Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 46

 

Б.Сайнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00121/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Г.Амартүвшин

                              Прокурор                                   Д.Нямдэлэг

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 302 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Б.Сайнбаярын нэхэмжлэлтэй “Бадамдоргийн Батаатай садан төрлийн холбоотой байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2018 оны 07 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний аав Бадамдоргийн Батаа нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 10 жил шоронд хоригдоод 1948 онд суллагдан гарч ирсэнийхээ дараа өөрийн төрсөн ах Шараваар овоглох болсон билээ. Аав Батаа шоронгоос гарч  2 жилийн дараа ээжтэй гэрлэж  намайг өргөж авсан гэдэг юм.

Миний өргөж авсан аав Батаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан учраас нөхөн олговор сая төгрөгийг хөөцөлдсөн чинь авах ёсгүй хүн авсан байгаа юм. Иймд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэгийг үндэслэж намайг Бадамдоргийн Батаатай садан төрлийн холбоотой байсныг тогтоож өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Садан төрлийн холбоо тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 302 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан Б.Сайнбаярын Бадамдоргийн Батаатай садан төрлийн холбоотой байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээжBottom of Form

 шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг бүрэн судлаж дүгнээгүй үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрийн эцэг Б.Батаагийн хүү мөн болохыг тогтоолгох буюу садан төрлийн харилцаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг улсын архивт байгаа хэмжээгээр гаргаж өгсөн байхад түүнд үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна.

Шүүхэд гаргаж өгсөн баримтанд Бадамдоржийн Батаа нь хэлмэгдэхээсээ өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ам бүл 6 уулаа амьдарч байсан ба ...үүнд нь дүү Сэрдамба...гэх байсан болох нь архивын лавлагаагаар гарч ирсэн байна. Нэхэмжлэлд дурьдснаар ....Б.Батаа нь 10 жил шоронд хоригдож гарч ирээд өөрийн ах Шарав гэдэг хүнээр овоглох болсон гэсэн ба энэ нь шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Шаравын талаархи архивын лавлагаагаар ...Шарав нь Сэрдамба гэх дүүтэй байсан болох нь дээрхи баримттай таарч байна. Өөрөөр хэлбэл Б.Батаа болон Шарав нарын дүү нь Сэрдамба байсныг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 Мөн архивын баримтаар Б.Батаа нь Сайнбаяр гэдэг хүүтэй байсан болох нь гарч ирсэн. Энэ мэтчилэн нэхэмжлэгч талаас аль болох боломжоороо нотлох баримтуудыг гаргаж өгч ах дүү нарын уялдаа холбоог гаргаж ирсэн байхад зөвхөн овог зөрүүтэй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай юм. Тухайн үеийн хэлмэгдэлтийн он цагуудын үед лам гаралтай хүмүүсийн хүүхдүүд, ах дүү нар овгоо солих нь их байсан нь энэ хэргийн нөхцөл байдлаас харагдаж байна. Мөн анхан шатны шүүх 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч тэмдэгтийн хураамжийг 140.400 төгрөгөөр төлүүлчихээд энэ талаар шийдвэртээ ямар ч дүгнэлт хийгээгүй, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй зөвхөн нэг шаардлагыг гаргасан мэтээр дүгнэлт хийсэн байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.25 өдрийн 302 дугаартай  шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардлага үндэсдлэлгүй байна. Учир нь  хэлмэгдсэн Бадамдоржийн Батаа нь 1938 онд хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн байдаг гэтэл нэхэмжлэгчийн эцэг болох Шаравын Батаа нь 10 жилийн хугацаагаар хоригдсон гэдэг. Гэтэл хэрэгт Бадамдоржийн Батаагийн дээд хэмжээгээр шийтгүүлж түүний ялыг өөрчилсөн тухай болон Б.Батаа нь овог сольсон тухай баримт хэрэгт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь хэлмэгдсэн Бадамдоргийн Батаатай садан төрлийн холбоотой байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 4 дүгээр багийн харъяат, ард, лам Бадамдорги /Бадамдорж/-ийн Батаа улс төрийн хилс хэрэгт баригдахын өмнө, нас 44, ам бүл 6, эцэг Бадамдорж /Бадамдорги/ эх Норжин, дүү Сэрдамба, Жанчив, Молом нарын хамт амьдардаг байсан бөгөөд  1938 онд улс төрийн хэлс хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар хурлын тогтоолоор Бадамдорги /Бадамдорж/-ийн Батааг  Шүүх цаазны бичгийн 43, 47-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэж хэргийг хянаад дээд шүүхийн эргийн Коллегийн 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр магадлалаар цагаатгасан байна.

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн 1956 оны 2 сард явагдсан тооллогын бүртгэлийн 16 дугаар хуудсанд Шаравын Батаа эрэгтэй, 51 настай эхнэр Намжилын Хорлоо 48 настай, хүү Батаагийн Сайнбаяр 5 настай гэж бүртгэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь хэлмэгдсэн Бадамдорги /Бадамдорж/-ийн Батаа нь Шарав гэдэг ахтай, Сэрдамба гэдэг дүүтэй байсан, 10 жилийн хугацаагаар хоригдож суллагдаад Бадамдорж гэдэг овгоо сольж өөрийн төрсөн ах Шараваар овоглож,  улмаар 2 жилийн дараа ээж Н.Хорлоотой гэр бүл болж хүү Сайнбаярыг өргөж авсан гэж тайлбарлаж түүнийгээ нотлохын тулд 1933 оны Үндэсний төв архиваас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 8 дугаар хүн амын тооллогын бүртгэлийг нотлох баримтаар ирүүлжээ.

Тус тооллогын бүртгэлээс харвал  өрхийн тэргүүн Гарамдоржийн Шарав, түүний дүү Гарамдоржийн Сэрдамба гэсэн байх бөгөөд   Бадамдорги /Бадамдорж/-ийн Батаатай эцгийн нэр буюу овог  нь таарахгүй байна.

 

Мөн   Бадамдорги /Бадамдорж/-ийн Батаа 1938 оны 08 сарын 29-ний өдрийн  Онц бүрэн эрхт комиссын 33–р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн бөгөөд түүний ялыг  10 жилийн хугацаагаар хорих ялаар өөрчилсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 Нэхэмжлэгч Б.Сайнбаярын эцэг Шаравын Батаа нь хэлмэгдсэн Бадамдорги /Бадамдорж/-ийн Батаа мөн болох нь нэхэмжлэгчийн  шүүхэд ирүүлсэн дээрхи нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн эцэг Б.Батаагийн төрсөн он тогтоолгох, 1938 онд хэлмэгдсэн Бадамдорги /Бадамдорж/-ийн Батаагийн хүү болохыг тогтоолгох тухай хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж тухайн шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь шүүгчийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 1287 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

       

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН