Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00494

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02668 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Н-ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Л.Нид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02668 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Л.Ноос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 682,304 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 574,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 245,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Л.Н миний бие нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 02668 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 32 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэн Л.Н миний бие ОХУлсад олон ажиллаж амьдарсан бөгөөд 2017 оноос Монгол Улсдаа ажиллаж амьдрахаар төлөвлөж, Монгол залуучуудтай холбоо тогтоож хамтран ажиллахаар ярилцаж эхэлсэн байдаг юм. Түүний нэг нь тухайн үед Төрийн банкны газрын захирлаар ажиллаж байсан Б.Дэлгэрбаяр юм. Б.Дэлгэрбаяр орос хэлний өндөр боловсролтой, санхүүгийн чиглэлээр тодорхой албан тушаал хашиж, ажлын туршлагатай байдал нь бусад залуучуудаас давуу талтай байсан учир миний бие түүнтэй олон бизнес эхлүүлэхээр харилцан ярилцаж, Орос Монголчуудыг холбон зуучлахаар олон удаагийн уулзалтууд хийж байсан. Талийгаач ч тархины мэс засалд хэд хэдэн удаа орж байсныг нь миний бие мэдэх бөгөөд түүний мэс засал болон мэс заслын дараах сэргээн засах эмчилгээнд өөрийн боломжийн хэрээр тус дэм болж байсан билээ. Талийгаач нь өөрийн найзын банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэхээр болсон. Би өөрөө Төрийн банкинд ажилладаг тул зээл авах боломжгүй байна, төлөлт барьцаа гэх асуудлуудыг бүгдийг нь зохицуулсан байгаа гэж хэлсэн тул би түүнд итгэж, зээлийн гэрээ, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд уг мөнгийг нь Б.Дэлгэрбаярт өгсөн. Б.Дэлгэрбаяр 2 удаа бэлэн мөнгө өгөөд хүүнд хийчихээрэй гэж байсныг нь тухайн байгууллагад нь тушаасан. Миний бие Б.Дэлгэрбаяртай байнга л холбоотой байсан бөгөөд уг Зээлийн гэрээний асуудал дууссан талаар хэлж байсан бөгөөд миний хувьд уг гэрээг үнэхээр дуусгавар болсон эсэхийг шалгаж нягтлаагүй нь одоогийн энэ нөхцөл байдлыг үүсгэжээ. Гэвч Л.Н миний бие ОХУлсад байх хугацаандаа Цагдаагийн байгууллагад хандаж тухайн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргасан бөгөөд үүний үр дүнд талийгаач маань энэ бүх асуудалтай холбоотой байсан дүр зураг л харагдаж байгаад туйлын харамсалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар байдлаар эвлэрэн хэлэлцэх боломжтой асуудлаар ярилцах хүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн лавлан, улмаар уг хүнтэй холбогдоход талийгаачийн гэр бүлийн хүн буюу эхнэр нь байсан бөгөөд угтаа бол эхнэр нь Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэх баримт хэргийн материалд байхгүй билээ. Миний хувьд залуу, боловсролтой сайхан хүн хорвоог орхин явахад нь түүний ар гэр, үр хүүхдүүдийн талаар бодон харамсаж байсан бөгөөд Зээлийн гэрээний асуудалд хайхрамжгүй хандсан байдлаар далимдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан тохиолдолд түүний үлдсэн хамааралтай хүмүүст чин сэтгэлээсээ хандах, сэтгэл зүрх байсан гэдгийг хэлмээр байна. Гэвч тэд маань баримт бол баримт, факт бол факт гэдэг зарчмаар хандсан гэдгийг дахин Улсын дээд шүүхэд хандаж оршил болгон бичлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн талаар: Миний хувьд Зээлийн гэрээг сүүлд судлан үзэхэд 1 сарын хугацаатай байгуулсныг нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг дараа л уншиж мэдсэн. Гэтэл шүүх тооцооллын алдаа гаргаж алдангийн хэмжээг шууд үндсэн зээлийн 50 хувиар буюу 35,000,000 төгрөг гэж үзсэн байх бөгөөд үүнээс 50 хувь бууруулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан бөгөөд анз буюу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан байна. Анхан шатны шүүх Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үлдэгдлийг 65,800,000 төгрөг гэж зөв тооцоолсон атлаа алдангийг тооцохдоо үндсэн зээлийн гэрээний үнийн дүнгээр тооцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.4-д зааснаар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 65,800,000 төгрөгийн 50 хувь нь 32,900,000 төгрөг гэж үзнэ. Анхан шатны шүүх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заасны дагуу багасгаж шийдвэрлэсэн. Гэвч алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцсон тул алдангийг багасгаж тооцсон үнийн дүнд дахин алдаа гарсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.4, 232.8 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэвэл алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 32,900,000 төгрөгийн 50 хувь нь 16,450,000 төгрөг болно. Ингээд нийт 82,250,000 төгрөгийг А” ХХК-д төлөхөөр байгаа болно. Хэдийгээр шүүх миний Монгол Улсад ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй, одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажил, санхүүгийн эх үүсвэргүй байдлыг минь харгалзан үзсэн гэж алдангийн хэмжээг багасгасанд талархаж байгаа боловч тооцооллын алдаа гаргасныг Давж заалдах шатны шүүх магадлахдаа дахин Иргэний хуулийг буруу хэрэглэж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийг зөв хэрэглэн тооцооллыг зөв хийж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Л.Нид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 83,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 21,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.  

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Л.Н нь “А” ХХК-тай 2017.09.03-ны өдөр ЗГ17/02 тоот зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх ба зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлсэн мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, зээлдэгч нь зээл, зээлийн хүүд нийтдээ 8,400,000 төгрөг төлсөн зэрэг нь тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 9-11, 13-14/

10. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-т гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд өдөр бүр зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцжээ.

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч уг гэрээний дагуу үндсэн зээл, алданги шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн байна. 

12. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагчаас 2017.10.03-ны өдрөөс 2019.12.12-ны өдөр хүртэл хугацааны алдангид 35,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, хоёр шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “...алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг үндэслэж, Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэн, нэхэмжилсэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагчаас алдангид 17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. 

Тодруулбал, шүүх хариуцагч Л.Ноос зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 65,800,000 төгрөг, алдангид 17,500,000 төгрөг, нийт 83,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

13. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх алдангийг гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй, ...Иргэний хуулийг буруу хэрэглэсэн... гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02668 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.20-ны өдөр төлсөн 29,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД