Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 114/2016/0080/з |
Дугаар | 221/МА2016/0788 |
Огноо | 2016-12-14 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0788
Д.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Содболд, гуравдагч этгээд О.******* нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэртэй, Д.*******ын нэхэмжлэлтэй, Дархан-уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3, 161.4, 104 дүгээр зүйлийн 104.6-д заасныг тус тус баримтлан Д.*******ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 3 дугаар тойргийн дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдлийг тогтоолгож, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойргийн нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж, тус тойрогт бие даан нэр дэвшигч Д.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Дахин сонгууль нь 2015.10.19-нд сумын ИТХ-ын сонгуультай цуг явагдсан бөгөөд энэ өдөр сонгуулийн ирц 48%-тай байсан нь Сонгуулийн хуулийн 106.1 дэх заалтын дагуу нэмэлт санал хураалт явуулах ёстой байсан.
Гэтэл аймгийн Сонгуулийн Хорооны дарга Ч.******* хэвлэл мэдээллээр “ирц хүрээгүй тойргуудад 2016.10.23-нд нэмэлт санал хураалт явуулна. Зөвхөн сумын ИТХ-ын сонгуульд нэмэлт санал хураана. Аймгийн ИТХ-ын сонгууль Дахин сонгууль энэ дүнгээр тооцно гэж мэдэгдсэн. Үүнийг миний бие эсэргүүцэж аймгийн сонгуулийн хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргасан.
Гэвч аймгийн сонгуулийн хороо сонгуулийн хуулийн 161.1 дэх заалтыг баримталж 10 сарын 19-ний дахин сонгуулийг хүчинтэйд тооцож олон санал авсан гэх хүмүүст төлөөлөгчийн түр үнэмлэх 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон.
Иймээс би Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлдээ аймгийн Сонгуулийн хорооны 2016.10.20-ны санал хураалтын дүнгийн тухай 08 тоот тогтоолын 3-р тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 3-р тойргын дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй аймгийн Сонгуулийн хорооны хууль бус эс үйлдлийг тогтоолгож, 2016.10.23-ны өдрийн Дархан-Уул аймгийн ИТХ-ын 3-р тойргын нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж тус тойрог бие даан нэр дэвшигч Д.*******ыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн.
Учир нь нэмэлт санал хураалт болоход саналын хуудас өөрчлөгдөөгүй хэвээр байсан бөгөөд саналын хуудсанд аймаг болон сумын ИТХ-д нэр дэвшигчдийн нэрс байсан.
Мөн иргэд аймаг сумын ИТХ-д нэр дэвшигчдэд аль алинд нь санал өгч санал тоолох машин уншиж дүн гаргаж сонгуулийн хэсгийн хорооны дарга дүнгийн хуудсыг баталгаажуулж тамга дарж гарын үсэг зурсан.
Энэ дүнгээр миний бие 850 хүний санал авч 2 мандаттай тойргийн 2-оор гарч ялалт байгуулсан.
Ингээд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо дахин сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг тооцохгүй, хүлээж авахгүй байсан учир шүүхэд хандсан.
2016.11.01-нд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Сонгуулийн хорооны 2016.10.20-ны 08 тогтоолын 3-р тойрогт холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн.
... Сонгуулийн хуулийн 104.6 дахь заалт нь “Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгопчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно” гэж заасан.
Дахин сонгуулийг дахин санал хураалттай адилтгаж шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.
... Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухай.
Гэтэл анхан шатны шүүх “...Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1... заалт нь 8 дугаар зүйлийн 8.6.3-т заасан дахин сонгуульд хамаарахгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дахин санал хураалтын 477, 478 дугаар хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 3639 сонгогч бүртгэгдсэнээс 1700 сонгогч саналаа өгсөн 1700 сонгогчийн олонхи буюу 31.84 хувийн санал авсан Д.*******, 27.62 хувийн санал авсан О.******* нарыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн нь нь Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6 “Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно.” гэж заасантай нийцсэн тул Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 08 дугаар тогтоолын Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Сонгуулийн тухай хуульд зааснаар дахин сонгууль, дахин санал хураалт гэж тус тусдаа хоёр өөр ойлголт болохыг тус хуулийн дараах заалтуудаар тодорхойлж болно:
Дахин сонгууль: Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйл Дахин сонгууль явуулах 2 үндэслэлийг заасан байгаа бөгөөд 163.1.1-д зааснаар сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон гэх үндэслэлээр ДУА-ийн ИТХ-ийн 3 дугаар тойрогт дахин сонгууль явагдсан болно.
Дахин санал хураалт: Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцсон тохиолдолд дахин санал хураалт явуулахаар заасан, 103 дугаар зүйлд Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлийг 103.1-д заасан 5 үндэслэлээр хуульчлан өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 103.1 дэх хэсэгт заасан 5 үндэслэл бүрдсэн тохиолдолд 104 дүгээр зүйлд заасан дахин санал хураалтыг явуулах хуулийн зохицуулалт байдаг. Ийнхүү дахин санал хураалт явуулсан тохиолдолд 104.6 дахь хэсэгт зааснаар дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцохоор хуульд заасан байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Аймгийн сонгуулийн хорооны эрх хэмжээг тодорхойлж өгсөн байх бөгөөд тус зүйлийн 32.1.13-т дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээнийхээ дагуу хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулна гэж заасан нь 1-рт дахин сонгууль, дахин санал хураалт гэх ойлголт 2 өөр ойлголт болохыг тодорхойлсон, 2-т дахин сонгууль, нэмэлт санал хураалтыг хуулийн дагуу зохион байгуулахыг үүрэг болгосон заалт байна.
Тэгвэл дахин сонгуулийн санал хураалтын ирцийг хэрхэн тодорхойлох хууль зүйн гаргалгааг гаргах шаардлагатай болж байна. Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т зааснаар дахин сонгуулийг Сонгуулийн тухай хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулж явуулна гэж зааснаас үзвэл дахин сонгууль нь ээлжит сонгуулийн нэгэн адил явагдах бөгөөд санал хураалтын ирцийг мөн адил хуулийн ерөнхий журмаар тодорхойлохоор байна. Тиймээс 2016.10.19-ны өдөр ДУА-ийн ИТХ-ийн 3 дугаар тойрогт явагдсан дахин сонгуулийн санал хураалтанд оролцсон сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүй /сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн 3639 сонгосгчоос 1700 сонгогч саналаа өгсөн, ирц 48 хувьтай/ тохиололд Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэмэлт санал хураалт явуулах хууль зүйн үндэслэл бүрдэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага тус бүрд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн эхний шаардлага болох “Аймгийн сонгуулийн хорооны 2016.10.20-ны өдрийн 08 дугаар тогтоолын ДУА-ийн ИТХ 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон илт хууль бус үндэслэлээрээ нэхэмжлэлийн бусад шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт явцууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийг баримтлаж 3 дугаар тойрогт нэмэлт санал хураалт явуулаагүй нь хууль бус эс үйлдэхүй болох нь илэрхий байна. Аймгийн сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэхүйгээс үл шалтгаалж сонгуулийн санал тоолох машин 2016.10.23-ны өдөр нэмэлт санал хураалтын дүнг тоолж нэхэмжлэгч Д.******* тус өдрийн дүнгээр 850 хүний санал авч 3 дугаар тойрогт 2 дахь мандаатаар сонгогдон гарч ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2016.10.23-ны өдрийн сонгуулийн санал тоолох машины дүнгээр ИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдсон гэдгээ дараах хууль зүйн үндэслэлээр батласан боловч анхан шатны шүүх түүнд дүгнэлт хийгээгүй.
Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна гэж, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна гэж тус тус заасан ба 2016.10.19-ны өдрийн санал хураалтын ирц 50 хувьдаа хүрээгүй тул нэмэлт санал хураалт зохион байгуулж явуулах шийдвэр гаргаагүй Аймгийн сонгуулийн хорооны эс үйлдэхүйгээс үл хамаарч нэмэлт санал хураалтын дүнг тоолсон санал тоолох төхөөрөмжийн 2016.10.23-ны өдрийн дүнгийн мэдээгээр Д.******* 850 хүний санал авсан нь хуулийн дагуу хүчинтэй гэж үзэх нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байна. Мөн Сонгуулийн автомажуулсан системийн тухай хуулийн 19.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан бэлтгэж цаасан дээр буулгасан баримт бичигт хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно. гэж заасны дагуу 2016.10.23-ны өдрийн санал тоолох төхөөрөмжөөс гарсан сонгуулийн дүнгийн мэдээ хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Аймгийн сонгуулийн хороо ямар нэгэн шийдвэр гаргаж хуулийн хүчин төгөлдөр сонгуулийн дүнгийн мэдээг хүчингүй болгоогүй байхад шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх шүүхийн шийдвэрийг уншин сонсгосон боловч ЗХШХШтХ-ийн 108 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлаж өгөөгүй. Тогтоох хэсгийг агуулагыг тайлбарлуулах, асуух зүйл байсан боловч шүүхийн шийдвэрийг уншиж сонсогомогц шүүх хуралдааныг хаасан нь Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийн талаар асууж тодруулах нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд давж заалдах шатны шүүх Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.11-ны өдрийн 87 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Дархан сумын 3 дугаар тойрогт дахин сонгууль явуулахаар зарласны дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамтатган 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж явуулсан боловч санал өгсөн сонгогчдын тоо 477 дугаар хэсэгт 1006 буюу 49,36 хувь, 478 дугаар хэсэгт 699 буюу 47,13 хувь болж тухайн сонгуулийн нийт ирц 48.24 хувь байсан нь 3 дугаар тойргийн санал хураалтын ирцийн мэдээ, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл хариуцагч сонгуулийн хороо нь дээрх сонгогчдын ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулалгүй, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор 3 дугаар тойргийн сонгогчдоос хамгийн олон санал өгсөн гэж нэр дэвшигч Д.*******, О.******* нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3-д заасан дахин сонгуульд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нэмэлт санал хураалт явуулах тухай заалт хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан улмаар дахин сонгуулийн үйл ажиллагааг дахин санал хураалт гэж ойлгон, мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6-д “Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно” гэж заасанд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд дахин сонгууль явагдахаар заасны дагуу тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан ээлжит сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болж, дахин сонгуулийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явуулжээ.
Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцох тохиолдлыг, 104 дүгээр зүйлд хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцсон этгээд дахин санал хураалт явуулах тухай шийдвэр гаргахаар тус тус зааснаас үзвэл хуульд заасан ерөнхий журмын дагуу явуулж буй дахин сонгуулийн эхний санал хураалтад эдгээр заалт хамаарахгүй тул “дахин санал хураалт” гэж үзэхгүй.
Хариуцагчийн хууль бус 8 дугаар тогтоол болон нэмэлт санал хураалт явуулаагүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын “...8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт санал хураалт явуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэлийн “2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойргийн нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж, тус тойрогт бие даан нэр дэвшигч Д.*******ыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэхүйтэй холбоогүй бөгөөд анхан шатны шүүхийн “... сумын ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын үед саналын хуудсыг өөрчилж хэвлээгүйн улмаас аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг дугуйлсан сонгогчийн тоогоор Д.*******ыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Сонгуулийн тухай хуулийн 97.4, 99.5, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 19.1-д зааснаар санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудас хүчинтэй бөгөөд уг хуудсанд гарын үсэг зурж, тамга дарагдсан тул хүчин төгөлдөр болсон, үүнийг хүчингүй болгоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй” гэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Тухайн сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хариуцагч Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хороо нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн 3 дугаар тойргийн зарим хэсэгт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргаагүй, нэмэлт санал хураалт явагдаагүй байхад “нэмэлт санал хураалтын дүн” гэх ойлголт үүсэхгүй. Ийм учраас дээрх гомдолд дурдсан хуулиар зохицуулсан харилцаа (санал тоолох төхөөрөөмжөөс гарсан саналын хуудас хүчинтэй эсэх тухай) үүсээгүй тул “нэмэлт санал хураалтын дүнгээр Д.*******ыг аймгийн ИТХТөлөөлөгчөөр сонгогдсонд тооцоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахгүй орхилоо.
Мөн гомдолд “... анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлаагүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийг зөрчсөн ...” гэх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа танилцуулсан байх бөгөөд хууль зүйн дүгнэлт буюу шийдвэрийн Үндэслэх хэсгийн талаар тайлбарлахыг хуулиар шаардаагүй байх тул нэхэмжлэгчийн “ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг асууж тодруулах эрх” зөрчигдсөн гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 161 дүгээр зүйлийн 161.1, 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасныг баримтлан Д.*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолын 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн Сонгуулийн хорооны 3 дугаар тойргийн зарим хэсэгт нэмэлт санал хураалт явуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, хоёр дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ