Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 126/ШШ2022/0007

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох Гантөмөрийн Энхбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ш.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нарыг оролцуулан хийгээд 

            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”

2.Хэргийн нөхцөл байдал:

Г.Э нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар “Г.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2410 дугаар албан бичгээр ... шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4. Г.Э миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 2009 оны 12 сараас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл төрийн албанд тасралтгүй 12 жил ажилласан. 2009 оноос 2018 оны 12 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтэн, 2018 оны 12 сараас 2020 оны 11 сар хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, 2020 оны 11 сараас 2021 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг дарга Ш.Игийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Мөн 2019 оноос эхлэн Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн гишүүнээр ажилласан ба 2021 оны 03 дугаар сараас эхлэн Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

5. Аймгийн Засаг дарга Ш.Игийн 2021 оны Б/43 дугаар захирамж нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Үүнд:

1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дах заалтад аймаг, нийслэлийн Засаг дарга “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх” эрх, үүрэг хэрэгжүүлэхээр заасан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай зөвшилцөөгүй хуулийг зөрчсөн.

2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 59 дүгээр тогтоолоор “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд журмын 2 дугаар зүйлийн 2.5-д “Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг орон тооны бусаар гүйцэтгэдэг бол түүнийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөх, халах, бууруулахад томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөнө” гэж заасан ба мөн зөвшилцөөгүй зөрчсөн.

3. Г.Э надад уг шийдвэрийг гарсан талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч П.А 2021 оны 11 дүгээр сарын 08-ны 13 цаг 46 минутад утсаар мэдэгдэж, миний бие уг шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд гардаж авсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Засаг дарга Ш.И нь Мөрөн суманд байхгүй, эзгүй байсан. Учир нь аймгийн Засаг дарга Ш.И 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод ажилласан. Энэ хооронд аймгийн Засаг даргын албан бичиг, шийдвэр гарсаны 1 нь намайг ажлаас чөлөөлөх шийдвэр байсан. Уг шийдвэрийг миний бие гардаж аваад гарын үсгийг харахад тасалдсан зурлагатай, гараар зурсан биш, техник хэрэгсэл ашиглаж зурсан байж болзошгүй гарын үсэгтэй шийдвэр байсан тул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж Шүүхийн шинжилгээний албаар бичгийн шинжилгээ хэлгэхэд бичигч хэрэгсэл ашиглан албажуулсан шийдвэр биш байна, гарын үсгийн дардас ашиглан албажуулсан шийдвэр байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг Засгийн газар батална” 39.4-т “Хэвлэмэл хуудсанд байх бүрдэл, тэдгээрт тавих шаардлагыг стандартаар тогтооно” гэж заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх” журмыг баталсан бөгөөд уг журмын 2.9-т “Байгууллагын албан ёсны баримт бичигт тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг болон Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 4.1-д заасан баталгааны тэмдэгээс бусад тэмдэг хэрэглэх, гарын үсгийн дардас дарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.

4.Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараах хариуцлага хүлээлгэнэ:,

4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох,

4.2.2. сануулах гэж заасан. Иргэн Б.Цын гаргасан гомдлын дагуу аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн, нөгөө талаас захирамжид ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж захирамжилсан нь дүгнэлтийн дагуу ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэлд ногдуулж шийдвэрлэсэн нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимын шаардлагыг хангаж чадахгүй байна. Ёс зүйн зөрчилд ёс зүйн хариуцлага тооцохгүй, сахилгын хариуцлага тооцож байгаа нь сахилгын зөрчил гарсан талаар  дүгнэлтгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон.

5. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны нэмэгдэл болох 7,024,166 төгрөгийг нэхэмжилж байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн. Надад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан сонсох ажиллагааг явуулаагүй.

7. Би төрийн албанд 12 жил 12 сар ажилласан. Надад удаа дараа гаргасан зөрчил байхгүй. Удаа дараа зөрчил гаргаж сахилгийн шийтгэл авсан бол зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн бол албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж байгаа юм. Дахин хэлэхэд ажлын хэсгийн дүгнэлтээс зөрсөн. Хууль бус ажлын хэсгийнхээ дүгнэлтийг үндэслээгүй. Сонсох ажиллагааны талаар н.Мөнхтуяагаас гэрчээр асуулгахад ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулаад, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд Г.Эыг ажлаас халсан гэх хууль бус хурлын тэмдэглэл байгаа юм. Үүнтэй би танилцаагүй байсан. Нотлох баримтаар ирэхэд нь танилцаж байгаа юм.

8. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгож, Г.Э намайг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдлийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Игаас гаргуулан олгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ш.Д нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

9. Болсон үйл явдлын талаар: Иргэн Б.Цаас “... манай нөхөр, Ойн албаны ахлах мэргэжилтэн Э.Нямдавааг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь Арбулаг сум руу албан томилолтоор авч яваад зодсон байна ...” гэх агуулга бүхий өргөдлийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргад хаяглан ирүүлсэн. Үүний дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А/311 дугаар захирамжаар тус асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь албан ажлаар явахдаа архидан согтуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул хариуцлага тооцох саналыг оруулж ирсэн бөгөөд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг.

10. ... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэлийг тухайлан заасан. Гэтэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын гаргасан үйлдэл нь төрийн албанаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд аймгийн Засаг даргын 2021 оны Б/43 дугаар захирамжаар Г.Эыг төрийн албанаас чөлөөлөөгүй харин түүнд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан тул энд Байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх шаардлагагүй юм.

11. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.7-д “Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг орон тооны бусаар гүйцэтгэдэг бол түүнийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөх, халах бууруулахад томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөнө ...” гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэтэл иргэн Г.Э тухайн үед Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 2.7-д заасан Салбар зөвлөлийн даргаар бус харин “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 5.11-д заасан Салбар зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон учраас түр томилгоотой албан тушаалыг зөвшилцөх асуудал тодорхойгүй бөгөөд уг журмаар зохицуулаагүй болно. Нөгөөтэйгүүр иргэн Г.Эын гаргасан үйлдэлтэй нь холбогдуулан дээрх асуудал дээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/1542 тоот албан бичигтээ “... төрийн байгууллагын удирдлагын ... ёс зүй үйлдэл нь ... төрийн албаны нэр хүнд, төрд итгэх итгэлийг бууруулах нэг шалтгаан нөхцөл болж байгааг” дурдаад асуудлыг шалган шийдвэрлэхийг чиглэл болгож, үүний дагуу аймгийн Засаг даргын албан тоотоор хариуцлага тооцох талаар мэдэгдсэн. Түүнчлэн иргэн Г.Э нь маргаан бүхий акттай холбогдуулан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг бөгөөд энэ асуудал дээр мөн тус зөвлөлөөс иргэн Г.Эын нэхэмжлэлдээ дурдаад буй зөвшилцөөгүй гэх асуудлаар аймгийн Засаг даргын шийдвэрийг буруутгаагүй байна.

12. Мөн тэрбээр “ ... Ажлын хэсэг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн ... ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэлд заасан шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн ...” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг байхаар хуульчилсан бөгөөд дээрх үүргийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохоор заасан болно. Тиймээс иргэн Г.Эын нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаа тул үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

13.Нэхэмжлэгч Г.Эаас “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

14. Шүүх, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            15. Маргаан бүхий  Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Г.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/43 дугаар захирамжаар “... иргэнээс ирсэн гомдлыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтээр албан ажлаар явахдаа архидан согтуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон ...” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах шийтгэл ногдуулжээ.

/Хэргийн 5 дахь тал/

            16. Нэхэмжлэгч Г.Э нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа 2021 оны 06 сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Нямдаваатай маргалдаж харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэнээр 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын 27 дугаар тогтоолоор Г.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримтууд  зэргээс   нотлогдож байгаа бөгөөд тухайн үед эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй байна. 

/Хэргийн 99-104 дахь тал/

            17. Энэ үед нэхэмжлэгч Г.Э нь Арбулаг суманд 2021 оны  06 сарын 17-ны өдөр албан үүргийн чиг үүргийн дагуу  ажиллаж явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн удирдлага доор ажилладаг  ахлах байцаагч Э.Нямдаваатай маргалдаж харилцан зодолдож, ... түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, ёс зүйн зөрчил гаргасан  нь  нэхэмжлэгч Г.Эаас “... тухайн өдөр ажлын шаардлагаар зөвшөөрөлгүй мод бэлтгээд байгаа талаар холбогдох мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажилласан, ажлын нэг өдрөөр явсан тул удирдамж, албан томилолт аваагүй ажлын өдрөөр явсан” гэх тайлбар, гомдол гаргасан иргэний гомдлоо холбогдох байдлыг тогтоох ажлын хэсгийн ажиллагаа хийсэн баримтууд, тэмдэглэлүүд зэргээс тогтоогдож байна. /Хэргийн 52-73 дахь тал/

            18. Иргэн Б.Цаас Хөвсгөл аймгийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу тухайн гомдлыг шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 21-ны өдрийн А/311 дугаар захирамжаар байгуулж, уг ажлын хэсгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр: “... Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь албан ажлаар явахдаа архидан согтуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн “...төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх, албан үргээ гүйцэтгэж байхдаа... согтууруулах ундаа хэрэглэх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хариуцлага хүлээх чадвартай байх, удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хувийн болон... нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах...” заалт болон бусад ... шийдвэрүүдийг зөрчсөн бөгөөд энэ нь Төрийн албаны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Эт ... сахилгын шийтгэл ногдуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ. /Хэргийн 66-69 дахь тал/

            19. Уг зөрчлийн улмаас “төрийн удирдах албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, удирдах албан тушаалтны хувьд доод албан хаагчдадаа буруу үлгэрлэл үзүүлж албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж, бусдыг  буюу удирдах албан тушаалтан Э.Нямдавааг зодсон, ёс зүйн зөрчил гаргасан  явдлыг нь зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

            20.Хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа дараах үндэслэлүүдийг баримталсан нь хууль зөрчөөгүй:

Тодруулбал: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.4.3-д “зөрчил нь байгууллагн дотоод гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөө үзүүлсэн, 6.1-д “албан хаагч сахилгын зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж,

21.Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4-д “... албан үүргээ гүйцэтгэж байхдаа...согтууруулах ундаа хэрэглэх, ... олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэж, мөн түүнчлэн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.18-д”... ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн... тохиолдолд ... сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан,

            22.Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1-ийн 1.7-д “дараах арга хэмжээ авч ажиллахыг ... бүх шатны Засаг дарга нарт..., үүрэг болгосугай: “төрийн албан хаагч томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох..., хэрэглэхийг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох..” гэжээ.

23.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх Г.Эын гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан/ Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн/ 48.1.3-д Г.Эын гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан  өөрөөр заагаагүй бол энэ хуулийн  37 дугаар  37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”-ийг зөрчсөн, ... болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ”төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэснийг нь хариуцагчийг буруутгах, нэхэмжлэгчийн “ажил үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж удирдлага доороо ажиллаж буй ажилтнаа зодсон” үйлдлийг үгүйсгэх,зөвтгөх хууль зүйн үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

24. Нэхэмжлэгч Г.Эт холбогдуулан гаргасан иргэний гомдлыг шалгах ажлын хэсгийн ... гомдлыг шалгах, энэ тухай Г.Этай ажлын хэсгийн бүрэлдэхүүн уулзаж, гомдлыг танилцуулсан, энэ тухай амаар тайлбар авсан тухай 2021 оны 07 сарын 06-ны өдөр тэмдэглэл хөтөлсөн, түүнчлэн ажлын хэсгийн дүгнэлт, саналыг Г.Эт 2021 оны 07 сарын 26-ны өдөр танилцуулж гарын үсэг зуруулсан, мөн хариуцагч аймгийн Засаг дарга Ш.И өөрийн албан ажлын өрөөнд 2021 оны 09 сарын 06-ны өдөр ирүүлж, Г.Эт танилцуулсан нь нотлогдож байх тул            /хэргийн 72-73 дахь тал/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой бөгөөд маргаан бүхий захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан болох нь  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангасан байна.

25. Хариуцагчаас нэгэнт Г.Эыг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нөхцөлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай зөвшилцөх шаардлагагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд энэ талаар заагдаагүй болно. Мөн түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажилах журам”-ын “... салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын албан үүргийг орон тооны бусаар гүйцэтгэдэг бол түүнийг ажлаас чөлөөлөх, халах... тохиолдолд ... Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөнө” гэж заасан байх боловч энэ талаар нэхэмжлэгчээс шүүхэд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага  гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нэхэмжлэгчийн энэхүү тайлбарт  үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм.

            Иймээс хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Эын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН