Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2018/00013

 

2018 оны 06 сарын 25 өдөр

         Дугаар 223/МА2018/00013

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШШ2018/00411 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК, захирал Ц.Цоггэрэлд холбогдох,

“Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 56 550 355 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Номинчимэг,  хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хариуцагч Ц.Цоггэрэл, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 Нэхэмжлэгч  Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 оноос эхлэн "А" ХХК-ийн захирал Ц.Цоггэрэл ахыг таньдаг бөгөөд би ажил хэргийн байнгын холбоотой байсан. Ц.Цоггэрэл 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд над руу утсаар байнга ярьж, биечлэн уулзаж ... Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа хөрөө рамыг тусгай зөвшөөрөл, 3000 га ойн сангийн хамт худалдан аваач, би ашигтай ажилладаг хөрөө рамаа тусгай зөвшөөрөл, ойн сангийн хамт хаа хамаагүй хүнд зармааргүй байна, чамд л зармаар байна. 100 сая төгрөгийн үнэ хүрэхээр хөрөө рамаа тусгай зөвшөөрөл, ойн сангийнх нь хамт 70 сая төгрөгөөр заръя, чи худалдаж ав, маш их ашигтай ажилладаг, ... тусгай зөвшөөрөл, ойн сангийн баримт бичгийн талаар ямар нэгэн зөрчил, маргаантай асуудал байхгүй гэж олон удаа гуйж, итгэл үнэмшил төрүүлсэн учраас 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ц.Цоггэрэлд урьдчилгаа 30 000 000 төгрөг өгч гэрээгээ хийе гэхэд тэрээр морь мал гээд завгүй байна, дараа хийе гээд компанийнхаа тусгай зөвшөөрөл, ойн сангийн зургийг канондож өгөх зэргээр худал ярьж, хуурч мэхэлсээр байгаад гэрээг хийлгүйгээр дахин 26 550 355 төгрөгийг авсан. Нийт 56 550 355 төгрөгийг аваад өгөхгүй байгаа. Энэ асуудлаар Төв аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч тус аймгийн прокурорын болон Улсын Ерөнхий прокурорын газраас ... Ц.Цоггэрэлд холбогдох Эрүүгийн 201626011095 дугаартай хэргийг ... Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал байна, ... өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Би 26 550 355 төгрөгийг өөрөөсөө гаргаж хөрөө рам, автомашин, бусад техник хэрэгсэл, ажилчдын байр, хөрөө рамны гадна хашаа, ойжуулалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Ц.Цоггэрэлд 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ц.Цоггэрэл ах банз, палк мод хэрэгтэй байна чи үлдэгдэл 40 000 000 төгрөгөөсөө хасаад тооцоорой гэж хэлээд 10 020 500 төгрөгийн үнэ бүхий банз, палк модыг авсан. Анх өгсөн 30 000 000 төгрөг болон энэ хугацаанд өөрийнх нь хүсэлт, гуйлтаар зарцуулсан мөнгөө буцааж аваад тооцоогоо дуусгая гэж олон удаа гуйсан боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Тэгээд ч тусгай зөвшөөрөл, ойн санг бусдад дур мэдэн худалдаж болдоггүй гэдгийг Ц.Цоггэрэл мэдсээр байж, ... ах нь зохицуулж өгнө хүлээж бай, чи компанийн нэр дээр ажиллаж бай, би шилжүүлээд өгнө гэх зэргээр хуурч мэхлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй байгаад гомдолтой байна.

Ц.Цоггэрэл бэлнээр авсан 30 000 000 төгрөг, банз, палк модыг өөрийн үүсгэн байгуулсан "А" ХХК-н үйл ажиллагаанд зарцуулж, уг компанийн хөрөө рам, машин, техник, тоног төхөөрөмжид сэлбэг хэрэгсэл авхуулах, засвар, үйлчилгээ хийлгэх, ажилчдын байр, хашааг засуулж, тохижуулах, ойжуулалт хийлгэх зэрэг ажлуудыг надаас мөнгийг нь гаргуулан, надаар хийлгэж гүйцэтгүүлсэн нь үнэн. Иймд "Алтан Мандал" ХХК-иас 56 550 355 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н А ХХК-ийн хооронд байгуулагдсан ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч А ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгож, А ХХК-ид холбогдох 16 529 855 төгрөг, хариуцагч Ц.Цоггэрэлд холбогдох 10 020 500 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Номинчимэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 440705 төрийн сангийн орлогод үлдээж, тэмдэгтийн хураамж 199997 төгрөг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, хариуцагч Алтан мандал ХХК-иас 307950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Н давж заалдах гомдолдоо:  “...Тус шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн  зөвшөөрөхгүй байна. Тус хэрэг маргааны голлох харилцаа нь иргэн Б.Н, иргэн Ц.Цоггэрэлтэй Батсүмбэрт байрлах компанийх нь эзэмшил дээр байрлах хөрөө рам, ойн сан, тусгай зөвшөөрлийн хамт 70 сая төгрөгөөр худалдах худалдан авах тухай хэлцэл хийж гэрээ байгуулсантай холбоотой. Гэтэл хэлцэл, харилцааны үндсэн шинж чанар нь компаний үйл ажиллагааны чиглэл, мод бэлтгэх тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой төхөөрөмж, холбогдох бичиг баримтыг шилжүүлэн авах зэргээр урьдчилгаа 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид 10 сая болон 20 сая төгрөгөөр тусгайлан хуваан өгсөн байдаг. Хувааж өгөхдөө иргэн Ц.Цоггэрэлд 10 сая төгрөгийг өгч "Алтан мандал" ХХК-д 20 сая төгрөгийг өгсөн үйлдлээ талууд хурал дээр болон Эрүүгийн 201626011095 дугаар хавтаст хэргийн материалд дурдан ярьсан байдаг. Үүнээс үзвэл хариуцагчийн хувьд нийт 30 сая төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн, үүнээс 10 сая төгрөгөө гэр бүлийнхээ гишүүний дансаар авсан, үлдэгдэл 20 сая төгрөгөө гар дээр нь бэлнээр авсан, нийлүүлээд 30 сая төгрөгөө авсан тухай баримтыг талууд байлцан үйлдэхдээ "Алтан мандал" ХХК-ийн нэрийн тамга даран баталгаажуулсан байдагт талууд маргадаггүй. Нэхэмжлэгчийн нийт нэхэмжилсэн үнийн дүнгийн үлдэгдэл 26.550.355 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс уг хэлцлийг хийгээгүй бол, 30 сая төгрөгийг Ц.Цоггэрэлд өгөөгүй бол иймэрхүү зардал чирэгдэл гаргахгүй байсан төдийгүй уг зардалаа өөрт учирсан хохирол гэж үзсэн. Шинээр тоног төхөөрөмж худалдаж авах. үйл ажиллагааны зардал, иргэн Ц.Цоггэрэлийн хувийн хэрэгцээнд банз палк, мод өгсөн зэрэг зарцуулсан зардлууд нийт 26.550.355 төгрөг гарсан тул үүнийг иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулсан тохиолдолд түүнээс учирсан хохиролыг нэхэмжлэх эрхтэй байдаг. Маргааны хувьд иргэний хуулийн 56.1.1-т заасанчлан хууль зөрчиж үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн шат болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг задалвал "А" ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт худалдах, худалдан авах хэлцлийг иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцуулж, уг хэлцлээс үүссэн зардлуудыг гаргуулах буюу "А" ХХК-иас 20 сая төгрөгийг худалдах худалдан авах гэрээтэй холбоотой зардал, гэрээнээс үүссэн компанийн тоног төхөөрөмж худалдаж авах, засан сайжруулалт, үйл ажиллагаанд зарцуулсан зардлууд болох 16.529.855 төгрөг, нийт 36.529.855 төгрөгийг гаргуулахаар, иргэн Ц.Цоггэрэлд хувийн хэрэгцээнд нь зориулж өгсөн 10 сая төгрөг, "Титэм ой" ХХК, "Хандгай зоо" ХХК-уудаас худалдаж авч өгсөн палк, банз. пүрүүсийн 10.020.500 төгрөгийг, нийт 20.020.500 төгрөгийг гаргуулахаар, нэхэмжлэлийн нийт үнэ 56.550.355 төгрөгийг хариуцагчдаас гаргуулахаар", "Алтан мандал" ХХК, иргэн Ц.Цоггэрэл нараас тус тус нэхэмжилсэн. Дээрх нийт гарсан үнийн дүнгийн хувьд хзвтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэгт, эрүүгийн хавтаст хэргийн материалд өгсөн хариуцагч Ц.Цоггэрэл болон нэхэмжлэгч Б.Номинчимэг нарын мэдүүлэгт аль аль нь яригддаг. Хариуцагч энэ талаар мод банз палкаа авсан тухай нотлон ярьдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт уг Ц.Цоггэрэлийн хувийн хэрэгцээндээ авсан гэх 10.020.000 төгрөгийн банз, палк авсан үйл баримт нотлогдохгүй байна гэж үзсэн нь хэргийг үнэн бодитой шийрдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй. Байгууллагын нэр дээр буй тоног төхөөрөмж, бусад зардлууд нь нийлээд 16 529 855 төгрөгийн зардал гарсан байдаг. Уг зардлыг хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавар гэж ойлгож болохоор. Учир нь уг тусгай зөвшөөрлөө худалдах. худалдан авах гэрээ, хэлцэл хийгээгүй бол уг зардлууд үүсэхгүй байсан төдийгүй урсгал зардлууд ашиггүй ажиллах нөхцөл бүрдэхгүй байсан зэргээс үзвэл нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол гэж ойлгож болохоор. Шүүхийн шийдвэрт 56.5-ийг заасан боловч хэлцлээс үүссэн үр дагаварыг тооцолгүйгээр уг асуудлыг буюу хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн иргэн Ц.Цоггэрэлээс 10.020 500 зардал. компанийн үйл ажиллагааны зардалд 16.529.855 төгрөгийн зардлуудыг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь хууль зүйн хувьд дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй.

3. Шүүхийн шийдвэрийн хувьд 56.1.1-д зааснаар хууль зөрчиж үйлдсэн хэлцэл гэдгийг тогтоосон, 56.5-д зааснаар "... уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй"-г тусгасан гэтэл Иргэний хуулийн 56.4-т "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно", 56.6-д "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохиролыг нөхөн төлнө" гэсэн заалтыг үндэслээгүй нь хууль зүйн хувьд зөв гаргалгаа гэхэд эргэлзээтэй. Уг нь нэхэмжлэгч Б.Номинчимэг, хэриуцагч Ц.Цоггэрэл "Алтан мандал" ХХК-ийг шууд төлөөлдөгчийн хувьд хийсэн хэлцэл нь Ойн тухай хуулийн 34.3-т зааснаар "... эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг, "Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам"-ыг мөн зөрчиж тусгай зөвшөөрөл ойн сан, холбогдох баримт бичиг, тоног төхөөрөмжийн хамт худалдаалахаар хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсон нь хууль зөрчсөн үйлдэл илтэд хийсэн болохыг шүүх тогтоосон. Уг хүчин төгөлддөр бус хэлцлийн үр дагаварыг иргэний хуулийн 56.4, 228.1, тус хуулийн 56.6-д зэзсан заалтуудыг үндэслэж 30 сая төгрөгөөс гадны иргэн Ц.Цоггэрэлээс хувийн хэрэгцээндээ ашигласан 10.020.500, "Алтан мандал" ХХК-иас үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээ, шинээр тоног төхөөрөмж авсан бараа материал зэрэг нийт 16.529.855 төгрөгийг гаргахаар шийдвэрлэх учиртай. Учир нь эдгээр заалтууд нь хэлцлээс гэм хор үүссэн нөхцөлд арилгуулахаар дурдсан байдаг. Хууль зүйн тайлбараас үзвэл гэм хор бол өргөн хүрээтэй ойлголт бөгөөд бусдад учруулсан, үйл явдлаас бий болсон үр дагавар хохирогчид эд хөрөнгийн буюу мөнгөн зардал гарсан тохиолдолд хохирол болохоор тодорхойлж. Энэ үүднээс үзвэл гэм хор гэх ойлголт дотор хохирол багтах учиртай. Шүүх шийдвэртээ энэ талыг харгалзаж үзээгүй нь хуулийн хэрэглээ буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д заасанчлан "... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн иргэн Ц.Цоггэрэлээс 10.020.500 төгрөг, "Алтан мандал" ХХК-иас 16.529.855 төгрөг гаргуулахаар буюу нийт 26.550.355 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо:  “...шийдвэрийг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

           1.Хэргийн нотлох барист тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. Үүнд: Хэрэгт авагдсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хоёр тал “А” ХХК-г худалдан авах талаар тодорхой дурдаад 30 000 000 төрөг өгч авалцсанг, Мөн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Түмэнгэрэл, Үндэсний татварын албаны тодорхойлолт төрийн сангийн үнэлгээгээр тогтоосон үнэлгээгээр Б.Н олсон орлогыг, мөн “А” ХХК-с авч ашигласан тээвэр хийсэн мод зүссэн, рамын хөрөө зэрэг техникийг ямар байдлаар хүлээж авсан, хэдийд буцааж, ямар байдалтай хүлээлгэж өгсөн баримтгүй гэсэн /тодорхой/ хэсэгт бодитой үнэлээгүй гэж үзэж байна.

            2. Хууль зөрчсөн. Бидний тус шүүхэд гаргасан /2018.05.05-нд/ сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь мэтгэлцэх болон шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан.

-Дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн газар эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж тайлбар гаргаад байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /65.1.8/,

-Б.Н уг хэлцлээ төөрөгдсөнөө мэдээд хийлээ гэж мэдсэн хэдий ч 60100000 төгрөгийн ашигтай ажилласан шүүх хэлэлцүүлгийн үед өөрөө болон гэрч нар нотолсон энэ талаар 151/ШШ2018/00411 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт тодорхой дурдаад Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсгийг хэрэглээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж бид үзэж байгаа тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.            

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлдээ  ...Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа хөрөө рамыг тусгай зөвшөөрөл, 3000 га ойн сангийнх хамт худалдан аваач ... чамд л зармаар байна ...70 сая төгрөгөөр заръя... гэх зэргээр олон удаа гуйж итгэл үнэмшил төрүүлсэн учраас 70 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ц.Цогтгэрэлд урьдчилгаа 30 сая төгрөг өгч, гэрээгээ хийе гэхэд ... завгүй байна, дараа хийе гээд компанийнхаа тусгай зөвшөөрөл, ойн сангийн зургийг канондож өгөх зэргээр худал ярьж, хуурч мэхэлсээр байгаад гэрээ хийлгүйгээр дахин 26 550 355 төгрөгийг буюу нийт 56 550 355 төгрөгийг аваад өгөхгүй байгаа...тэгээд ч тусгай зөвшөөрөл, ой санг бусдад дур мэдэн худалдаж болдоггүй гэдгийг Цоггэрэл мэдсээр байж, ...ах нь зохицуулж  өгнө, чи компанийн нэр дээр ажиллаж бай, би шилжүүлээд өгнө гэх зэргээр хуурч мэхлэн ...нэг ч төгрөг өгөхгүй байгаад гомдолтой гэжээ.

Нэхэмжлэгч Б.Номинчимэг нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр   нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах талаарх хэлцэл хийгдсэн...үүнийг хууль бус, хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ... Алтанмандал ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул тухайн хэлцлийг Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцуулж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай шинээр тоног төхөөрөмж худалдаж авсан, бусад зардлууд 26 550 355 төгрөг, нийт 56 550 355 төгрөгийг гаргуулах “ гэж, /хх-124-125 тал/,

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулахдаа “...А ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцуулж, уг хэлцлээс үүссэн зардлуудыг гаргуулах.. “ гэж  /хх-179-180тал/

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд   дээрх  шаардлагаа дэмжиж оролцохоо илэрхийлжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчтай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай болох нь нэхэмжлэлээс тодорхой харагдахгүй байгааг дүгнэвэл Иргэний хуулийн өөр зохицуулалтад хамаарах, эрх зүйн хоёр өөр ойлголтыг зааглан ялгаагүй шинжтэй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

 шүүх  “...талуудын хооронд байгуулагдсан хэлцэл буюу Алтанмандал ХХК-ийн мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх  шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн ... хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл... “  гэж, эрх шилжүүлэх хэлцэл талаар   дүгнэлт хийж , харин   нэхэмжлэлд дурдсан “... “А” ХХК-ийг худалдах, худалдан авах  гэрээ байгуулсан “ гэх шаардлагын үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, талуудын хооронд хийгдсэн хэлцлийн зүйл нь юу болохыг хуульд нийцүүлэн зөв тогтоож чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний агуулгын үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна. 

Шүүх  хэлцэл хүчин төгөлдөр бусад   тооцуулах, үр дагаврыг арилгуулахаар шаардсан маргааныг шийдвэрлэхдээ  зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-т заасан зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх ба  Иргэний хуулийн   хэрэглэвэл зохих зарим  заалтыг хэрэглэж дүгнэлт хийгээгүй   байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус, талуудад эрх , үүргийг үүсгэх үндэслэл болох учиргүй ба хэлцлийн талууд шаардлага, хүсэлт гаргаагүй байсан ч шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх эрхтэй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд эрх зүйн үр дагаврыг хянан шийдвэрлэх ёстой. Шүүх маргааныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.5. дахь заалтыг баримтлан шийдвэрлэсэн боловч   хариуцагчаас хэлцлээр нэхэмжлэгчид ямар эд хөрөнгө болон эрх , юу шилжсэн болох, буцаах үр дагавар үүсэх талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй , зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тодорхойлох боломжгүй байгааг анхаараагүй байна.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6.-д заасан шаардах эрхийн талаар зөвхөн нэхэмжлэлийн шаардлага гарсан тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Тухайлбал, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас эрх нь зөрчигдсөн хэлцлийн тал бус этгээд хэлцэл хийгч талуудаас, эсхүл нэг талаас, хэлцлийн нэг тал хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд гэм буруутай нөгөө талаас эрх зүйн үр дагавар, хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д заасан үндэслэлээр  нэхэмжлэгч нь шаардлага гаргасан эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг тул хохирол арилгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гарсан байх шаардлагатайгаас гадна гэм буруугийн асуудал, хохирлын хэмжээ, хууль болон шүүхийн шийдвэрт зааснаар  бусдаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах боломжгүй байгаа байдал зэрэг асуудал баримтаар тогтоогдсон байх учиртай. 

Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг эрх зүйн үндэслэлтэй зөв тодорхойлоогүйгээс  хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдийн гэм буруугийн  талаар дүгнэлт хийгээгүй,  хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар  шаардах эрх,   хохирлын  талаарх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т” Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” мөн зүйлийн 56.6-т “ Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”  гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй, эрх зүйн маргааныг  бүрэн хянан шийдвэрлэж чадаагүй гэж үзэхээр байна.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчжээ.  

1. Шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн  захирамж гаргаснаас хойш 04 сарын дараа хариуцагч А ХХК-ийн захирал  Ц.Цоггэрэлд хэргийн материалыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр анх удаа  танилцуулж,/хх-167 тал/ хэргийг 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн зэргээс үзвэл хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнийг нотлох баримттай танилцаж, татгалзал, түүнийг нотлох баримтаа гаргаж өгөх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.2.2-д  заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр бүрэн хангагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хариуцагчийн мэтгэлзэх эрхийг хязгаарласан  байна. 

2. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байх боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон түүнтэй холбоотой баримтууд хэрэгт байхгүй байгаа нь шүүх сөрөг нэхэмжлэлийн талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй  байна. 

Шүүгчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн тодорхойлох, үндэслэх хэсгийн агуулгаас үзвэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай байж болохоор тусгагдсан байна.

3. Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг хангаж 2017 оны 11 дүгээр сарын 15-ны захирамжаар Төв аймгийн прокурорын газраас 201626011095 дугаартай 2 хавтас, 461 хуудастай эрүүгийн хэргийг эх хувиар нотлох баримтаар шаардаж авч ирүүлсэн алдаа зөрчил гаргажээ.  /хх-105-р тал/

Шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг бүрдүүлэх, хуулийн этгээдээс шаардах ажиллагаа хийхдээ нэхэмжлэгчээс Эрүүгийн хэргийн материалаас хэрэг хянан шийдвэрлэхэд ямар бичмэл нотлох баримт зайлшгүй ач холбогдолтой болохыг тодруулсны үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу шүүхэд түүнийг хуулбарлаж ирүүлэхээр даалгаж шийдвэрлэх зэргээр ажиллагаа хийх боломжтой байтал 2 хавтас 461 хуудастай эрүүгийн хэргийн материалыг эх хувиар нотлох баримтаар шаардаж авсан байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлуудыг хангаж , шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, зохигчдоос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШШ2018/00411 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч Б.Н-н 290702 төгрөг, хариуцагч Ц.Цоггэрэлийн 307950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                       ШҮҮГЧИД                                   Г.БОЛОРМАА

                                                                               

                                                                                      Т.ЭНХМАА