Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2018/00012

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

        Дугаар 223/МА2018/00012

 

Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний

                                                               хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2018/00301 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, У.Батмөнх, Т.Батаа, Д.Бадмаанямбуу, Д.Анхжаргал, Б.Батхүү нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 353 234 094.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг “Дэлгэрцээл” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, Д.Эрдэнэцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнх, түүний өмгөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Голомт” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Дэлгэрцээл” ХХК нь Голомт банктай зээлийн гэрээ байгуулан 350 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авч ашигласан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгож,

-Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах эзэмших эрхийн 000297924 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18501362066241 дугаартай “Дэлгэрцээл” ХХК-ийн эзэмшлийн 2038163 мкв талбайтай үр тарианы зориулалтын газар,

-Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000132 дугаартай У.Батмөнхийн өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000060 дугаартай, нэгж талбарын 18523369753420 дугаартай, У.Батмөнхийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар,

-Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр, 109 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027156 дугаартай орон сууцны зориулалттай Б.Батхүү, Д.Бадмаанямбуу нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031747 дугаартай орон сууцны зориулалттай Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан.

“Дэлгэрцээл” ХХК нь ЗГ2205043997 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 697 хоног хугацаа хэтрүүлсэн болно. Нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээл 327 721 786.49 төгрөг, хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 353 234 094.95 төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд “Дэлгэрцээл” ХХК-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 353 234 094.95 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205043997-1, ЗБ/2205043997-2, ЗБ/2205043997-3, ЗБ/2205043997-4, БГ2205043997 тоот Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд “Дэлгэрцээл” компанийн малын тэжээл үйлдвэр барих төсөл дэмжигдэж танай банкыг сонгож байна гэсэн учраас манай банк зээлийг олгосон. Харилцагч өөрөө хүссэн болохоор тус зээлийг олгосон. Зээлийн гэрээндээ зээлдэгчийн зээл төлөх чадвар, мөнгөн урсгал, зээлээ хэзээ төлөх боломжтой зэрэгтэй нь уялдуулаад, эхний 6 сар үндсэн зээлээс нь чөлөөлсөн ба банк харьцангуй уян хатан хандаж, зээлийн гэрээний эрсдэлээ өөрөө үүрээд харилцагч зээлийн гэрээний эргэн төлөлт хангагдах хүртэл буюу 2017 оны 12 дугаар сар хүртэл, цаашлаад дараа он хүртэл хүлээсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Гэрээний хугацаа дуусгавар болох цагт гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр өрийн гүйцэтгэлээ хангуулна. Банк ийм л шаардлага тавьж байгаа.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 1 дүгээр сард зээл авсан юм. Уг нь 500 000 000 төгрөгийн зээл хүссэн юм. Гэтэл 350 000 000 төгрөгийн зээл өгөхдөө миний тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг барьцаалж, миний банкны мэдлэггүй байдлыг ашиглаж хэтэрхий нэг талыг барьсан зээлийн гэрээг надтай хийсэн байна. Зээлд авсан мөнгөө өөр зүйлд зарцуулалгүй зориулалтын дагуу үйлдвэрээ барьсан байгаа. Энэхүү ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрийн хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байсан. Тодорхой хэмжээгээр банкнаас, Хөдөө аж ахуй яамнаас, Авилгатай тэмцэх газраас намайг шалгаж байсан, тухай бүрт нь сайн үнэлгээ авч байсан. Энэхүү үйл ажиллагааг явуулж байхдаа тэжээлийн дээжийг уутанд хийгээд, Хөдөө аж ахуйн яам, Төв аймгийн Хөдөө аж ахуйн газар зэргээр явж үзүүлж байсан. Гэтэл яамнаас энэ асуудлыг чинь судалж үзье гээд дараагаар нь өөр өөр сумдаас тэжээлийн нөөцүүд бүрдүүлсэн байдаг. Миний контейнерт хадгалсан тэжээлийн нөөцүүд бороонд норж Улаанчулуутын хогийн цэг дээр хаяхаас өөр аргагүй болсон. Байгал цаг уурын давагдашгүй хүчин зүйл хадлан тэжээл бэлдэхэд их нөлөө үзүүлдэг бөгөөд энэ асуудал зээлийн гэрээний биелэлтэд их нөлөөлсөн. 2015 онд Засгийн газар маш их хэмжээний улаан буудай оруулж ирсэн. Улмаар тариаланчид бид бүхэн бослого тэмцэл гаргаж, энэ байдлаас болж маш их хохирол амсаж байсан. Засгийн газраас ийнхүү жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж өгөөгүй ийм байдлаас болоод энэ зээлээ төлөх ямар нэг боломж байхгүй болсон бөгөөд энэ байдлыг шүүх харгалзан үзээд зээлийн гэрээний хүүг багасгах, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, хариуцагч У.Батмөнх, хариуцагч Т.Батаа нараас зээлийн гэрээний үүрэгт 353 234 094.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар нэхэмжлэгч “Голомт” банк ХХК нь барьцааны зүйл болох Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэйг дурдаж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчид зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

-Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах эзэмших эрхийн 000297924 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18501362066241 дугаартай “Дэлгэрцээл” ХХК-ийн эзэмшлийн 2038163 мкв талбайтай үр тарианы зориулалтын газар,

-Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000132 дугаартай У.Батмөнхийн өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000060 дугаартай, нэгж талбарын 18523369753420 дугаартай, У.Батмөнхий өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар,

-Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр, 109 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027156 дугаартай орон сууцны зориулалттай Б.Батхүү, Д.Бадмаанямбуу нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

-Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031747 дугаартай орон сууцны зориулалттай Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 924 120.47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дэлгэрцээл” ХХК, У.Батмөнх, Т.Батаа нараас хувь тэнцүүлэн 1 924 120.47 төгрөгийг, илүү төлсөн 70 200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Харицагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнх давж заалдах гомдолдоо:   “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны 151/ШШ2018/00301 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, унэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасныг нотцой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь манай компани 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 350 000 000 сая төгрөгийн зээлийг малын тэжээлийн үйлдвэр барих зориулалтаар зээлэн авч тус зээлийг зориулалтын дагуу ашиглаж малын тэжээл үйлдвэрлэж эхэлсэн.

Гэтэл Монгол Улсын засгийн газраас 2015-2016 оны өвөл, 2017 оны өвөл маш их хэмжээний тэжээл, улаанбуудай, тэжээлийн будааг ОХУлсаас оруулан ирж малчдад их хэмжээгээр хөнгөлөлттэй үнээр тараасан үүнийг улмаас манай компанийн борлуулалтын үйл ажиллагаанд доголдол үүссэн энэүү нөхцөл байдлын улмаас манай комнанийн Голомт банкаар дамжуулан авсан зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсч эхэлсэн юм.

Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр "..хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... зээлийн төлөх хэмжээг багасгах, хугацааг нь сунгах хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... зээлийн төлөх хэмжээг тодорхой хувиар хөнгөлөх, хүчингүй болгуулах, /2018 оны ургац хураалт хүртэл/, төлөх хэмжээг тодорхой хувиар хөнгөлөх, хүчингүй болгуулах" гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул Зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй..." гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь манай “Дэлгэрцээл” ХХК-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд зогсохгүй бусад хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн манай “Дэлгэрцээл” ХХК нь зээл авсанаас хойш 100 000 000 гаруй сай төгрөгийг төлсөөр байтал үндсэн зээлээс нэг ч төгрөг хасагдахгүй байгаад гайхаж байгаа бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон аргачлал нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг зөрчсөн гэж үзэж байгаа учир шүүхээс зээлийн хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 25 512 308.46 хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд “Дэлгэрцээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Батмөнх миний бие шүүхийн шийдвэрт дурдсан ганц үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй энэ нь миний шүүхэд гаргасан хариу тайлбараас тодорхой харагдана.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны 151ШШ2018/00301 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Голомт банкны нэхэмжлэлтэй манай “Дэлгэрцээл” ХХК, У.Батмөнх нарт холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ зээлийн гэрээний харилцааны талуудыг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн зарим заалтыг буруу хэрэглэсэн, зээлийн гэрээний тал биш этгээдүүдэд зээлийн төлбөр хариуцуулсан, улсын тэмдэгтийн хураамжийн талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнийг зөвтгөн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХКомпани нь хариуцагч “Дэлгэрцээл” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 327 721 786.49 төгрөг, хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 353 234 094.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Ипотекийн болон барьцааны гэрээнд заасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зээлдэгч “Дэлгэрцээл” ХХКомпани нь “Голомт банк” ХХКомпанитай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ2205043997 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулан, 350 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сарын /4 жилийн/ хугацаатай, малын тэжээлийн үйлдвэр барих зориулалтаар зээлжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр 503 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүд болон 30 000 000 төгрөгийн хөдлөх хөрөнгө барьцаалсан Ипотекийн ЗБ/2205043997-1, ЗБ/2205043997-2, ЗБ/2205043997-3, ЗБ/2205043997-4 болон барьцааны БГ/2205043997 дугаар гэрээнүүд байгуулагдсан, зээлдүүлэгч зээлийн 350 000 000 төгрөгийг зээлдэгч “Дэлгэрцээл” ХХК-ийн харилцах дансанд 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 200 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 150 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг шүүх зээлийн гэрээний харилцаа гэж үзсэн нь үндэслэлтэй, зээлийн болон барьцааны гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар шүүх нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.,451.2, 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Хариуцагч “Дэлгэрцээл” ХХКомпани нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлийн гэрээ болон зээлийн гэрээний Хавсралт-1-д заасан “Эргэн төлөлтийн график” -ийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 48 сард тооцогдох үндсэн зээл, зээлийн хүүг сар бүрт тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг /үндсэн зээл, хүү/ эргэн төлөлт хийх графикт заасан хугацааг удаа дараа зөрчиж, хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдсон байна.

 

Үүнээс үзвэл хууль болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй зээлдэгч “Дэлгэрцээл” ХХК-д зээлийн хариуцлага тооцож нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас гэрээний үүргийн биелэлтийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеэр буюу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр үндсэн зээл 327 721 786.49 төгрөг, хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 353 234 094.95 төгрөгөөр тооцож тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Дэлгэрцээл” ХХК-иас гадна уг компанийн гүйцэтгэх захирал У.Батмөнх, ерөнхий захирал Т.Батаа нарыг иргэнийх нь хувьд хариуцагчаар, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг мөн хариуцагчаар  нэхэмжлэлдээ заан тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний нэг тал болох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т болон зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэнДэлгэрцээл “ХХК-иас үүргээ биелүүлэхийг шаардсан байх бөгөөд  энэхүү шаардлагаа  шүүх хуралдааны шатанд ч дэмжсэн байна.

 Гэтэл шүүх нэхэмжлэгч “Голомт банк” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хуулийн этгээдээс гадна зээлийн гэрээн дээр өөрийн компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд гарын үсэг зурсан У.Батмөнх, Т.Батаа нараас шаардсан мэтээр дүгнэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, У.Батмөнх, Т.Батаа нарт зээлийн төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүй байна. 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” мөн зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал,... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.”  гэж заажээ.

Дээрх хуульд заасны дагуу “Дэлгэрцээл” ХХКомпанийг гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй эрх бүхий албан тушаалтнууд болохын хувьд гүйцэтгэх захирал У.Батмөнх, ерөнхий захирал Т.Батаа нар зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан байх бөгөөд иргэний хувьд тэд хамтран зээлдэгч, хамтран үүргийн гүйцэтгэлийг хүлээсэн этгээдүүд биш байна.

 

Нөгөөтэйгүүр зээл 350 000 000 төгрөг “Дэлгэрцээл” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлсэн, эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх, малын тэжээлийн үйлдвэр барихад хөрөнгө оруулалт хийх, техник худалдан авах зорилгоор хуулийн этгээд болох “Дэлгэрцээл” ХХК зээл авсан болохоос иргэн У.Батмөнх, иргэн Т.Батаа нар зээл аваагүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн болон  зээлдэгчийн хариуцлага хүлээх этгээдүүд биш  байна.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн зээлийн төлбөр болон барьцаа хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хариуцагчаар тодорхойлж бичсэн нэр бүхий 5 иргэдтэй холбоотой нэхэмжлэлийг  шийдвэрлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХКомпани нь нэхэмжлэлдээ хуулийн этгээд болох “Дэлгэрцээл” ХХКомпаниас гадна барьцаа хөрөнгөний өмчлөгч нар болох иргэн Т.Батаа, иргэн У.Батмөнх, иргэн Д.Бадмаанямбуу, иргэн Д.Анхжаргал, иргэн Б.Батхүү, нарыг хариуцагчаар, иргэн Х.Идэнбаярыг гуравдагч этгээд гэж бичиж нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээ байгуулсан “Дэлгэрцээл” ХХК-иас зээлийн төлбөр 353 234 094.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Ипотекийн болон барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөнүүдээс хангуулахыг хүссэн байна.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлд зааснаар барьцааны эрх нь зээлийн гэрээний үндсэн шаардах эрхтэй холбоотой акцессор эрх байдаг хэдий ч энэ нь процессын эрх зүйн хувьд барьцаалуулагч /хөрөнгийн өмчлөгч этгээд/ этгээдийг үндсэн зээлийн гэрээний нэг тал гэж үзэх, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй юм.

 

Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хэд хэдэн этгээдийг хариуцагчаар дурьдаж тодорхойлсон хэдий ч зээлийн харилцааны нэг тал болсон үүрэг гүйцэтгэгч “Дэлгэрцээл” ХХКомпанитай зээлийн хариуцлага тооцож шийдвэрлэж байгаа тохиолдолд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш нэр бүхий хариуцагч нарт зээлийн төлбөр хариуцуулаагүй нь зөв боловч тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг  шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэх зохицуулалтыг шүүх зөрчөөгүй, хариуцагч компанийг хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох У.Батмөнх шүүхийн мэдэгдэх хуудсаар хүрэлцэн ирж, нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, 2018 оны 03 дугаа сарын 12-ны өдөр “ ...манай компаний зээлийг хугацаа хожимдуулсан... манай компани зээлээр авсан мөнгөнийхөө хэмжээнд тэжээлийн үйлдвэр барьж үйлдвэрлэлээ явуулсан ... боломжоороо үйл ажиллагаа явуулж “Голомт банк”-нд энэ хугацаанд 100 сая гаруй төгрөг төлсөн ... зээлийн төлөх хэмжээг багасгах, хугацааг сунгах төлөх хэмжээг тодорхой хувиар хөнгөлөх, хүчингүй болгох арга хэмжээг судлаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн агуулга бүхий хариу тайлбарыг бичгээр гаргаж, “Дэлгэрцээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Батмөнх гэж гарын үсгээ зурсан байна.

Мөн хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “Дэлгэрцээл” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Зээл хүссэн тухай албан бичиг, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар “Дэлгэрцээл” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал У.Батмөнх нь хуулийн этгээдийг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй албан тушаалтан болох нь  тогтоогдож байна.

Үүнээс үзвэл “Дэлгэрцээл” ХХК–ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтны хувиар У.Батмөнх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрх эдэлж, үүргийг хүлээн бичгээр тайлбар гаргаж, шүүх хуралдаанд оролцсоноор хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.Батмөнхөд барьцаалуулагч Б.Батхүүг /УМ04292711/ төлөөлж, Ипотекийн гэрээ байгуулсан түүний хууль ёсны төлөөлөгч буюу эх  Д.Анхжаргал 2018 оны 02 дугаар сарын 22, 03 дугаар сарын 15-ны өдөр,

хариуцагч  Д.Бадмаанямбуу, гуравдагч этгээд Х.Идэнбаяр нар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр,

  хариуцагч Т.Батаа 2018 оны  02 дугаар сарын 26-ны  өдөр  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлага хангасан итгэмжлэлийг тус тус олгосон байна.

Шүүх дээрх хуулийн дагуу олгогдсон итгэмжлэлээр У.Батмөнхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүргийг тайлбарлаж, шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д заасан “ Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 32.2.-т заасан “Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар ... төлөөлөх хэлбэртэй байна”, 32.3-т заасан “...Иргэний эрх зүйн ... зарим буюу бүрэн бус чадамжтай ... хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлнө”, 32.4.-т заасан “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар,.... төлөөлүүлж болно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Насанд хүрээгүй хариуцагч болох 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн эрх зүйн зарим чадамжтай Б.Батхүүг түүний хууль ёсны төлөөлөгч болох эх Д.Анхжаргал нь У.Батмөнхөд Б.Батхүүг төлөөлүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосноос бусад хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д заасны дагуу оролцоогүй байх боловч мөн хуулийн 33.4-т зааснаар “Энэ хуулийн 33.1-д заасан хүний эцэг, эх,... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно” гэсний дагуу У.Батмөнхөд итгэмжлэл олгож, Б.Батхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ажиллагаа нь хуульд нийцсэн гэж үзнэ.      

Шүүх зээлийн гэрээний үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хийгдсэн “Дэлгэрцээл” ХХК-ийн эзэмшлийн үр тарианы зориулалтын газар, иргэн У.Батмөнхийн хувийн сууц, өмчлөлийн газар, иргэн Б.Батхүү, Д.Бадмаанямбуу нарын өмчлөлийн орон сууц, иргэн Х.Идэнбаярын өмчлөлийн орон сууц, иргэн Т.Батаагийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн барьцаалсан Ипотекийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэй болох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасантай нийцэж байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзвэл үндсэн зээлд 22 278 213.51 төгрөг, хүү  71 886 876.58 төгрөг , нэмэгдүүлсэн хүү 474 843.80 төгрөг нийт 94 639 933.89 төгрөг төлөгдсөн байх бөгөөд “Дэлгэрцээл” ХХК–иас 100 000 000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа  нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Шүүхэд нэхэмжлэгч “Голомт  банк” ХХКомпани зээлийн төлбөр 353 234 094.95 төгрөг гаргуулах үнийн дүнтэй нэхэмжлэлд 1 924 120.47 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлд 70 200 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 1 994 320.47 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлсон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасантай нийцсэн байна.

 

Харин шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн нь буруу  байна.

 

Зээлдэгч “Дэлгэрцээл” ХХКомпани Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 22, 24 дүгээр зүйл, талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.2, 2.5-д зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад  гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн “  зээлийн хүү 23 545 353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 955.06 төгрөг нийт 25 512 308.46 хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй “ гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хууль буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ/2018/00301 дугаар шийдвэрийн тогтоох хэгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Дэлгэрцээл ХХК-иас /гүйцэтгэх захирал У.Батмөнх, ерөнхий захирал  Т.Батаа/ зээлийн гэрээний үүрэгт 353 234 094.95 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, хариуцагч Т.Батаа, У.Батмөнх, Д.Бадмаанямбуу, Д.Анхжаргал, Б.Батхүү нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 994 320.47 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дэлгэрцээл” ХХК-иас 1 994 320.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 286 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ӨРНӨДЭЛГЭР

 

                     ШҮҮГЧИД                                        Г.БОЛОРМАА

 

                                                                              Т.ЭНХМАА