугацаатай бодит нөхцөл байдлыг шалгаж, дүнг нь 2019 оны оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс харшлын их эмч Г.Мөнхбат, Зуунмод сумын Баруун зуунмод өрхийн эмнэлгийн их эмч Ц.Мөнхтуяа нар нь эмнэлгийн магадлагаа олгохдоо Д.Б үзүүлсэн тухай үзлэгийн бүртгэлд бүртгээгүй, иргэний эрүүл мэндийн дэвтэрт бичээгүй, байгууллагын цахим системд оруулаагүй. Мөн дээрх хоёр эмчийн бичиж өгсөн эмнэлгийн магадлагаанд байгууллагын ерөнхий эмч гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулаагүй, эмчийн үзлэгийн бүртгэл АМ1Б маягтыг хөтлөөгүй зэргийг үндэслэж аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Б хуурамч эмнэлгийн магадлагаа авч, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажлын 49 хоног хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2019 оны 20 дугаартай тогтоолоор Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Д.Батбаярт сахилгын шийтгэл ногдуулахыг ИТХ-ын даргад даалгасаны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай захирамжаар ...ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн И Т ХТэргүүлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 101 дугаартай Д.Б И Т ХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тогтоол гаргаж, Д.Б 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс аймгийн И Т ХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. ...Д.БХурлын Тэргүүлэгчдийн 101 дүгээр тогтоолыг 12 дугаар сарын 05-ны өдөр өөрөө гарын үсэг зурж гардаж авсан боловч энэ өдрөөс хойш огт ажилдаа ирээгүй. Ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаараа тухайн үед ажил таслаад явж байхдаа мэдэгдэж байгаагүй. Ажлаас халагдсанаас хойш өвчтэй байсан талаараа ярьдаг. Үүнийг нотолсон баримтыг байхгүй. ...Захиргааны акт гаргах болсон үндэслэл нь эмчийн магадалгаа байгаа. Мөнхбат эмч үзсэн гэдэг боловч энэ нь цахим бүртгэлд байдаггүй. ... Мөнхтуяа эмч 2 удаа үзсэн байх гэж бодож байна гэж гэрчийн мэдүүлэгт өгсөн. 01 дүгээр сард үзсэн байснаа буцаад 12 дугаар сар гээд картад он сар нь зөрүүтэй бичсэн. Дараа нь нөхөж хийсэн, шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. ...Эд нар ажил хийлгэхгүй, ажил хийх боломжоор хангадаггүй, 101 тоот тогтоол миний эрх ашгийг зөрчсөн байсан гэж байна. Энэ талаараа гомдол гаргаагүй....Энэ хүн ажил тасалсанаар аймгийн И Т Хажлын албаны ажилтнуудыг шууд удирдлага зохион байгуулалтаар хангах, аймгийн И Т Хүйл ажиллагаанд саад учирсан нөхцөл байдал үүссэн. Д.Бгомдол гаргах тухай өргөдөл ирүүлсэн, хариуд нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 383 дугаартай албан бичгээр хариу өгсөн. ...Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. ...сонсох ажиллагаа хийх үед өвчтэй гээд эрүүл мэндтэй холбоотой актуудыг хуурамчаар бүрдүүлж эхэлсэн. Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлд нөхөж бүртгэсэн гэдгээ Мөнхбат эмч хүлээн зөвшөөрсөн. Энэ хүн 12 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргахдаа ...өвчтэй байсан гэдэг талаар бичээгүй. 12 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбар хүргүүлэхдээ шийдвэр бүрэн биелэгдээгүй гэдгийг анхааруулж байна, ...надад учирсан хохирлыг арилгахаас нааш би ажилдаа очихгүй гэсэн. ...Магадлагааг эмч өөрөө нөхөж бичсэн гэдгийг өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлэгийнхэн, өөрсдөө дотооддоо арга хэмжээгээ аваад тэр хүмүүстэй хариуцлага тооцсон, хүмүүсийг гуйлтаар акт бичиж өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэж тогтоохоосоо илүү бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. ..Ямар ч эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй клиникээс тодорхойлолт аваад ирсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй. ...11 дүгээр сарын 10-наас хойш хурлын үйл ажиллагаа алдагдсан. Хүмүүсийн цалинг өгөх үүднээс оронд нь өөр хүн томилоод явж байгаа. ...Нэг бол би өвчтэй байсан гээд нэг бол би гомдол гаргасан, ажлаа хийх боломжтой байсан гэж яриад байна. Ажил тасалсан... гэжээ.

Гэрч Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Д.Бманай эмнэлгийн хяналтанд байнга байдаг, 2018 оны 12-р сард би Д.Бгэж хүнийг үзэж байсан, артерийн даралт ихсэх, зүрхний судасны хатуурал, нарийсалтай, тархины судасны нарийсалтай. Үзлэгийн бүртгэл, тэмдэглэлийг өрхийн эрүүл мэндийн төвийн дэвтэрт эмч бичих ёстой, тухайн үед ажлын ачааллаас болоод бүртгэж амжаагүй, цахим бүртгэлд статистикч эмч оруулна... Нэгдсэн эмнэлэгээс ялгаатай нь нэгдсэн эмнэлэг үзэхээсээ өмнө цахимд бүртгэдэг, манайх үзлэгээ хийчихээд 7 хоногтоо статистикч эмч цахимд бүртгэдэг... Урнаа эмч манай хуурай дүү байгаа юм, 12 дугаар сарын өвчтэй байх хугацааны акт хэрэгтэй байна гэж надаас акт авсан, үзлэг хийснээс хойно ажилд нь хэрэгтэй юм байх гэж бодоод Д.Бгэж хүнд 9 хоногийн актыг 1 өдөр бичиж өгсөн. Анх үзүүлж байхдаа акт, листны тухай яриагүй...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд анх Төв аймгийн И Т Х Д 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдаанд Төв аймгийн И Т Х Д 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

1. Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр, 2017 оны 24 дүгээр тогтоолуудаар нэхэмжлэгч Д.Б Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн, эдгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0590 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 473 дугаар тогтоолуудаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төв аймгийн И Т ХТэргүүлэгчид нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Д.Б урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсныхоо дараа, түүнийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан тушаалаас нь бууруулан тус Хурлын ажлын албаны ажилтнаар томилж, 7 дугаар сарын 04-ний өдөр тус ажлын албаны шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтнаар томилсон бөгөөд эдгээр шийдвэрүүдийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0030 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн[1].

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн хариуцагч тал 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 101 дугаартай тогтоол гарган[2], уг тогтоолын 1-р заалтаар Д.Б албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, 2-р заалтаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хуралдаануудын баримт бичгийг нөхөж бүрдүүлэх, тэмдэглэлийг цаасаар гаргаж албажуулах, архивын нэгж бүрдүүлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны архивт хүлээлгэн өгөх, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн албан хэрэгцээнд ашиглаж байсан 4 нөүтбүүкийг өмнөх бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байсан төлөөлөгчдөөс авч бүрдүүлэх, ажлын албанд байгаа нөүтбүүкийн судалгааг гаргаж ашиглалтын асуудлыг шийдвэрлүүлэхийг Д.Батбаярт даалгасан. Тус тогтоолыг Д.Б2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа ирсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т захиргааны актыг хаяглагдсан этгээдэд ...хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцна гэж зааснаар энэхүү Д.Б ажилд нь томилсон 101 тоот захиргааны актыг 2018 оны 12 сарын 05-ны өдөр түүнд мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Бнь дээрх 101 тоот тогтоолыг хүлээн авсны дараа 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргад хандан ...101 тоот тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагааны мэдэгдэл өгөх шаардлагыг хангаагүй, ... Тэргүүлэгчдийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 66-р тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон... илт хууль бус актаас үүдсэн гэм хорыг арилгах ...талаар ярилцахгүй хувь хүний асуудалд намайг буруутгах тухай хэлэлцсэн байдлыг хүлээн авах боломжгүй... илт хууль бус захиргааны актаас учирсан хохирол 5.613.685 төгрөгийн асуудлыг шийдвэрлээгүй,...гэм хорыг бүрэн арилгах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх... гэсэн гомдлыг гаргасан. Уг гомдолд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 383 тоот албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, ... хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол цалин хөлс 5.613.685 төгрөгийг нягтлан үзэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж шийдвэрлүүлэх бодолтой байна...[3] хэмээх хариу хүргүүлжээ.

Ийнхүү нэхэмжлэгчээс 101 тоот захиргааны актад холбогдуулан гомдол гаргасан, хариуцагчаас түүний гомдолд хариу өгсөн гэх үйлдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2-т тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж болно, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т гомдлыг... 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж тус тус заасан гомдол гаргах, шийдвэрлэх журамд нийцсэн байна. Дээр дурьдсан гомдлын агуулгаас үзвэл, Д.Бнь 101 тоот тогтоолын 1 дэх заалт буюу түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн томилсныг хууль бус гэх, мөн 2 дахь заалт буюу түүнд тодорхой ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан нь хууль бус гэх үндэслэлээр гомдол гаргаагүй, харин 101 тоот тогтоолыг гаргахаас өмнө хариуцагч талын батлан гаргаж, шүүхээр илт хууль бус болох нь тогтоогдсон албан тушаал бууруулсан захиргааны актын улмаас учирсан хохирол, цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг олгохгүй байгаа нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна.

Харин нэхэмжлэгч Д.Бнь гомдлынхоо хариуг хүлээн авсны дараа 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид дахин хандаж хариу тайлбар хүргүүлсэн[4] байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсгүүдэд ...гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасантай нийцээгүй. Мөн нэхэмжлэгчээс дээрх 101 тоот тогтоолтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 101 тоот тогтоолд 2018 оны 12 сарын 06-ны өдөр гомдол гаргасан, захиргааны зүгээс өгсөн хариуг хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаагаа хүлээж байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн И Т Х Д 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Б албан үүргээ биелүүлээгүй, ажлын албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.3, 48.1, 48.1.3, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар бүлгийн 6, аймгийн И Т ХТэргүүлэгчдийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 5-р бүлгийн 5.1 дэх хэсгийг баримтлан үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний эрүүл мэндийн байдал муудаж, 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс 12 сарын 30-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, энэ тухай захиргаанд мэдэгдсэн. 2019 оны 01 дүгээр сарын 03-наас өнөөг хүртэл эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэж байна...ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагаанд миний хууль зүйн туслалцаа авах эрх-ийг зөрчсөн гэж маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 1-ийн 4-т Сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулсан  байна. Зөрчил гаргасан албан хаагч  уг  баримт  материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анхан буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж тус тус заажээ.

Хариуцагч тал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 тоот албан бичгээр ...ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 47 өдөр ажил тасалсан...танд сахилгын шийтгэл хүлээлгэх хууль зүйн үндэслэл үүссэн...шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлын талаар тодруулах, таны тайлбар, саналыг сонсох, цаашид авах арга хэмжээний талаар сонсох ажиллагаа явуулах тул таныг ...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцохыг мэдэгдье гэсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч Д.Батбаярт өгсөн, уг сонсох ажиллагаанд буюу Тэргүүлэгчдийн хуралдаанд Д.Боролцож, биеийн эрүүл мэндийн байдал, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн тухайгаа тайлбарлаж, холбогдох баримтуудаа гаргаж өгсөн, тус хуралдаанаас Д.Батбаярт сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийг нягтлан шалгах ажлын хэсэг гаргах, шалгалтын дүнг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргажээ. Энэ нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах...гомдол гаргах журам-ын 4 дэх хэсэг болон 5-ын б-д ...санал, баримттай танилцаад дахин шалгалт хийлгэх ...шийдвэрийг аль нэгийг гаргана гэснийг зөрчөөгүй байна. Түүнчлэн дээрх журамд дахин шалгалт хийсний дараа зөрчил гаргагчид шийтгэл оногдуулах үндэслэл, шалгалтын дүнг зөрчил гаргагчид дахин танилцуулах тухай заагаагүйгээс гадна нэхэмжлэгч тухайн хуралдаанд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг дахин шалгуулах хүсэлт гаргаагүй нь дээрх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд тэрээр сонсох ажиллагаанд би зарим баримтаа өгөөгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг дурьдаж байна.

Ажлын хэсэг нь шалгалтын ажлын дүнгээ 2019 оны 01 сарын 30-ны өдөр гаргасныг Хурлын Тэргүүлэгчид тухайн өдөр хуралдаанаараа хэлэлцэж, Д.Батбаярт сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхийг ИТХ-ын дарга Ц.Энхбатад даалгаснаар хариуцагчаас маргаан бүхий актыг батлан гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан журмыг зөрчөөгүй байна дүгнэлээ. Иймээс нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно гэж заасныг зөрчиж, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны актын албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэнд холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлснээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд буюу ажилд томилсон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс ажилдаа ирсэн өдөр хүртэл хугацаанд эмчлүүлсэнд холбогдох нотлох баримтуудыг авч үзвэл:

- Баруун зуунмод өрхийн эрүүл мэндийн төвийн эмч 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс 12 сарын 12-ны өдөр хүртэл 9 хоногийн хугацаанд өвчтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Батбаярт эмнэлгийн магадлагаа олгосон. Харин түүний Амбулаторийн үзлэгийн карт-д Баруун зуунмод өрхийн эрүүл мэндийн төвийн эмч 2018 оны 12 сарын 03-ны өдөр үзлэг хийж, эмчилгээ бичсэн тэмдэглэл байх боловч эмнэлгийн магадлагаа /акт/ олгосон тухай тэмдэглээгүй байх ба тухайн тэмдэглэлийн дараа 2019 оны 01 сарын 07-ны өдөр тус өрхийн эмч үзлэг хийсэн тэмдэглэл бичиж, Акт олгое, акт сунгая гэсэн 2 өөр агуулгатай тэмдэглэл бичсэн. Уг тэмдэглэлийн дараа тус өрхийн эмнэлгийн эмч 2018 оны 12 сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, акт сунгая гэсэн бичилт хийсэн байна. Мөн Баруун зуунмод өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Д.Бгэж хүн манай эмнэлгийн хяналтанд байнга байдаг, 2018 оны 12-р сард би Д.Бгэж хүнийг үзэж байсан, үзлэгийн бүртгэл, тэмдэглэлийг өрхийн эрүүл мэндийн төвийн дэвтэрт эмч бичих ёстой, тухайн үед ажлын ачааллаас болоод бүртгэж амжаагүй, цахим бүртгэлд статистикч эмч оруулна... Нэгдсэн эмнэлэгээс ялгаатай нь нэгдсэн эмнэлэг үзэхээсээ өмнө цахимд бүртгэдэг, манайх үзлэгээ хийчихээд 7 хоногтоо статистикч эмч цахимд бүртгэдэг... Урнаа эмч манай хуурай дүү байгаа юм, 12 дугаар сарын өвчтэй байх хугацааны акт хэрэгтэй байна гэж надаас акт авсан, үзлэг хийснээс хойно ажилд нь хэрэгтэй юм байх гэж бодоод 9 хоногийн актыг 1 өдөр бичиж өгсөн.... гэжээ.

- СБ клиник нэртэй эмнэлэг 2018 оны 12 сарын 12-ны өдрөөс 12 сарын 21-ний өдөр хүртэл 9 хоногийн хугацаанд өвчтэй гэсэн үндэслэлээр Д.Батбаярт эмнэлгийн магадлагаа олгосон. Нэхэмжлэгч тус эмнэлгийг Улаанбаатар хотод байрладаг хэмээн тайлбарласан байна. Гэтэл СБ клиник нэртэй эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй нь Эрүүл мэндийн яамны 2019 оны 4 сарын 16-ний өдрийн 5/1539, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2019 оны 4 сарын 17-ны өдрийн 1/315 тоот албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

- Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс 12 сарын 30-ны өдөр хүртэл 9 хоногийн хугацаанд өвчтэй гэсэн үндэслэлээр Д.Батбаярт эмнэлгийн магадлагаа олгосон. Түүний Амбулаториор эмчлүүлэгсдийн карт-д 2018 оны 12 сарын 21, 24, 27-ны өдрүүдэд арьс харшлын эмч үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэж, эмчилгээний заалт бичсэн байна. Харин Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн цахим бүртгэлд Д.Б арьс харшлын эмчид үзүүлсэн бүртгэл дээрх өдрүүдэд бүртгээгүй, 2019 оны 1 сарын 18, 24-ний өдрүүдэд 2018 оны 12 сарын 21, 24-ний өдрүүдийн үзлэгийн бүртгэлийг нөхөн бүртгэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эдгээр эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2 дахь хэсэгт ...эмч, эмнэлгийн байгууллага нь иргэн хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд эмнэлгийн магадлагаа гаргах эрхтэй гэж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 сарын 04-ний өдрийн А/243 тоот тушаалаар баталсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэх журам-ын 3.2-т эмч, эмнэлгийн байгууллага нь тухайн хүний эрүүл мэндийн байдлыг тогтоосон үзлэг... зэрэгт үндэслэн эмнэлгийн магадлагааг гаргана, 3.3-т магадлагааг гаргаж буй эмч...тухайн нөхцөл байдалд тулгуурлаж, бодит үндэслэлтэй магадлагаа гаргах... гэж тус тус заасантай нийцээгүй, тодруулбал нэхэмжлэгчийн амбулаторийн үзлэгийн карт, эмнэлгийн амбулаторийн цахим бүртгэлд түүний өвчтэй байсны улмаас эмчид үзүүлсэн, эмнэлгийн магадлагаа авсан гэх өдрүүд нь цаг хугацааны дарааллаар тухайн өдрүүдэд нь бүртгэгдээгүй, эмнэлгийн магадлагааг нөхөж олгосон, мөн СБ клиник нэртэй эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш байх тул нэхэмжлэгчийг 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 12 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

- Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харъяа Тэжээхүй эмнэлгийн эмчийн магадлагаагаар 2019 оны 01 дүгээр сарын 03-21-ний өдөр хүртэл хугацаанд ажлаас түр чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй тул түүнийг энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5-д төрийн жинхэнэ албан хаагч төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахих нийтлэг үүрэг хүлээнэ гэж, Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 5.1-д ажлын цагийн үргэлжлэл 8 цаг байх ба ...ажилтан ирсэн, явсан цагаа...бүртгүүлнэ гэж заасныг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 12 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд 17 өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын албан үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлтэй байна.

3. Маргаан бүхий захиргааны актын ажлын албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Д.Бхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 17 өдөр албан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх боловч түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилж ажиллуулсан, мөн хариуцагчаас энэ талаарх нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар тогтоогдсон, нэхэмжлэгч Д.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 17 өдөр албан үүргээ гүйцэтгээгүй зөрчилд шинээр дагаж мөрдөгдөж байгаа Төрийн албаны хуулийн /2017 оны/ 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын ёс дэг журмыг сахих нийтлэг үүрэг хүлээнэ, 48 дугаар зүйлийн 48.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй бол...анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна..., 48.1.3-д төрийн албанаас халах, 48.3-т ...хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Түүнчлэн сахилгын зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.4-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг болон 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 48 дугаар зүйлийн 48.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б Төв аймгийн И Т Х Д 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 


[1] Хавтас хэргийн 8-22 дахь тал,

[2] Хавтас хэргийн 49-51 дэх тал,

[3] Хавтас хэргийн 58-61 дэх тал,

[4] Хавтас хэргийн 62-63 дахь тал,