Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 45

 

Л.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00249/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                              Хариуцагчийн өмгөөлөгч        Г.Амартүвшин

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 291 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Л.Энхтуулын нэхэмжлэлтэй С.Нарансүхэд холбогдох “3.905.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 07 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч Л.Энхтуул нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие С.Нарансүхийг олон жилийн өмнөөс таньдаг бөгөөд ээж нь өвдөөд хэцүү байна гээд мөнгө хэрэгтэй байна зээл өгөөч гэхээр нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөгийг өөрийн данс болох Голомт банкны 120916072 дугаар дансаар авсан мөн найз гэх Батзаяагийн Дугарсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 650.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 900.000 төгрөг, мөн Баттөмөрийн Наранбатын Хас банкны 5000593033 дугаар дансаар 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, нийт 3.905.000 төгрөгийг зээлж авсан. С.Нарансүхийг мөнгөө төл гэж удаа дараа шаардсан боловч өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрээд байна. Иймд С.Нарансүхээс 3.905.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Нарансүх нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Л.Энхтуулын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.Энхтуулаас 2013 онд авсан мөнгөө буцааж төлсөн. Яагаад авсан мөнгөө нэхэмжлээд байгааг гайхаж байна. Миний хувьд мөнгийг буцааж бэлнээр өгч дуусгасан. Ямар учраас олон жилийн дараа гэнэт шүүхэд өгөөд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  хянан хэлэлцээд 291 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Нарансүхээс 3.650.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхтуулд олгож, үлдэх 255.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Энхтуулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.430 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нарансүхээс 73.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Энхтуулд олгуулахаар шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлийн  дотно харьцаатай байсан учраас бие биедээ мөнгө төгрөг өгч авалцан ирсээр байсан ба хариуцагчийн хувьд авсан мөнгөө бэлнээр буцааж өгсөн гэдэг. Хэдийгээр хариуцагч мөнгө буцааж өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй боловч энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэсэн нь хуулийн буруу ойлгож шийдвэрийн тогтоох хэсгээсээ буцсан асуудал болж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын харилцааг Иргэний хуулийн 281,1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр үүссэн харилцаа гэж үзсэн хэрнээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйлд хамааруулсан нь үнэхээр ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн Зр бүлэгт “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн бүлэг байхад энэ доторхи ямар харилцаа үүссэн, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаагаа мэдсэн эсэх, нэхэмжлэгч хөрөнгөө шилжүүлснээрээ эрсдэл үүрч байгааг мэдсэн эсэх, гэм буруугийн харилцаа байгаа эсэх, цаашилбал Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулинд заагдсан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалтай хамааралтай эсэх талаар огт дүгнэлт хийлгүйгээр, ямар хуулийн заалтыг хэрэглэсэн нь тодорхойгүйгээр хувийн дүгнэлт хийсэн байна.  Нэхэмжлэгч хариуцагчид хамгийн сүүлд 2013 оны 10 р сарын 10-ны өдөр дансаар 1.800.000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс хойш 5 жил гаруйн хугацаа өнгөрсөн буюу Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүх өөрөө гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа гэж үзсэн хэрнээ энэ хугацааг бариагүй нь буруу байна.

     Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 19-ний өдрийн 291 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан  шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Энхтуул нь хариуцагч С.Нарансүхэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3.905.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Энхтуул нь  хариуцагч С.Нарансүхийн хүсэлтээр  2013 оны 09-10 сарын хооронд  мөнгө шилжүүлснээр  Зохигчдын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнээр таван жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Энхтуул нь гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага гаргах хөөн хэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ шүүхээр  хамгаалуулахаар эрхээ  алдсан гэж  үзлээ.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрх нь хязгаарлагдсан гэж үзэх тул  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар буюу Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хариуцагч С.Нарансүх нь  үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх ба энэ талаарх гомдол үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх  зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа хариуцагч С.Нарансүхийг гэрээний бус харилцаанаас буюу бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан  гэж гэрээний болон гэрээний бус  хоёр өөр харилцааг нэг ойлголт мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байна.

 

Иймд  хариуцагч болон түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар  нэхэмжлэгч Л.Энхтуулийн хариуцагч С.Нарансүхэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 3.905.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  77.430 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                       

        

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН