Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1193

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00759 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.М,

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 34 253 680 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 13 дахь сарын цалинд 2 770 460 төгрөг гаргуулах, сургалттай холбоотой зардалд 2 338 394 төгрөг гаргуулах, шүүхтэй холбоотой замын зардалд 865 700 төгрөг, нийт 40 228 234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.  

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр замын даргын тушаалаар миний хашиж байсан албан тушаал өөрчлөгдөж, хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлэх тушаал гарсан. Тухайн үед би 11 сард ОХУ-ын Эрхүү хотын Зам тээвэр удирдлагын их сургуульд аспирантурт сурч байсан. Томилолтын хугацаанд албан тушаал өөрчилсөн тушаал гарсан тул албан тушаалд эгүүлэн томилох тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан.

2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 34 253 680 төгрөг, 2016 оны 12 дугаар сард ажлын 20 хоногоос 14 хоногийн үндсэн цалин дээр урамшуулал 50 хувь, тасралтгүй ажилласны нэмэгдэл 9 хувь, бүсийн нэмэгдэл 13 хувийг нэмж үндсэн цалин тооцуулсан. Миний үндсэн цалин 1 385 230 төгрөг, 2 дахин бодоход 2 770 460 төгрөгийг 13 дахь сарын үр дүнгийн урамшуулал гэж нэхэмжилж байна.

Эрхүү хотын Зам харьцааны улсын сургуульд суралцсан зардлын тухайд хариуцагч тал өмнөх шүүх хурал дээр таны гэрээ 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болсон. Учир нь гэрээний хугацаа сунгагдаагүй байсан гэж тайлбарласан. Гэтэл миний аспирантурын сургалтын дүн онц, сайн байсан. Гэтэл надад гэрээний хугацаа дууссан, сунгаагүй гэж хэн ч бичгээр мэдэгдээгүй.

2016 оны 09 дүгээр сард Дорнод Сибирийн Чита мужид Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд аспирантурт суралцсан. 2017 оны 03 дугаар сард УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс миний 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 56 000 рублийг ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургууль руу шилжүүлсэн. Сургалтын төлбөр нэгэнт шилжигдсэн учраас би хүний нөөцийн албаны дарга н.Оюунчимэг, инженер н.Энхболд гэх хүмүүстэй уулзаж ямар зардлаар явах талаар асуухад хэн ч надад тоймтой хариу өгөөгүй, би вагоноор явсан. Ингээд ирээд холбогдох материалаа бүрдүүлж, энэ мөнгийг нэхэмжилж байна. Сургалт, вагоны зардал нийлээд 2 338 394 төгрөг болсон.

Би Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж, амьдардаг. Ажлаас үндэслэлгүй халагдсаны дараа энэ талаар хөөцөлдөж, замын ангийн удирдлага болон 3 шатны шүүхээр явсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл гарсан унааны зардлуудыг нотлох баримттай 865 700 төгрөг нэхэмжилсэн. Үндсэн цалин 34 253 680 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал тооцуулах саналтай байна. Хүндэт төмөр замчны эдлээгүй хөнгөлөлт, нотариатын болон орчуулгын зардал гаргуулах, төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласнаар тооцуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид үндсэн цалин 18 901 398 төгрөгийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс олгох боломжтой. Өмнө 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1 548 939 төгрөгийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргуулж шийдсэн.

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цалинг бодохдоо 561 дугаартай шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин 59 401 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цалин 10 хувь нэмэгдсэн гэж үзвэл 19 554 809 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтаас харахад 2017 оны 05 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажлын 11 өдөр Эрхүү хотод суралцсан учраас энэ өдрүүдийн цалин олгох үндэслэлгүй гэж үзээд 11 ажлын өдрийн цалинг нэмэгдээгүй хэлбэрээр бодож 18 901 398 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзээд энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн ОХУ-д суралцсан сургалтын гэрээний хүчинтэй хугацаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дууссан учраас энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Сургалтын гэрээний 2.1, 2.2-д сургуулиас дуудах хуудас, нэхэмжлэлийг үндэслэн вагоны тасалбар, томилолт, зам хоногийн зардал, байр, сургалтын төлбөрийг олгоно гэж заасан. Нэхэмжлэгч холбогдох баримтуудыг ирүүлээгүйгээс гэрээний хугацаа сунгахгүй байх үндэслэл болсон.

13 дахь цалин олгох журмын 5-д үндсэн ба харгалзах ажлын биелэлтийг харгалзан уг урамшууллыг олгож болно, 14-т тухайн ажилд гаргасан ажлын амжилт, хариуцлага алдаж зөрчил гаргасан тохиолдолд урамшууллыг 50 хүртэл хувиар бууруулах, эсхүл олгохгүй байх талаар заасан. Нэхэмжлэгч 2017 онд ажиллаагүй учраас журамд заасан шаардлага хангаж ажилласан гэж үзэж үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд шүүхийн зардлын талаар тусгасан. Унааны зардлыг шүүхийн зардалд тооцоогүй. Мөн нэхэмжлэгчийг шүүхэд дуудаж ирүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас энэ төлбөрийг барагдуулах үндэслэлгүй юм.

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 18 901 398 төгрөгийг төлөх үндэслэлтэй, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагчаас 13 дахь сарын цалин, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 36 951 943 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 3 276 291 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.15, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 066 төгрөгөөс 70 692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 214 374 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 342 710 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ж.Мын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрээр тогтоосон үндсэн цалингийн хэмжээгээр бус дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцон шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцэж байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн ба тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 1 өдрийн цалин 59 401 төгрөгөөр тооцож гаргуулсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 2017 оны 7 дугаар сараас өмнө 2 165 996 төгрөг, 7 сараас хойш 2 382 596 төгрөг болсон байна хэмээн тогтоож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 1 өдрийн цалин 59 401 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи 10 хувь нэмэгдсэнээр тооцож үзэхэд нийт 19 554 809.20 төгрөг болох бөгөөд үүнээс нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 18-аас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ОХУ-ын Эрхүү хот руу ажлаар явсан 11 өдрийн цалинг хассанаар 18 901 398.20 төгрөг болж байгаа юм.

Шүүх 13 дахь сарын цалинд 2 770 460 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгч 13 дахь сарын цалинг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн түүнд сарын үндсэн цалин 1 385 230 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож 2 770 460 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ гэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй ч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлох ёстой. Шагнал урамшууллыг олгох үндэслэл нь тухайн ажилтан ажилдаа амжилт гаргах, ажлын хариуцлага алдаагүй байх, алдаа зөрчилгүй сахилга бат, дэг журамтай ажиллаж, ажлын төлөвлөгөө биелүүлсэн байх ёстой. Гэтэл хэдийгээр хариуцагчийн буруугаас боловч огт ажиллаагүй хүнд шагнал өгөх ямар үндэслэл байгааг ойлгохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 326 835.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч “УБТЗ” Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сургалтын зардал,бусад зардалд нийт 40 228 234 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны олговрыг урьд авч байсан нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх 59 401 төгрөгөөр тооцож, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацааны 18 901 398 төгрөгийг /ОХУ-д сургалтад хамрагдсан 11 хоногийн хугацааг хасч/ нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан байна.

            Шүүх нэхэмжлэгч Ж.Мын ажилгүй байсан хугацааны олговрыг дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцон нэхэмжилснийг хангаж, үндсэн цалин, сарын үр дүнгийн шагналт цалин, тасралтгүй ажилласны болон бүсийн нэмэгдлийг ажиллаж байсан бол авах ёстой байсан цалин хөлс гэсэн агуулгаар тооцож 34 181 483 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.

            Хуулийн дээрх заалтаар ажилтанд ажилгүй байсан хугацаанд бодитоор авах ёстой байсан цалин хөлсийг бус харин ажил олгогч ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотой урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговрыг нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

            Нэхэмжлэгч Ж.Мыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 561 дүгээр шийдвэрээр түүний урьд авч байсан нэг өдрийн дундаж цалин хөлсийг 59 401 төгрөг гэж тогтоосон байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

            Харин хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл ажилтныг ажилд нь эргүүлж аваагүй байх тул ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 21-нийг хүртэлх 371 өдрийн олговорт 22 037 771 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд уг хэмжээгээр ажилтны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй, хариуцагчийн давж заалдах гомдол  үндэслэлтэй байна.

            Түүнчлэн шүүх 13 дахь сарын цалин 2 770 460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох заалт болон Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын журмын “ажлын үр дүнг” үнэлсний үндсэн дээр шагналт цалин олгох зорилгод нийцээгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, хариуцагчийн давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангав.

Шүүх нэхэмжлэгчийн сургалтын зардалд 2 338 394 төгрөг, шүүхийн ажиллагаатай холбогдож гарсан зардал гэж 865 700 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын тайлбар, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, зөв шийдвэрлэсэн байна.

Харин шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан гаргуулахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн төлсөн 214 374 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрт заасан нь буруу бөгөөд шийдвэрийн 2 дахь заалтыг энэ үндэслэлээр өөрчилнө.

            Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг 22 037 771 төгрөгөөр хангаж, үлдэх 18 190 463 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад оруулж, ийнхүү нэхэмжлэлийг хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваарилсан өөрчлөлтийг шийдвэрийн 2 дахь заалтад оруулав.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00759 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “13 дахь сарын цалин, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 36 951 943 төгрөг” гэснийг “ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 11-ээс 2018 оны 4 дүгээр сарын 21-нийг хүртэлх хугацааны олговорт 22 037 771 төгрөгийг” гэж, “үлдэх хэсэг 3 276 291” гэснийг “үлдэх хэсэг 18 190 463” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас 41 дүгээр зүйлийн 41.15, 44 дүгээр зүйлийн 44.1.1” гэснийг хасч, “285 066 төгрөгөөс 70 692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 214 374 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 342 710 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг “285 066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 268 138 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 264 585 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ