Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 223/2018/00017

 

 

 

 

 

 

 

 

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01417 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б, Э.П нарт холбогдох,

“Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 55,100,000 төгрөг, алданги 7,934,400 төгрөг, хохирол 8,912,614 төгрөг нийт 71,947,014 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж, 23,652,000 төгрөг буцаан  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Э.П  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Э.П , нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

Нэхэмжлэгч Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Б, Э.П нараас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 425/4 тоот орон сууц захиалгын гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл болох 55,100,000 төгрөг, алданги 7,934,400 төгрөг, хариуцагч нар уг гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлого 8,912,614 төгрөг нийт 71,947,014 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Ц ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлт-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хороололд 2448 айлын орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж, улмаар 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан болно.

Хариуцагч иргэн Г.Б, Э.П нар нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр №425/4 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан нэг м.кв нь 1,840,000 төгрөг нийт 78,752,000 төгрөгийн үнэтэй, 42.8 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, мөн 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Хариуцагч Г.Б, Э.П нар нь Орон сууцны захиалгын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 23,625,600 төгрөгийн 15 хувь болох 11,812,800 төгрөгийг гэрээ байгуулахад төлсөн, үлдэгдэл 15 хувь болох 11,812,800 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч 54 хоног хугацаа хэтрүүлэн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулсан.

Улмаар хариуцагч Э.П  нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талд ... Би нөхөр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн Хилийн 0303 дугаар ангийн ажилчдын байранд амьдардаг. Гэтэл ... нөхөр Г.Бямбажаргалын албан тушаал өөрчлөгдсөн шалтгаанаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байр суллаж өгөхийг шаардаж байна. ... Одоо амьдарч байгаа байрнаасаа яаралтай гарах болсон ба зээл шийдвэрлэгдэх хүртэл хэд хоногийн өмнө танай компаниас захиалсан байрандаа орох хүсэлтэй байна, шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж орон сууцандаа урьдчилан орсон байдаг.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 70 хувийн төлбөрийн төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хандсан арилжааны банкны зээлийн шийдвэр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гарч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын гаргасан хүсэлтээр үндэслэгдэж 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гарсан.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-нд заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 70 хувийн төлбөр хийгдэх байсан боловч хариуцагч нар нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөр болох 55,100,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 639 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.

Ц ХХК нь Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу Г.Б, Э.П нарт утсаар болон бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлэн шаардсан, мөн биечлэн тухай бүрд уулзаж мэдэгдсэн боловч хариуцагч нар нь гэрээгээ зөрчиж байгаагаа үл ухамсарлан, төлбөрөө гүйцээн төлөлгүй байранд үргэлжлүүлэн амьдарсаар гэрээгээ зөрчсөөр байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 425/4 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 2.1, 4.2, 5.1, 6.1 дэх заалтыг үндэслэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 55,100,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалт, Орон сууц захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн 480 хоног хугацаа хэтрүүлсний алданги 7,934,400 төгрөг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээ-нд заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс алданги тооцох эрхтэй ч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 тоот Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай тушаал батлагдан улмаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болж, Капитал банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №5/6076 тоот Мэдээлэл хүргэх тухай албан бичиг ирсэн хугацаанаас буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс тооцож 480 хоногийн алданги нэхэмжилсэн болно. Үүгээр бид хариуцагч нараас 159 хоногийн алданги 2,628,270 төгрөг, мөн төгрөгийн хүүгийн орлогыг нэхэмжлэхээс татгалзаж байгааг дурдаж байна.

Мөн Иргэний хуулийн 261.1, 229.1 болон 227.3 дахь заалт Цагаан Хуаран Консалтинг ХХК болон Капитал банк-ны хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №16/45 тоот Хамтран ажиллах гэрээ-ний 1.1, 1.2, 2.3, 2.4, 4.2.8, 4.4.5 дахь заалтыг үндэслэн зайлшгүй ордог байсан орлого буюу хадгаламжийн хүүгийн орлогыг жилийн 12,3 хувийн хүүгээр тооцон 480 хоногийн /хоногийн 0,03 хувийн хүү/ 8,912,614 төгрөг нийт 71,947,014 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “.. Ц ХХК-ийн барьсан Цагаан хуаран хотхон нь ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам-ын 1.2.1-д заасан шаардлагатай нийцсэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан, ипотекийн 5 хувийн зээлд хамрагдах боломжтой барилга байсан тул нэхэмжлэгч компаниас 42.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Борлуулагч компаний өөрийн хамтран ажиллах гэрээтэй банк болох Капитал банк-тай зээлийн гэрээ байгуулахыг шаардсаны дагуу ипотекийн зээл авах хүсэлт гаргаж, уг банкнаас 2016 оны 5 дугаар сард зээл олгох тухай зээлийн хорооны шийдвэр гарсны дагуу борлуулагч компани эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахаар тодорхойлолт гаргаснаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч орон сууцандаа орсон. Миний зүгээс орон сууцандаа орсноос хойш Капитал банк болон Ц ХХК-иас ипотекийн зээлийн гэрээг хэзээ байгуулах, зээлийн санхүүжилт хэзээ орох талаар олон удаа асуусан боловч тухайн банкны зээлийн эдийн засагч, салбарын эрхлэгч, компаний борлуулагч, менежер нар хүлээж бай байрандаа орж болно санхүүжилт орохоор гэрээ байгуулна гэж хэлдэг байсан.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу орон сууцны ипотекийн 5 хувийн зээлийн журам хэрэгжихгүй болсон үед Капитал банк нь 5 хувийн ипотекийн зээл олгох боломжгүй тухай мэдэгдлийг Ц ХХК-нд хүргүүлж, улмаар Ц ХХК-иас над руу хандаж Капитал банк-наас зээлийн материалаа аваад Капитрон банканд өг гэж хэлсэн. Капитрон банкны эдийн засагч, захиралтай нь уулзахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан орон сууцанд ипотекийн зээл гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Монгол банкны 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-3/264 тоот албан бичгээр Капитал банк нь 2015 оны 9 дүгээр сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч компани болон Капитал банк нь дээрх үйлдлээ нуун дарагдуулж, орон сууцыг Капитал банкны ипотекийн 5 хувийн зээлд хамруулна гэж худал ташаа мэдээ тарааж иргэн бидэнд хохирол учруулсан. Тухайн үед арилжааны банканд хандсан бол би уг орон сууцыг ипотекийн 5 хувийн хүүтэй нөхцөлөөр худалдан авах боломжтой байсан. Мөн тухайн үед дахин төлөвлөлтийн газар баригдсан орон сууцны нэг м.кв нь 1,600,000 төгрөгийн ханштай байхад уг орон сууц 1 м.кв-ын үнийг 1,840,000 төгрөгөөр буюу хэт өндөр тогтоосон. Гэрээний хавсралтад орон сууцны 70 хувийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлөхөөр заасан боловч гэрээний 2.4-т орон сууцны нийт үнийг бүрэн төлснөөр гүйцэтгэгч нь өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэхээр заасан тул нэхэмжлэгч нь орон сууцны үнэ төлөгдөөгүй байхад өмчлөх эрхийг захиалагч Э.П , Г.Бямбажаргал нарын нэр дээр шилжүүлсэн. Орон сууцны үлдэгдэл 70 хувийн төлбөрийг Капитал банкны орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрээр төлөхөөр тохиролцсон бөгөөд дээр дурсан шалтгаанаар Капитал банк нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцны зээлийг иргэн Э.П , Г.Бямбажаргал нарт олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: “Орон сууцны урьчдилгаа төлбөр болох 23,652,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлсөн үлдэгдэл 70 хувь буюу 55,100,000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдан төлөхөөр Капитал банканд хандаж, зээлийн материалаа бүрдүүлэн өгсөн. Улмаар тус банкны Ц ХХК-нд хандсан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2068/09 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр зээл хүсэгч Г.Б, Э.П нарт 55,100,000 төгрөгийн ипотекийн зээл батлагдсан юм. Ц ХХК нь зээлийн хорооны шийдвэр болон гэрээний холбогдох заалтыг зөрчиж эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт Г.Б, Э.П нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Капитал банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн хорооны шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар Ц ХХК-нд мэдэгдсэн байсан. Монгол банкны 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-264 тоот албан бичгээр Капитал банк нь 2015 оны 9 дүгээр сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллагаагүйн улмаас Монгол банкнаас тус банканд орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгоогүй болохыг мөн Капитал банк нь уг нөхцөл байдлыг үл харгалзан иргэдээс орон сууцны зээлийн өргөдөл хүлээн авч, иргэдэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөхөд бид буруугүй бөгөөд Капитал банкны буруутай үйлдлийн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

Ц ХХК нь гэрээний холбогдох заалтыг зөрчиж орон сууцны өмчлөх эрхийг захиалагч нарын нэр дээр шилжүүлсний улмаас үлдэгдэл 70 хувийн төлбөрийг бусад арилжааны банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан учир зээл олгох боломжгүй гэдэг хариуг хандсан бүх банк өгсөн.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас бид гэрээний үүргийг гүйцэтгэж үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон учраас орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу Ц ХХК-нд орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 23,652,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б, Э.П нараас 59,067,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц ” ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12,879,814 төгрөгт холбогдох хэсэг болон “Ц ” ХХК-нд холбогдох гэрээнээс татгалзаж 23,652,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 58.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц ХХК-иас төлсөн 901,870 төгрөг, хариуцагч Э.П аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц ХХК-иас 517,685 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, хариуцагч Г.Б, Э.П нараас 659,296 төгрөгийг гаргуулж, үүнээс 453,286 төгрөгийг нэхэмжлэгч Ц ХХК-нд үлдэх 206,010 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах гомдолдоо:  “....үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12 879 814 төгрөгт холбогдох хэсэг...-г хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсэг нь ...шаардлагыг хангаагүй байх тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. ...

Анхан шатны шүүх нь дээрх үндэслэл, тайлбараар Монгол улсын Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр дараах хууль бус болон гэрээний заалтуудыг хэрэглэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн заалт

 Алданги

       Иргэний хуулийн 232-р зүйл /Анз/-ийн 232.6, 232.4 дахь заалт болон 2016.01.26-ны өдрийн 425/4 тоот "Орон сууц захиалгын гэрээ"-ний 4-р зүйлийн 4.2, 6-р зүйлийн 6.1 дэх заалт

 

     Иргэний хуулийн 232.6, 13 дугаар зүйлийн 13.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт

Учирсан хохирол

       Иргэний хуулийн 219, 261.1, 229.1, 227.3 дахь заалт болон "Цагаан Хуаран Консалтинг" ХХК болон "Капитал банк"-ны хооронд байгуулсан 2016.05.18-ны өдрийн №16/45 тоот 'Хамтран ажиллах гэрээ"-ний 1.1, 1.2, 2.3, 2.4, 4.2.8, 4.2.9, 4.4.5 дэхь заалт

 

 

Иргэний хуулийн 227.3

       

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232-р зуйлийн 232.8 дахь заалтыг үндэслэн хариуцагч нараас гаргуулах алдангиас 50 хувиар багасгаж, 3,967,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн асуудлын тухайд:

ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.8 "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно." гэсэн заалтыг хэрэглэсэн байна.   Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй анзын хэмжээ илт их хэмжээ мөн үү?

Нэхэмжлэгч "Цагаан Хуаран Консалтинг" ХХК нь хариуцагч нараас 2016.11.03-ны өдрөөс 2018 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл нийт 480 хоногийн алданги 7,934,400 төгрөг нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэгч нь "Орон сууц захиалгын гэрээ"-нд заасны дагуу 2016.05.27-ны өдрөөс алданги тооцох эрхтэй ч 2016.11.03-ны өдрөөс 2018.02.26-ны өдөр хүртэл 480 хоногийн алданги нэхэмжилсэн болно. Мөн нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө буюу 2018.04.25-ны өдрөөс1 дор хаяж 14 хоногийн өмнө2 нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дахин 46 хоногийн алдангийг нэмж нэхэмжлэх эрхтэй ч бид нэхэмжлээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2016.05.27-ны өдрөөс 2018 оны 2018.04.11-ний өдөр хүртэл нийт 685 хоногийн алданги (685 хоног*хоногт 16,530 төгрөгийн алданги) 11,323,050 төгрөг нэхэмжлэх эрхтэй байсан.

Гэвч бид нэхэмжлэх алдангийн хэмжээг бууруулан 205 хоногийн алданги 3,388,650 төгрөг (205 хоног*16.530 төгрөгийн алданги) нэхэмжлэхээс татгалзаж, 7,934,400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэх алдангийн хэмжээг бууруулж байгаагаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр хийсэн тайлбартаа тодорхой дурьдсан.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас "Орон сууц захиалгын гэрээ"-ний урьдчилгаа төлбөр болох 11,812,800 төгрөгийг 2016.02.26-ны өдөр төлөхөөр тохиролцсоныг 54 хоног хугацаа хэтрүүлэн 2016.04.20-ны өдөр төлж барагдуулсан асуудалд байсан алданги /191.367 төгрөг/ нэхэмжлээгүй болохоо дурьдаж байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. 232.6-д заасан алдангийн хэмжээний шаардлагыг хангаж байгаа болно.  Хариуцагч нарын хувьд нийт 55,100,000 төгрөгийг төлөх уургийг гуйцэтгээгуй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээ нь уг унийн дунгийн 14,4 % л хүрч байгаа болно. Мөн талууд хоногт тооцох алдангийн хувь хэмжээг хуульд заасан дээд хязгаараас харьцангуй бага хувиар буюу 0,03% -иар тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээг "илт их" хэмээн дүгнэж алдангийг 50 хувиар багасгасанд гомдолтой байна.  Иргэний хуулийн 232.8 "... хэргийн нөхцөл байдлыг харгалзан ... багасгаж болно."

Хэргийн нөхцөл байдал ямар байсан бэ ?

1.   Хариуцагч нар нь "Орон сууц захиалгын гэрээ"-ний 4.2, 5.1, гэрээний
Хавсралт №1-д заасны дагуу " ... ҮХЭХУБГ гарснаас хойш 7 хоногийн дотор 70
хувийн төлбөр 55,126,400 төгрөг төлөх" гэсэн үүргээ биелүүлээгүй.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2016.05.20-ны өдөр гарсан бөгөөд "Орон сууц захиалгын гэрээ"-нд зааснаар 2016.05.27-ны өдрийн дотор 70 хувийн төлбөр болох 55,100,000 төгрөгийг төлөгдөх байсан боловч 2018.04.25-ны өдрийн байдлаар 685 хоног хугацаа хэтрэлттэй, үүрэг биелэгдээгүй байна.

2.   Хариуцагч нарын хувьд өнгөрсөн хугацаанд "5 хувийн хүүтэй ипотекийн
зээлд хамрагдах ёстой байсан, банк буруутай" гэдэг үндэслэлээр хэрэгжиж байгаа 8
хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй
өнөөдрийг хүргэсэн.

"Орон сууц захиалгын гэрээ"-нд зааснаар худалдагч нь худалдан авагчийг төлбөрөө төлөхөд туслах /&3.3-аас өөр бусад/ ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Бидний байгуулсан гэрээнд компани нь захиалагчийг банк, банк бус санхүүгийн байгууллага, гуравдагч этгээдийн 5 эсвэл 8 хувийн хүүтэй зээлд хамруулах ямар ч үүрэг хүлээгээгүйг онцгойлон дурьдаж байна.

Худалдан авагч банкнаас хэдэн хувийн хүүтэй зээл авч төлбөрөө төлөх нь компанид хамаагүй бөгөөд энэ нь банк, зээлдэгч нарын хооронд үүсэх гэрээний харилцаа бөгөөд гагцхүү худалдан авагч хугацаандаа л төлбөрөө төлөх ёстой.

Нөгөө талаар ипотекийн зээлийн хүүгийн хэмжээг иргэн, компани хоёр гэрээгээр тохиролцох боломжгүй. Энэ нь Монгол банкны Ерөнхийлөгчийн Төв банкны тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд батлагдсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-аар зохицуулах харилцаа юм.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016.10.25-ны өдрийн №А-295 тоот "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай" тушаал батлагдан улмаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016.03.11-ний өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болсон. Улмаар нэхэмжлэгч нарын хандсан "Капитал банк" нь 2016.11.02-ны өдөр №5/6076 тоот "Мэдээлэл хүргэх тухай" албан бичгээр 5 хувийн хүүтэйгээр батлагдсан ипотекийн зээлийг олгох боломжгүй гэдгийг зээл хүсэгч нарт болон компанид мэдэгдсэн.

Гэвч дээр дурдсанчлан Монгол банкны Ерөнхийлөгчийн шийдвэр гарч, 5 хувийн хүүтэй ипотекийн зээл зогссон. Иймд хариуцагч нар үргэлжлүүлэн 8 хувийн хүүтэй зээл хүсэх. эсвэл ипотек барьцаалсан бусад зээлийг авч, гэрээний төлбөрөө төлөх ёстой байсан.

Гэтэл нэхэмжлэгч нар нь "заавал 5 хувийн хүүгээр ипотекийн зээл авна" гэсэн үндэслэлгүй тайлбар тавин "байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нэгэнт миний нэр дээр гарсан тул компани байрнаас нь гаргаж чадахгүй" гэсэн бодолтойгоор зээл төлөхгүй, түрээс төлөхгүйгээр тодорхойгүй хугацаагаар байранд суух сонирхлыг илт гаргаж, банкинд зээл хүссэн хүсэлтээ өгөлгүй эс үйлдэл гаргасан.

Зээл хүсэгчийн зүгээс зээл хүссэн хүсэлт, материалаа өгөөгүй тохиолдолд банк түүнд зээл олгох боломжтой эсэхийг судлах, зээлийг нь шийдвэрлэх ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Нөгөө талаар банкны зээлийн хорооны шийдвэр нь 1 (нэг) сарын хугацаанд хүчинтэй байдаг (зээлдэгчийн нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг судлах шаардлагатай байдаг) тул захиалагч зээл хүссэн хүсэлтээ дахин өгөх ёстой байсан.

Улс даяар байхгүй болсон 5 хувийн ипотекийн зээлийг банк түүнд заавал өгөх, нөгөө талаар компани тэдгээрийг 5 хувийн ипотекийн зээлийг авах хүртэл нь хүлээх үүрэгтэй мэтээр аашлан өнөөдрийг хүрсэн. Тэрээр банкийг буруутай гэдэг боловч өнөөдрийг хүртэл шүүхэд энэ талаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй, банкийг гэм буруутай эсэх талаар тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно.

3. Нэхэмжлэгч нь гэрээний холбогдох заалтыг зөрчиж, орон сууцны өмчлөх эрхийг захиалагч нарын нэр дээр шилжүүлсний улмаас үлдэгдэл 70 хувийн төлбөрийг бусад арилжааны банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдан төлөх боломжгүй болсон. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан учир зээл олгох боломжгүй гэдэг хариуг бүх банк өгсөн гэж хариуцагч нар тайлбарлаж маргадаг.

Манай компани нь "Орон сууц захиалгын гэрээ"-ний үүргээ зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээний хэддүгээр зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхой дурьдах ёстой.

Худалдан авагч нь ипотекийн зээл авахын тулд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх ёстой бөгөөд худалдан авагчийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан нь өөр арилжааны банкнаас зээл авч чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн гэх тайлбар огт үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар нь ИХШХШтХ-ийн 25-р зүйлийн 25.2.1, 25.2.2-т зааснаар "Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх. татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах. гаргаж өгөх үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн тайлбарт хууль тогтоомжид заасан үндэслэлийг дурьдан үнэн зөв, нотлох баримттайгаар тайлбар өгөх ёстой.

Хэргийн материалд "Капитал банк"-ны 2017.10.26-ны өдрийн 4/3751 тоот албан бичгийг нотлох баримтаар өгсөн болно. Уг албан бичигт "Капитал банк"-ны зээлийн хорооны шийдвэртэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан Г.Б, Э.П нарын 27 иргэний зээлийн шийдвэрлэлтийн мэдээллийг дурьдсан болно. Үүнд: Нэхэмжлэгч Г.Б, Э.П нарын 8 иргэнээс бусад иргэд нь 8 хувийн хүүтэй ипотекийн зээлдээ хамрагдан төлбөрөө төлсөн болохыг харж болно.

Мөн хэргийн материалд "Худалдаа хөгжлийн банк" болон "Хаан банк"-ны зүгээс нэхэмжлэгч нарын нэр бүхий иргэдэд ипотекийн зээлийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд зээлд хамруулахад татгалзах зүйлгүй" гэсэн албан бичгүүдийг нотлох баримтаар өгсөн болно.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь "Капитал банк"-аар судлагдаад гарсан гэрчилгээ, "Худалдаа хөгжлийн банк"-аар судлагдаад гарсан гэрчилгээ гэсэн тодотгол байхгүй бөгөөд нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ашиглан банкийг хууран мэхлэх ажиллагаа хийгдээгүй байх, зээлдэгч нь орон сууцны ипотекийн зээлийн журмыг хангасан байхад өөр бусад банкаар зээл авах бүрэн боломжтой болно.

Монгол   банкны   Ерөнхийлөгчийн   2016.10.25-ны   өдрийн   №А-295   тоот тушаалаар батлагдсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-ын дагуу 8 хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж байна.

-Тус журмын 1.2.1 "Орон сууцны ипотекийн зээл" гэж бүрэн баригдаж дууссан, улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг",

-Тус журмын 2.5-д Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл хүсэгч дараах шаардлагыг хангасан байна. 2.5.3-т Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй. 2.5.6 Барьцаалбар үйлдэх,

-2.6-д Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээлээр худалдан авах орон сууц буюу зээлийн барьцааны зүйл нь дараах шаардлагыг хангасан байна. 2.6.6 Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдах, 2.6.7 Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол хэлцлийн талууд зөвшөөрсөн байх. гэж заасан.

Уг журамд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тохиолдолд зээл олгохгүй гэсэн хориглосон заалт байхгүй. Харин зээл хүсэгч эд хөрөнгийг өмчилсөн байх, өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээд шаардах эрх үүсээгүй байх, ипотекийн зээлгүй байх, барыдаалбар үйлдсэн байх, үл хөдлөх хөрөнгө дээрээ даатгал хийсэн байх гэсэн шаардлагуудыг заасан байна. Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтуудад нийцэж байгаа болно.

3. Хариуцагч нар нь өөрийн эс үйлдэхүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж байсан тул хариуцлагаа хүлээх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцнэ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэн, гэрээний үүрэг, хариуцлагыг бүрэн ухамсарлан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан.

Гэтэл хариуцагч нар нь зөвхөн өөрийн ашиг хонжоог тооцон, банкууд зээл өгөхгүй байна гэсэн худал тайлбар тавин гэрээний үлдэгдэл 70 хувийн төлбөрөө төлөхгүй байгаа нь гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн .

-Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг " ... 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 7 хоногийн дараагаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй  нь хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрхээ үнэнчээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна. гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрөө "гэрээнд заасан хугацаандаа, тогтоосон хэмжээгээр" авах хүсэлтэй байсан нь тодорхой бөгөөд хариуцагч нараас зээлийн мөнгө чинь орохгүй байна, банктайгаа очиж уулз, мөнгөө хурдан төл гэж шаардаж байсан.

Нэхэмжлэгч нь "Орон сууц захиалгын гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу хариуцагч нарт утсаар болон бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлэн шаардсан, мөн биечлэн тухай бүрт уулзаж мэдэгдсэн, улмаар 2017 оны 05 сард гэрээ цуцлах санал хүртэл тавьж байсан боловч хариуцагч нар нь гэрээгээ зөрчиж байгаагаа үл ухамсарлан, төлбөрөө гүйцээн төлөлгүй байранд үргэлжлүүлэн амьдарсаар, гэрээгээ зөрчсөөр байгаа болно. Хэргийн материалд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт хүргүүлсэн мэдэгдпүүдийг хавсаргасан.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016.05.27-ны өдрөөс бус 2016.11.02-ны өдрөөс алданги нэхэмжилсэн байхад "2016.05.27-ны өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн хариуцлагын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн" гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Зайлшгүй орох байсан орлого 8,912,614 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон асуудлын тухайд :

Нэхэмжлэгч нь хохиролд юуг ойлгохыг тухайлбал, өөрийн олох ёстой байсан орлогыг хэрхэн тодорхойлохыг, хариуцагчийн гэрээний дагуу төлөх мөнгөөр хэдий хэмжээний орлого олохоо. хариуцагчтай байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ"-нд  тусгах үүрэг байхгүй.

Иргэний хуулиар хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор хуульчилсан.

Нэхэмжлэгч нь харин ийм хэмжээний орлого олох байсан гэдгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хэрэгт "Цагаан Хуаран Консалтинг" ХХК нь "Капитал банк"-тай байгуулсан 2016.05.18-ны өдрийн №16/45 тоот "Хамтран ажиллах гэрээ" болон харилцагч бусад арилжааны банкуудтай байгуулсан хадгаламжийн гэрээг нотлох баримтаар өгсөн болно. Тус гэрээний дагуу олох байсан хадгаламжийн хүүгийн орлогыг "хариуцагч нарын эс үйлдэхүйн улмаас буюу шууд шалтгаант холбоотойгоор" нэхэмжлэгч олоогүй хохирсон.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-ийн " ... үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12,879,814 төгрөгт холбогдох хэсэг ... -ыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Э.П  давж заалдах гомдолдоо:  “...шүүхийн ...шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Цагаан хуаран консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Г.Б, Э.П нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй. Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг Капитал банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж худалдан авах талаар амаар тохиролцсон

Капитал банк ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээл хүсэгч Г.Б, Э.П нарт 55 100 000 төгрөгийн орон сууцны ипотекийн 5 хувийн зээл батлагдсан боловч зээлийг олголгүй явсаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн хорооны шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар "Ц " ХХК-д мэдэгдсэн. Улмаар нэхэмжлэгч компанийн санал болгосноор Капитрон банкинд хандаж орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан боловч тухайн банк "үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан" гэх үндэслэлээр зээлд хамруулж олгохоос татгалзсан. Энэ талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан.

Монгол банкны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-3/264 тоот албан бичгээр Капитал банк нь 2015 оны 09 дүгээр сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас Монгол банкнаас тус банкинд орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгоогүй болохыг мөн Капитал банк нь уг нөхцөл байдлыг үл харгалзан иргэдээс орон сууцны зээлийн өргөдөл хүлээн авч, иргэдэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Капитал банк ХХК-ийн зээлийн хорооны шийдвэрт “ОСИЗээлийн 5 хувийн санхүүжилт нь орж ирсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг харилцагч нарын нэр дээр гаргаж холбогдох зээлийн гэрээ. барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлж, олголт хийгдэнэ" гэж, мөн орон сууц захиалгын гэрээний 2.4-т "захиалагч нь орон сууцны нийт үнийг бүрэн төлснөөр гүйцэтгэгч н өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх ба үүнээс бусад тохиолдолд орон сууц өмчлөх эрх гүйцэтгэгчид хадгалагдана, 3.2-т "гэрээний нийт үнийг захиалагч нь "Ц " ХХК-д бүрэн төлснөөр уг орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ" гэж, 3.2-т "гэрээний 2.1-д заасан нийт үнийг захиалагч нь "Цагаан хуаран консалтинг" ХХК-д бүрэн төлснөөр уг орон сууцыг Захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ" гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч "Ц " ХХК нь зээлийн хорооны шийдвэр болон гэрээний холбогдох заалтыг зөрчиж эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт Г.Б, Э.П нарын нэр дээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 88В байрны 132 тоот орон сууцны өмчлох эрхийг шилжүүлэх тухай тодорхойлолтыг хүргүүлснээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Б, Э.П нарын нэр дээр гарсны улмаас үлдэгдэл 70 хувийн төлбөрийг бусад арилжааны банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөхөд бидний зүгээс буруугүй бөгөөд гагцхүү Капитал банкны буруутай үйлдлийн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 2.6.2-т ипотекийн зээлээр худалдан авах орон сууц нь шинээр ашиглалтад оруулсан орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан байх шаардлагыг хангасан байна гэж заасан болохоос үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан байхыг шаардаагүй. Шинээр ашиглалтад орсон орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч байгаа нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан тохиолдолд арилжааны банк уг зээлд хамруулдаггүй. Энэ асуудлыг Монгол банкнаас тодруулах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх өөрөө бүрдүүлэх боломжтой гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу.

Монгол банкны эрх бүхий албан тушаалтантай энэ асуудлын талаар уулзахад Капитал банкны цэвэр буруутай үйлдэл байгааг, мөн шинээр баригдсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ захиалагч нарын нэр дээр гарсан тохиолдолд арилжааны бусад банкны орон сууцны ипотекийн зээл олгогдох боломжгүй талаар хэлсэн. Энэ талаар Капитал банк ХХК-д албан бичиг явуулсан боловч тус банк нь санхүүгийн чадваргүй тул зээл олгох боломжгүй гэх хариуг хэлсээр байна.

Хариуцагч тал урьдчилгаа 30 хувийн төлбөрөө бүрдүүлж, үлдэх 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлд хамрагдан төлөхөөр орон сууц худалдан авахаар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан боловч гуравдагч этгээд болох Капитал банкны буруутай үйлдлийн улмаас үлдэх 70 хувийн төлбөрийг төлж чадахгүй болж. улмаар орон сууцаа, урьдчилгаанд төлсөн 23 652 000 төгрөгийн хамт алдах нөхцөл байдал үүсч байна.

Шүүхийн шийдвэрт заасан 59 067 200 төгрөгийг төлөх боломж хариуцагч талд байхгүй. арилжааны банкинд хандаж гэрээний үлдэгдэл төлбөр 55 100 000 төгрөгийг төлөх гэхээр банкны зээлд хамрагдах боломжгүй болсон, алдангид тооцсон 3 967 200 төгрөгийг өөрсдөө төлөхөд хүнд хэцүү байдалтай байна.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй  талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага , маргааны үйл баримтад Иргэний хуульд нийцүүлэн  эрх зүйн дүгнэлт зөв хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг  бүрэн тогтоогоогүй, , хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”  заалтад нийцээгүй байна. 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ алданги, торгууль, хүү орон сууцыг сэргээн засварлах зардал гэж нийт 24 301 241 төгрөг гаргуулах, орон сууц өмчлөх эрхийг Цагаанхуаран ХХК-д шилжүүлэхийг даалгах, хариуцагч нарыг орон сууцнаас албадан гаргуулах, шаардлага гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч нараас алданги 5 785 500 төгрөг, торгууль 9 061 874 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, орон сууцыг сэргээн засварлах зардал, тохирсон хүү/ үүний хэмжээг багасгасан/, орон сууц түрээслэх байсан орлого гэж нийт 9 201 408  төгрөг, бусад шаардлага хэвээр гэж дэмжсэн,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нарыг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн  орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, орон  сууц сэргээн засварлах зардал 6 123 498 төгрөг,  орон сууц түрээслэх байсан орлого 1 750 000 төгрөг гаргуулах  шаардлагаас татгалзаж,  орон сууцны төлбөрийн үлдэгдэл, алданги , зайлшгүй орох байсан орлого гэж ний 71 947 014 төгрөг гаргуулах гэж өөрчилж, энэхүү шаардлагаа шүүх хуралдааны шатанд дэмжиж оролцсон  байна.

Нэхэмжлэгч “Цагаанхуаран” ХХК нь ипотекийн зээлээр санхүүжигдэх “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хороололд орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж оролцсон, хариуцагч нар 2015 онд ашиглалтад оруулсан орон сууцны барилгаас нэхэмжлэгчтэй “Орон сууц захиалгын гэрээ” гэх нэртэй гэрээг байгуулан 78 752 000 төгрөгийн үнэтэй, нэг м.кв нь 1 840 000 төгрөгийн үнэ бүхий 42.8 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийг төлсөн, үлдэх 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон тухайд зохигчид маргаагүй байна.

Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулиас гадна зөвхөн  Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн А-67, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 тоот тушаалуудаар батлагдсан “Орон сууцны  ипотекийн санхүүжилтийн журам”-ын холбогдох заалтыг баримтлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. 

Учир нь нэхэмжлэгч “Ц ” ХХК,хариуцагч Г.Б, Э.П нарын хооронд Орон сууцнызахиалгын №425/4 дугаартай гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бичгээрбайгуулагдах үед Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаарсарын 11, 10 дугаар сарын 25-ны өдрийнтушаалуудаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” нь батлагдаж, мөрдөгдөөгүй байсныг шүүх анхаараагүй байна.

 

Шүүх дээрх журмаас гадназохигчдын хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд тухайн үед үйлчилж байсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн харилцааг зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын тогтоол, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын заалтуудыг баримтлан дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК нь Капитал банктай хамтранажиллах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсангэрээний зорилго нь “...БЗД-ийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол барьж ашиглалтад оруулсан Цагаан хуаран хотхоноос орон сууц худалдан авахаар захиалга өгсөн ... иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах,...”-аар тохиролцсон байна.

 

Харин хэрэгт авагдсанМонгол банкны эрх бүхий албан тушаалтны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №А-3/264 дугаар албан бичигт “...2015 оны 9дүгээр сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй Монгол банкны журмын дагуу танай банканд орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгоогүй. Гэвч танай банк үүнийг үл харгалзан орон сууцны зээлийн өргөдөл хүлээн авч, харилцагчдадаа ташаа мэдээлэл өгч иргэдэд хохирол учруулсан байна” гэж мэдэгджээ.

 

Үүнээс үзвэл Капитал банк нь нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг” ХХК-тайхамтран ажиллах гэрээг байгуулах үед орон сууцны ипотекийн санхүүжилтийн зээл авах шаардлага хангаж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Энэхүүнөхцөл байдал, үйл баримтынталааршүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээсүүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсанхохирол буюузайлшгүй орохёстойорлого 8 912 914 төгрөгийгшаардаж байгаа тохиолдолд энэхүүхохирлын шаардлага нотлох баримтаар нотлогдсон байхаас гадна үүрэг гүйцэтгэгч буюу гэрээний нөгөө талын гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл шүүх хохирлын талаар гэрээний талууд гэрээндээ тохиролцсон байх шаардлагатай гэх хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна

 

Хэдийгээр орон сууцны захиалгын гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ70 %-ийг биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байгаа боловч “Цагаан хуаран консалтинг” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 09, 12-ны өдрийн албан бичгүүдээр орон сууц захиалагч Г.Б, Э.П нарт гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж байсан байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээ цуцалсан тухайгаа бичгээр мэдэгджээ. Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулсан “орон сууц захиалгын гэрээ” нэртэйгэрээ хүчинтэй байдлаар цуцлагдсан эсэх талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, гэрээ цуцлагдсан эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн алин нь хангагдах хууль зүйн боломжтой талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч гэрээний үүргийн зөрчилд гэм буруутай эсэхийг тогтооход дүгнэлт өгөхөд шаардлагатай үйл баримт болон хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээөмчлөх эрхийн гэрчилгээ гарсан орон сууцанд ипотекийн зээл олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тодорхойлжээ.

 

Үүнтэй холбогдуулан хариуцагчаас Монгол банкнаас өөрийнх нь өмчлөлд ирсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан орон сууцад ипотекийн зээлд хамрагдах боломжтой эсэх талаар тодорхойлолтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг шүүх2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаархангахаас татгалзсан ньбуруу байна.

Учир нь хариуцагчаас Монгол банкнаас тодорхойлолт авах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэн үндэслэлээ тодорхойлж, уг нотлох баримтыг өөрөө олж бүрдүүлэх боломжгүйн улмаас шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан байхад шүүх “...тодорхойлолтыг зохигч өөрөө олж авах боломжгүй гэж үзэхээргүй “ гэсэн дүгнэлт хийж хүсэлтийг хангахаас татгалзсан ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн төдийгүй хариуцагчийг “... банкнуудад 8 хувийн ипотекийн зээлд хамрагдахаар хандсан боловч ... татгалзсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй “ гэж буруутгаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Нөгөөтээгүүр нэгэнт өөрийнх ньөмчболсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гарсан орон сууцанд ипотекийн зээл олгодог эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Шүүх өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээтэй холбоотой үйл баримтын талаар “...өмчлөх эрхийг шилжүүлжбайгаа этгээдийн дан ганц хүсэлтээр шийдвэрлэх боломжгүй, өмчлөх эрхийн шилжүүлэн авч байгаа этгээд мөн хүсэлтээ гаргаснаар бүртгэгдэх журамтай” гэсэн дүгнэлт хийсэн учир дутагдалтай байна.

 

Учир нь хавтас хэрэгт хариуцагч Э.П ын Ц ХХК-ий захиргаанд хандсан өргөдөлд “ ...одоо амьдарч байгаа байрнаасаа яаралтай гарах болсон ба зээл шийдэгдэх хүртэл хэд хоногийн өмнө танай компаниас захиалсан байрандаа орох хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү “ гэж, /хх-122 тал/ , Капитал банкны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №2068/09 албан бичигт “...2016 оны 05 сарын 12-ны өдрийн хурлаар зээл хүсэгч ...Г.Бямбажаргал В3 блок 2-р орц 10 давхар F загвар 55 100 000 төгрөг...ОСИЗээлүүд нь тус тус батлагдсан бөгөөд ОСИЗээлийн 5 %-ийн санхүүжилт нь орж ирсний дараа ҮХЭХ гэрчилгээг харилцагч нарын нэр дээр гаргаж холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ” гэсэн /хх-136 тал/ нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь нотлох баримтыгтал бүрээс нь бодиттойгоор харьцуулсны үндсэн дээр үнэлэх гэсэнИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

 

Шүүх хариуцагчийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн төлбөрөө буцаан гаргуулах шаардлага бүхийсөрөг нэхэмжлэл болон түүний үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна

 

Орон сууцны захиалгын гэрээний нэг талын хүсэл зоригоос гэрээнээсээ татгалзаж байгаа тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсэг буюу 70 %-ийг биелүүлэх боломжгүй бодит нөхцөл юу болох, ипотекийн зээлд хамрагдаагүйд хариуцагч нар буруутай эсэх,эсхүл энэ нь хүндэтгэн үзэх үндэслэл мөн эсэх, гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт өгөхгүйгээршүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д заасан зохицуулалтын хүрээнд хариуцагч нарыг буруутгасан ньүндэслэл муутайбайна.

 

Давж заалдах шатны шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхөд болон хууль хэрэглэхэдхангалттай байдлаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, зохигч талуудын давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах, нэхэмжлэгч болон хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Баянзүрх  дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийн 223 000 төгрөг, хариуцагч Э.П ын 276 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                ШҮҮГЧИД                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                          Т.ЭНХМАА