Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 102/2020/00516/И |
Дугаар | 001/ХТ2022/00561 |
Огноо | 2022-05-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2022/00561
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01027 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1069 дүгээр магадлалтай,
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Д” ХХК-д холбогдох,
Гэрээний үүргийн биелэлтэд 423,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн дизелийн түлшний үлдэгдэл төлбөрт 282,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 141,000,000 төгрөг, нийт 423,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжилсэн үлдэгдэл төлбөрийн 282,000,000 төгрөгийг төлнө, алданги хэт өндөр... гэж маргасан байна.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01027 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас 423,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,272,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 2,272,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1069 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 408,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын 2,272,950 гэснийг 2,202,450 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.15-ны 1069 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Манай компани 2019.07.29-ний өдөр “З” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 2019.08.01-ний өдрөөс 2019.08.06-ны өдрийг дуустал хугацаанд нийт 316,316,000 төгрөгийн үнэ бүхий 168,650 литр дизель түлшийг худалдан авснаас 34,316,000 төгрөгийг төлж барагдуулж 282,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.1-д “бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлж барагдуулах”-аар үүрэг хүлээсэн, мөн гэрээний 5.2.2-т “гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлнө” гэж заасан. Гэрээний төлбөр төлөх хавсралтаар тохиролцсон хуваарь болох баримт хэрэгт авагдаагүй учраас анхан шатны шүүх алдангийг хэт өндөр тооцсон, хэрхэн тооцсон тодорхойгүй, давж заалдах шатны шүүх алдангийг 10 хувиар багасган алданги төлөх хугацааг тоолох үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт алдангийг тооцох баримт авагдаагүй, хариуцагч бараа нийлүүлсэн сүүлийн өдөр болох 2019.08.06-ны өдрөөр алданги бодсон эсвэл төлбөр төлөх хуваарийн дагуу нэхэмжилж байгаа нь тодорхой бус тул 126,900,000 төгрөгийн алдангийн 50 хувь болох 63,450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тогтоолд өөрчлөлт оруулан 63,450,000 төгрөгийн алдангийг хасч тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн дизелийн түлшний үлдэгдэл төлбөрт 282,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 141,000,000 төгрөг, нийт 423,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжилсэн үлдэгдэл төлбөрийн 282,000,000 төгрөгийг төлнө, алданги хэт өндөр... гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас 408,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 14,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ.
8. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.
9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигч 2019.07.29-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э.Чинзоригийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар гудамжны 98/4 тоот хаягт байршилтай, 183 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалжээ. Гэрээний хугацаанд хариуцагч “Д” ХХК нь 316,316,000 төгрөгийн үнэ бүхий 168,650 литр дизелийн түлшийг худалдан авсан боловч гэрээний үүргийг биелүүлээгүй, худалдан авсан дизелийн түлшний үнээс 282,000,000 төгрөгийг төлөөгүй нь тогтоогджээ. /хх-14-26/
10. Талууд гэрээний 5.2.1-д “худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна”, 5.2.2-т “худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлнө” гэж тус тус зааж тохиролцсон байна.
11. Анхан шатны шүүх ...хариуцагч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй, гэрээ буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, харин давж заалдах шатны шүүх ...хариуцагч тал алдангийг төлөхгүй гэж маргаагүй, харин алданги өндөр байна гэх тайлбар гаргасан, ...алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, хариуцагчийн ...давж заалдах гомдолд заасан хэмжээгээр буюу 14,100,000 төгрөгийг алдангиас хасч шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж дүгнэн, алдангийн хэмжээг багасгасныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч бараа нийлүүлсэн сүүлийн өдөр болох 2019.08.06-ны өдрөөр алданги бодсон эсвэл төлбөр төлөх хуваарийн дагуу нэхэмжилж байгаа нь тодорхой бус тул 126,900,000 төгрөгийн алдангийн 50 хувь болох 63,450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, ...63,450,000 төгрөгийн алдангийг хасч тооцож өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.
13. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.09-ний өдөр төлсөн 475,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН