Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 135/2021/01377/И |
Дугаар | 001/ХТ2022/00817 |
Огноо | 2022-07-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2022/00817
С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 209/МА2022/00039 дүгээр магадлалтай,
С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй
М.Б, С.Б нарт холбогдох
С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан Ү-2005000023 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-2005000422 дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Б, Б.Т, хариуцагч С.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч С.Б, хариуцагч М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б, Б.Т нараас М.Б, С.Б нарт холбогдуулан С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан Ү-2005000023 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-2005000422 дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д тус тус заасныг баримтлан С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Б, М.Б нарт холбогдуулан гаргасан С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /Улсын бүртгэлийн № Ү-2005000023, гэрчилгээний №000043191/, газар /Улсын бүртгэлийн № Э-2005000422/-ыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /Улсын бүртгэлийн № Ү-2005000023, гэрчилгээний №000043191/, газар /Улсын бүртгэлийн № Э-2005000422/ үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч С.Б, Б.Т бидний өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,150 төгрөгөөс 328,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 209/МА2022/00039 дүгээр магадлалаар: Хариуцагч С.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч С.Б, Б.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлал хууль бус гарсан байх тул магадлалыг хянуулах гомдол гаргаж байна.
ИХ-ийн 90.1, 90.2-т зааснаар “Шударга эзэмшигч эрхээ шүүхээр хамгаалуулна”
4.1. Төрсөн ах С.Б гадаадад эмчлүүлэх шаардлага тулгарч, эмчилгээний зардалд 100 сая төгрөг шаардлагатай гэсэн тул ахынхаа эмчилгээнд туслах зорилгоор 500 сая төгрөгийн үнэ бүхий объектоо яаралтаа хямдхан зарж, эмчилгээндээ хэрэглэхийг ахдаа зөвшөөрч итгэмжлэх өгсөн. Гэтэл хариуцагч этгээд ахын эрүүл мэндийн байдлыг далимдуулж, мөнгө гаргалгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархаж байгаа болох нь нотлогдсон байхад аймгийн давж заалдах шатны шүүх ИХ-ын 57.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцно гэсэн хуулийг хэрэглээгүй шалтгааныг хянуулах.
4.2. Иргэний хуулийн 58 зүйлийн 58.1 дэх заалтыг хэрэглээгүй орхигдуулсан, 100 сая төгрөг бэлэн гаргаж өгнө, ХААЯам, ЖДҮ сангаас зээл авчаад өгөе гэж ахыг хууран мэхлэх ИХ-ийн 59.1, ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл байсан нь тогтоогдсон, ИХ-ийн 58.1 дэх заалт зөрчигдсөн эсэхийг хянуулах.
4.3. Татвараас зайлсхийсэн үйлдэл нь илчлэгдэн цагдаа, АТГ-д шалгагдаж байна. 100 сая төгрөгийн татвар төлөхөөс, 20 сая төгрөгийн татвар төлж, 80 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь илэрч, Дархан-Уул аймгийн цагдаагийн хошууч Рүүмаа гэгч мөрдөгч дээр шалгагдаж байна.
4.4. Хариуцагч шүүх хурал дээр нэхэмжлэгч намайг мөнгө дансаар авсан гэж худал мэдүүлж гүтгэсэн байна. Нэг ч төгрөг өгөөгүйг шүүх тогтоож чадаагүйг хянуулах.
Иймд татвараас зайлсхийсэн эрүүгийн хэрэг, ИХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тогтоогдсон шүүгчид дүгнэлт бичгээр гарах хүртэл хэргийг УБ хотын аль нэг шүүхэд шилжүүлж өгч шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.
5. Хариуцагч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүх гарцаагүй, эргэлзээгүй шийдвэр гаргана гэснийг зөрчсөн байна. Хэргийн оролцогч нарын хооронд хэлцэл 2020.07.02-ны өдөр хийгдсэнээс хойш 1.5 жилийн хугацаа 2021 оны 12 сард дууссан байхад шүүх төлбөр төлөх хугацаа дуусаагүй гэж илт хуйвалдсан, шүүхийн шийдвэр, магадлал гаргасан.
5.1. Анхан шатны шүүхийн шүүгч ИХШХШТХуулийг зөрчсөн болохыг Шүүхийн сахилгын хороо илрүүлж тогтоосныг мэдэгдсэн боловч аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид учир битүүлэг шалтгаанаар хууль зөрчсөн шийдвэрийг хамгаалж хуулийг дахин зөрчсөн магадлал гаргасныг хянуулах. Хууль зөрчиж гарсан шийдвэрийг хүчингүй болгох заалтыг давж заалдах шатны шүүх зөрчсөн.
5.2. Монгол улсын татварын тухай хууль зөрчсөн болох нь илэрснийг шүүгч хуралд танилцуулсан боловч шүүхэд хамааралгүй асуудал гэж тайлбарлаж байгаа нь зөв буруу хууль зөрчсөн талаар хуулийн тайлбар өгөөгүй тул хянуулах.
5.3. Хариуцагч амаар 23 сая төгрөг өгсөн гэдэгт итгэсэн боловч бодитоор 9 сая төгрөгийн баримт байсан ба үлдсэн 14 сая төгрөгийг амаар өгсөн гэж мэдүүлж, 2020 оны 07 сараас 2021 оны 06 сар гэхэд 23 сая төгрөг, 2021 оны 06 сараас 2021 оны 12 сар гэхэд үлдэгдэл 77 сая төгрөгийг төлнө гэсэн гэрээгээр халхавчлан, хууран мэхэлж хийгдсэн хэлцлийг тогтоож чадаагүй. /ИХ-59.1/ Шүүгчийн мэдлэг чадвар дутсан.
5.4. Нотлогдоогүй 12 орчим сая төгрөгийн баримтыг хуйвалдан хэрэгт хавсаргасан байсан нь илэрсэн. Үлдэх 11 сая төгрөгийг хүнээр дамжуулж өгсөн гэдэг нь нотлогдоогүйг хариуцагч нотолж чадаагүйг, шүүх дүгнэлт хийгээгүйг хянуулах.
5.5. Монгол улсын Ерөнхийлөгч хэлэхдээ: ...Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шүүгчийн гаргасан шийдвэр, хохирсон жирийн ард иргэдийг хамгаалсан байх, шүүхийн шийдвэр магадлал гарцаагүй, эргэлзээгүй байхыг сануулсан.
5.6. Татвараас зайлсхийх зорилгоор /ИХ-56.1.2/ дүр үзүүлсэн хэлцэл хийх замаар 100 сая төгрөгийн худалдан авалтын хэлцлийг 20 сая төгрөг болгон өөрчилж, хууль бус үл хөдлөхийн гэрчилгээ авсан үйлдэл нь илэрч цагдаа шалгаж байна.
5.7. Хариуцагчийн татвараас зайлсхийсэн асуудлыг шүүх шийдвэрлээгүй орхин магадлал гаргасныг хүчингүйд тооцож, шинээр илэрсэн асуудлыг цагдаа шалгаж дуустал түр хойшлуулж, анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү
6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч С.Б, Б.Т, хариуцагч С.Б нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.06.17-ны өдрийн 001/ШХТ2022/00678 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нар болон хариуцагч С.Бгийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
8. С.Б, Б.Т нар нь хариуцагч М.Б, С.Б нарт холбогдуулан С.Б, М.Б нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө, газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгуулах, тус хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Б хүлээн зөвшөөрч, хариуцагч М.Б эс зөвшөөрч, маргасан байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
10. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нараас: “...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... тул хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэж,
хариуцагч С.Б: “...шүүх гарцаагүй, эргэлзээгүй шийдвэр гаргана гэснийг зөрчсөн, ...хэлцэл хийснээс хойш төлбөр төлөх хугацаа өнгөрсөн, М.Б нь төлбөрөө төлөөгүй байхад төлбөр төлөх хугацаа дуусаагүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийж хуйвалдсан, хариуцагчийн гэрээгээр халхавчлан хууран мэхэлсэн хэлцлийг тогтоож чадаагүй...” гэж тус тус гомдол гаргажээ.
11. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Б, Б.Т нар нь 2019.04.29-ний өдөр өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 баг хаягт байрлах 800.0 м.кв засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, түрээслүүлэх, зэрэг захиран зарцуулах эрхийг С.Бд итгэмжлэлээр олгосныг үндэслэн С.Б нь 2020.07.02-ны өдөр М.Бтэй №2336 дугаартай Худалдах-худалдан авах /Үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээ байгуулж, тус хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээнд төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж тэмдэглэж, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч М.Бийн өмчлөлд бүртгүүлсэн,
Мөн өдөр Зээлийн гэрээний баталгаа бичиг үйлдэж, тус бичигт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан болно, талууд хэлцлээр дараах нөхцөлийг тохиров, үүнд: урьдчилгаа 5,000,000 төгрөг төлсөн, ямар ч нөхцөлд хэлцлийг буцаахгүй, нийт 100,000,000 төгрөгийг 1.5 жилийн дотор хуваарийн дагуу төлнө, 2020.07.02-ны өдрөөс 2020.12.02-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2021.01.02-ноос 2021.06.02 хүртэл сар бүрт 2,000,000 төгрөг, нийт 2021 оны 06 сард 23,000,000 төгрөгийг төлсөн байна, үлдсэн 6 сард үлдэгдэл 77,000,000 төгрөгийг төлж барагдуулна” гэж харилцан тохиролцсон байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгч ямар нэг төлбөр төлөөгүй гэж, хариуцагч С.Б 9,000,000 төгрөгийг авсан гэж, хариуцагч М.Б 23,000,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.
12. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...бид М.Бтэй өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төрсөн ах С.Бг бидний нэрийн өмнөөс тухайн хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгосон. Гэтэл С.Б нь М.Бтэй байгуулсан гэрээгээр тухайн хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд татвар багаар төлөхийн тулд үнийн дүнг багаар бичсэн гэжээ.
Иймд дээрх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд баталгаагаар 2021.06.02-ны өдөр төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч үлдэгдэл төлбөрийг өгөөгүй, улмаар одоо хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан, дахиж мөнгө өгөхгүй гэж байх тул М.Б нь бидний хэдэн зуун сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд тэдний хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч С.Б тайлбартаа: “...хөрөнгийн эзэн нь би биш, зуучлагч нь байсан, тухайн үед М.Бэд мөнгө байхгүй байсан, 20,000,000 төгрөгөөр татвар төлье гэснийг зөвшөөрч гэрээ байгуулсан, ...гэрээний хугацаа өнгөрөөд мөнгөө нэхэхэд 20,000,000 төгрөгөөр авна, өөр мөнгө өгч чадахгүй гэж доромжилж, басамжилж, заналхийлж дарангуйлах болсон. Хөрөнгийн эзэд нь бодит байдалтай танилцаад хөрөнгөө буцаан авахаар шийдвэрлэснийг зөвшөөрч байна, Эм тарианы мөнгө гэж анх 5,000,000 төгрөгийг өгсөн, дараа нь цувуулж 7,000,000 төгрөг өгснөөс өөр төлбөр төлөөгүй. Энэ мөнгийг би эмчилгээндээ зарцуулсан. М.Б нь ХААЯ-ны зээлд хамрагдаж төлбөрийг төлнө гэсэн нь худал байсан, улсад их хэмжээний өртэй болохоо дараа нь хэлсэн, ...өвчтэй байхад минь туслах зорилгоор итгэмжлэл өгсөн дүү нарынхаа итгэлийг алдсанд харамсаж байна...” гэж,
Хариуцагч М.Б: “...С.Бтай 2020 оны 04 дүгээр сард анх уулзахад Хонгор суманд байгаа объектыг ямар ч нөхцөлөөр авч болно, ах нь юм болгож чадахгүй, эрүүл мэндийн байдал тогтворгүй байна, гол нь эм тарианы мөнгийг боломжоороо сар сардаа шилжүүлээд байна биз гэсэн тул Хонгор сумын Засаг даргын тамгын газрын урд байрлах нурсан объектыг худалдан авсан. Бид 20,000,000 төгрөгөөр гэрээ байгуулж, хэлцлийн дагуу сар бүр төлбөрөө төлж, 23,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зээл хөөцөлдсөн боловч барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй гээд зээл олдохгүй байсан тул тухайн хөрөнгөд засвар хийж байж барьцаанд тавих боломжтойг ойлгож өөрийн ахаас хөрөнгө оруулалт хийж, хамтран өмчлөх санал тавьснаар 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нөхцөл байдлаа С.Бд удаа дараа хэлж байнга зөвшилцөж байсан, ...нэхэмжлэгчийн хэлж байгаачлан хууль бусаар хөрөнгөжихийг санаархаж байгаагүй, үлдэгдэл төлбөрийг төлнө, ...бидэнд алдагдсан боломж, оруулсан хөрөнгө байсаар байтал зөвхөн өөрийн дураар объектыг үнэ цэнэ оронгуут бидний зүтгэлийг үгүйсгэж байгаа нь өөрөө залилан мэхлэх, бусдын оруулсан хөрөнгө оруулалт бүхий ажлын байрыг шунахайн сэдэлтээр авахыг оролдож байгаад гомдож байна, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх: “...төлөөлөгч С.Б төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг үндэслэн М.Бтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл хийсэн, эд хөрөнгийн үнийг 20,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон нь талууд гэрээний нөхцлийг чөлөөтэй байгуулах Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг зөрчөөгүй, худалдагч С.Б үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч М.Б гэрээнд заасан үнийг төлсөн нь хэн аль нь гэрээний үүргээ харилцан биелүүлсэн болох нь нотлогдсон байна...” гэж дүгнэж, харин Зээлийн гэрээний баталгаа гэх баримтаар хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл 77,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, нэхэмжлэгч нь дээрх хөрөнгийг шаардаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэжээ.
13. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний талуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хууль хэрэглээний асуудлаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Тухайлбал, нэхэмжлэгч нар хариуцагч С.Бд өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон, нэхэмжлэгчийг гэрээний нэг тал гэж үзэх эсэх, улмаар С.Б нь 100,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар хэлцэл хийсэн нь хөрөнгийг үнэгүйдүүлсэн, дүр үзүүлсэн, төлөөлүүлэгчид хохиролтой хэлцэл хийсэн эсэх, нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бус гэж эсвэл гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан авах аль үндэслэлийг гаргаж байгааг тодруулах шаардлагатай байжээ.
Түүнчлэн, хариуцагч буюу худалдан авагч М.Б нь төлөөлөгч С.Бгийн өвчтэй, эмчилгээний зардал шаардлагатай байгааг далимдуулан, эмчилгээний зардлыг тасалдуулахгүй төлбөрийг төлж байхаар бага үнийн дүнгээр гэрээ байгуулсан гэх боловч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, хууран мэхэлж, эсхүл ноцтой төөрөгдөлд оруулан хэлцэл хийсэн гэх хариуцагч С.Бгийн тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч нь төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад энэ талаар холбогдох дүгнэлтийг хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцээгүй, 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
14. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 209/МА2022/00039 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Б, Б.Т, хариуцагч С.Б нарын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа С.Бгаас 2022.05.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД